| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00407/И |
| Дугаар | 142/ШШ2019/00615 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2019/00615
| 2019 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2019/00615 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХҮГ
Хариуцагч: Д.Ё
2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Д.Ё , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.3 дах заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 2.2-т зааснаар иргэн Д.Ё тай байгуулсан Малчин өрхийг малжуулахарга хэмжээний №№ тоот гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан --- тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.
Иргэн Д.Ё ад манай байгууллагын зүгээс гэрээний дагуу төлбөрөө барагдуулах тухай шаардлагыг биечлэн уулзах, утасаар ярих, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг хэлбэрээр тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийн хугацааг хүргэсэн болно. Иймд Малчин өрхийг малжуулах гэрээний 5.2 шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна гэв.
Хариуцагч Д.Ё шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ё миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр малчин өрхийг малжуулах төслөөс 3 тугалтай үхэр авсан. Бид гэрээ хийхдээ малаар эргэн төлөлт хийнэ гэж авсан. Тугалтай үхрийг 1 600 000 төгрөгөөр бодож авсан. Би нэхэжилж байгаа 2 400 000 төгрөгийг малаар төлнө. Бэлэн өгч чадахгүй. Эсвэл 1 тугалтай үхрээ 1 600 000 төгрөгт бодоод үлдэгдэл мөнгийг малаар төлнө. Үхрийг 1 600 000 төгрөгт, 2 бярууг 800 000 төгрөгт бодож төлөх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Д.Ё ад холбогдуулан малчин өрхийг малжуулах хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Д.Ё 2 400 000 төгрөг төлөх нь үнэн. Гэхдээ уг төлбөрийг малаар төлөхөөр гэрээ байгуулсан тул бэлэн мөнгөөр төлөхгүй 1 тугалтай үнээ, 2 бяруугаар төлнө гэж мэтгэлцэж байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр малчин өрхийг малжуулах арга хэмжээний тухай № тоот гэрээг Хөдөлмөрийн хэлтэс, Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга, малчин өрх Д.Ё нар байгуулж, 4 800 000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тугалтай үнээг малчин өрхөд өгч, 24 сарын дараа 50 хувь буюу 2 400 000 төгрөгийг эргэн төлж барагдуулах нөхцлийг тохиролцжээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх, энэ чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Д.Ё аас төлбөр шаардах эрхтэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачилгыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгслээр дэмжин туслах хэлбэртэй байна гэжээ.
Гэрээ байгуулагдсан хийгээд 3 тооны тугалтай үнээ авсан талаар талууд маргаагүй, харин эргэн төлөлтийг нэхэмжлэгч 2 400 000 төгрөгөөр бэлнээр авна гэж хариуцагч малаар төлнө гэж мэтгэлцэж байна.
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн малчин өрхийг малжуулах арга хэмжээний тухай № тоот гэрээний хавсралтанд Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэнийг малжуулахаар олгосон 4 800 000 төгрөгийн малын үнийн 50 хувийг буцаан төлөх хуваарийг баталсан бөгөөд эргэн төлөх төлбөрийг малаар, төгрөгөөр гэсэн 2 хэлбэрээр төлөхөөр заажээ.
Хариуцагч Д.Ё ын эргэн төлөлтийн хуваарьт малаар гэсэн хүснэгтэнд үхэр 2 400 000 төгрөг гэж тодорхойлсон байх ба 2 400 000 төгрөгийн өртөг бүхий үхрээр эргэн төлөлт хийх талаар тодорхойлсон байна. Талууд үхрийн өртөгийг тодорхойлсон тул 2 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл: Гэрээний 4.7-д зааснаар эргэн төлөлтөнд өгөх мал нь анх хүлээн авсан малтай дүйцэхүйц шаардлага хангасан чанар, байдалтай зах зээлийн ханшнаас илүүгүй үнэтэй байна гэсэн боловч хариуцагчийн өгөхөөр заасан 1 тугалтай үнээ, 2 бяруу нь одоогийн зах зээлийн ханшаар хичнээн төгрөгийн үнэтэй, гэрээнд заасан чанар шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй тул малаар төлбөр гаргуулах боломжгүй байна.
Иймд хариуцагч Д.Ё аас 2 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэгч төрийн байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Д.Ё аас 53 350 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хариуцагч Д.Ё аас 2 400 000 төгрөг /хоёр сая дөрвөн зуун мянга/ гаргуулан нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Ё аас 53 350 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ