2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,                 

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/, 

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  

Тээврийн прокурорын газраас Д**** овогт Б.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008391084 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Б**** аймгийн Б**** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт С**** дүүргийн * дугаар хороо тоосго *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүй, Д**** овогт Б.У-д /РД:ВИ*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 47 минутын орчим Б***** дүүргийн *** дугаар хороо А-ийн гудамж модны 2-н замд "Toyota Prius" маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө", мөн дүрмийн 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчин хороолол доторх замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Э-г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-гийн өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны орой Манай Том охин Д-ийн гэр нь Гандангийн баруун талд байдаг ба тэндээсээ гараад баруун тийшээ яваад зам хөндлөн гараад явган хүний замаар явж байгаад явган гарцаар урагшаа чигээрээ явж байсан чинь баруун эргэж байсан хар өнгийн машин ирээд мөргүүлээд газар унасан тэгсэн жолооч нэг эмэгтэй бууж ирээд түргэн дуудаж байсан ба удалгүй түргэн ирээд намайг яваад гэмтэл орсон ба би шууд гэмтлийн эмнэлэгт очоод хэвтэж хөлний хагалгаанд орсон ба 9 хоног хэвтэж байгаад гэртээ гарсан. Хариулт: Тухайн тогтуун замын гэрэлтэй байсан. Түгжрэл бага байсан. Би урдаасаа хойшоо зам хөндлөн гарч байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би тухайн үед явган хүний гарцаар гарч байсан. Машиндаа хүүхдүүдийн хамт явж байх шиг байсан. Тухайн машиныг хараагүй гэнэт ирээд мөргөсөн. Тухайн машин урд хэсгээрээ мөргөсөн. Ба хойноосоо урагшаа явж байгаад баруун эргээд намайг мөргөсөн. Тухайн ослын улмаас зүүн хөл хугарсан толгой гэмтсэн байсан.одоо биен байдал гайгүй зүүн бүрэн эдгээгүй байгаа. Одоогоор эмчилгээний зардал 2 сая төгрөг орчим гарсан байгаа. Мөн баримт байхгүй. Жолоочийн зүгээс надад эмчилгээний зардал 1 сая орчим төгрөг өгсөн байгаа. Надад цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардал өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр Н.Ш-ийн өгсөн: “...Тухайн Toyota Prius маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2013 онд үйлдвэрлэгдсэн ба 2022 онд ББСБ-р зээлээр 30,000,000 төгрөгөөр авч байсан одоо зээлийг төлж байгаа ба зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг үлдсэн байгаа манай У  нь хамтран зээлдэгчээр байгаа. Манай эхнэр бид хоёр дундаа унадаг осол болох өдөр манай эхнэр У  нь унаад явж байсан би гэртээ байж байсан 18 цагийн үед манай ээж утсаар залгаад У  хүн шүргэчихлээ гэж хэлсэн тэгээд би осол болсон газар ирсэн цагдаа нэр ирсэн хэмжилт хийж байсан эхнэрийн хамт гэмтэл ороод буцаад цагдаа дээр ирсэн. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй миний өөрийн машин ба манай эхнэр барьж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагчаар Н.Ш-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 13237 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Ц.Э-гийн биед зүүн шагайн дотор хавчаар ясны ил хугарал, бүрэн мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тахилзуур ясны хугарал, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.4 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.5кН зөрүү нь 7% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.5кН. зөрүү нь 0% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 1.4КН, баруун талдаа 1.7kН хэвийн ажиллаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11200 са, хол дээрээ 43700cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10600 cd, хол дээрээ 43700cd (стандарт 10000-225000cd) байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлгүй байна.

3. Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба урд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.5кН зөрүү нь 7% (стандарт <20%), хойд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.5кН зөрүү нь 6% (стандарт <30%) тоормосны систем хэвийн ажиллаж байна.

4. Тухайн тээврийн хэрэгсэлийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ.

5.Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11200cd, хол дээрээ 43700cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10600 cd, хол дээрээ 43700cd (стандарт 10000-225000cd) стандартад нийцэж байна.

6. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

            - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Анхбаяр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1935 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 47 минутын орчим Б**** дүүргийн *** дугаар хороо А-ийн гудамж модны 2-н замд "Toyota Prius" маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө", мөн дүрмийн 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчин хороолол доторх замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Э-г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.У нь анх удаагаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэх  санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 47 минутын орчим Б***** дүүргийн *** дугаар хороо А-ийн гудамж модны 2-н замд "Toyota Prius" маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө", мөн дүрмийн 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчин хороолол доторх замаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Э-г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-гийн өгсөн: “...баруун тийшээ яваад зам хөндлөн гараад явган хүний замаар явж байгаад явган гарцаар урагшаа чигээрээ явж байсан чинь баруун эргэж байсан хар өнгийн машин ирээд мөргүүлээд газар унасан тэгсэн жолооч нэг эмэгтэй бууж ирээд түргэн дуудаж байсан ба удалгүй түргэн ирээд намайг яваад гэмтэл орсон ба би шууд гэмтлийн эмнэлэгт очоод хэвтэж хөлний хагалгаанд орсон ба 9 хоног хэвтэж байгаад гэртээ гарсан...Жолоочийн зүгээс надад эмчилгээний зардал 1 сая орчим төгрөг өгсөн байгаа. Надад цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардал өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр Н.Ш-ийн өгсөн: “...Тухайн Toyota Prius маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2013 онд үйлдвэрлэгдсэн ба 2022 онд ББСБ-р зээлээр 30,000,000 төгрөгөөр авч байсан одоо зээлийг төлж байгаа ба зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг үлдсэн байгаа манай У  нь хамтран зээлдэгчээр байгаа. Манай эхнэр бид хоёр дундаа унадаг осол болох өдөр манай эхнэр У  нь унаад явж байсан би гэртээ байж байсан 18 цагийн үед манай ээж утсаар залгаад У  хүн шүргэчихлээ гэж хэлсэн тэгээд би осол болсон газар ирсэн цагдаа нэр ирсэн хэмжилт хийж байсан эхнэрийн хамт гэмтэл ороод буцаад цагдаа дээр ирсэн. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй миний өөрийн машин ба манай эхнэр барьж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагчаар Н.Ш-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 13237 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Ц.Э-гийн биед зүүн шагайн дотор хавчаар ясны ил хугарал, бүрэн мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тахилзуур ясны хугарал, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.4 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.5кН зөрүү нь 7% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.5кН. зөрүү нь 0% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 1.4КН, баруун талдаа 1.7kН хэвийн ажиллаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11200 са, хол дээрээ 43700cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10600 cd, хол дээрээ 43700cd (стандарт 10000-225000cd) байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлгүй байна.

3. Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба урд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.5кН зөрүү нь 7% (стандарт <20%), хойд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.5кН зөрүү нь 6% (стандарт <30%) тоормосны систем хэвийн ажиллаж байна.

4. Тухайн тээврийн хэрэгсэлийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ.

5.Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11200cd, хол дээрээ 43700cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10600 cd, хол дээрээ 43700cd (стандарт 10000-225000cd) стандартад нийцэж байна.

6. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.   

 

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хохирогч Ц.Э-гийн мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

Хохирогч Ц.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Ц.Э нь 744,000 төгрөгийн хохирол төлбөр баримтаар нэхэмжилсэн бөгөөд 5,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,678,560 төгрөгийг төлсөн гэх /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/-д баримт тул иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...шүүгдэгч Б.У-гийн хохирол төлбөр төлсөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулах...” гэх саналыг тус тус гаргалаа.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Уд 3 жил, 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Д**** овогт Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.У-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох  бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ