2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч Н.Цогням /томилолтоор/,

хохирогч Э.С, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,     

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М**** овогт Д.М-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409019921223 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын **-ны өдөр У*** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. АСМТ, "ДС " ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Б*** дүүргийн * дугаар хороо, *** байр *** тоотод оршин суудаг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар С**** дүүргийн **** дугаар хороо Ө*** хороолол ** дугаар байр ** тоот/ урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дүгээр зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн,

3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, М*** ургийн овогт Д.М, /РД:УХ********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Э.С-ыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан Хаан банкны *********** тоот дансны картыг нь авч, улмаар Б****** дүүргийн *** дүгээр хороо Э**** өргөн чөлөө ** тоот Ардын хоршоо худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 23:54 минутад 20,000,000 төгрөгийг, 23:55 минутад 8,000,000 төгрөгийг, 04:28 минутад 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.С-т нийт 28,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн шилжих шөнө би Ө  болон Д.М гэдэг 2 хүнтэй “S” зочид буудалд хамт байсан. Тэр үед тодорхой хэмжээний пиво уусан байсан. Зочид буудалд Д.М гэдэг хүнийг дуудсан байсан. Би тухайн үед Д.М гэдэг хүнийг таньдаггүй байсан. Намайг тээврийн хэрэгслээрээ хүргэж өгсөн. Би өөрийн банкны картаа танихгүй хүнд өгдөггүй. Би хүнд хүүтэй мөнгө зээлдэг хүн биш, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ би танихгүй хүнд мөнгө зээлж байгаагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.С-ын өгсөн:

“...Би 2024 оны 06 сарын 05-ны өдөр би Ө  гэх залуутай 14-15 цагийн С**** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын гэх газарт хамт орж хоол идсэн тэр газар нь дээрээ зочид буудалтай гэхээр нь бид 2 тэндээ өрөө аваад 501 гэх өрөөнд хамт орсон. Тэгээд бид 2 тухайн өрөөндөө орохоос өмнө бид 20,5 литрийн савлагаатай лаазтай пиво 6 ширхэг аваад орсон дараа нь бас тамхи, болон дахин пиво авсан тэгээд 20 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуу ирсэн байсан тэр хүн надтай хамт байсан Ө  гэх залуутай найзууд юм шиг байсан. Тэгээд би тэр газраас хэдэн цагийн үед гарсан талаараа мэдэхгүй байна 22 цаг орчмын үед л гарсан. Тэгээд маргааш өглөө нь миний Хаан банкны *********** гэх данснаас *********** гэх Хаан банкны данснаас 28,500,000 төгрөг гарсан талаараа мэдсэн тэгээд би картаа шалгаж үзэхэд надад байгаагүй тэгээд би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 20-р хороо Нөхөрлөл 4-34 тоотод байхдаа дуудлага өгсөн. Удалгүй миний 88119052 гэх дугаар руу цагдаагаас гэж залгасан би Т гэх зочид буудлын гадна ирсэн байна гэж надад хэлсэн...Надад мөнгө байгаа талаар манай ажлын газрын хүмүүс болон манай эхнэр мэдэж байгаа тухайн өдөр бол би Ө тай уулзахдаа би тооцоогоо хийгээд байсан тооцоогоо хийхдээ би дандаа картаараа уншуулаад байсан дэлгүүрээс юм авахад Ө  л миний кодыг анзаарсан байх би мэдэхгүй байна өөрийн картаа хүнд өгөөгүй. Тиймээс хэрэглэсэн нийт би 4-5 орчим лааз пиво уусан. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баруун дөрвөн зам Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хажуу талд нь Ө  гэх найзтайгаа уулзаж хоолонд орсон. Тухайн үед 13 цагаас 14 цаг болж байсан. Хоолонд орох хугацаанд бид хоёр нэг хүний 2 2 ширхэг пиво уусан. Бид хоёр тухайн газар нь дотроо буудалтай байсан тул бид хоёр 5 давхар 505 тоотын буудлын өрөөнд хонгоор орсон. Тухайн буудлын...төлбөр 130,000 төгрөг болсон. Тухайн буудлын өрөөнд бид хоёр нэг нэг пиво ууж хувцсаа тайлж амарцгаасан. Бид хоёр оройны 18 цаг 56 минутад 1 давхарт байрлах “CU” дэлгүүр орж 2-3 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво аваад буцаж өрөөндөө орсон. Би буудлын өрөөнд ороод пиво ууж байгаад унтаад өгсөн. Намайг сэрэх үед Ө ын найз ирсэн. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй. Би сэрээд тухайн пивонуудаас ганц нэг балгаж байсан санагдаж байна нэг сэрэх үед би гэртээ байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө сэрээд эд зүйлээ бүртгэх үед миний Хаан банкны карт алга болсон байсан. Би банк руугаа ороод харах үед миний дансанд байсан мөнгө байхгүй тул би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед хоолны мөнгө, буудлын төлбөр, уух зүйлсийн тооцоог би хийсэн. 28,900,000 төгрөг орчим байсан, 291,500 төгрөг зарцуулсан. Миний данснаас 23 цаг 54 минутад 20,000,000 АТМ-ээр шилжүүлсэн байсан. Дараагийн гүйлгээ 23 цаг 55 минутад 8,000,000 төгрөг АTM-ээр *********** М гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Дараагийн гүйлгээн 04 цаг 28 минутад 500,000 төгрөгийг дахин Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн авсан байсан... Миний картны нууц үг 0505 гэх амархан нууц үгтэй тул гүйлгээ хийж байх үед хажуу талаас харсан байх, Ө  болон ахых нь хамтаар Мын гэрээс очиж авсан. Намайг очих үед М би чиний мөнгийг буцаагаад гаргаад өгье гэж хэлсэн. М нь надаа мөнгө төгрөг буцаан өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ө ын өгсөн:

“...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед өөрийн таньдаг С-тай уулзаад С**** дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С гэх нэртэй зочид буудалд зохих хэмжээний согтууруулах ундааг хэрэглэсэн. Орой 19 цаг өнгөрч байхад бас танил М-ыг дуудаад бид хоёр дээр ирсэн. Бид гурав нийлээд нэмж уусан. С ах М хоёр нэг нутаг Ховдынх гээд юм яриад суугаад байсан. С ах 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харилаа гээд явсан. Би тэндээ хоноод өглөө унтаж байхад өглөө цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,  

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,

-Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, 

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Э.С-ыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан Хаан банкны *********** тоот дансны картыг нь авч, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө 10 тоот Ардын хоршоо худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 06 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 23:54 минутад 20,000,000 төгрөгийг, 23:55 минутад 8,000,000 төгрөгийг, 04:28 минутад 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.С-т нийт 28,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч гэмт хэргийн улМ-аас учруулсан хохирол төлбөр болох 28.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах саналыг гаргаж байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь үндэслэлтэй байна. Хохирогч анх С**** дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Д.М өнөөдрийн шүүх хуралдаан дээр надад хүүтэй мөнгө зээлсэн тухай дурдсан. Шүүгдэгчийн хувьд хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч Д.М-аас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Д.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Э.С-ыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулан Хаан банкны *********** тоот дансны картыг нь авч, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө 10 тоот Ардын хоршоо худалдааны төвийн байрны АТМ906 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2024 оны 06 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 23:54 минутад 20,000,000 төгрөгийг, 23:55 минутад 8,000,000 төгрөгийг, 04:28 минутад 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.С-т нийт 28,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Э.С-ын өгсөн:

“...Би тухайн буудал дээр 11 цагийн үед очсон тэгээд өөрийн орсон байсан өрөө рүүгээ ортол Ө  нь байсан надад би зарим зүйлсээ санахгүй байна та 2 хамт гараад явсан гэж хэлсэн мөн чамайг гэр рүү чинь дөхүүлж өгсөн юм биш үү гэж байсан. Өмнө нэг газарт байхдаа танилцаж байсан тэр хүнтэй танилцаад 1-2 сар орчим л болж байна. ... Ө  дуудсан байсан тэр хүн орж ирээд надтай ярихгүй байсан дуу тавиад суугаад байсан. Надад мөнгө байгаа талаар манай ажлын газрын хүмүүс болон манай эхнэр мэдэж байгаа тухайн өдөр бол би Ө тай уулзахдаа би тооцоогоо хийгээд байсан тооцоогоо хийхдээ би дандаа картаа уншуулаад байсан дэлгүүрээс юм авахад Ө  л миний кодыг анзаарсан байх би мэдэхгүй байна өөрийн картаа хүнд өгөөгүй...Бид хоёр оройны 18 цаг 56 минутад 1 давхарт байлах “CU” дэлгүүр орж 2-3 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво аваад буцаж өрөөндөө орсон. Би буудлын өрөөнд ороод пиво ууж байгаад унтаад өгсөн. Намайг сэрэх үед Ө ын найз ирсэн. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй. Би сэрээд тухайн пивонуудаас ганц нэг балгаж байсан санагдаж байна нэг сэрэх үед би гэртээ байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө сэрээд эд зүйлээ бүртгэх үед миний Хаан банкны карт алга болсон байсан. Би банк руугаа ороод харах үед миний дансанд байсан мөнгө байхгүй тул би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед хоолны мөнгө, буудлын төлбөр, уух зүйлсийн тооцоог би хийсэн. 28,900,000 төгрөг орчим байсан, 291,500 төгрөг зарцуулсан. Миний данснаас 23 цаг 54 минутад 20,000,000 АТМ-ээр шилжүүлсэн байсан. Дараагийн гүйлгээн 23 цаг 55 минутад 8,000,000 төгрөг АTM-ээр *********** М гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Дараагийн гүйлгээн 04 цаг 28 минутад 500,000 төгрөгийг дахин Хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн авсан байсан...Миний картны нууц үг 0505 гэх амархан нууц үгтэй тул гүйлгээ хийж байх үед хажуу талаас харсан байх...М би чиний мөнгийг буцаагаад гаргаад өгье гэж хэлсэн. М нь надаа мөнгө төгрөг буцаан өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Ө ын өгсөн:

“...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед өөрийн таньдаг С-тай уулзаад С**** дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С гэх нэртэй зочид буудалд зохих хэмжээний согтууруулах ундааг хэрэглэсэн. Орой 19 цаг өнгөрч байхад бас танил М-ыг дуудаад бид хоёр дээр ирсэн. Бид гурав нийлээд нэмж уусан. С ах М хоёр нэг нутаг Ховдынх гээд юм яриад суугаад байсан. С ах 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харилаа гээд явсан. Би тэндээ хоноод өглөө унтаж байхад өглөө цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,

-Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж байна. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлддэг.

Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн энэ гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Э.С-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр 3 удаагийн гүйлгээгээр 28,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.М-ын хаан банкны данс руу шилжүүлсэн болох нь /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/-д авагдсан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.С-ын данс руу 31,350,000 төгрөгийг М-аас шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч:  “...шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

 

            Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувьд урьд нь 3 удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирол төлбөрөө төлсөн. Хэрэг гарсны дараа шүүгдэгч Д.М нь Э.С-тай холбоо бариагүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч М*** овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Э.С нь гэмт хэргийн улМ-аас учирсан бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ