Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2022/0030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: Япон улсын иргэн Н Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Хариуцагч: Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.От холбогдох

Гомдлын шаардлага: “Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Н.О, гэрч Э.М, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч, Япон улсын иргэн Н Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Хариуцагч “Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О нь Япон улсын иргэн Н Рд холбогдуулан “7 ширхэг алтан гулдмай болон гадаад валют, монгол төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүй гаалийн хилээр мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдогч Япон улсын иргэн На Ргийн 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19,326,483 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хурааж, 23,520,355,07 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Зөрчилд холбогдогч нь шийтгэлийн хуудастай холбогдох маргаанд өөрийг нь төлөөлөх итгэмжлэлийг 2022 оны 06  дугаар сарын 21-ний өдөр Д.Аэд олгосон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандоржид хандан гомдол гаргаж, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/317 тоот албан бичгээр “...гомдлоо, харъяа Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн хариуг хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус хэмээн гомдол гаргасан. Үүнд:

3.1. Улсын байцаагч Н.О нь Япон улсын иргэн На Рг 7 ширхэг алт болон гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж буруутгасан. Н.Р нь “өөрийн эд зүйлийг Гаалийн байгууллагын ажилчдаас огт нуугаагүй бөгөөд өөрийн гар тээшиндээ авч явсан. Гаалийн байцаагчид тэргүүн ээлжинд надад алт байгаа гэдгээ хэлсээр байхад шууд тусгай өрөө рүү дагуулан явсан бөгөөд намайг тус 7 ширхэг алтыг нуусан, мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн мэтээр буруутгаж байгааг ойлгохгүй байна. 7 ширхэг алтыг Сингапур улс болон Швейцар улсаас тус тус өөрөө  худалдан авсан, хуулийн дагуу олж авсан хөрөнгө байсан. 7 ширхэг алт бүгд албан ёсны гэрчилгээтэй байсан, гаалийн байцаагч бүх гэрчилгээг хурааж аваад буцааж өгөхдөө 1 гэрчилгээг нь буцааж өгөөгүй,

3.2. Нисэх буудал дээр хууль сануулсан тэмдэг тэмдэглэгээ анхааруулгын зүйл байгаагүй,

3.3. Улсын байцаагч нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө Чингис хаан Олон улсын нисэх буудалд очиход 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 тоот Шийтгэлийн хуудас бичигдсэн байсан бөгөөд улсын байцаагч нь шийдвэрээ гаргахаас өмнө эрх бүхий прокурорт хэргээ хянуулаагүй, танилцуулаагүй байсан. Шалгах ажиллагааны явцад хэрэгт нөхөж баримтууд үйлдэн хийсэн. Учир нь хэргээ прокурорт танилцуулна, эцсийн шийдвэр гараагүй байна гэх тайлбарыг надад удаа дараа өгч байсан хэрнээ гэнэт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 0012646 дугаар шийтгэлийн хуудсыг танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх явцад гомдол гаргах ямар ч боломжгүй байсан, гомдол гаргах эрхийг зөрчсөн,

3.4. Эд зүйл болох 7 ширхэг алт болон валютыг үнэлэхдээ үнэлгээ хийх эрхгүй этгээдийг томилж үнэлүүлсэн. Алт мөн эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргаагүй хэмээн гомдол гаргасан.

3.5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 220300092 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тогтоолоор Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О шалгалт явуулж 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Япон улсын иргэн На Рд 7 ширхэг 999-ийн сорьцтой алт болон 19,326,483 төгрөгийг хурааж, 23,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гаалийн байцаагч 7 ширхэг алтан гулдмай болон мөнгөн тэмдэгтийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж буруутгасан. Манай үйлчлүүлэгч тухайн эд зүйлийг гаалийн байгууллагаас нуугаагүй, гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийсэн санаатай үйлдэл гаргаагүй. Энэ талаар зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээр хэлсэн. Нисэх буудал дээр хууль сануулсан тэмдэг тэмдэглэгээ анхааруулгын зүйл байгаагүй. Гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Улсын байцаагч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө Чингис хаан Олон улсын нисэх буудалд 8 цаг 30 минутад Н.Рг ирж хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байдаг. Хэргийн материалтай танилцахаас өмнө энэ хэргийг прокурор луу шилжүүлэх гэж байна, прокурорт хянуулсны дараа зөрчлийн хэргийн ял шийтгэлийн асуудал яригдана гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө нисэх буудалд очиход шууд шийтгэлийн хуудсыг биччихсэн байсан ба Н.Рд танилцуулсан. Ингээд шийтгэлийн хуудсаар торгож, эд хөрөнгийг хурааж байна гэж хэлсэн. Улсын байцаагч шийдвэр гаргахаас өмнө эрх бүхий прокурорт хэргээ хянуулаагүй, энэ хэрэг ямар шатанд явж байгаа талаар танилцуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар харагдаж байна. Тухайн шийтгэлийн хуудсыг гаргасныхаа дараа зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хураагдсан эд зүйлийн үнэлгээ гаргасан улсын байцаагчаас мэдүүлэг авсан нь процессын зөрчил учраас тухайн акт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш юм. Мөн зөрчлийн хэргийн хүрээнд 7 ширхэг алт, валют хураагдсан. Эдгээр зүйлийг хураагаад үнэлгээг гаргасан. Үнэлгээнд үндэслэж торгуулийн арга хэмжээ авсан. Гэтэл үнэлгээ хийж байгаа этгээд тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Гаалийн улсын байцаагч нь үнэлгээ хийх эрхтэй бол хуулиар олгосон ямар эрх хэмжээний хүрээнд энэ эрхийг хэрэгжүүлж байгаа талаараа нотлох ёстой, эрхтэй бол энэ нь ямар хуулиар яаж олгосон, эсхүл томилогдсон этгээд мөн эсэх талаар баримт хэрэгт байхгүй. Тухайн үнэлгээг гаргахдаа гаргаж байгаа эх сурвалж нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий эх сурвалж байх ёстой. Хариуцагч Монгол банкны сайтаас харж байгаад Монгол банкны ханшаар үнэлгээ гаргасан гэсэн. Зөрчил гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэхдээ энэ нь хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж оногдуулах эрх хэмжээг улсын байцаагчид олгоогүй. Мэргэшлийн шинжээч томилж, алт мөн эсэхийг тогтоох ёстой. Үүнийг нотлох үүрэг улсын байцаагчид байгаа. Түүнээс биш зөрчилд холбогдсон этгээд үүрэг хүлээхгүй, оролцож байгаа этгээдийн мэдээлэл, тайлбараар тогтоохгүй. Зөрчлийн хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтыг үнэлэх боломжгүй. Гаалийн байцаагч манай үйлчлүүлэгчээс 7 ширхэг барааны гарал үүслийн гэрчилгээг хурааж аваад буцааж өгөхдөө 1-ийг нь дутуу өгсөн гэж тайлбарладаг. Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтаар алт мөн гэж нотлох баримт авагдаагүй. Зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа улсын байцаагч өөрөө тусгай мэргэшил нь хүрэлцэхгүй аливаа нэг этгээдээр хийлгэж байгаа тохиолдолд тэр нь Шүүх шинжилгээний тухай хуулиараа мэргэшсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн үнэлгээ хууль бус, тухайн үнэлгээг үндэслээд гаргаж байгаа зөрчлийн акт хуульд нийцэхгүй байна... Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00122646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хураагдсан эд зүйлийг гомдол гаргагч На Рд буцаан олгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Н.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргах нь: Чингис Хаан ОУНБ дахь гаалийн газрын ЗТХБА-ны гаалийн улсын байцаагч Н.О би, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 7 ширхэг алтан гулдмай болон гадаад валют, монгол төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүй гаалийн хилээр мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан асуудалд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар: Холбогдогч Япон улсын иргэн На Р нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингис Хаан ОУНБ дахь гаалийн хяналтын бүсэд улсын хилээр Улаанбаатар-Нарита чиглэлийн онгоцоор гарахдаа 7 ширхэг 999,9 сорьцтой 712.2 грамм бүхий 137,535,897.63 төгрөгийн үнэ бүхий алтан гулдмай болон сингапур доллар, японы иен, америк доллар, швейцар франк, паунд, монгол төгрөг /2022 оны 06.10-ны өдрийн Монгол банкны ханш/-аар 19,326,483 төгрөгтэй тэнцэх валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээн холбогдогчийн эд зүйлд гаалийн үзлэг шалгалт хийх, зөрчлийн хэрэгт холбогдогчоос мэдүүлэг авах, гэрчүүдээс бичгээр тайлбар авах, зөрчлийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авах, зөрчилд холбогдсон барааг фото зургаар баталгаажуулах, зөрчилд холбогдсон барааны үнэ үнэлгээг тогтоолгох, зөрчилд холбогдсон барааг зөрчлийн хэрэгт хураан авах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад: Холбогдогч На Ргийн 7 ширхэг алтан гулдмай 999,9 сорьц бүхий 712.2 грамм болон 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют нийт 156,862,367.11 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют болон валютын үнэт зүйлсийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан болох нь: холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, гэрчийн бичгээр гаргасан тайлбар, зөрчилд холбогдсон бараа, холбогдогчийн гаргасан зөрчилд холбогдсон барааны улсын хилээр оруулсан болон худалдан авсан баримт, холбогдогчийн бичгээр гаргасан тайлбар, гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, зөрчилд холбогдогчийн гаалийн байгууллагад зорчигчийн барааны гаалийн мэдүүлгээр зөрчилд холбогдсон барааг мэдүүлээгүй байдал зэрэг нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул холбогдогч зорчигч На Рд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 29 дэх хэсгийн 22.1-д зааснаар 156,862,367.11 төгрөгийн үнийн дүн бүхий алтан гулдмай болон валютыг хурааж, хураагдсан барааны үнийн дүнгийн 15 хувь буюу 23,529,355.07 төгрөгөөр торгох шийтгэлийг 0012646 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж шийдвэрлэсэн.

2. Холбогдогч На Р “...өөрийн эд зүйлийг Гаалийн байгууллагын ажилчдаас огт нуугаагүй бөгөөд өөрийн гар тээшиндээ авч явсан, гаалийн байцаагчид тэргүүн ээлжинд надад алт байгаа гэдгээ хэлсээр байхад шууд намайг өөрсдөө тусгай өрөө рүү дагуулан явсан бөгөөд намайг тус 7 ширхэг алтыг нуусан, мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн мэтээр буруутгаж байгааг ойлгохгүй байна” гэснийг эс зөвшөөрч байна. Тухайн зөрчлийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч Н.Оийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэсэн тэмдэглэл, гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлээр, зөрчлийн хэрэгт өгсөн оролцогч нарын мэдүүлгээр биедээ авч яваа барааныхаа талаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн улсын байцаагчид хандаагүй нь тогтоогдсон.

3. Холбогдогчид өмгөөлөгч орчуулагч авах эрхээр хангаж холбогдогчийн эрх үүргийг хангаж ажилласан бөгөөд холбогдогч, түүний өмгөөлөгч Д.А нь хэрэг хянан шийдвэрлэх явцад гомдол гарган эрхээ хамгаалах эрх нь нээлттэй байсан.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйл 2.4 дэх хэсгийн 1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд эөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж "Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол" гаргаж ажилласан. Чингис хаан ОУНБ дахь гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Энхжаргал нь тус гаалийн газрын бичиг баримт, үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч юм. Тус зөрчлийн хэргийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарган дуусах хүртэлх хугацаанд Тээврийн прокурорын газрын хяналтанд явагдсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг хянагдаж ирсэн. ...Энэ явцад гадаадын иргэнтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэж байгаа тул Элчин сайдын яам, Гаалийн ерөнхий газар, Прокуророос тогтмол хяналт тавьж, асууж лавлаж, хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, хүний эрхийг хангах талаар ажиллаж хэргийг хугацаанд нь шуурхай шийдвэрлэсэн. Үнэлгээ хийлгэхэд тусгай мэдлэг, мэргэжил шаардах асуудлаар үнэлгээ хийнэ. Гэтэл тухайн өдрийн Монгол банкны ханшаар доллар, юань, алтны үнийг үржүүлж, хуваагаад үнэлгээ хийж байгаа нь тодорхой мэргэжил, мэргэшил шаардсан гэж үзэхгүй. 7 ширхэг алтан эдлэл сорьцтой, худалдаж байгаа банк тамга дарсан газар, гарал үүсэл, бичиг баримт зэргээр алт мөн гэдэг нь тогтоогдож байгаа тул заавал шинжээч томилох шаардлагагүй. Мөн 50 дугаар хуудсанд байгаа зураг дээрээс тодорхой харагдаж байна. Шинжээч үнэлгээ хоёр тусдаа ойлголт учир ялгаж ярих хэрэгтэй. Үнэлгээ хариуцсан гаалийн байцаагч үнэлгээг гаргасан, тодорхой мэргэжил шаардаад, албан ёсоор үнэлүүлэх шаардлага байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийсэн байцаагчаас гэрчийн мэдүүлэг авсан, уг мэдүүлгийг 6 дугаар сарын 20-ны өдрийн 8 цаг 2 минутад эхлээд 8 цаг 30 минутад дууссан, цаг нь тодорхой байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж шийтгэл оногдуулсан гэжээ.

Гэрч Н.Мөрөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Япон улсын иргэн Ргийн орчуулга хийлгэх хүсэлтээр нисэх буудал руу явсан. Очсон чинь 8-9 цагийн үед бичигтэй танилцуулсан. Тэгээд алтан гулдмайг хураасан, торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас байсныг орчуулсан. Дахиж орчуулга хийгээгүй. Бид нарыг гаргаж байгаад тухайн үед хэрэгт хамааралтай хүнээс мэдүүлэг авч байна гэж хэлсэн... гэжээ.

Гэрч Н.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би нисэх буудлын явагчийн танхимд явах зорчигчийн гар тээшийг  рентген аппаратаар шалгаж байсан. Зорчигчийн гар тээшинд металл гэж үзэхээр эд зүйл харлаж харагдсан, зорчигчийг дуудаж шалгуулах тухай хэлэхэд тухайн иргэн монгол хэл мэдэхгүй голд голд гэж хэлээд сандарч байсан. Шалгахад цүнхэнд нь алт, бэлэн мөнгө, валют байсан. Эд зүйлээ нуугаагүй, гар тээшиндээ хийсэн, гаалийн мэдүүлэг бичээгүй байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн болон бусад оролцогчдын тайлбаруудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.            

1. Хариуцагч нь Япон улсын иргэн Н Рд холбогдуулан “7 ширхэг алтан гулдмай болон гадаад валют, монгол төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүй гаалийн хилээр мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдогч На Ргийн 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19,326,483 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хурааж, 23,520,355,07 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2. 2203000092 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад:

-2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...Япон улсын иргэн Н.Р нь 7 ширхэг алтан гулдмай гэх шар өнгийн металл эдлэл болон бусад гадаад валютыг гар тээш болох цүнхэнд хийж гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан үйлдлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 05 цаг 30 минутад ирүүлсэн...” гэж,                                                       

-Эрх бүхий албан тушаалтны “Орчуулагч, хэлмэрч оролцуулах тухай” 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор М.Билэгтийг орчуулагчаар, 2022 оны 6 сарын 20-ны өдрийн тогтоолоор Э.Мг орчуулагчаар тус тус томилсон,

-2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд: ...Алтан гулдмай: 1. A59769- 250гр-999,9, 2. CN5066-100гр-999,9, 3. CN5067-100гр-999,9, 4. CN5068-100гр-999,9, 5. CN5069-100гр-999,9, 6. DN008801-31.1гр-999,9, 7. DN008797-31.1гр-999,9, Сингапур доллар: нийт 9037744 /монгол банкны ханш 2268,51 төгрөг/, Японы иен: нийт 8697360 /монгол банкны ханш 23,38 төгрөг/, Америк доллар: нийт 343274.8 /монгол банкны ханш 3120,68 төгрөг/, Швейцарь франк: нийт 956091 /монгол банкны ханш 3186,97 төгрөг/, Паунд: нийт 140413.7 /монгол банкны ханш 3900,38 төгрөг/, Монгол төгрөг: нийт 151600, нийт 19,326,483 төгрөг болсон” гэсэн,

-2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Н.Оээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” ОУНБ дахь гаалийн газрын явагчийн танхимын хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан. Өглөөний 05 цагийн үед ОМ501 Улаанбаатар-Нарита чиглэлийн онгоцны зорчигчдын гар тээшийг аппаратан дээр тавиулж шалгуулах үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед нягтлан шалгах шаардлагатай ачаа байсан. Тэгээд зорчигчид нь мэдэгдээд нягтлан шалгахад их хэмжээний гулдмай хэлбэрт оруулсан сорьцтой алт болон бэлэн мөнгө валют гарч ирсэн. Тухайн зорчигч бараагаа гаалийн байгууллагад мэдүүлээгүй гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан учраас гаалийн зөрчилтэй тэмцэх албаны хэрэг бүртгэгч байцаагчийг дуудаж хамтран зорчигчийн гар тээшинд үзлэг шалгалт хийж тэмдэглэл хөтөлсөн. Гаалийн мэдүүлгээр бараагаа мэдүүлээгүй талаар лавлахад манай япон улсын элчин сайдын вэб сайтаас гаальд мэдүүлэх эсэх талаар асуухад мэдүүлэх талаар мэдээлэл байгаагүй бас нисэх буудалд ажилладаг найзаасаа асуухад гаальд мэдүүлэх хэрэггүй гэсэн зөвлөгөө өгсөн тэгээд гаальд мэдүүлээгүй гэж хэлсэн...” гэсэн,

-Орчуулагч М.Билигтийн орчуулсан, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн холбогч Н.Рд хууль сануулан мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...Хамгийн түрүүнд ирээд бүртгэлээ хийлгээд, хүлээж байгаад хамгаалалтын албаар шалгуулсан. Би эхний зорчигч байсан. Авч явсан бараагаа гаальд мэдүүлээгүй. Би олон улсад явж байхдаа Швецарь, Сингапурт явж байхдаа мэдүүлж байгаагүй. Элчин сайдын яамны веб сайт болон нисэхэд ажилладаг найз нараасаа тодруулахад мэдүүлэх шаардлагагүй гэсэн тул бусад улстай адил гэж бодсон. Нисэх буудал дээр сануулсан, тэмдэг тэмдэглэгээ анхааруулгын зүйл байгаагүй. Би хууль зөрчих санаа зорилго байгаагүй. Надад алт байгаа гэж хэлсэн. Сингапураас 2022 оны 2-3 сард 7 ширхгийг 45000 доллароор авсан... 05 дугаар сарын 06-ны ОМ502 Монголын нисэх онгоцонд ... гар цүнхэнд хийгээд аваад ирсэн. Гаалийн дүрмийн гар цүнхэнд ил авч явах ёстой тул ил авч орж ирсэн. ...Монголын гаальд мэдүүлээгүй, хэн ч деклараци өгөөгүй. Швецарь, Сингапураас алт худалдан аваад гарахад гаальд мэдүүлдэггүй, Монголд мэдүүлдэг гэдгийг мэдээгүй. ...Гаальд дахин мэдүүлээд торгуулиа төлөөд эд зүйлээ авах хүсэлтэй байна...” гэсэн,

-Орчуулагч Э.Мгийн орчуулсан, зөрчилд холбогдогч Н.Ргийн 2022 оны 06 сарын 20-ны өдөр бичгээр өгсөн тайлбартшийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа бөгөөд шалтгааныг хэргийн явц прокурорын шатанд шийдэгдээгүй, Монгол Улсын хууль журмын дагуу шийдэгдээгүй гэж үзэж байна. Миний бие террорист үйл ажиллагаа болон мөнгө угаах ямар нэгэн оролдлого үйлдээгүй бөгөөд тухайн үед надад алт байгаа, түүнийгээ дахин мэдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан болно” гэсэн,

-Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоолоор 712,2 грамм 7 ширхэг алтан гулдмайн үнэлгээ хийлгэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Энхжаргалыг томилсон,

-2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийсэн Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Энхжаргалын үнэлгээнд “...7 ширхэг алтан гулдмайд барааны ангиллын код тодорхойлох, барааны гаалийн үнэлгээ хийлээ. Үнэлгээнд дараахь эх сурвалжаас материалуудыг ашиглан харьцуулж үнэлэв. Хариулт: 1 үнэлгээнд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд зарласан үнэ, Монгол банкны албан ханшийг албан ёсны ...вэб хуудаснаас  авсан бөгөөд 1 грамм алт-193,114.27 төгрөг/грамм байна. Үнэлэхэд 1. А 59769 250гр 999.9-48,278,537.5 төгрөг, 2. CN 5066 100гр 999,9, 3. CN 5067 100гр 999,9, 4. CN 5068 100гр 999,9, 5. CN 5069 100гр 999,9, 6. DN 008801 31.1гр 999,9, 7. DN 008797 31.1гр 999,9, буюу нийт 712,2 грамм 137,535,897.63 төгрөгтэй тэнцэж байна. Хариулт 2. Тухайн барааны оноосон нэр нь “алтан гулдмай”, БТУС код 7106.9200 хамаарч байна” гэсэн,

-2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд: “алтан гулдмай..., нийт 19,326,483 төгрөг зэргийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуустал хадгалж энэ тухай тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэгт хавсаргав” гэж тэмдэглэсэн байна.

          3. Зөрчлийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Н.О нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай” тогтоолоор Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Энхжаргалыг томилж, зөрчилд холбогдогчоос хураан авсан 7 ширхэг алтан гулдмайд барааны ангиллын код тодорхойлж, барааны гаалийн үнэ, үнэлгээг гаргахыг даалгасан.

-Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Энхжаргалын “Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийсэн тухай” 2022 оны 6 сарын 17-ны өдрийн үнэлгээнд “...хураан авсан 7 ширхэг алтан гулдмайд барааны ангиллын код тодорхойлох,барааны гаалийн үнэлгээ хийлээ... Хариулт2. Тухайн барааны оноосон нэр нь “алтан гулдмай”, БТУС код 7106.9200 хамаарч байна” гэсэн боловч 7 ширхэг барааны нэр, кодыг ямар аргачлалаар тодорхойлсон талаар тодорхойлон бичээгүй байна.

Иймд хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 1.6... шинжилгээ хийх”, 4.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, шинжээч томилж, хураагдсан 7 ширхэг алтан гулдмай гэх бараанд шинжилгээ хийлгээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул тухайн бараа нь “алтан гулдмай” гэх нэртэй “БТУС код 7109.90.00“ гэсэн кодод хамаарах бараа эсэх нь тодорхойгүй. Улмаар холбогдогчоос хураан авсан эд зүйлийн үнэлгээнд үндэслэсэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан эсэх зэрэгт шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.                       

-Хариуцагч нь Зөрчилд холбогдогчоос хураагдсан эд зүйлийн гарал үүслийн гэрчилгээг хураан авч хуулбарлан зөрчлийн хэрэгт хавсаргасан, уг бичиг баримтыг хуулбарлахдаа баримт бичгийн бичвэртэй хэсгийг бүрэн тод хуулбарлаагүй, мөн тухайн бичиг баримтуудыг монгол хэлээр орчуулж зөрчлийн хэрэгт хавсаргаагүй байх ба бичиг баримтын эх хувийг зөрчилд холбогдогчид буцаан өгсөн байна.

Шүүхээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 123/ШЗ2022/0415 дугаар захирамжаар “Мон Тай Сино Групп” ХХК-ийг орчуулагчаар томилж, хэрэгт авагдсан зөрчлийн эд зүйлийн гэрчилгээг монгол хэлээр орчуулахыг даалгасан. “Мон Тай Сино Групп” ХХК 2022 оны 10-р сарын 03-ны өдрийн 20221003А01 дугаар албан бичгээр “албан бичиг бүхий нийт 12 нүүр бичиг хүлээн авлаа. Уг орчуулах материалууд нь бүдэг, зах хэсэг нь дарагдсан, бүрэлзсэн, харласан цайрсан зэрэг шалтгаануудын улмаас орчуулга хийх боломжгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хурааж авсан 6 ширхэг эд зүйлийн гэрчилгээний эх хувь нь Япон улсад Н.Рд байгаа, 1 гэрчилгээг нь гаалийн улсын байцаагч хурааж аваад буцааж өгөөгүй гэсэн” хэмээн тайлбарласан зэргээр хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь...баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тодорхойлогдоно.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 3-т “Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.”, 6-д “Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн зөрчлийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

-Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтууд, оногдуулсан шийтгэлийн торгуулийг төлөх дансны дугаар зэргийг бичээгүй, хуудасны 2,3, 5, 6, 7, 11 дэх хэсгүүдэд бичилт хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.” гэж заасныг зөрчжээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах боломж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтанд байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар “Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646  дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцохыг дурдах нь зүйтэй.

Гомдолд дурдсан бусад асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг 5 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр гаргах бөгөөд ийнхүү шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.Оын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Чингис хаан Олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН