2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,                

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч О.Х,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г**** овогт Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001793 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын ***-ны өдөр У**** хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, одоо А.Ө.С.Ү төвд Д эмч ажилтай, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт С*** дүүргийн ** дугааp хороо, Б*** **** **-** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г*** ургийн овогт Н.Б (РД:УП********).

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө С***** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Т" нэртэй нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Х-тай "караокены микрофон" булаацалдан маргалдаж улмаар хохирогч О.Х-гийн толгой хэсэгт гартаа барьж байсан гар утсаар цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Х мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг 01 сарын 02-ны өдөр болсон. Бид 2 микрофон булаацалдаад маргалдсан. Шүүх хуралдаан болохоос өмнө бид хоёр хоорондоо тохиролцсон. Хохирол төлбөрийг 01 сарын 25-ны өдөр барагдуулна гэсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

мөрдөн байцаалтад хохирогч О.Х-гийн өгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2-ны өдөрт шилжих шөнө С***-н *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Т нэртэй нийтийн караокед дуулж байсан танихгүй нэг эмэгтэй миний дуулж байсан микрофоныг булаацалдаад дуулаад байхаар нь миний дүү би өөрөө дуулъя миний микрофоныг тавьчих гэсэн өгөхгүй байхаар нь би булааж аваад цааш нь тавиад дуу дууссан чинь над руу ирээд гартаа байсан зүйлээрээ миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний духнаас цус гараад байхаар цагдаад дуудлага өгсөн...Гартаа барьж байсан шилээр миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон...Тухайн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мед трамма эмнэлэгт компьютер томографт үзүүлэхэд 150,000 төгрөг болсон нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14589 тоот: “...1.Н.Б-н биед хүзүү, цээж, хоёр бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14553 тоот: “...1. О.Х-гийн биед духанд шарх, дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-56 дугаар хуудас/, 

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө С***** дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Т" нэртэй нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Х-тай "караокены микрофон" булаацалдан маргалдаж улмаар хохирогч О.Х-гийн толгой хэсэгт гартаа барьж байсан гар утсаар цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө С****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Т" нэртэй нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Х-тай "караокены микрофон" булаацалдан маргалдаж улмаар хохирогч О.Х-гийн толгой хэсэгт гартаа барьж байсан гар утсаар цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч О.Х-гийн өгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2-ны өдөрт шилжих шөнө С**** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Т нэртэй нийтийн караокед дуулж байсан танихгүй нэг эмэгтэй миний дуулж байсан микрофоныг булаацалдаад дуулаад байхаар нь миний дүү би өөрөө дуулъя миний микрофоныг тавьчих гэсэн өгөхгүй байхаар нь би булааж аваад цааш нь тавиад дуу дууссан чинь над руу ирээд гартаа байсан зүйлээрээ миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон...барьж байсан шилээр миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед бид хоёр л байсан. Шар өнгийн үстэй, шар куртиктэй туранхай эмэгтэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна хохирлоо барагдуулмаар байна. Тухайн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мед трамма эмнэлэгт компьютер томографт үзүүлэхэд 100,000 төгрөг болсон нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14553 тоот: “...1. О.Х-гийн биед духанд шарх, дух, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-56 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч О.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч О.Х баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгч Н.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч О.Х нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д  550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г***** овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч О.Х нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-ээс Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ