Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/01474

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/01474

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МТЗ ТӨХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭВС ХХК  холбогдох,

Гэрээний үүрэгт 280 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МТЗ ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТЗ ТӨХК нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Manage Your Chance буюу ЭВС ХХК-тай ТГ186460/14 тоот Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-г байгуулсан.

МТЗ ТӨХК нь өөрийн эзэмшлийн ачааны 40 вагоныг нэг вагон хоногийн 55 000 /тавин таван мянга/ төгрөгөөр түрээслүүлэхээр, ЭВС ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээний хоёрдугаар хавсралтад заасан хуваарийн дагуу МТЗ ТӨХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон.

МТЗ ТӨХК нь гэрээний үүргийн дагуу ЭВС ХХК-д эрхийн ямар нэгэн зөрчилгүй, доголдолгүй ачааны 40 вагоныг актаар хүлээлгэн өгсөн. Гэвч ЭВС ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрөө хуваарийн дагуу барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд гэрээний төлөгдөөгүй үнийн дүн болох 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээнд заасан вагон түрээсийн төлөгдөөгүй төлбөр болох 187 000 000 /нэг зуун наян долоон сая/ төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д заасан алданги 2018 оны 10 дугаар сараас тооцон 93 500 000 /ерэн гурван сая таван зуун мянга/ төгрөг, нийт 280 500 000 /хоёр зуун наян сая таван зуун мянга/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг тус тус ЭВС ХХК-иас гаргуулан МТЗ ТӨХК-д олгуулж, гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭВС ХХК-ийн захирал Ч.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь МТЗ ТӨХК-тай түрээсийн гэрээ байгуулж 40 вагон түрээсээр ашиглаж байсан боловч 2018 оны 10 дугаар сараас эхлэн нүүрсний экспортын үйл ажиллагаа эрчимтэйгээр удааширч бидний ажилд хүндрэл учраад байсан билээ. Энэ нь бидний авсан мэдээллээр бол УБТЗамын транзит ачаанд хөнгөлсөн 50 хувийн хөнгөлөлтөөс үүдэн гарсан Монгол улсын экспортонд нөлөөлсөн муу нөлөөллийн улмаас манай ачаатай вагонууд Хятадын хил орж чадахгүй 10-аас дээш хоногоор зогсох гэсэн нөхцөл байдлууд байнга үүсэж байсан. Бид энэ зүйлийг давагдашгүй хүчин зүйл гэж ойлгож байгаа ба Монголын төмөр замын ТӨХК ч мөн адил бидний нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Иймээс МТЗ-ийн нэхэмжилж буй үндсэн төлбөр болох 187 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг график гарган төлж барагдуулах хүсэлт гаргаж байгаа ба алдангийг хасаж өгөхийг хүсэж байна. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал нь бизнес эрхлэгчдэд дэндүү халтай байгааг хүн бүр мэдэж байгаа байх гэж найдаж байна. Мөн бид эвлэрэх хүсэлт гаргаж Монголын төмөр замтай холбоо тогтоох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МТЗ ТӨХК нь хариуцагч ЭВС ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 280 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

МТЗ ТӨХК нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЭВС ХХК-тай ТГ186460/14 тоот Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-г байгуулж, ачааны 40 вагоныг түрээслэгчийн эзэмшилд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулан шилжүүлэх, түрээслэгч ЭВС ХХК нь түрээсийн төлбөрт 1 вагон хоногийн 55 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээг 2018.12.31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байна.

 

Гэрээний дагуу МТЗ ТӨХК нь 2018.07.04-ны өдөр 29 вагон, 2018.07.16-ны өдөр 10 вагон тус тус хүлээлгэж өгсөн байна. /хх-11-13х/,

Хариуцагч ЭВС ХХК нь 2018 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийг Вагонуудыг актаар хүлээлгэж өгснөөс хойш ажлын 5 хоногийн дотор, 2018 оны 10 сарын түрээсийн төлбөрийг 2018.09.20-ны өдрийн дотор, 2018 оны 11 сарын түрээсийн төлбөрийг 2018.10.20-ны өдрийн дотор, 2018 оны 12 сарын түрээсийн төлбөрийг 2018.11.20-ны өдрийн дотор төлөхөөр гэрээгээр тохиролцсон боловч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөр 187 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн 2019.01.03-ны өдрийн 01/13 тоот албан бичиг /хх-16/-аар тогтоогдож байна.

Хариуцагч ЭВС ХХК нь түрээсийн төлбөр 187 000 000 төгрөгийг төлөхөө тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу ЭВС ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор, хэсэгчлэн биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж талууд тохиролцсон байх тул гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөгдөөгүй төлбөрөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хариуцагч ЭВС ХХК-иас 93 500 000 төгрөгийн алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ЭВС ХХК нь Улаанбаатар төмөр замын транзит ачаанд хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийн улмаас ачаатай вагонууд Хятадын хил орж чадахгүй 10-аас дээш хоногоор зогсох нөхцөл байдлууд байнга үүссэнийг давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлаж байна.

Гэрээний 8 дугаар зүйлд талууд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл-д ямар нөхцөл байдлыг тооцохоо тохиролцсон байх бөгөөд дээрхи нөхцөл байдал нь гэрээгээр тохиролцсон давагдашгүй хүчин зүйлд хамааралгүй байх тул алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч ЭВС ХХК-иас түрээсийн төлбөр 187 000 000 төгрөг, алданги 93 500 000 төгрөг, нийт 280 500 000 төгрөгийг гаргуулж Монголын төмөр зам ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар ЭВС ХХК-иас 280 500 000 /хоёр зуун наян сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж МТЗ ТӨХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар МТЗ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 560 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭВС ХХК-иас 1 560 450 /нэг сая таван зуун жаран мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж МТЗ ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА