Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

Ш.Б д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Б д холбогдох 1915005900007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Б гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов

Шүүгдэгч: Ц  овгийн Ш.Б  //, Завхан аймгийн Идэр суманд 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн ...  гэх газарт оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 39 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн ...  гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1084409 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Ц овгийн Ш.Б г зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ш.Б г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 даххэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дах хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснааршүүгдэгч Ш.Б гаас 3253227 /гурван сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь ************ тоот дансанд шилжүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаархэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 65.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУд үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн Бугат сумын ... гэдэг газарт Ш.Б ын гэрийн гадаа битүүмжлэгдсэн 1 м 40 см урттай буюу 9 ширхэг шинэс төрлийн мод, **-** БУА улсын дугаартай HYUNDAI Porter загварын хөх өнгийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг хохиролд тооцуулахаар шүүгдэгчээс тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Б  давж заалдах гомдолдоо: “ миний бие 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б гаас 3253227 /гурван сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь ************ тоот дансанд шилжүүлсүгэй гэсэн найман заалт бүхий тогтоолоос 4 дүгээр заалтанд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 4 дүгээр заалтад ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б гаас 3253227 /гурван сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь ************ тоот дансанд шилжүүлсүгэй гэсэн нь эргэлзээтэй, ойлгомжгүй юм. Нөгөө талаас гэмт хэрэг Булган аймгийн Бугат сумын нутагт үйлдэгдсэн байдаг ба тус сумын ойн санд буюу төрийн санд хохирол төлбөр төлөгдөх болов уу гэж бодож байна. Шүүхийн тогтоолд заасан ...Булган аймгийн ...  гэх газарт мод бэлтгэсэн талаар дурдсан байдаг. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Байгаль экологид учруулсан хохирлоо Бугат сумын Төрийн сан болох *********** дугаартай тоот дансанд байршуулах хүсэлтэй болно. Хэргийн материалаас үзэхэд уг гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О  нь Бугат сумынх, тийм учраас хохирол төлбөр тэнд төлөгдөх ёстой, ингэж байж тухайн сум орон нутгаас байгаль экологид учирсан хохирлыг, нөхөн сэргээх ажиллагаа хийгдэнэ гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ш.Б гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

 Шүүгдэгч Ш.Б гийн гэм буруутай байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгүүд, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар Экологи эдийн засгийн үнэлгээгээр 9 ширхэг хуурай, нойтон түлээний модны үнэлгээ 1,084,409 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөний үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1,084,409 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 3,253,227  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод  бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.Б гийн хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Б гийн гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт  “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байгаа газар байна.

Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү газрын ой хамаарна” гэжээ. Мөн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ...ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Ш.Б  нь “...миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан хохирлоо Бугат сумын Төрийн сан болох *********** дугаартай дансанд байршуулах хүсэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байгаль экологид учруулсан хохирол 3,253,227 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь ************ тоот дансанд шилжүүлэхээр тогтоох хэсэгт дурджээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байдаг.

Уг сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 3,253,227 төгрөгийн хохирол  учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иймд шүүгдэгч Ш.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заалтныг удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Эрргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээрсарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ