| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0255/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/429 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ
Шүүгдэгч Ө.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ийн *********-д холбогдох 2403 00894 1135 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ********* тоотод оршин суудаг, урьд
20** оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн
********* овогт *********-ийн ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо ********* төвийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд Toyota Prius **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж Honda маркийн **-** УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч хохирогч *********-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, зам тээврийн осол тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 дугаар тал/, хохирогч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, иргэний хариуцагч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14198 дугаар дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-ийн 49-54 дүгээр тал/, “Бэст эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-70 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаярын магадалгаа /хх-ийн 93-94 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч *********-ийн мэдүүлэг /хх-ийн 105 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт төвийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд Toyota Prius **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж Honda маркийн **-** УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч хохирогч *********-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, зам тээврийн осол тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-ийн өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад Сансрын тэнд очоод мотоциклоо зогсоолоос аваад цайз 16 орж юм аваад мотоциклтой буцаад цайзын уулзвар өнгөрөөд *********-ын урд замаар зүүнээс баруун тийшээ хоёр дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалд явж байсан хар өнгийн приус машин гэнэт урдуур зүүн гар тийшээ дараад орж ирсэн би тэгээд тоормос гишгээд очоод хойд дугуйг нь мөргөсөн тэгээд би газар унасан тэгээд би цагдаа түргэн дуудсан ба тухайн машины жолооч замаа чөлөөлөөд замын хажуу руу машинаа тавиад бууж ирсэн тэгээд би мотоциклоо замын хажууд босгож тавиад түргэний машинд суугаад гэмтэл явсан тэгээд тухайн эмнэлэгт 5 хоног хэвтээд гарсан. Тухайн зам тогтуун гэгээтэй байсан. Түгжрэл бага байсан. Би зүүнээс баруун тийшээ явж байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би тухайн машиныг харсан гэнэт эргээд орж ирсэн тэгээд би тоормос гишгээд очоод мөргөсөн. Тухайн үед би 45 км цагийн хурдтай явж байсан. Тухайн машин бол нээх хурдан яваагүй удаан эргэсэн. Тухайн ослын үед баруун талын хөлөөс цус гарч байсан өөр гэмтэл байгаагүй одоо биеийн байдал зүгээр байгаа ямар нэгэн өвдөж байгаа зүйл байхгүй. Тухайн мотоцикл нь минийх ба 2024 оны 9 дүгээр сард хувь хүнээс худалдаж авсан ба нэрээ шилжүүлээгүй байгаа. Өөр хүний нэр дээр байдаг. Би жолооч биш ээ сууж байгаа мотоцикл аваад унаж сурч байсан юм аа. Мотоцикл эвдэрсэн байгаа ба үнэлгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээний зардалд 2.300.000 төгрөг гарсан байгаа. Баримт байгаа тухайн жолооч 1.800.000 төгрөг өгсөн байгаа. Надад хэрвээ мотоцикл янзлаад өгөх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *********-ийн өгсөн: “Дээрх Honda маркийн **-** УБ улсын дугаартай мотоциклийг би 2024 оны 5 дугаар сард хувь хүнээс 13.000.000 төгрөгөөр худалдаж авсан тэгээд би 2024 оны 7 дугаар сард 12.000.000 төгрөгөөр нэг залууд зарсан нэрийг нь сайн мэдэхгүй ба танихгүй тэгээд нэрийн дараа шилжүүлж авъя гээд явсан. Ослын талаар мэдэхгүй сая цагдаагаас дуудахаар нь мэдсэн. Надад тухайн мотоцикл хамаагүй ба тухайн хүнд зарсан байгаа би нэрээ шилжүүлээгүй байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч *********-ийн өгсөн: “... тухайн өдөр болсон ослын талаар мэдээгүй байсан ба маргааш өглөө нь манай ажлын дүү надад таны машинтай манай аав авто осол хийсэн гэж хэлсэн. Тэгээд мэдсэн өөр зүйл байхгүй. Toyota Prius маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн машин ба миний нэр дээр байдаг. Би 2024 оны 5 дугаар сард 5 сая төгрөгөөр хувь хүнээс авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэн зүйл байгаа бөгөөд миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй мөн машиндаа үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Би ********* гэх хүнийг таньдаг найзууд болон хүүхэдтэй нь цуг ажил хийдэг ба Toyota Prius маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эмнэлгээр явах ажилтай байна гэж байсан тэгээд би машинаа өгч явуулсан. Удахгүй торгуулийн мөнгийг нь төлөөд Г*********-ын нэр дээр шилжүүлж өгнө надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг төлөхийг мэдсэн ба хуулийн дагуу шийдвэр гарах юм бол би төлж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14198 дугаар:
1.*********-ийн биед баруун хөлийн чигчий хурууны шөрмөсний тасрал, баруун тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-ийн 49-54 дүгээр тал/,
“Бэст эстимэйт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “...үнэлгээгээр тогтоогдсон үнэ 5.668.000 төгрөг.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-70 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаярын: “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх магадалгаа /хх-ийн 93-94 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *********-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Асайт төвийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд Toyota Prius ********* УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж Honda маркийн ********* улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар мотоциклийн жолооч хохирогч *********-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.
Хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар *********-д “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2003 оны 8 дугаар сарын 4-ний өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч ********* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
*********-ын эс үйлдэхүй болон хохирогч *********-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол, саналгүй” хэмээн мэдүүлжээ. Харин иргэний нэхэмжлэгч *********-ийн зүгээс 2.147.120 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *********-оос 2.147.120 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *********-д буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч *********гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *********-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 88 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 90 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч *********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч ********* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********-ийн *********-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********-оос 2.147.120 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС