Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2022/0028

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:М.Б,

Хариуцагч: Төв аймгийн Э сумын Засаг дарга нарын хоорондын “М.Бын Э сумын Өгөөмөр 1 дүгээр баг Баяндаваагийн ард байрлах 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхгүй байгаа Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг Э сумын Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, гуравдагч этгээд Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Б нь Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан “М.Бын Э сумын Өгөөмөр 1 дүгээр баг Баяндаваагийн ард байрлах 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхгүй байгаа Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг Э сумын Засаг даргад даалгах-аар маргаж байна.

2.  М.Бт Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/565 дугаартай захирамжийг үндэслэн Э сум 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай,  нэгж талбарын 18696298328962 бүхий 5 га газрыг жимс жимсгэний мод тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 08 сарын 04-ний  өдөр Э сумын газрын даамал А.Цэцэгжаргал олгосон, тухайн газрыг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан 2016 оны 8 сарын 22-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Мөн М.Бт Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/601 дугаартай захирамжийг үндэслэн Э сум 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай, нэгж талбарын 18696298516788 бүхий 5 га газрыг чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 000659250 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 09 сарын 01-ний  өдөр Э сумын газрын даамал А.Цэцэгжаргал олгосон, тухайн газрыг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан 2016 оны 8 сарын 22-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэлийн 565 дугаарт “сар, өдөр: 8 сарын 04, дугаар: А/565, товч утга: газар эзэмшүүлэх тухай, биелэлтийн тэмдэглэл: М.Б” гэж бүртгэсэн,

-Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэлийн 601 дугаарт “сар, өдөр: 8 сарын 29, дугаар: А/601, товч утга: газар эзэмшүүлэх тухай, биелэлтийн тэмдэглэл: М.Б” гэж бүртгэсэн,

-Нэхэмжлэгч М.Бын 2021 оны 11 сарын 22-ны өдөр Э сумын Засаг дарга А.Мт гаргасан гэх хүсэлтэд “М.Б миний бие нь тус сумын 1 дүгээр багийн Баяндавааны ард 5, 5 га тус бүрийг өөрийн биеэр ирж өөрийн эзэмшлийн “Лелед-Эра” ХХК-д тус газар эзэмших эрхийг маань шилжүүлж өгнө үү” гэж бичсэн, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “өөрийн газар эзэмших эрхээ өөрийн компанидаа шилжүүлэх хүсэлтээ Засаг даргад өгөхөд аваагүй, шилжүүлэх боломжгүй гэж амаар хариу өгсөн” хэмээн тайлбарласан.

Нэхэмжлэгч М.Б 2022 оны 4 сарын 15-ны өдөр Э сумын Засаг даргад хандан “М.Б миний бие /А-565, А-601 тоот/ 18696228328962, 18696298516788 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшдэг. 2021 оноос Монгол мод хөтөлбөрт хамрагдаж... ажиллах болсон. Гэтэл миний газар эзэмших гэрчилгээний захирамжийг өгөлгүй удсаар байгаад тухайн үед ажиллаж байсан дарга, ажилтан солигдсон. Иймд миний энэ хүсэлтийг хүлээн авч газар эзэмших гэрчилгээний захирамжийг гаргаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

Хариуцагч Э сумын Засаг дарга 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 01/95  дугаартай албан бичгээр “сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний А/601 дүгээр захирамж..., 2016 оны 08 дугаар сарын 04-ний А/565 дугаар захирамжаар иргэн танд газар эзэмшүүлсэн гэх захирамж сумын архивд байхгүй, нэгж талбар үүсгэгдээгүй, мөн уг 2 нэгж талбар нь иргэн Н.Мад сумын Засаг даргын 2009 оны 9 сарын 22-ны өдрийн А/273 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хадлангийн талбай хаших зориулалттай 65 га газартай кадастрын мэдээллийн санд давхцаж байгаа тул мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрчилгээний захирамж гаргах боломжгүй” гэсэн албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд хариуг өгсөн.

Нэхэмжлэгч нь 2022 оны 4 сарын 20-ны өдөр Төв аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргахад 2022 оны 5 сарын 03-ны өдрийн 07/365 тоот албан бичгээр “өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтныг хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх талаар үүрэг өгсөн” гэсэн хариу өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/565 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/601 дүгээр захирамжуудаар тус сумын Өгөөмөр баг Баяндавааны ард “жимс жимсгэний мод тарих” зориулалтаар газар эзэмшиж, Газрын тухай хуулийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” эрх бүхий албан тушаалтнаас иргэн М.Б надад олгосон, нэгж талбар бүхий кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Би өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу чацаргана, жимс жимсгэний мод тарьж ашиглахаар худаг гаргаж, газар шорооны ажил эхлүүлсэн. Хожим энэ эхлүүлсэн ажил маань зөв болох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” хөдөлгөөн бататгасан. Уг хөдөлгөөнийг дэмжин Байгаль орчин аялал жуулчлалын яамны төсөлд хамрагдах боломж гарсан ч яам зөвхөн аж ахуй нэгж байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэх шаардлага тавьсан. Ер нь цаашид гэрчилгээнд заасан зориулалтын үйл ажиллагааг эрхлэхэд зохион байгуулалтад орж, өргөн хүрээнд ажиллахад аж ахуй нэгж байх зайлшгүй шаардлагатай болсон. Улмаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэж заасан, 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хүсэлтээ газрын гэрчилгээ, нэгж талбарын дугаартай кадастрын зургийг хавсарган Э сумын Газрын алба, Засаг даргад гаргасан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/195 дугаар албан бичгээр “...газар эзэмшүүлсэн захирамж сумын архивд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй...” гэж Газрын тухай хууль, Газрын тухай хуулийн 38.3-т байхгүй үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтныг хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх талаар үүрэг өгсөн гэж мэдэгдсэн. Гэвч сумын Засаг дарга 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 01/118 дугаар албан бичгээр мөн боломжгүй гэх хариуг өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй” гэж заасаар байхад Э сумын Засаг даргаас нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй, Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/565 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/601 дүгээр захирамжууд сумын архивд байхгүй гэж иргэн М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаад гомдолтой байна. Ер нь Архив албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-т зааснаар “архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байхад өөрийн чиг үүрэгт хамаарах ажлаа иргэн М.Б надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Засаг даргын захирамжгүйгээр бусдад газар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, газрын мэдээллийн цахим бүртгэлд нэгж талбарын зургийг оруулах боломжгүй. Газрын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр иргэний эзэмших эрхийг хязгаарлах эрх олгогдоогүй байна. ...2022 оны 03 дугаар сард Э сумын Засаг даргын тамгын газарт Мөнхбат гэж хүнтэй уулзахад миний газрыг хүмүүс ингэж авч  байгаа та нар яах гээд байгаа юм гэсэн байр суурьтай байсан, газраас нь 6 нэгж талбар дээр хасалт хийснийг мэдэж байгаа. ...Иймд Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул М.Бын Э сумын Өгөөмөр 1 дүгээр баг Баяндаваагийн ард байрлах 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхгүй байгаа Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг Э сумын Засаг даргад даалгаж, захиргааны акт гаргахыг Э сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б газраа өөрийн эзэмшлийн компанид шилжүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан нэг тэр бум мод хөтөлбөрт хамрагдах гэсэн боловч Төв аймгийн Э сумын Засаг дарга уг газрыг шилжүүлэх боломжгүй гэх хариуг амаар өгсөн. Э сумын Засаг даргатай Засаг даргын Тамгын газар уулзахад хүсэлтийг аваагүй. Төв аймгийн газрын алба болон Барилга хот байгуулалтын газар, Төв аймгийн засаг дарга нарт албан бичгээр хандсан боловч асуудлыг шийдэж өгөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол өөрийн эзэмшлийн “Лелед-Эра” компанид 5, 5 га газрыг шилжүүлэхийг даалгах юм. Гуравдагч этгээд газраа давхацсан гэдгийг дөнгөж сая мэдэж байгаа юм биш. 2020 онд н.Нямдорж ах газраа шилжүүлэхэд гуравдагч мэдэж байсан. Манай нэгж талбарын ар талын газрыг өөр хүнд нэр шилжүүлэхэд гуравдагчтай уулзаад бас л ийм хэрүүл маргаан болж байгаад шилжүүлж авсан байсан. Иргэн Н.Мад олгосон 65 га газрыг 35 га газар болгож өөрчилсөн, хэсэгчилж хүчингүй болгосон болон хэмжээ өөрчилсөн шийдвэр байхгүй тул солбицлоороо, шийдвэрээрээ давхцалтай гэж харагдаад байна. Ланд менежер программд бүртгэж байж газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжинэ, цахим системээс гэрээ, гэрчилгээ, кадастраа иргэн хуулийн этгээд хандалт хийж байж өөрөө татдаг болсон учир үндсэн М.Бт холбогдох бүртгэлийг хийж байж, захирамжийн асуудлыг шийдвэрлэсний дараагаар шилжих асуудал яригдана.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч нар Засаг даргад газар шилжүүлэх тухай хүсэлт гаргахад та бүхний захирамж архивд байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Энэ бол Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Гэтэл шилжүүлэх асуудлыг шийдэж өгөхгүй Засаг дарга бүрэн эрхийн асуудлаа шийдвэрлээгүйгээс энэ маргаан үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч газраа аж ахуй нэгжид шилжүүлж цаашид тэрбум мод хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авч тухайн газар дээр олон ажиллагаа явуулах байсан. Энэ эрх ашиг нь зөрчигдөөд байна. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх болон барьцаалж болно, эрхийн гэрчилгээ шилжүүлэх асуудал Монгол Улсын иргэн болон аж ахуйн нэгж хооронд явагдана гэж заасан. Энэ дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх гэсэн юм. Тухайн газар нь иргэний нэр дээр байгаа болохоор тэрбум мод хөтөлбөрт хамрагдах боломжгүй юм. Газар дээрээ нэхэмжлэгч худаг гаргасан. Цаашид хөтөлбөрт хамрагдах юм бол зориулалтын дагуу ашиглах юм. Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Захирамжийн эх хувь суманд байх ёстой. Засаг дарга мөн албан хэрэг хөтлөлтийн журмыг баримтлан ажиллах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Газрын гэрчилгээг тухайн үеийн газрын даамал н.Цэцэгжаргал олгосон, Засаг даргын захирамж, кадастрын зураг зэргийг харж байж гэрчилгээ олгосон байгаа юм. Тэгэхээр газар ямар ч гэсэн олгосон байгаа. Гэтэл Э сумын Засаг даргын тамгын газарт захирамжууд нь байхгүй, газар эзэмшигчид ч өгөөгүй байдаг. Н.Мын 65 га газраас тодорхой хэсгийг хүчингүй болгоод олгосон байх магадлалтай юм. Яагаад гэвэл мэдээллийн сан дээр Н.Мын газрыг 35 га гэдгээр бүртгэсэн байгаа. Сүүлийн мэдээллийн сан дээр 65 га газар байгаа. Н.М газар дээрээ ямар нэг зүйл хийгээгүй. Манай үйлүүлэгч өөрийн компани дээрээ газраа шилжүүлээд, газар дээрээ юм хийх гээд, жимс модоо тарих гээд явж байгаа. Энэ газрыг бусдад зарах гэж байгаа юм биш. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаад өгчих боломжтой. Хүсэлтээ бичгээр Засаг даргад гаргахад аваагүй, нотариатчаар батлуулсан гэрээ бол байгаагүй. Тухайн үед эрхэлж байсан ажилтны буруутай үйл ажиллагааг өнөөдрийн өнцгөөс тийм зүйл байхгүй гэж тайлбарлах боломжгүй. Программд суулгах асуудлыг хариуцлагагүй ажлаас болоод хийгээгүй байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл яагаад Н.Мын газраас 35 га газар хасчхаад өмнөх 35 га газраа мэдээллийн сангаас яагаад хасаагүй гэдэг нь тухайн ажил хариуцаж байсан хүний алдаа юм. Тийм учраас боломжгүй гэж хариулж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч Э сумын Засаг дарга А.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.Б нь өөрийн эзэмшлийн газраа кадастрын мэдээллийн шинэчилсэн сан /Ланд менежер/-т бүртгүүлэхээр ирэхэд нь сумын архиваас тус иргэнд газар эзэмшүүлсэн гэх 2016 оны 08 сарын 04-ний А/565, 2016 оны 08 сарын 29-ний А/601 дүгээр захирамжуудыг шүүлгэхэд сумын архивд байгаагүй бөгөөд нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй байсан. Ингээд иргэн М.Б нь сумын Засаг даргад 2022 оны 04 сарын 15-ны өдөр "Газар эзэмших гэрчилгээний захирамжийг гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байдаг. Уг хүсэлтийг судалж үзээд сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 01/95 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр иргэнд сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний А/601 дүгээр, 2016 оны 08 сарын 04-ний А/565 дугаар захирамжуудаар олгосон гэх жимс, жимсгэнийн зориулалттай 2 нэгж талбарын захирамж сумын архивд байхгүй байгаа бөгөөд нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй, мөн иргэн Н.Мын сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хадлангийн талбай хаших зориулалттай 65 га газартай кадастрын мэдээллийн санд давхцаж байгаа тул мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрчилгээний захирамж гаргах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг. Мөн иргэн М.Б нь 2022 оны 04 сарын 20-ны өдөр Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 07/365 дугаар "Зөрчил арилгах тухай" албан бичгээр сумын Засаг даргад: Сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар иргэн Н.Мад Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт хадлангийн талбайг хаших зориулалтаар 65 га газрыг эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд 18696299354004 нэгж талбарын дугаартай анх бүртгэсэн. Сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний А/601 дүгээр, 2016 оны 08 сарын 04-ний А/565 дугаар захирамжуудаар иргэн М.Бт тус тус 5 га жимс, жимсгэнийн зориулалтаар Баяндавааны ард олгож, газрын мэдээллийн санд 18696298516788, 18696298328962 нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн байна. Одоогоор хуучин кадастрын мэдээллийн санг архив хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд иргэн Н.Мын 18696299354299 нэгж талбарын дугаартай 35 га газар нь бүртгэлтэй байгаа бөгөөд М.Б нарын 6 нэгж талбар нэмж бүртгэгдсэн байна. Гэтэл газрын кадастрын Ланд менежер мэдээллийн санд одоогийн байдлаар 4104040488 нэгж талбарын дугаартай 65 га газар бүртгэлтэй байгаагаас М.Б нарын нэгж талбарыг бүртгэх боломжгүй болоод байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүсжээ. Иймд дээрх иргэдийн асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх, газрын давхардлыг арилган М.Б нарын газрыг кадастрын мэдээллийн санд зөрчлийг арилган бүртгэх нь зүйтэй гэжээ. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 07/365 дугаар "Зөрчил арилгах тухай" албан бичгийн дагуу иргэн М.Бт сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 05-ны 01/118 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр: Иргэн Н.Мын сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар эзэмшсэн 65 га газарт Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалтаар арга хэмжээ авахыг зөвлөсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Иргэн М.Бын 2 нэгж талбарт холбогдох сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний А/601 дүгээр, 2016 оны 08 сарын 04-ний А/565 дугаар захирамжууд сумын архивд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй тул газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн. Иргэн М.Бт газар эзэмшүүлсэн гэх сумын Засаг даргын захирамжууд сумын архивд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэх, 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. Иргэн Н.Мад 2022 оны 06 сарын 13-ны өдөр "Иргэн та тус сумын Өгөөмөр /1-р багийн нутаг дэвсгэр Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт байрлах хадлангийн талбай хаших зориулалттай 65,0 га газрыг сумын Засаг даргын 2009 оны 273 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. газартаа үйл ажиллагаа явуулж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай мэдэгдэл өгч сонсох ажиллагааг эхлүүлээд байна. М.Баас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир захиргааны акт гаргах боломжгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг Э сумын харьяат Н.М миний бие тус сумын 1-р багийн нутаг Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт 65 га газрыг хадлангийн талбайн зориулалтаар хуулийн дагуу эзэмшдэг. Уг газар нь Засаг даргын 2009 оны 09 сарын 12-ны өдрийн захирамжтай 18696299340003 нэгж талбарын дугаартай. Ургац арвин үед хадлангаа хадаж авдаг. Би 65 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшиж байна. Тухайн газрын ойролцоо манай ах дүү нар амьдардаг. Тухайн газарт худаг байдаг тул тэр хавийн айлууд малаа усалдаг юм. Би газраа хашаалах боломж байсан ч иргэдийн эрх ашиг хөндөгдөх юм байна гэсний үндсэн дээр хашаалаагүй юм. Энэ нь хууль зөрчиж байна гэх мэдэгдлийг надад өгсөн байгаа. Тэгээд М.Б гэх хүний газартай миний газар давхцаж байгааг сүүлд мэдсэн. Тухайн газар эзэмшүүлсэн талаар мэдсэн зүйл надад байхгүй. Надад 65 га газрын эзэмшлийн захирамж нотлох баримтаар авагдсан байсан. Намайг 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр мөнгөө төлөөгүй гэх үндэслэлээр сонсох ажиллагаа хийсэн байх. Одоо энэ хүмүүс захирамж байхгүй гээд яваад байна. Та нар худаг ухаад цооног гаргасан байсан. Өнөөдөр тэр худгийг гаргахдаа захирамжаа барьж очоод хууль дүрмийн дагуу авсан бол ийм асуудал үүсэхгүй. Надтай адилхан 2 жилийн хугацаанд ямар нэг зүйл хийгээгүй байна. Худаг гаргахдаа хууль дүрмийн дагуу гаргаагүй. Худгийн зөвшөөрөл гэдэг чинь захирамж, гэрчилгээгээ аваад, байгаль орчноос тогтоол тоотоо аваад гаргах ёстой. Нямдорж гэж хүнийг ч би танихгүй. Тэр газар эзэмшүүлэх талаар асуудал миний мэдэл биш. Засаг дарга, газрын даамал нар мэдэж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “М.Бын Э сумын Өгөөмөр 1 дүгээр баг Баяндаваагийн ард байрлах 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхгүй байгаа Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг Э сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

  1. Төв аймгийн Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний

өдрийн А/565 дугаар захирамжаар Э сумын Өгөөмөр баг Баяндавааны ард “жимс жимсгэний мод тарих” зориулалтаар 5 га газар, сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/601 дүгээр захирамж тус сумын Өгөөмөр баг Баяндавааны ард “чацаргана, жимс жимсгэнэ тарих” зориулалтаар газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зургийг мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн.

2. Би өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу чацаргана, жимс жимсгэний мод тарьж ашиглахаар худаг гаргаж, газар шорооны ажил эхлүүлсэн.

3. Байгаль орчин аялал жуулчлалын яамны төсөлд хамрагдах боломж гарсан ч яам зөвхөн аж ахуй нэгж байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэх шаардлага тавьсан. Өөрийн газар эзэмших эрхээ өөрийн “Лелед-Эра” ХХК-д компанидаа шилжүүлэх хүсэлтээ Засаг даргад өгөхөд аваагүй, шилжүүлэх боломжгүй гэж амаар хариу өгсөн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хүсэлтээ газрын гэрчилгээ, нэгж талбарын дугаартай кадастрын зургийг хавсарган Э сумын Засаг даргад өгөхөд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/195 дугаар албан бичгээр “...газар эзэмшүүлсэн захирамж сумын архивд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй...” гэсэн  хариу өгсөн.

4. Засаг даргын захирамжгүйгээр бусдад газар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, газрын мэдээллийн цахим бүртгэлд нэгж талбарын зургийг оруулах боломжгүй. Газрын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр иргэний эзэмших эрхийг хязгаарлах эрх олгогдоогүй байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаад гомдолтой байна хэмээн тайлбарлан маргасан байна.

 

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд “М.Бт Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/565 дугаартай захирамжийг үндэслэн Э сум 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай,  нэгж талбарын 18696298328962 бүхий 5 га газрыг жимс жимсгэний мод тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгов. 2016 оны 08 сарын 04-ний өдөр Э сумын газрын даамал А.Цэцэгжаргал“ гэсэн,

-М.Бын эзэмшиж байгаа газрын байрлын кадастрын зурагт “нэгж талбарын дугаар: 18696298328962, талбайн хэмжээ-50000 квм, зураг үйлдсэн: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан,  2016 оны 08 сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн,

-000659250 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд “М.Бт Э сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/601 дугаартай захирамжийг үндэслэн Э сум 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай, нэгж талбарын 18696298516788 бүхий 5 га газрыг чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгов. 2016 оны 09 сарын 01-ний өдөр Э сумын газрын даамал А.Цэцэгжаргал” гэсэн,

-М.Бын эзэмшиж байгаа газрын байрлын кадастрын зурагт “нэгж талбарын дугаар: 18696298516788, талбайн хэмжээ-50000 квм, зураг үйлдсэн: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан,  2016 оны 08 сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн,

-Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэлийн 565 дугаарт “сар, өдөр: 8 сарын 04, дугаар: А/565, товч утга: газар эзэмшүүлэх тухай, биелэлтийн тэмдэглэл: М.Б” гэж бүртгэсэн,

-Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэлийн 601 дугаарт “сар, өдөр: 8 сарын 29, дугаар: А/601, товч утга: газар эзэмшүүлэх тухай, биелэлтийн тэмдэглэл: М.Б” гэж тэмдэглэсэн,

-нэхэмжлэгч М.Бын 2021 оны 11 сарын 22-ны өдөр Э сумын Засаг дарга А.Мт гаргасан гэх хүсэлтэд “М.Б миний бие нь тус сумын 1 дүгээр багийн Баяндавааны ард 5, 5 га тус бүрийн өөрийн биеэр ирж өөрийн эзэмшлийн “Лелед-Эра” ХХК-д тус газар эзэмших эрхийг маань шилжүүлж өгнө үү” гэж бичсэн, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “өөрийн газар эзэмших эрхээ өөрийн компанидаа шилжүүлэх хүсэлтээ Засаг даргад өгөхөд аваагүй, шилжүүлэх боломжгүй гэж амаар хариу өгсөн” хэмээн тайлбарласан.

-нэхэмжлэгч М.Бын 2022 оны 4 сарын 15-ны өдөр Э сумын Засаг даргад гаргасан гэх хүсэлтэд “М.Б миний бие /А-565, А-601 тоот/ 18696228328962, 18696298516788 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшдэг. 2021 оноос Монгол мод хөтөлбөрт хамрагдаж... ажиллах болсон. Гэтэл миний газар эзэмших гэрчилгээний захирамжийг өгөлгүй утсаар байгаад тухайн үед ажиллаж байсан  дарга, ажилтан солигдсон. Иймд миний энэ хүсэлтийг хүлээн авч газар эзэмших гэрчилгээний захирамжийг гаргаж өгнө үү” гэсэн,

-Э сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 01/95 дугаартай албан бичигт “сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний А/601 дүгээр захирамж..., 2016 оны 08 сарын 04-ний А/565 дугаар захирамж сумын архивд байхгүй, нэгж талбар үүсгэгдээгүй, мөн уг 2 нэгж талбар нь иргэн Н.Мад сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/273 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хадлангийн талбай хаших зориулалттай 65 га газартай кадастрын мэдээллийн санд давхцаж байгаа тул мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрчилгээний захирамж гаргах боломжгүй” гэсэн,

- Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 5 сарын 03-ны өдрийн 07/365 дугаартай "Зөрчил арилгах тухай" албан бичигт” Э сумын Засаг даргад: Сумын Засаг даргын 2009 оны 9 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар иргэн Н.Мад Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт хадлангийн талбайг хаших зориулалтаар 65 га газрыг эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд 18696299354004 нэгж талбарын дугаартай анх бүртгэсэн. Сумын Засаг даргын 2016 оны 8 сарын 29-ний А/601 дүгээр, 2016 оны 8 сарын 04-ний А/565 дугаар захирамжуудаар иргэн М.Бт тус тус 5 га жимс, жимсгэнийн зориулалтаар Баяндавааны ард олгож, газрын мэдээллийн санд 18696298516788, 18696298328962 нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн байна. Одоогоор хуучин кадастрын мэдээллийн санг архив хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд иргэн Н.Мын 18696299354299 нэгж талбарын дугаартай 35 га газар нь бүртгэлтэй байгаа бөгөөд М.Б нарын нэгж талбар нэмж бүртгэгдсэн байна. Гэтэл газрын кадастрын Ланд менежер мэдээллийн санд одоогийн байдлаар 4104040488 нэгж талбарын дугаартай 65 га газар бүртгэлтэй байгаагаас М.Б нарын нэгж талбарыг бүртгэх боломжгүй болоод байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заасан нөхцөл байдал үүсжээ. Иймд дээрх иргэдийн асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх, газрын давхардлыг арилган М.Б нарын газрыг кадастрын мэдээллийн санд зөрчлийг арилган бүртгэх нь зүйтэй” гэсэн,

-Э сумын Засаг даргын 2009 оны 9 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжид “иргэн Н.Мын хүсэлтийг үндэслэн Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт 65 га газрыг хадлангийн талбайг хаших зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй” гэсэн,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн 07/669 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “...Э сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар иргэн Н.Мад Баяндавааны ард Өртөө толгойн өвөрт хадлангийн талбайг хашиж хамгаалах зориулалтаар 65 га газрыг ззэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд 18696299354004 нэгж талбарт бүртгэсэн байна. Мөн сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/565, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/601 дүгээр захирамжаар иргэн Мөнхсайханы Батбаатарт тус тус 5 га газрыг жимс, жимгэний мод тарих эориулалтаар Баяндавааны ард олгож, газрын кадастрын мэдээллийн санд 18696298516788, 18696298328962 дугаар нэгж талбарт бүртгэсэн байна. Одоогоор хуучин кадастрын мэдээллийн санг архив хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд иргэн Н.Мын 18696299354299 нэгжталбарын дугаартай 35 га газар нь бүртгэлтэй байна. Газрын кадастрын Ланд менежер мэдээллийн санд одоогийн байдлаар 4104010488 нэгж талбарын дугаартай 65 га газар иргэн Н.Мын нэр дээр системийн админы эрхээр бүртгэгдсэн буюу анх ланд менежер мэдээллийн санд шилжих үед бүртгэгдсэн байна” гэсэн зэргээр

Э сумын Засаг дарга нь 2009 оны 9 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамжаар тус сумын иргэн Н.Мад Баяндавааны ард Өртөө толгойн өвөр гэх газарт байршилтай 65 га газрыг хадлангийн талбайг хашиг зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсний дараа тухайн газартай давхцуулан

- нэхэмжлэгч М.Бт сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн А/565 дугаартай захирамжаар 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай, нэгж талбарын 18696298328962 бүхий 5 га газрыг жимс жимсгэний мод тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 08 сарын 04-ний өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18696298328962 дугаар бүртгэсэн,

-нэхэмжлэгч М.Бт сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар 1-р баг Баяндавааны ар гэх газарт байршилтай, нэгж талбарын 18696298516788 бүхий 5 га газрыг чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 00659250 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18696298516788 дугаарт бүртгэсэн,

Хариуцагч нь нэхэмжлэгч М.Бын газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд газар эзэмшүүлсэн захирамжийг гаргуулах тухай хүсэлтэд “сумын Засаг даргын 2016 оны А/601, А/565 дугаар захирамж сумын архивд байхгүй, нэгж талбар үүсгэгдээгүй, уг 2 нэгж талбар нь иргэн Н.Мад сумын Засаг даргын 2009 оны А/273 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа тул мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрчилгээний захирамж гаргах боломжгүй” гэсэн хариуг бичгээр өгсөн байх ба шүүхэд М.Бын газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй гэх тайлбар гаргасан байна.

Э сумын Засаг даргын 2009 оны 9 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамж, 2016 оны 08 сарын 04-ний өдрийн А/565 дугаар захирамж, 2016 оны 08 сарын 29-ний  өдрийн А/601 дугаар захирамж тус тус хүчин төгөлдөр байгаа бөгөөд иргэн Н.М, нэхэмжлэгч М.Б нарын эзэмшилд олгосон газрууд давхцалтай байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн 07/669 дугаартай албан бичиг, шүүхээс Газрын кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Дөрөв. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...21.4.3. “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ...шийдвэрийг ...тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж, 38.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж, 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх,  4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 24.5 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж тус тус заажээ.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Нэхэмжлэгч М.Б нь газар эзэмших эрхийн 000659228, 000659250 дугаартай гэрчилгээг аж ахуй нэгжид шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 11 сарын 22-ны өдөр Э сумын Засаг даргад гаргахад Засаг дарга газрыг шилжүүлэх боломжгүй гэх хариуг амаар хэлсэн хэмээн тайлбарлан, тухайн үед бичгээр гаргасан өргөдлийн эх хувь гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгчөөс үүнийг үгүйсгэж маргаагүй бөгөөд хариуцагчаас шүүхэд “газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн “газар эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй, шийдвэрлээгүй” гэж эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Э сумын Засаг даргын 2016 оны 8 сарын 04-ний өдрийн А/565 дугаар захирамж, 2016 оны 8 сарын 29-ний өдрийн А/601 дугаар захирамжууд нь Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэлийн 565, 601 дугаарт тус тус бүртгэгдсэн, М.Бт газар эзэмших эрхийн 000659250, 000659228 дугаартай гэрчилгээг олгож, маргаан бүхий газрыг Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаар үүсгэн бүртгэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн “газар эзэмшүүлсэн захирамж сумын архивд байхгүй, нэгж талбар үүсгээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуульд заасныг үндэслэн Э сумын Засаг дарга өөрийн захирамжаар нэхэмжлэгч М.Бт газар эзэмшүүлсэн, уг захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа  болох нь Э сумын Засаг даргын 2016 оны захирамжийн дугаарын бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид “газар эзэмшүүлсэн захирамж архивд байхгүй” гэх хариу тайлбар гаргаж буй нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, улмаар газар эзэмших эрхээ хуульд заасан журмаар бусдад шилжүүлэхээр эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан журмаар бүрэн гаргаагүй нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нотариатчаар батлуулсан гэрээ байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй, түүний хүсэлт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах, тодруулах эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч М.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.2, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4 дэх хэсэгт заасан журмаар шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 000659250, 000659228 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт тус заасан журмаар хянан шийдвэрлэхийг хариуцагчид даалгах  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эсэх асуудлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд  нь зөвхөн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Э сумын Засаг дарга байх тул шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг Э сумын Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Үүнээс гадна шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж, Газрын тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн ...маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Э сумын Засаг даргын  2009 оны 9 сарын 22-ны өдрийн 273 дугаар захирамж, 2016 оны 8 сарын 04-ний өдрийн А/565, 8 сарын 29-ний өдрийн А/601 дүгээр захирамжууд тус тус хүчин төгөлдөр байгаа тул маргаан бүхий газрыг нэхэмжлэгч М.Б болон гуравдагч этгээд Н.М нарын хэн нь эзэмших эрхтэй талаар шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тус тус дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт ”Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. 38.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бын “М.Бын Э сумын Өгөөмөр 1 дүгээр баг Баяндаваагийн ард байрлах 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Э сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.Бын 000659250, 000659228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг Э сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОДСҮРЭН