2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

 

 

 

 

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч М.Амарзаяа,       

шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л.С холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405029121677 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, **** онд ***дугаар сарын ****-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, яс үндэс Х, эрэгтэй, **** настай, дээд боловсролтой, волейболын дасгалжуулагч, ам бүл  ****, эмээ, өвөө, эгч, дүүгийн хамт Б дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, З аймгийн Т сумын *** дугаар баг Цоргод байнга оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 15 хоногийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдсэн, Б овогт Л.С /РД:**********/.

 

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Л.С нь *** оны *** дүгээр сард Л.С.Т гэх фейсбүүк хаягаар "волейболын сургалт явуулна" гэсэн зар байршуулан, С дүүргийн *** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "М" спорт зааланд волейболын сургалт явуулна гэж цахим хэрэгсэл ашиглан Э.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, *** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Б дүүргийн *** дугаар хороо, П зочид буудал дахь ажлын байрнаасаа шилжүүлсэң ***** төгрөгийг өөрийн Хаан банкны *********** дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зарласан сургалтаа явуулах гэж байсан. Хүний тоо цөөн байсан тул больсон. Би Сэлэнгэд төлбөрийг нь буцааж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед надад мөнгийг нь буцааж өгөх боломжгүй байсан. Намайг цагдаагийн газраас дуудсан. Би хохирол төлбөрийг нь барагдуулсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.С өгсөн: "...*** оны **** дүгээр сарын **-ны өдөр өөрийн дүү болох Т.А волейболын бэлтгэлд хамруулах гэж фейсбүүк дээр Т гэх нэртэй фейсбүүк хаягтай холбогдож Б дүүргийн ** дугаар хороонд байрлах ажил дээрээ байхдаа төлбөр болох ****** төгрөгийг Хаан банкны ******* тоотын Л.С гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнтэй утсаар холбогдож сургалтын талаар дугаар луу залгаж ярилцаж тохиролцоод мессежээр дансны дугаар...Б дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа **** төгрөг ********* тоот данс руу шилжүүлсэн. Би Төрийн банкны интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад ********* төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.С дахин өгсөн: “...төлбөр нь ******* төгрөг болно мессежээр би дансаа явуулъя та миний явуулсан данс руу мөнгөө шилжүүлээрэй" гэж хэлсний дагуу би ********** тоот Л.С гэх нэртэй данс руу өөрийн эзэмшлийн ************* гэсэн данснаас "**********" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн. Шилжүүлэг хийгээд хагас, бүтэнсайн өдөр бэлтгэл эхэлнэ гэж хэлсэн бөгөөд хагассайн өдөр болоод бэлтгэл нь явагдаж байгаа эсэх талаар асуухад "Бүртгэл хараахан дуусаагүй байна, ирэх долоон хоногийн хагассайн, бүтэнсайн өдөр бүртгэл дуусаад сургалт явагдана" гэж хэлсэн. Ирэх долоон хоногийн хагассайн өдөр болоод ********** дугаарын гар утас руу залгахад тухайн гар утас нь холбогдохгүй байсан. Тухайн өдрөөс хойш би огт холбоо барьж чадаагүй. Сүүлд **** оны ** дугаар сарын **-ны өдөр манай дүү болох А нь гадуур явж байгаад С гэх надаас мөнгө авсан хүүхэдтэй тааралдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Т.А өгсөн:

“...Би **** оны намар гэр болох С дүүргийн ** дүгээр хороо Малчны **** тоотод байж байхад манай эгч С фейсбүүкээр Л.С. Тимон гэх фейсбүүк хаягтай "Гар бөмбөгийн сургалтанд хүүхэд бүртгэж авна" гэх зарын дагуу чатлаад манай гэртээ ойрхон Б тойрогт байх марио гэх зааланд гэхээр нь намайг бүртгүүлээд ******* төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа ** долоо хоног таг алга болоод асуухаар манайх цөөхөн 2-3 хүн бүртгүүлсэн байна. Хүн нэмж бүртгүүлэхээр орж эхэлнэ гээд хүлээлгээд байсан. Тэсэлгүй тухайн Баянхошууны тойрогт байрлах марио зааланд очиж заал хариуцсан хүнтэй уулзахад огт тийм хүн танихгүй нэг хүн ирээд заал түрээсэлнэ гэж байгаад ахиж ирээгүй. Гэх үед залилуулсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн:

“...Би *** онд С дүүргийн **-р хороо ** тоотод байрлах “М” спорт заалыг анх нээж байсан. Одоог хүртэл тухайн спорт заалыг хүмүүст түрээслүүлдэг. Манайх *** оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ямар ч волейболын сургалт явуулаагүй. Тийм сургалтад заалаа түрээслээгүй, заал түрээслэх гэрээг огт хийгээгүй. Манайх заалаа цагаар л хүмүүст түрээсэлдэг. **** онд *** орчим насны эмэгтэй хүн манай спорт зааланд ирээд энд волейболын сургалт явагдаж байна уу би дүүгээ бүртгүүлсэн юм. С гэдэг хүн рүү мөнгөө шилжүүлсэн гэж хэлж байсан. Би тухайн үед манайд С гэдэг нэртэй хүн манай спорт зааланд сургалт зохион байгуулагдах талаар хэлж өгөөд явуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,

 

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,   

-Төрийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.С нь **** оны ** дүгээр сард Л.С.Тимон гэх фейсбүүк хаягаар "волейболын сургалт явуулна" гэсэн зар байршуулан, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "М" спорт зааланд волейболын сургалт явуулна гэж цахим хэрэгсэл ашиглан Э.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр Б дүүргийн ** дугаар хороо, П зочид буудал дахь ажлын байрнаасаа шилжүүлсэнң ******* төгрөгийг өөрийн Хаан банкны *********** дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Л.С нь **** оны ** дүгээр сард Л.С.Тимон гэх фейсбүүк хаягаар "волейболын сургалт явуулна" гэсэн зар байршуулан, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Марио" спорт зааланд волейболын сургалт явуулна гэж цахим хэрэгсэл ашиглан Э.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б дүүргийн * дугаар хороо, П зочид буудал дахь ажлын байрнаасаа шилжүүлсэн ******* төгрөгийг өөрийн Хаан банкны ********** дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.С өгсөн: ".**** оны * дүгээр сарын **-ны өдөр өөрийн дүү болох Т.А волейболын бэлтгэлд хамруулах гэж фейсбүүк дээр Тимон гэх нэртэй фейсбүүк хаягтай холбогдож Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах ажил дээрээ байхдаа төлбөр болох ****** төгрөгийг Хаан банкны ********* тоотын Л.С гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнтэй утсаар холбогдож сургалтын талаар ********* дугаар луу залгаж ярилцаж тохиролцоод мессежээр дансны дугаар явуул би төлбөр болох ******** төгрөгийг шилжүүлсэн. Манай дүү болох нь А нь холбогдож мөнгө асуухад хүүхдүүдээс мөнгө орохоор шилжүүлье гэж хэлээд утсаа таслаад холбогдох боломжгүй болоод алга болсон. Харин өнөөдөр буюу 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр манай Амартайван нь тухайн хүнтэй тааралдаж цагдаагийн байгууллагад хандсан. Би Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа ****** төгрөг ********* тоот данс руу шилжүүлсэн. Би Төрийн банкны интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад ********* төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.С дахин өгсөн: “...**** оны ** дүгээр сарын **-ны өдөр би фейсбүүк цахим хаяг руyгaa орж байтал Тимон гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа "волейболын сургалтанд насны ангиллаар элсэлт авна. ******" гэсэн зар оруулсан байсны дагуу би өөрийн нагац дүү болох Т.А тус сургалтанд хамруулахаар холбогдсон. Манай дүү волейболын сургалтанд явмаар байна гэж надад хэлж байсан учраас дүүгээ явуулахаар шийдэж тухайн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон. Намайн ******** дугаартай холбогдоход ** гаруй насны гэмээр хоолойтой хүүхэд утсаа аваад "Сургалтанд хүүхэд бүртгүүлэх гэсэн юм" гэж хэлтэл өөдөөс "Эгчээ би жаахан завгүй байна, танай хүүхэд хэдэн настай вэ?" гэж надаас асуухад нь би "манай дүү оноороо бол ** настай, сараараа болохоор ** настай" гэж хэлтэл "заа тэгвэл том хүний сургалтанд нь хамрагдана төлбөр нь ******* төгрөг болно мессежээр би дансаа явуулъя та миний явуулсан данс руу мөнгөө шилжүүлээрэй" гэж хэлсний дагуу би *********** тоот Л.С гэх нэртэй данс руу өөрийн эзэмшлийн ********** гэсэн данснаас "T.A" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн. Шилжүүлэг хийгээд хагас, бүтэнсайн өдөр бэлтгэл эхэлнэ гэж

хэлсэн бөгөөд хагассайн өдөр болоод бэлтгэл нь явагдаж байгаа эсэх талаар асуухад "Бүртгэл хараахан дуусаагүй байна, ирэх долоон хоногийн хагассайн, бүтэнсайн өдөр бүртгэл дуусаад сургалт явагдана" гэж хэлсэн. Ирэх долоон хоногийн хагас сайн өдөр болоод ******** дугаарын гар утас руу залгахад тухайн гар утас нь холбогдохгүй байсан. Тухайн өдрөөс хойш би огт холбоо барьж чадаагүй. Сүүлд **** оны ** дугаар сарын **-ны өдөр манай дүү болох А нь гадуур явж байгаад С гэх надаас мөнгө авсан хүүхэдтэй тааралдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Т.А нь миний төрсөн дүүгийн том хүүхэд нь байгаа юм. Одоо надтай хамт амьдардаг хүүхэд байгаа юм. ******* Би өмнө нь харж байгаагүй. Тимон гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар нь зургийг нь харж байсан. Би волейболын сургалтанд бүртгэж аваад сургалт явуулна гэх С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны тойрог дээр байрлах Номин дэлгүүрийн урд талын шинээр баригдсан том зааланд би очиж үзсэн. Холбогдох ажилтантай нь уулзаж Тимон гэх нэртэй фейсбүүк цахим хуудсандаа оруулсан байсан зургийг нь үзүүлтэл тухайн заалны холбогдох ажилтан нь "Наад хүүхэд чинь манай зааланд болсон волейболын тэмцээнийг шүүх гэж ирсэн залуу байна. Манай газрыг түрээслээд сургалт явуулна гэж надтай огт холбоо бариагүй" өөр хүмүүс бас надаас ирж волейболын сургалт явагдаж байгаа юу? Гэж надаас асуугаад байсан. Тийм сургалт огт явагдаагүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө залилуулсан талаараа мэдсэн. Би анх ******* дугаараар холбогдсон хэсэг хугацааны дараа тус утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Дахин холбоо барьж чадаагүй. Над шиг олон хүмүүсийг залилсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Т.А өгсөн:

“...Би 2023 оны намар гэр болох С дүүргийн ** дүгээр хороо Малчны **** тоотод байж байхад манай эгч С фейсбүүкээр Л.С. Тимон гэх фейсбүүк хаягтай "Гар бөмбөгийн сургалтанд хүүхэд бүртгэж авна" гэх зарын дагуу чатлаад манай гэртээ ойрхон Баянхошууны тойрогт байх марио гэх зааланд гэхээр нь намайг бүртгүүлээд ****** төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа 2 долоо хоног таг алга болоод асуухаар манайх цөөхөн 2-3 хүн бүртгүүлсэн байна. Хүн нэмж бүртгүүлэхээр орж эхэлнэ гээд хүлээлгээд байсан. Тэсэлгүй тухайн Баянхошууны тойрогт байрлах марио зааланд очиж заал хариуцсан хүнтэй уулзахад огт тийм хүн танихгүй нэг хүн ирээд заал түрээсэлнэ гэж байгаад ахиж ирээгүй. Гэх үед залилуулсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн:

“...Би **** онд С дүүргийн **-р хороо ** тоотод байрлах “M” спорт заалыг анх нээж байсан. Одоог хүртэл тухайн спорт заалыг хүмүүст түрээслүүлдэг. Манайх **** оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ямар ч волейболын сургалт явуулаагүй. Тийм сургалтад заалаа түрээслээгүй, заал түрээслэх гэрээг огт хийгээгүй. Манайх заалаа цагаар л хүмүүст түрээсэлдэг. **** онд ** орчим насны эмэгтэй хүн манай спорт зааланд ирээд энд волейболын сургалт явагдаж байна уу би дүүгээ бүртгүүлсэн юм. С гэдэг хүн рүү мөнгөө шилжүүлсэн гэж хэлж байсан. Би тухайн үед манайд С гэдэг нэртэй хүн манай спорт зааланд сургалт зохион байгуулагдах талаар хэлж өгөөд явуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.С нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилготойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан объектив шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Б дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.С нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.С ******* төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/-д авагдсан байна.

Хохирогч Э.С “...гар бөмбөгийн сургалтын төлбөр ****** төгрөгийг буцаан авсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/-д авагдсан байх тул шүүгдэгч Л.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэлдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгийг гаргуулж олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргалаа.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Л.С эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.С цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,   үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ