Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 143

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

хохирогч Л.Нанзад,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Ичинноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Ичинноровт холбогдох эрүүгийн 201719000197 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 2-р ангийн 13-р хэсэгт замчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баян сумын цант 1-р багт оршин суух хаягтай Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн “Дашгай”-н 1-б гудамж 3 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигин овогт Доржсүрэнгийн Ичинноров /РД:НВ88040739/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар /

Шүүгдэгч Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Лувсанвандангийн Нанзадтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар Л.Нанзадын толгой руу аяга шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн 2015 оны 02 сарын 12-ны өдөр Д.Ичинноров нь эхнэр Л.Нанзадтай Төв аймгийн Баян сумын Дашгайн 1б-3 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар яллагдагч, хохирогч Л.Нанзадын бие, нүүр их биеийн хэсгийн зөөлөн эд рүү цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 11 сард Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Л.Нанзадыг Анхбаяр гэгчтэй хардаж хутгаар баруун гарын мөр хэсэгт зүссэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ичинноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Л.Нанзад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Дахин алдаа дутагдал гаргахгүй, намайг зодохгүй гэж амласан байгаа. Мөн бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Гэрч Д.Мөнгөнтуяа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2017 оны  03 сарын 20-ны орой 20 цаг 40 минутын үед манай нөхрийн утас руу Нанзад утсаар залгаж “би ажлаасаа ирчихлээ, авгайтайгаа хүрээд ир ээ гэж дуудсан. Тэгээд нөхөр бид хоёр Ичинноровын гэрт очсон. Нанзад нэг шил цагаан архи авч ирсэн. Сээгий, Нанзад, Сээгийгийн найз залуу, манай нөхөр бид нар бүгд тойруулаад тэр архийг хувааж уусан. Нөхөр бид хоёрыг гэртээ очоод удаагүй байхад 22 цагийн үед Нанзад манай гэрт ороод ирсэн. Духандаа цохиулчихсан, нүүрэндээ цус болчихсон “цагдаа дуудаач, би нэгжгүй болчихоод байна, Сээгий намайг цохьчихлоо” гэж байсан. Нөхөр бид хоёр гэртээ ороод цаг гаран л болж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

 

Гэрч Ж.Саранцэцэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Тэр орой би гэрээсээ гараад Ичинноровын урд эгнээнд айлд орох гээд гарч явтал Нанзад хашаан дотроосоо “Сараа эгч ээ” гээд дуудсан. Тэгээд намайг тосоод Нанзад хашаанаасаа гарч ирээд Сараа эгч ээ намайг хараа, Сээгий ингээд зодчихлоо гэхээр нь хартал Нанзадын нүүр ам нь цус болчихсон байсан. Нанзадтай хамт хүү Амин-Эрдэнэ нь гарч ирсэн. Би “цагдаа дуудъя” гэхэд Нанзад “би цагдаа өөрөө дуудна” гэсэн. Хүү нь надаас “гар чийдэнгээ өгчих, би цагдаа дуудъя” гээд “чадах юм уу” гэхэд “чадна” гээд миний гар чийдэнг аваад явсан. Тэгээд Нанзад хашааныхаа үүдэнд үлдээд би “Сээгий гарч ирвэл согтуу тавьтаргүйтэх байх” гэж бодоод яваад өгсөн. Түүнээс хэрүүл шуугиан болохыг тэр үед нь сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

 

Гэрч У.Одгэрэл хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Нанзадын яриагаар бол нөхөр Ичинноров нь байнга зоддог гэж би ойлгодог. Ажлын шугамаар “гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ”-г Нанзадаас авсан. Хүчирхийлэлийн давтамж нь 7-14 хоног гэж байсан санагдаж байна. Нөхөр Ичинноров нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалдгаанд байдаг...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 144 тоот дүгнэлт:

1. Л.Нанзадын биед баруун хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун бугалганд цус хуралт, дух, баруун мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь ир ирмэг ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-29 тал/,

 

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17 тал/,

- яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-24-26 тал/,

- Төв аймгийн Баян сумын 1-р багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тодорхойлолт /хх-40 тал/,

- согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-43 тал/,

- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-45-49 тал/,

- Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/70 прокурорын тогтоол /хх-53 тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-54-57 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-61 тал/,

- компьютер томографийн шинжилгээ /хх- 62 тал/,

- Д.Ичинноровыг 2017 оны 04 сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-36 тал/, 2017 оны 04 сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-39 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

-  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-44 тал /,

          -  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-66-67 тал/ зэрэг хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ичинноровыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Лувсанвандангийн Нанзадтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар Л.Нанзадын толгой руу аяга шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн 2015 оны 02 сарын 12-ны өдөр Д.Ичинноров нь эхнэр Л.Нанзадтай Төв аймгийн Баян сумын Дашгайн 1б-3 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар хохирогч Л.Нанзадын нүүр, их биеийн хэсгийн зөөлөн эд рүү цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 11 сард Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Нанзадыг Анхбаяр гэгчтэй хардаж хутгаар баруун гарын мөр хэсэгт зүссэн зэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Нанзадыг байнга зодсон гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Нансалмаа нь шүүгдэгч Д.Ичинноровыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Лувсанвандангийн Нанзадтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар Л.Нанзадын толгой руу аяга шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг зааснаар,  2016 оны 11 сард Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Л.Нанзадыг Анхбаяр гэгчтэй хардаж хутгаар баруун гарын мөр хэсэгт зүссэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож,

2015 оны 02 сарын 12-ны өдөр Д.Ичинноров нь эхнэр Л.Нанзадтай Төв аймгийн Баян сумын Дашгайн 1б-3 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар хохирогч Л.Нанзадын нүүр, их биеийн хэсгийн зөөлөн эд рүү цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд ял сонсгохоос татгалзсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж мөн өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийг Эрүүгийн хуульд нэмсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Дээрх хуулийн хэрэгжих хугацааг хууль тогтоогчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

 

Гэтэл Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ичинноровыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагаж мөрдөх хугацаанаас өмнөх үйлдэлд буюу 2016 оны 11 дүгээр сард Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Л.Нанзадыг Анхбаяр гэгчтэй хардаж хутгаар баруун гарын мөр хэсэгт зүссэн” зэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Нанзадыг байнга зодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч Д.Ичинноровыг эхнэр Лувсанвандангийн Нанзадыг байнга зодсон гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Ичинноров нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Лувсанвандангийн Нанзадтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар Л.Нанзадын толгой руу аяга шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Нанзад, гэрч Д.Мөнгөнтуяа, Ж.Саранцэцэг, У.Одгэрэл нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №144 дугаар акт, шүүгдэгч Д.Ичинноровын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ичинноровын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нанзад нь шүүгдэгч Д.Ичинноровтой сайн дураараа эвлэрсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүгдэгч Д.Ичинноровт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Л.Нанзад нь шүүгдэгч Д.Ичинноровтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ичинноров нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ичинноровыг “эхнэр Л.Нанзадыг байнга зодсон” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Доржсүрэнгийн Ичинноровт холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Доржсүрэнгийн Ичинноровыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Ичинноровт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           4. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ичинноров нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Д.Ичинноровт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Ичинноровт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА