| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Б**** овогт Ц.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408043861099 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр У**** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б** ХХК- д *** ажилтай, ам бүл * эхнэр * хүүхдийн хамт С***** дүүргийн *** дугаар хороо О **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б**** овогт Ц.М /РД:ЧА********/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С****** дүүргийн **** дүгээр хороо зүүн салааны замд согтуугаар "Тоyota Prius" маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө. Би хэрэг болдог өдөр айлын найранд очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.А 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Ч-ын өгсөн:
“...Би энэ тоёота приус 20 маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сард найз Т-саа 3,000,000 төгрөгөөр худалдан авч бүх эд ангиудыг нь солиулсан. Анх машинаа авахдаа эхнэр Ш.Д-ийн нэр дээр авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн. Осол гардаг өдөр гэрийн ойрхон дэлгүүрээс эхнэртэйгээ хамт боорцог авчхаад гэр рүүгээ иртэл сургуулийн цагдаа "Машиныг чинь согтуу хүн мөргөчхөөд явчихлаа, цагдаа дуудчихсан" гэж хэлсэн. Очоод хартал жолоочийн эсрэг талын хойд хаалга хонхойгоод зурагдчихсан байсан. Тэгээд цагдаа ирээд нөгөө машиныг маань мөргөсөн хүн маань ч ирээд үнэлгээ орж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийлгэхэд 210,000 төгрөг гарсан. Миний машиныг шүргэсэн гэх залуу тэр дор нь миний хохирлыг газар дээр нь барагдуулсан. Осол гаргасан жолоочоос нэхэмжлэх хохирол гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.О-ын өгсөн:
“...Бид 2 1996 оноос хойш найзалж байгаа хар багын найзууд байгаа юм. Манай М*********н их төлөв зөв хүмүүжилтэй хүн. Манай найз 1996 онд 10 дугаар хороололд "Самж" гэх ундааны цехэд ажиллаж байгаад, 1997 онд "ШИ сургуульд суралцаж байгаад 2 дугаар курсээсээ мөнгө төгрөг нь бүтэхгүй сургуулиасаа гарж байсан. Тэгээд 2000 он хүртэл тухайн цехдээ ажиллаж байгаад "С" нарийн боовны цехэд 2004 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш янз бүрийн ажил хийж яваад сүүлд нэг "ШХ" гээд үйлдвэрт ажиллаж байсан санагдаж байна. Тэгээд л таксинд яваад л эхэлсэн одоог хүртэл ер нь таксинд явж байгаа. Баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд л ууна уу гэхээс бусдаараа архи уугаад байдаггүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н өгсөн:
“...Би Ц.М-той гэрлэлтийн баталгаатай эхнэр нь байна. Бид 2 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр ерөнхийдөө дээд боловсрол эзэмшээгүй хэр нь төлөв даруу зантай, 4 хүүхдийнхээ төлөө юугаа ч хайрладаггүй, эцэг хүний үүргээ мундаг Гүйцэтгэдэг, аюулгүй өрөвч сэтгэлтэй, хааяа нэг архи уучхаад байдаг юм...Бид 2 2007 онд анх танилцахад манай нөхөр "ШХ ХХК-д бригадын ахлагч хийдэг байсан. Анхны хүүхэд маань 2008 оны сүүлээр төрөхөд манай нөхөр сар ажлаасаа чөлөө аваад тэгээд тэр чигтээ ажлаасаа гарчихсан. Тэгээд бид 2 жижиг тэрэг худалдаж аваад манай нөхөр таксинд явж эхэлсэн. Сүүлд 2024 оны 01 дүгээр сард жолоодох эрхээ хасуулснаас хойш барилгын дотор засал 2 найзтайгаа нийлж хийгээд байгаа. 1 сардаа 1-2 удаа л дунджаар архи уудаг, янз бүрийн эм тариа, тамхи татаж хэрэглэж мансуурч үзээгүй хүн. Манай хүний найзууд нь "Ц ерөөсөө архи даадаггүй" гэж яриад байдаг...” /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
-Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.М нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо зүүн салааны замд согтуугаар "Тoyota Prius" маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С***** дүүргийн * дүгээр хороо зүүн салааны замд согтуугаар "Тоyota Prius" маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Ч-ын өгсөн:
“...Би энэ тоёота приус 20 маркийн **-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сард найз Т-саа 3,000,000 төгрөгөөр худалдан авч бүх эд ангиудыг нь солиулсан. Анх машинаа авахдаа эхнэр Ш.Д-ийн нэр дээр авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн. Осол гардаг өдөр гэрийн ойрхон дэлгүүрээс эхнэртэйгээ хамт боорцог авчхаад гэр рүүгээ иртэл сургуулийн цагдаа "Машиныг чинь согтуу хүн мөргөчхөөд явчихлаа, цагдаа дуудчихсан" гэж хэлсэн. Очоод хартал жолоочийн эсрэг талын хойд хаалга хонхойгоод зурагдчихсан байсан. Тэгээд цагдаа ирээд нөгөө машиныг маань мөргөсөн хүн маань ч ирээд үнэлгээ орж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийлгэхэд 210,000 төгрөг гарсан. Миний машиныг шүргэсэн гэх залуу тэр дор нь миний хохирлыг газар дээр нь барагдуулсан. Осол гаргасан жолоочоос нэхэмжлэх хохирол гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.О-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
-Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан жолоодох эрхийг 3 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна, бусдад төлөх төлбөргүй...” гэх санал,
шүүгдэгч: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б**** овогт Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ