| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/87 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000996 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт П-ийн Б, Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод амьдардаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:
Завхан аймгийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,
Завхан аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Завхан аймгийн Сум дундын 2-р шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод иргэн Д.Б-аас хохирогч Л.Л-ийн эзэмшлийн Самсунг нөте 20 ультра маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
- “гэрээс гар утсаа алдсан” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хохирогч Л.Л-ийн “...Би Б гэх хүнтэй 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. ...2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгаас ирлээ гээд 16 цагийн орчимд гэртээ ирсэн. ...Б би гар утсаа алдчихсан, надад утас хэрэгтэй байна гэхээр нь найзынхаа ашигладаггүй Нокиа загварын гар утсыг нь гуйж аваад өөрийнхөө симийг хийж шалгахад зүгээр байхаар нь би симээ салгаад тухайн утсыг Б-д өгөөд бид нар 23 цагийн орчимд унтсан. Б унтахдаа үүрээр 05 цагийн үед Амгалан явна, тэнд ачааны машин тавьчихсан байгаа, хамт явж байгаа хүн орон нутгийнх болохоор хотод очих газар байхгүй, машинд унтаж байгаа гэж хэлээд унтсан. Өглөө 08 цагийн үед сэрэхэд Б гэрт байхгүй, миний симийг нөгөө нокианд хийчхээд миний гар утсыг аваад явсан байсан. ...Маргааш нь буюу 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед намайг эмнэлэг дээр байхад бие нь яаж байна гээд залгасан бөгөөд тэр үед Б-ын хэл ам нь ээдэрчихсэн согтуу байдалтай байсан. ...Үүрээр 05 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь Б архи үнэртүүлчихсэн, 1 шил архи, ундаатай барьчихсан орж ирээд гар утсыг чинь алдчихлаа, хамт архи ууж байсан хүний гар утас нь бас алга болчихсон байна, тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр байж байгаад ирлээ гэсэн. Би аль хэлтэс дээр очсон юм гэж асуугаад цагдаагийн хэлтсийнх нь дугаарыг аваад залгаж асуутал манайд 2 гар утас алдсан гээд гомдол гаргасан, ирж байж байгаад нэг их удалгүй яваад өгсөн байсан гэж хэлхээр нь би гар утсаа алдсан нь үнэн юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад ирсэн. Миний утас Samsung Note 20 Ultra маркийн гар утас байсан. Тухайн гар утсыг манай бэр охин 2024 оны 02 сард 1,450,000 воноор Солонгос улсад байхдаа худалдан аваад надад 04 сарын 18-ны өдөр каргогоор явуулж байсан. Би гар утсаа авсан үнээрээ үнэлнэ. Ажиллагаа хэвийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байгаа. Миний гар утас хар өнгөтэй, хар хөх өнгийн кейстэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураасгүй, хоёр талаасаа харагддаггүй хулдаасан наалттай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч Д.Б-ын “... Би 2015 оноос хойш Л гэх хүнтэй хамтран амьдарч байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирээд 1 хоноод өглөө нь эхнэртээ Өмнөговь явлаа гэж худлаа хэлээд эхнэрийн гар утсанд өөрийнхөө симийг хийгээд гэрээсээ гарч явсан. Тэгээд тэр өдрөө түрээсэлж байгаа байрандаа очиж хоночхоод маргааш нь ажилдаа явсан. Орой нь дахин түрээсийн байрандаа найз Б болон түүний найз охинтой нь 2 шил архи уучхаад унтсан. Тэгээд өчигдөр өглөө Б ах буюу манай нутгийн Б гэх ахындаа ирээд бид хоёр 2 шил архи ууж байгаад би тасарчихсан байж байгаад 16 цагийн орчимд сэртэл эхнэрийн гар утас алга болчихсон байсан. Би Б ахаас миний гар утас яасан бэ гэтэл харин мэдэхгүй ээ, миний ч гэсэн гар утас байхгүй байна, цагдаа дууд гэхээр нь урд айлын хүний гар утсыг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дээр иртэл согтуу байна гээд мэдүүлэг авахгүй байхаар нь би эргэж Б ахыг гэрт нь хүргэж өгчхөөд түрээсийн байрныхаа гадаа байж байгаад үүрийн 04 цагийн үед гэртээ харихаар явсан. Тэгээд гэртээ ороод эхнэрт гар утсыг чинь алдчихлаа, Б ахын гэрт нь ууж байгаад тасарчихсан юм. Тэгээд нэг сэрээд харахад миний гар утас алга болсон байсан, бас Б ахын утас нь алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр намайг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Тухайн үед Б ахын гэрт Б ах бид хоёр л архи уусан. Өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- DD21036 дугаартай барьцааны гэрээ (хавтаст хэргийн 26 дахь тал),
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “…Самсунг нөте 20 ультра маркийн гар утас-хуучин хэрэглэж байсан – 1 ширхэг – нийт үнэлгээ 750,000 төгрөг…” гэх (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- Шүүгдэгч П.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа байж байсан. Тэгтэл манай хамаатны дүү Б гаднаас орж ирсэн ба бид хоёр 2 шил архи хувааж уусан. Би согтоод өөрийнхөө гар утсыг шидээд эвдэлчихсэн. ...Тэгээд би Б-ын барьж байсан гар утсыг мэдэгдэхгүйгээр өөртөө авсан. Уг гар утас нь Самсунг загварын гар утас байсан ба өглөө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б бид хоёр сэрсний дараа Б гар утсаа хайгаад байсан. Тэгэхээр нь би Б-д хандаж “миний гар утас бас байхгүй байна...” гэж хэлсэн. Би Б-ыг цагдаагийн хэлтэс рүү явсны дараа ломбард орж уг гар утсыг нь 300,000 төгрөгөөр ломбарданд тавьж өөртөө Самсунг гар утас авсан. Үлдсэн мөнгөөр нь би дэлгүүрээс архи хүнсний зүйл авч зарцуулсан. Б нь манай хамаатны дүү бөгөөд хааяа манайд ирдэг юм. Бын гар утсыг би өөрийнхөө гар утсыг шинэчлэх гэж сольсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гар утсыг нь ломбарднаас аваад буцаагаад Б-д өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч П.Б-ийн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо *** тоотод Д.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнээс хохирогч Л.Л-ийн эзэмшлийн Samsung Note 20 Ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан олгосон байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 22-23 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), Завхан аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 37-40 дэх тал), Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 41-46 дахь тал), Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), Завхан аймгийн сум дундын 2-р шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 52-54), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024.07.09-ний өдрийн 10-01/1728 тоот албан бичиг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч П.Б гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хулгайлсан гар утсаа биет байдлаар буцаан олгосон байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч П.Б нь урьд 5 удаагийн ял шийтгэл хүлээж байсан ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, уг торгох ялыг бүрэн төлж барагдуулсан болох нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23/712 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт П-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б-д сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР