Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/00172

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Б холбогдох

Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд танилцаж 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд охин Б.А 2006 онд хүү Б.А, 2014 онд охин Б.А нар төрж, 3 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн маргаан,  ойлголцол зэргээс шалтгаалан гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан. Бид гэрлэлтээ цуцлуулснаас хойш 2 сарын дараагаас бие биеэ ойлгоод эргээд хамтран амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ө.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү. Бид хамтдаа амьдарч байгаа гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А, хариуцагч Ө.Бд холбогдуулан гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

А.А, Ө.Б нар 2004 оноос эхлэн хамтын амьдарлаа эхлүүлж, 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2003 онд охин Б.А, 2006 онд хүү Б.А, 2014 онд охин Б.А нар төрсөн болох нь зохигчийн тайлобар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 3154 дугаартай шийдвэрээр А.А, Ө.Б нарын гэрлэлтийг цуцалсан нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэрийг үндэслэн гэрлэлт цуцлалтийн бүртгэл хийлгээгүй гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч А.А, хариуцагч Ө.Б нар гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2015 оны 07 дугаар сараас хойш өнөөг хүртэл хугацаанд хамтран амьдарч байгаа, эвлэрэн хэлэлцэж гэр бүлийн амьдарлаа үргэлжлүүлэхээр шийдсэн талаар шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 15  дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж заасан ба нэхэмжлэгч А.А, хариуцагч Ө.Б нар бусадтай гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байгаа талаар тайлбар гаргасан тул тэдний гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон            

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан А.А , Ө.Б нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ЭНЭБИШ