| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/313 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч У.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г**** овогт У.З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** сарын **-ны өдөр У**** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, бичиг хэргийн худалдагч ажилтай, ам бүл **, нөхөр хүүхдүүдийн хамт С**** дүүргийн ** дугаар хороо, голын * дүгээр гудамж *- * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г***** овогт У.З /РД:ШУ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч У.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө С****н дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах В караокены гадна хохирогч Н.О-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, шанаа орчим хазах зэргээр биед нь халдаж зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын хянга хамарсан цус хуралт, зүүн дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.З мэдүүлэхдээ: “...Би найз нартайгаа хамт караоке орсон юм. Тэгээд караокеноос гараад нэг найзтайгаа такси бариад явна явахгүй гэдгээ шийдэж байх үед хохирогч найз бид хоёрын дундуур орж ирсэн. Би тэр үед хохирогчийг цохисон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-ын өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 03-ний тухайн орой 22 цагийн орчим өөрийн найз Цэцгээгийн хамт С**** дүүргийн * дугаар хороо НГЭ дээр байх хаан банкны АТМ орсон юм тэгээд би өөрийн найз Ц-с 150000 төгрөг шилжүүлэн авсан юм гэтэл манай найз Ц, Н нар ганц цаг караокед сууя гэхээр караокед орсон юм тэгээд бид нар нэг цаг дуулж байгаад гарсан юм гараад өөрийн дүүг ирж авахыг нь хүлээж байсан чинь караоке дотроос эрэгтэй эмэгтэй хоёр хүн маргалдаад гарч ирээд явсан мөн араас нь мөн эмэгтэй эрэгтэй хоёр хүн гарч ирээд маргалдаад байхаар нь би тухайн хүмүүсийг та нар болиоч гэж хэлсэн юм гэтэл тухайн хоёр маргалдахаа болиод эрэгтэй нь гараад явсан эмэгтэй нь надтай хамт юм яриад байсан гэтэл шатаар гадаа гараад шууд миний үснээс зулгааж доош дарсан гэтэл манай хоёр найз байхгүй байсан тухайн эмэгтэй миний нүүрэн тус газар гараараа олон удаа цохисон мөн хаалга мөргүүлээд байсан тэгээд би хашиграад цагдаа дуудаад өгөөч гээд хашхирсан чинь тухайн эмэгтэй тэр цагдаа чинь ирээд яана гэж гээд миний зүүн шанаа хэсгээс гурван удаа хазсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.Тухайн үед миний нүүр хавдаж хөхөрсөн байна мөн миний зүүн шанаанаас
хазсан хөхөрсөн байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухайн үед би Сэнгүр нэртэй нэг шил пиво уусан байсан. Тухайн үед манай найз Ц, Н нар байсан мөн тухайн хүмүүс 4 хүн явж байсан. Би гомдолтой байна гэм хорын хохирол нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:
“...2024 оны 12 сарын 03-ний орой 20 цагийн орчим манай найз З, Б нар манай ажил дээр ирсэн юм тэгээд бид гурав уулзаад байж байтал манай нөхөр Г ажлаа тараад гэртээ ирсэн тэгээд манай найз З, Б манай нөхөр Г нар нэг шил Агар нэртэй 0,75 граммын архи хувааж уусан юм тэндээсээ гараад Би 4 Нарангийн голын эцэст байх В нэртэй караоке ороод нэг цаг дуулсан 23 цагийн орчим цагаа дуусгаад гараад явах санаатай манай нөхөр бид хоёр гарч машинаа асаачхаад манай нөхөр Г буцаж караоке руу орсон би араас нь ороод тооцоо хийх гэж байсан манай хажуу өрөөнд байсан хүмүүс мөн гарах гэж байсан гэтэл манай нөхөр Г тухайн хүмүүстэй хамт явж байсан залуутай маргалдаад байсан тэгээд тухайн залуутай хамт явж байсан 2 эмэгтэйн нэг нь манай найз Б-той гадаа юм яриад зогсож байсан нөгөө эмэгтэй нь караокены үүдэнд манай найз Зтай юм яриад зогсож байгаад манай найз З гарч ирээд миний машинд суусан араас нь хажуу өрөөнд байсан залуу нэг эмэгтэй манай нөхөр Г 3 араас нь гарч ирсэн гэтэл манай найз З миний машинаас бууж очиход тухайн үл таних залууг түлхээд унгаачихсан тэгээд хамт явж байсан 2 эмэгтэй уурлаад тэр хэд хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь би машинаас буугаад очсон чинь манай найз З тухайн үл таних эмэгтэй үснээсээ зулгаасан байдалтай байсан тэгээд салгах гэтэл салахгүй мөн манай нөхөр тухайн үл таних залуутай маргалдаад зодолдох гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн хүнийг огт танихгүй урьд өмнө харж байгаагүй. Тухайн үед манай найз З үл таних эмэгтэйтэй маргалдаад байсан би яг ямар шалтгааны улмаас маргаан болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай найз З тухайн үл таних эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад доош дарчихсан байсан би яг хэн хаана хэдэн удаа цохиж байгааг хараагүй. Би тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан манай найз Б З, нөхөр Г нар хамт уусан юм. Тухайн үед манай нөхөр Г Б мөн тухайн үл таних эрэгтэй эмэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 440 тоот: “...1. Н.О-ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын хянга хамарсан цус хуралт, Зүүн дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч У.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах В караокены гадна хохирогч Н.О-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, шанаа орчим хазах зэргээр биед нь халдаж зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын хянга хамарсан цус хуралт, зүүн дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч У.З-ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч У.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах В караокены гадна хохирогч Н.О-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, шанаа орчим хазах зэргээр биед нь халдаж зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын хянга хамарсан цус хуралт, зүүн дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-ын өгсөн:
“...гадаа гараад өөрийн дүүг ирж авахыг нь хүлээж байсан чинь караоке дотроос эрэгтэй эмэгтэй хоёр хүн маргалдаад гарч ирээд явсан мөн араас нь мөн эмэгтэй эрэгтэй хоёр хүн гарч ирээд маргалдаад байхаар нь би тухайн хүмүүсийг та нар болиоч гэж хэлсэн юм гэтэл тухайн хоёр маргалдахаа болиод эрэгтэй нь гараад явсан эмэгтэй нь надтай хамт юм яриад байсан гэтэл шатаар гадаа гараад шууд миний үснээс зулгааж доош дарсан гэтэл манай хоёр найз байхгүй байсан тухайн эмэгтэй миний нүүрэн тус газар гараараа олон удаа цохисон мөн хаалга мөргүүлээд байсан тэгээд би хашиграад цагдаа дуудаад өгөөч гээд хашхирсан чинь тухайн эмэгтэй тэр цагдаа чинь ирээд яана гэж гээд миний зүүн шанаа хэсгээс гурван удаа хазсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:
“...тэгээд тухайн залуутай хамт явж байсан 2 эмэгтэйн нэг нь манай найз Б-той гадаа юм яриад зогсож байсан нөгөө эмэгтэй нь караокены үүдэнд манай найз Зтай юм яриад зогсож байгаад манай найз З гарч ирээд миний машинд суусан араас нь хажуу өрөөнд байсан залуу нэг эмэгтэй манай нөхөр Г 3 араас нь гарч ирсэн гэтэл манай найз З миний машинаас бууж очиход тухайн үл таних залууг түлхээд унгаачихсан тэгээд хамт явж байсан 2 эмэгтэй уурлаад тэр хэд хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь би машинаас буугаад очсон чинь манай найз З тухайн үл таних эмэгтэй үснээсээ зулгаасан байдалтай байсан тэгээд салгах гэтэл салахгүй мөн манай нөхөр тухайн үл таних залуутай маргалдаад зодолдох гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...Тухайн үед манай найз З тухайн үл таних эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад доош дарчихсан байсан би яг хэн хаана хэдэн удаа цохиж байгааг хараагүй. Би тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан манай найз Б З, нөхөр Г нар хамт уусан юм. Тухайн үед манай нөхөр Г Б мөн тухайн үл таних эрэгтэй эмэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 440 тоот: “...1. Н.О-ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын хянга хамарсан цус хуралт, Зүүн дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.З нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй бөгөөд мөн “...хохирол төлбөрт 1,500,000 төгрөг авсан гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 112 дугаар хуудас/-д авагдсан байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч У.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай хэсэгчлэх төлүүлэх...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.З-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэгт хавсарган хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г**** овогт У.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.З-д оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ