Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Б.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

хохирогч Г.У-ийн өмгөөлөгч Д.Батхуяг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Б.С-т холбогдох эрүүгийн 1806 01616 2366 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын С, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...  настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., ...-ын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......../;

Б.С нь хохирогч Г.У-т 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан “Мицубиши Оутландер” загварын ... улсын дугаартай автомашиныг “зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг тань өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дээрх барьцааны тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр /өмчлөлд/ шилжүүлэн авсан боловч хохирогч Г.У-ээс зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 14.780.800 төгрөгийг өгөхгүйгээр уг тээврийн хэрэгслийг үрэгдүүлж, 14.780.800 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.С-т 1 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.С-ээс 4.780.800 төгрөгийг гаргуулан хохирогч Г.У-т олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн Төрийн банкны 100900005406 дугаартай дансанд Б.С-ийн төлсөн 10.000.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.У-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгийн зөрүүг, мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тодорхой дурдаагүй байна. ...Хохирогч Г.У нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.С, түүний охин Б.С нарын яг хэнд нь, хэдэн төгрөг, хэдэн доллар зээлсэн эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна. Хохирогчоор тогтоогдсон Г.У нь энэ тухай өөр өөрөөр мэдүүлдэг, мэдүүлэг нь зөрүүтэй байна. Тухайлбал, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн хэлтэст бичиж өгсөн гомдолдоо 12.000 доллар гэж, хохирогч Г.У-ийг гэрч С-тэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд 15.000 долларын ханш руу шилжүүлээд хэнд нь өгснөө санахгүй байна, хохирогч Г.У-ийг гэрч Б.С-тэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд ээж охин хоёр дундаа надаас авсан мөнгө, хохирогч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ С авсан санагдаж байна, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ нийт 20.100.000 төгрөгийг Ст өгч байсан гэжээ. Тухайн үеийн Монголбанкны ханшаар бодоход 15.000 ам.доллар нь 20.933.850 төгрөг, 12.000 ам.доллар нь 16.747.080 төгрөг байжээ. Хохирогчийн мэдүүлснээр 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр С, С нарын аль нэгт нь өгсөн, баталгаа болгосон гэх автомашиныг Б.С өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бичсэн гар бичмэлдээ “У эгчээс 12.000 доллар зээлсэн болно. Мөн ээж С-ийн зээлсэн 65.000 долларын өрийг хамтран барагдуулах болно гэж тухайн өдөр дахин 12.000 долларыг зээлсэн мэтээр бичих болсонд шүүх дүгнэлт хийгээгүй. ...С-ийн данснаас Г.У, түүний нөхөр П нарт шилжүүлсэн мөнгө, бараа материалаар хүлээлгэн өгсөн 11.109.200 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Зээлийн баталгаа болгож өгсөн машиныг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12.000 доллар зээлсэн гэсэн гар бичмэлийг үнэлж байгаа бол Сийн дансаар шилжүүлсэн мөнгийг аль нь С-ийх, аль нь С-ийх гэж ангилж, хассан байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч нь С-ээс төлсөн төлбөрүүдийг С надаас зээлсэн мөнгөө бага багаар төлнө гэсний дагуу шилжүүлсэн мөнгө гэж мэдүүлсэн, Б.С нь ээжийнхээ зээлийг төлөлцсөн гэдгээ анхнаасаа тогтвортой мэдүүлдэг ба үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шүүгдэгч С-т 12.000 долларын зээлэнд баталгаа болгон автомашиныг нь барьцаалсан гэж үзэхээр бол түүний дансаараа төлсөн төлбөрүүдээр чухам аль зээл дарагдаж, баталгаа болгосон автомашиныг С өөрөө захиран зарцуулах эрх нь хэзээ үүсэх байсан бэ зэрэг асуудлууд тодорхойгүй байна. Үүнээс дүгнэхэд хохирогч У, шүүгдэгч С нарын хооронд иргэд хоорондын гэрээний маргаан үүссэн, гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна. Мөн У, С-ийн эх С нарын хооронд байгуулсан 63.000 долларын зээрийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээ болохыг, зээлдэгч С-ийн дансны хуулгаар их хэмжээний мөнгө У-т шилжсэн байгаа зэргээс дүгнэхэд У-ийг хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд иргэд хоорондын маргаан юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудыг үнэлэхгүй, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ээж маань надруу яриад “барьцаа хүрэхгүй байна. Чи машинаа барьцаанд тавьчих” гэсний дагуу машинаа барьцаанд тавьсан нь үнэн. Би “эхийнхээ өрнөөс төлөлцөх болно” гэх бичиг хийж өгсөн. Дараа нь би “өөрийнхөө бизнесээ эхлүүлэх хэрэгтэй байна, өөрийнхөө машинаа барьцаанаас авъя” гэхэд Урнаа эгч “тэгвэл чи эхийнхээ 12.000 доллар зээлсэн бичгийг өөрийнхөө нэр дээр аваад 65.000 доллараас төлөлцөнө” гэх бичиг хийж өг гэсэн байдаг. Ойлгомжгүй байгаа асуудлуудаа мэдэхийг хүсэж байна. Учир нь яагаад намайг нэг ч төгрөг аваагүй байхад залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн юм бэ, миний өгсөн мөнгийг яагаад тооцоогүй юм бол, би үнэхээр залилах гэмт хэрэг үйлдсэн юм бол над руу яагаад нэг ч удаа утсаар яриагүй юм бэ, яагаад гэнэт цагдаад өгсөн юм бэ гэж гайхаж байна.” гэв.

Хохирогч Г.У-ийн өмгөөлөгч Д.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.С нь өөрийн авсан зээлийн барьцаанд өөрийнхөө автомашиныг хохирогчийн нэр дээр шилжүүлж барьцаанд тавьсан байдаг. Барьцаанд тавьсан хөрөнгийг зарж, борлуулаад зээлээ төлнө гэж худал хэлж, хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Анх шүүгдэгчийн талаас ямар ч зээл аваагүй гэж шүүх хуралдааны явцад мэтгэлцэж байсан бол одоо зээл авсан, энэ нь иргэний харилцаа гэх зүйлийг хэлж байна. Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ю.Батсүх тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт хохирогч Г.У-ийн “...Миний хувьд Сийн зээлсэн өрнөөс С-ийн над руу шилжүүлсэн 5.319.200 төгрөгийн 3000 ам.доллар шилжүүлэн хасаж, 12.000 ам.долларын үлдэгдэлтэй байсан. С-ийн ээж С бид хоёр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тохиролцож баримт үйлдсэн. Би С-ийн зээлсэн мөнгөнөөс хасаж тооцсон 3.000 ам.доллар нь хавтас хэргийн 17-20 хуудаст авагдсан Б.С-ийн гаргаж өгсөн баримтыг үндэслэж тооцсон. Задалж үзвэл 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 3.985.200 төгрөг Б.С болон С-ийн данснаас надад шилжиж орж ирсэн. Би өөрийн ... тоот Хаан банкны дансны хуулгыг авч үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сараагаас гэсэн 1.334.000 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд энэ мөнгийг нийлүүлж тооцоод 5.319.200 төгрөгийг С-ийн машин авахдаа авсан мөнгөнөөс 3.000 ам.долларт бодож хасаж, 12.000 ам.долларын үлдэгдэлтэй гэж тооцсон. ...Б.С-ийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн төлсөн мөнгө болон бараа материал нь ээж С-ийн зээлсэн 65.000 ам.доллараас хасагдаж тооцож байгаа мөнгө болно. Одоо Монгол мөнгөөр бүх тооцоог гаргаж байгаа тул С-ийн зээлсэн 20.100.000 төгрөгөөс буцаан төлсөн 5.319.200 төгрөгийг хасаж 14.780.800 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр өмнө өгсөн мэдүүлгүүдээ тодруулж өгсөн байх бөгөөд Б.С-ийн ээж Н.С-ийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бичиж өгсөн “Баталгаат баримт №01” гэх бичвэрээр С-ээс хохирогч Г.У, түүний нөхөр П нарын данс руу шилжүүлсэн мөнгө, бараа материалын мөнгийг хасаад үлдэгдэл 65.000 ам.долларын үлдэгдэлтэй болсон талаар нотолсон баримт юм.

Мөн Б.С-ийн бичиж өгсөн “Б овогтой С миний бие Г.У эгчээс 12.000 доллар зээлсэн болно. Мөн би ээж С-ийн 65.000 долларын өрийг хамтран барагдуулах болно” гэх бичвэрээр дээрх “Баталгаат баримт №01” гэх бичвэрийг баталгаажуулсан байх бөгөөд Б.С-ээс 12.000 доллар зээлсэн болохыг нотолж өгсөн бичгийн баримт бөгөөд хохирогч, түүний нөхрийн данс руу шилжүүлсэн мөнгөний тооцоог нийлсний үндсэн дээр дээрх бичгийг хийж өгсөн гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.У-ийн хэлснээр дээрх бичгийг хийж өгсөн гэдэг боловч ямар ч үндэслэлгүй тайлбар, мэдүүлэг бөгөөд их хэмжээний валютыг зээлж авсан талаар дээд боловсролтой, эрх зүйн бүрэн чадамжтай, мөн банкны салбарт буюу тухайн үед Голомт банкинд эдийн засагчаар ажиллаж байсан хүн гэхэд үнэнд үл нийцэх мэдүүлэг юм. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, гэм буруугийн шүүх хурлаас өмнө шүүгдэгч Б.С нь учруулсан хохирлыг арилгахаар шүүхийн тусгай дансанд 10.000.000 төгрөгийг байршуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад учруулсан хохирлын үлдэгдэл 4.780.800 төгрөгийг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С-ийн залилах гэмт хэрэг нь тогтоогдсон ба анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 Хохирогч Г.У-ийн: “...2015 оны 7 дугаар сар хүртэл миний нэр дээр байж байгаад 12.000 доллар надаас зээлж авсан, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С өөрөө надад гараараа “12.000 доллар зээлж авсан нь үнэн, энэ машиныг зараад мөнгийг чинь өгье” гэж бичиг хийж өгсөн. Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сард мөнгөө нэхэж уулзсан. Тэрнээс хойш таг чиг, утсаа ч авдаггүй. ...Тухайн үедээ сарын 4 хувийн хүүтэй гэж амаар тохирсон, гэрээ хийгээгүй. Харин худалдаж авч байгаа машинаа зээлээ эргэн төлж дуусах хүртлээ миний нэр дээр авахаар тохирсон байсан. ...Сийн мэдүүлснээр хүүгийн хүү бодож тооцсон зүйл байхгүй. Өөрийнх нь надаас зээлсэн 12.000 ам.доллар юм. Ээжийнх нь зээлсэн мөнгөний асуудал, Сийн зээлсэн 12.000 ам.доллараас тусдаа асуудал. /1 хх 51, 53, 2 хх 69/,

Шүүгдэгч Б.С-ийн: “...12.000 ам.долларыг зээлж авсан, 65.000 ам.долларыг хамтран төлнө” гэсэн утга бүхий бичиг бол миний өөрийн гараар бичсэн бичиг мөн. ...” /1 хх 69/

“Б овогтой С миний бие Г.У эгчээс 12.000 ам.доллар зээлсэн болно. Мөн би ээж С-ийн 65.000 ам.долларын өрийг хамтран барагдуулах болно” гэх бичгийн баримт /1 хх 16/

... улсын дугаартай “Мицубиши Оутландер” загварын автомашины үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /3 хх 24/

Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн ... улсын дугаартай тээвррийн хэрэгслийн лавлагаа /1 хх 209-221/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 103-107/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлон баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-ийн төрсөн эх Н.С нь хохирогч Г.У-ээс урьд нь олон удаа мөнгө зээлж авч байсан бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин мөнгө зээлэхдээ барьцаа болгож шүүгдэгч Б.С-ийн бусдаас худалдан авсан “Мицубиши Аутландер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.С-ийн зөвшөөрснөөр Г.У-ийн нэр дээр Автотээврийн Үндэсний төвд бүртгүүлэн шилжүүлж, үүнээс хойш зээл, зээлийн хүүнд тодорхой хэмжээний мөнгийг төлсөөр байжээ.

Шүүгдэгч Б.С нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Таны нэр дээр байгаа автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг өгье” гэж хуурч хохирогч Г.У-ийг төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан бусдад шилжүүлснээр хохирогч Б.У-ийг барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болгон барьцааны эд хөрөнгө болох автомашиныг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Залилах гэмт хэргийн субъектив шинж нь бусдын эд хөрөнгийг амар хялбаар аргаар өөрийн болгох гэсэн шунахай сэдэлтээр, хохирол, хор уршгийг хүсэж буй болгох нь нэг талаас гэмт этгээдийн үйл ажиллагааны зорилго болсон, нөгөө талаас энэхүү зорилгыг хэрэгжүүлэх нь түүний хувьд зайлшгүй байдаг.

Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай.

Шүүгдэгч Б.С нь “У надад танай ээжийн үндсэн зээл нь 65.000 доллар, зээлийн хүү нь 12.000.000 доллар, тиймээс чи хүүг нь төл гэж надад хэлсэн, намайг гүтгэж байна” гэх зэргээр мэдүүлж, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нь “...гэрээний эрх зүйн маргаан үүссэн, залилах гэмт хэргийн шинжгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байгаа боловч хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч Г.У-ийн мэдүүлгүүд, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.С-ийн хохирогч Г.У-т бичгээр өгсөн баримт, банкны депозит дансны хуулгууд, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг өөр байдлаар тайлбарлаж, дүгнэх хууль зүйн боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хүний язгуур зарчмын дагуу хэргийн байдлын нотлох үүргийг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх баримтуудаар Б.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон, тогтоогдож байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоосон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгээгүй байна.

Итгэлийг урвуулан ашиглана гэж нэг талаас хохирогч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөхдөө урьдын харилцааны үр дүнд бий болсон нөхцөл байдлыг үнэлэн, түүнд итгэсний үндсэн дээр өгсөн байдаг бол нөгөө талаас, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон, өөрт нь итгэсэн байдлыг ашиглаж, хохирогчийг өөрт нь эд хөрөнгөө шилжүүлэн өгнө гэсэн болзолт санаагаар хандсан байдаг.

Б.С нь Г.У-т “зарж борлуулаад зээлсэн мөнгөнийхөө үлдэгдэл мөнгийг өгье” гэж түүний өмчлөлд байсан “автомашин”-ыг залилан авсан байх ба автомашины үнэлгээгээр тус гэмт хэргийн хохирлыг тооцож, шинжээчийн дүгнэлтээр автомашиныг 12.000.000 төгрөг гэж үнэлсэн байх тул гэмт хэргийн хохирлыг зээлсэн мөнгөний үлдэгдэл 14.780.800 төгрөг бус 12.000.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 12.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрийн сангийн дансанд 10.000.000 төгрөгийг байршуулсан тул үлдэх 2.000.000 төгрөгийг энэхүү магадлалаар гаргуулан хохирогч Г.У-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

Прокуророос Б.С нь хохирогч Г.У-ийн эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан авсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэж тогтоосон байна.

Анхан шатны шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай зарчмын дагуу Б.С-ийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах байхад 2002 оны Эрүүгийн хууль, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн аль нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Эрүүгийн эрх зүйн хэрэглээ нь хууль ёсны зарчмаас ангид байх ямар ч боломжгүй бөгөөд гэмт хэрэг, ялын холбогдол бүхий ямар ч асуудлыг шийдвэрлэхэд юуны өмнө хуулийн заалт, хэм хэмжээнд үндэслэх, түүнийг гуйвалтгүй сахих, хуульд хатуу чанд захирагдах шаардлагыг хангаснаар хэрэгжих учиртай.

Түүний гэм буруутай үйлдэл цаг хугацааны хувьд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдэж, гэмт үйлдэл, эс үйлдэл төгссөн байх тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчлөн Б.С бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийн улмаас 12.000.000 төгрөгийн хохирол учирсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үлэмж хэмжээний хохиролд хамаарах тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан” гэмт хэргээр зүйлчлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Тус гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт тооцогдох бөгөөд энэ ангиллын гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан шүүгдэгч Б.С-ийг гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн давж заалдах журмаар гаргасан “...гэмт хэргийн шинжгүй, гэрээний маргаан үүссэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.С-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1745 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгож:

“Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.С-т холбогдуулан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар Б.С-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...4.780.800 төрөгийг...” гэсэн хэсгийг “...2.000.000 төгрөгийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Шүүгдэгч Б.С-т магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                           Ц. ОЧ