| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/241 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ц |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Э.Цогням /томилолтоор/,
хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас А**** овогт Ч.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405043862193 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр У хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Л" ХХК-нд ахлах менежер ажилтай, ам бүл ***, эхийн хамт Б**** дүүргийн ** дүгээр хороо ** дугаар хороолол Х**** гудамж **а байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А*** ургийн овогт Ч.Н /РД:ЧИ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Н-нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол
дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 болон 13 дугаар байрны голд байх автомашины зогсоолд машиныхаа тоосыг арчиж байсан Д.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх, заамдах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Д.Б нь тээврийн хэрэгслээ траншейны шугамууд байдаг газар тавьсан байсан. Уг газар тээврийн хэрэгсэл тавихыг хориглосон. СӨХ-өөс тээврийн хэрэгсэл зогсоож болохгүй талаар сануулсан. Тэр газар Д.Б нь тээврийн хэрэгслээ тавиад угааж байсан. Би иргэний үүргээ биелүүлж өөрт нь шаардлага тавихад над руу хэл амаар доромжилж дайрсан. Тухайн маргаан эхлэхэд би Д.Б-ийн биед халдаж гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б: “...Би СӨХ-ийн хүмүүстэй уулзаад, байцаагчаас түлхүүр гуйж авсан. Тухайн газарт нэг тээврийн хэрэгсэл байсан, би 12-ны өдрийн 21:00 цагийн үед өөрийн тээврийн хэрэгслээ тухайн газар тавьсан. Өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийнхээ шилийг арчиж байхад миний хойноос Ч.Н ...энэ газар тээврийн хэрэгсэл тавьж болохгүй, угааж болохгүй зайл... гэж хашхирсан. Энэ хүн намайг 30 минут хоргоосон. Ч.Н солгой гараараа миний зүүн тал руу эхэлж цохисон. Би өөрт нь ...миний дүү одоо боль чи согтуу байна... би чамайг гэр рүү чинь оруулж өгье гэж хэлсэн. Тэгэхэд гар утсаа гаргаж ирсэн. Би утсыг нь самардсан. Тухайн хэргээс болоод миний эрүүл мэнд муудаж, эд хөрөнгөөрөө хохирсон. Миний баруун нүдний хараа муудсан гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн: “...Би өнөө өглөө буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өлөө 06 цагийн үед санагдаж байна байрныхаа гадаа автомашины зогсоол дээр өөрийнхөө машины тоос шороог арчаад байж байтал нэг үл таних согтуу залуу ирээд хөдөөний АРА дугаар шаачихсан машин энд зогсохгүй яв гэж хөөгөөд дахин дахин эргэж тойрч ирээд агсам тавиад байхаар нь би тэр залууд манай гэр 13а байранд байдаг юм нутгийн хүнээс энэ машиныг авсан юм гэж тайлбарлаж хэлсэн боловч энд зогсохгүй энд машин угаахгүй гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан тэгэхээр нь би чи аав шигээ хүнтэй юу ярих гээд байгаа юм миний хүү харьж унт гэж хэлсэн тэгтэл тэр согтуу залуу чамайг 2 цохивол үхнэ...би зугтаагаад гэр рүүгээ орох гэсэн чинь араас дагаад хөөгөөд байхаар нь хойшоо 11-р байр тойроод зугтаасан тэгээд хэсэг хугацааны дараа гэр рүүгээ орох гээд ирсэн чинь манай байрны зүс харсан хүн согтуу хүн машины чинь арын цонхыг хагалчхаад яваад өглөө гэхээр машин дээрээ ирээд үзсэн чинь машины арын цонхыг хагалчихсан байсан. Нөгөө согтуу залуу зүүн тийшээгээ гуйвж дайваад явж байгаа харагдсан тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн. Миний зүүн талын чамархай хэсэгт хэд хэдэн удаа цохисон хөндүүр байна, мөн толгойны ар дагз хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13571 тоот: 1. Д.Б-ийн биед тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн №БГ1-24-470 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50,55 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Н-нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б*** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 болон 13 дугаар байрны голд байх автомашины зогсоолд машиныхаа тоосыг арчиж байсан Д.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх, заамдах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн 150.000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой баримт нь шаардлага хангахгүй байна..” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулж 8.573.600 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид гарах хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ч.Н-нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б**** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 болон 13 дугаар байрны голд байх автомашины зогсоолд машиныхаа тоосыг арчиж байсан Д.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх, заамдах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн: “...би чи аав шигээ хүнтэй юу ярих гээд байгаа юм миний хүү харьж унт гэж хэлсэн тэгтэл тэр согтуу залуу чамайг 2 цохивол үхнэ. шүүд ээ гээд намайг хөөгөөд эхэлсэн би машинаа тойрч зугтаасан тэгээд тэр залууд одоо харьж унтаа гэж хэлсэн тэгсэн хөөж байгаад барьж аваад намайг боосон тэгээд би өөрийгөө хамгаалаад гараараа цээж рүү нь түлхсэн тэгэхэд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон тэгээд байж байтал тэр үед түкийн шар хантаазтай 2 хүн явахаар нь тусламж гуйсан чинь тэр хоёр хүн ирээд эмэгтэй нь цагдаа дуудаад эрэгтэй нь тэр залуугийн гараас намайг салгасан тэгээд би зугтаагаад гэр рүүгээ орох гэсэн чинь араас дагаад хөөгөөд байхаар нь хойшоо 11 байр тойроод зугтаасан тэгээд хэсэг хугацааны дараа гэр рүүгээ орох гээд ирсэн чинь манай байрны зүс харсан хүн согтуу хүн машины чинь арын цонхыг хагалчхаад яваад өглөө гэхээр машин дээрээ ирээд үзсэн чинь машины арын цонхыг хагалчихсан байсан. Нөгөө согтуу залуу зүүн тийш гуйвж дайваад явж байгаа харагдсан тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн. Миний зүүн талын чамархай хэсэгт хэд хэдэн удаа цохисон хөндүүр байна, мөн толгойны ар дагз хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би тархины нээлттэй хагалгаанд 2015 онд орж байсан бөгөөд толгойны баруун хэсэгт цөмөрхий байдаг юм энэ тал руугаа цохиулахгүй байхын тул өөрийнхөө биеэ хамгаалсан цохиулсан бол үхэх байсан байх. Бас өшиглөх гээж оролдсон би өвдгөөрөө хаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13571 тоот: 1. Д.Б-ийн биед тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн №БГ1-24-470 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Шүүгдэгч Ч.Н-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн идэвхитэй үйлдэл хийж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Н-нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Ч.Н-нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 124,762 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт баримтаар 150,000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ч.Н-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Б нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг арилгахад 8,753,600 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн боловч энэ талаар тодорхой дүгнэлт үгүй учир шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг арилгахад шаардлагатай төлбөрийн хэмжээг тодорхойлон тооцоолох боломжгүй байх тул хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх санал,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг дэмжиж байна...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Ч.Н-нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А**** овогт Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Н-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-аас 150,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгож,
Хохирогч Д.Б нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Н-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ