Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/00999

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр            Дугаар 182/ШШ2017/00999        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.И-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,

 

“Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.И нь Т ХХК-д 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ерөнхий нягтлан бодогч, ахлах теллерээр, 2014 оны 02 дугаар сараас харилцааны менежерээр, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Санхүүгийн газрын Статистик, мэдээллийн хэлтсийн тайлан мэдээний ажилтнаар ажиллаж байсан. Системийн тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж, холбогдох байгууллага, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл хүргүүлэх ажилд өөрийн мэдлэг чадварыг ашиглан ажиллаж байсан. Энэ гүйцэтгэлийг тухайн үеийн удирдлага өндрөөр үнэлж, баярын бичиг, санхүү банкны тэргүүний мэргэжилтэн, 2016 оны Төрийн банкны алтан соёмбоор шагнагдаж байсан. Х.И нь Т ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Х.И нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж байсан. Хариуцаж байсан ажлаа өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байсан учраас цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Сүүлийн 8 улирлын турш ажлын үр дүнгээ 90 хувиас дээш үнэлүүлж байсан. Т ХХК-ийн удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлэх ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Х.Ид шалгалт авах талаар мэдэгдээгүй. Шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэл хангах боломжоор хангаагүй. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх талаар тогтоох ёстой байтал хийж байгаа ажилд нь огт хамааралгүй зүйл асуусан. Х.Игоос авсан шалгалт нь Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтний хөдөлмөрийн дотоод журам, Т ХХК-тай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүрэгтэй холбогдолгүй, гүйцэтгэж байсан ажил, албан тушаалтай огт хамааралгүй байсан. Энэхүү шалгалтыг Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтний түвшин тогтоох шалгалт байсан гэж үзэхгүй байна. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир шалгалтын материал болон комиссын дүгнэлттэй танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мэргэжил ур чадварын комиссын дүгнэлтийг танилцуулаагүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Игийн ажлыг хүлээж авсан. Ажлыг ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш  ямар нэгэн ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан Т ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд ажиллаж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас халсан байгаа. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын хамрах хүрээ, тодорхой үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажлыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж гүйцэтгэх ажлыг шалгаагүй. Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Игийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж тогтоосонд гомдолтой байна. Зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Санхүүгийн газрын Статистикийн хэлтсийн тайлан мэдээллийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцсон. Х.И нь 1.150.000 төгрөгийн үндсэн цалинтай. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 99 ажлын өдөр байгаа. Сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 53.488 төгрөг гэж гарсан. Ажилгүй байсан хугацааны 5.075.312 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Төрийн банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын журмын 1.2-т дараах арга хэмжээнээс бүрдэнэ гэсэн байдаг. Үүнд  харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн үнэлгээнээс Х.И нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад тогтоосон байгаа. 3 шатлалаар авагдсан шалгалт нь хэд хэдэн зөрчил гарсан. Цаашлаад энэ нь дүгнэлтэд нөлөөлөх асуудал гарч байгаа. Газар, хэлтсийн захирлын үнэлгээ тогтооно гэж тайлбарласан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр журам батлагдсан. Хавтаст хэрэгт авагдсан газар, хэлтсийн захирлын үнэлгээ нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тавигдсан байгаа. Журам батлахаас өмнө үнэлгээ өгсөн зөрчил гаргасан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гээд 2 хуудас үнэлгээ байх ёстой байтал хэргийн материалд ганцхан Санхүүгийн газрын захирлын үнэлгээ байгаа. Хэлтсийн захирлын үнэлгээ авагдаагүй байдаг. Үнэлэх  үнэлгээний хуудасны дор тайлбар хэсэгт үнэлгээг тухайн газар хэлтсийн захирал тус бүрдээ өгнө, ерөнхий үнэлгээг нийлбэрээр гаргана, үнэлгээ өгөхдөө хувийн хэрэг, суурь мэдээлэл болгон ашиглана гэж тайлбарласан байдаг. Гэтэл Х.Ид газрын дарга нь үнэлгээ өгөхдөө ямар бичиг баримтыг ашиглаж энэ үнэлгээг өгсөн нь ойлгомжгүй байгаа. Үнэлгээг өгөхдөө ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ачаалал даах чадвар, идэвх санаачилгатай байдал, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар гээд 9 үнэлгээгээр үнэлсэн байгаа. Ур чадварын шаардлага нь 5 шаардлага байгаа. Оролцоо чанарыг үнэлэхдээ ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага нь тодорхойгүй. Хуудас дээр  нийт авах оноог 40 оноог гэж бичсэн байгаа. Нэг ажилтнаас 10 оноо авснаар 40 оноог авах боломжтой болж байгаа. Оноог тавихдаа нэг нь 5 хүртэлх асуулт асуусан. Нөгөө нь 7 хүртэл асуулт асуусан байхаар байна. Хэн, хэзээ үнэлгээ тавьсан нь тодорхойгүй байна. Мэдлэг ур чадварыг сорилго, даалгавар, үзүүлэн сургуулилтын үнэлгээгээр үнэлгээг авна гэж байсан мөртлөө дан ганц сорилгын шалгалт авсан байдаг. 2,3,8, 16, 17,19 гэх асуулт нь ажлын байрны тодорхойлолтыг хамарсан, бусад журам зааврыг хамарсан асуулт байна. Бусад асуулт нь Х.Игийн ажлын байрны тодорхойлолтод ач холбогдолгүй асуулт асуусан байх тул үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна” гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд хариу гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын А352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам баталсан. Тус тушаалын 2 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох шалгалтын комисс байгуулах, комиссын бүрэлдэхүүнийг баталсан. 3 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох ажиллагаанд хамаарах эрдэмтдээс бүрдэх шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэ журмын хүрээнд хийгдсэн ажиллагаа нь Төрийн банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь 3 арга хэмжээнээс бүрдэх байсан.

Нэгдүгээрт харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, хоёрдугаарт мэдлэг ур чадвар, гуравдугаарт оролцоо чанарыг үнэлгээ гэсэн байгаа. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн түвшин тогтоох ажиллагаанд хамрагдаж байгаа ажилтнуудын талаарх үнэлгээг харьяалах газар, хэлтсийн захирал үнэлгээг тавих байгаа. Энэ нь 30 хүртэл хувийн үнэлгээ байгаа. Тухайн үнэлгээг гаргахдаа тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажил таслалт, хоцролт, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд авагдах тушаал, чадвар зэрэг 9 үзүүлэлтээр 1-5 оноогоор үнэлэгдээд 7-40 хувиар үнэлэгдэхээр заасан. 

Мэдлэг ур чадварын арга хэмжээ нь сорилго, ажлын байрны үзүүлэлт, үзүүлэх сургууль гэсэн байгаа. Шинжээчийн багийн бэлтгэж өгсөн даалгавар, бусад ажлын байрны тодорхойлолтыг баталсан бүрэлдэхүүн авахаар, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгайлсан чиг үүрэг, бэлдсэн ажлыг хийж гүйцэтгэхээр байгаа.

3 дахь арга хэмжээ нь оролцоо чанарын үнэлгээ гэж байгаа. Энэ нь урьд бэлтгэгдсэн ажлын хүрээнд харилцан ярилцах даалгавар байсан. Тухайн журамд зааснаар Төрийн банкны ажилтны түвшин тогтоох ажиллагаа нь гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А352 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан түвшин тогтоох комиссын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байхаар заасны дагуу анхдугаар хуралдаан хийсэн. Түвшин тогтоох комиссын хуралдааны дэгийг батлах, оролцоо чанарын болон мэдлэг ур чадварын үнэлгээг гаргах журмыг баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр комисс хуралдаад 02 дугаар шийдвэр гаргасан. Түвшин тогтоох ажиллагааг ямар хүрээнд, хэрхэн яаж авах талаар гаргасан. Тухайн ажилтны ажлын байрны чиг үүргийн хүрээнд авахаар болсон. Энэ нь урьдчилсан сэдэв бэлдэж өгөх биш, байгаа зүйлийг үзэх гэдэг зүйл байсан. Түвшин тогтоох ажиллагааны товыг гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд төв банканд түвшин тогтоох шалгалт явуулахаар болсон. Комиссын 02/02 шийдвэрээр түвшин тогтоох ажиллагааны газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн авах талаар загвар хуудас баталсан. Газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх аргыг заасан. Газар, хэлтсийн захирлын үнэлгээг тавихад холбогдох бичиг баримт буюу ажилтны ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн үнэлгээ, ажилтан тус бүрээр гаргаж, газар хэлтсийн захирлыг мэдээллээр хангаж ажиллахыг комиссын гишүүн бөгөөд Хүний нөөцийн хэлтсийн захиралд даалгасан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд үнэлгээ хийгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн түвшин тогтоох ажиллагаанд ажилтан тус бүрт мэдэгдэж, нэг бүрчлэн гарын үсэг зуруулсан. Үүнд Х.И гарын үсэг зурсан. Мэдээллийг тухайн үед мэдэгдэж ажилласан байгаа. Оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Зарыг хүргээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Үнэлж дүгнэх боломжоор хангаагүй гэж дурдсан байгаа. Урьдчилсан товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийг баталсан. Энэ дотор нэхэмжлэгчийн нэр байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр комиссын дарга нар удирдамж баталсан. Удирдамжийн дагуу тухайн ажиллагаанд хамрагдах ажилтнуудын газар хэлтэс тус бүрээр нь чадварын болон оролцоо чанарыг хэрхэн үнэлэхийг баталсан. Баталсан хавсралтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн харьяалагдах газар, хэлтсийн ажилтнуудаас оролцоо чанар болон мэдлэг ур чадварын шалгалт авах талаар урьдчилан мэдэгдсэн.  Энэ мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкны 9 давхрын танхимд мэдлэг ур чадварын түвшин тогтоох сорилын даалгаврыг гүйцэтгүүлэхээр байсан. Тухайн сорилын даалгавар нь задарсан гэх үндэслэлээр тэр товыг хойшлуулаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс авахаар болж, тэр танхимд байсан хүмүүст мэдэгдсэн. Энэ арга хэмжээнд нэхэмжлэгч өөрөө ирж оролцсон. Шалгалтын хүрээ, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүх газар хэлтсийн захирлуудад албан бичиг явуулсан. Энэ 01 албан бичгээр түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын нэрсийн дагуу ажилтнуудыг хамруулах, тухайн ажилтныг тусгайлсан сэдвийн хүрээнд бэлтгэх зүйл байхгүй. Ажлын чиг үүрэг, хууль тогтоомжийн дагуу шалгалт авахаар байгаа. Тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ мэдэж байгаа талаар түвшинг тогтоож байгаа юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хийж байгаа ажилтай огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан гэдэг. Тухайн чиг үүрэгт хамаарах зүйлээр шалгалт авсан. Сорилго 30 асуулттай байгаа. Энэ 30 асуулт нь Х.Игийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах асуулт болон банкны ажилтны хувьд банкны үйл ажиллагааны талаар мэдвэл зохих асуултаар сорилын даалгаврыг гүйцэтгүүлсэн. Сорилын даалгавар нь 30 асуулттай, 1 асуулт 1 оноо байхаар байсан. Х.И нь нийт 10 асуултыг зөв хариулж, 10 хувиар үнэлэгдсэн.

Оролцоо чанарын үзүүлэлтийг тухайн арга хэмжээний талаар хөндлөнгийн шинжээчийн баг буюу МУИС болон Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүний гаргаж өгсөн асуултын дагуу асуусан. Х.И нь Төрийн банкны Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн санхүү бүртгэл хариуцсан ажилтан байгаа. Тэр хүнээс санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, санхүүгийн тайлангийн төлөвлөлтүүд, татварын тайлангийн тайлбар, татварын талаар гарч буй асуудал зэрэг асуудлаар харилцан ярилцсан байдаг. Энэ шалгалтаар 16 оноогоор дүгнэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн комиссын 07 дугаар шийдвэр гарч түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын дүгнэлт гаргасан. Журамд заасны дагуу Удирдлагын хороонд өгсөн. Удирдлагын хороо нь хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэхээр болж хэлэлцүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны 7401, 7402 дугаар шийдвэр гарч, мэдлэг ур чадварын шалгалтад тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй боловч ажлаас чөлөөлөх, ажлын байрыг хэвээр хадгалах, зэрэг шалтгаантай ажилчдыг шилжүүлэх зэрэг асуудлыг Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Ингээд Хүний нөөцийн газар холбогдох арга хэмжээг авсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэргэжил, ур чадварын шалгалтын үнэлгээтэй танилцах талаар түвшин тогтоох комисст удаа дараа гаргасан боловч уг асуудлыг шийдвэрлээгүй гэсэн байдаг. Түвшин тогтоох ажиллагаатай холбоотойгоор 19 орчим хүн ажлаас халагдсан. Эдгээрээс 14 ажилтан нь түвшин тогтоох дүнг зөвшөөрөхгүй, танилцахаар хандсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд түвшин тогтоох ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаагүй. Журамд заасны дагуу 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргахаар заасан. Гомдлыг 3 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Х.И нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банканд өргөдөл гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүлээн авсан ба банкинд олон жил ажилласныг нь харгалзан үзэж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 3 сарын тэтгэмж олгож өгнө үү гэж хандсан байдаг. Энэ хүсэлтийг нь газрын дарга хүлээж аваад хүний нөөцийн газар уламжилсан байдаг. Хүний нөөцийн газар энэ асуудлыг хүлээн авч 3 сарын тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Өөр ямар нэгэн хүсэлт, гомдол байдаггүй.

Ажлаас халсан тушаал шийдвэргүйгээр ажил хүлээн авсан, ажил хүлээн авснаас хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэсэн байна. Дээр дурдсанаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажлаас халах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан. Мэдэгдэх хуудас дотор банкны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж нэн даруй ажлыг хүлээн авах шаардлагатай нөхцөл байдал бий болсон гэж байдаг. Банкны бүх ажил цаасаар биш, цахим хэлбэрээр явагддаг. Мэдэгдэл авч байсан хүмүүс банканд хохирол учруулсан тохиолдол гаргаж байсан юм байна лээ. Мэдэгдэл өгсөн ажилтнуудын ажлыг тухайн өдөр нь хүлээн авдаг. Энэ нь хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй. Мэдэгдэлд заасан хугацааны цалинг бүтэн олгосон байдаг. Х.Иг ажилласан гэж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Тэтгэмж олгосон талаар маргадаггүй.

Дээрх процедур ажиллагаа хийгдсэний эцэст 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалаар Х.Итой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн. Х.Игийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Х.И нь Т ХХК-д холбогдуулан “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Х.И нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаар тушаалаар Төрийн банк 107 дугаар салбарын ахлах теллерээр, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б252 тоот тушаалаар Төрийн банк “Баруун 4 зам” салбарын харилцааны менежерээр, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн банк “Цэнгэлдэх” тооцооны төвийн харилцааны менежерээр, 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/805 дугаар тушаалаар тус банкны Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Х.Итой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь  зохигчдын тайлбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/805 дугаар тушаал, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн 233 дугаар гэрээ”, ажлын байрны тодорхойлолт, Х.Игийн нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 5-8, 9-11, 12-15, 16, 17 дугаар тал/

 

Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч Х.Иг Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн Тайлан мэдээний мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/1765 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, “Төрийн банкны дүрэм”-ийн 9.2.13, 9.2.20 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Төрийн банкны ажилтны “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” нь тогтоогдсон тул Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн Тайлан мэдээний мэргэжилтэн Х.Итой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй” гэж Х.Итой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1765 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 17 дугар тал/

 

Нэхэмжлэгч Х.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.Ид шалгалт авах талаар мэдэгдээгүй. Шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэл хангах боломжоор хангаагүй.

Х.Игоос авсан шалгалт нь Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтний хөдөлмөрийн дотоод журам, Т ХХК-тай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүрэгтэй холбогдолгүй, гүйцэтгэж байсан ажил, албан тушаалтай огт хамааралгүй байсан.

...шалгалтын материал болон комиссын дүгнэлттэй танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мэргэжил ур чадварын комиссын дүгнэлтийг танилцуулаагүй байгаа.

...ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр ажлыг хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш  ямар нэгэн ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын хамрах хүрээ, тодорхой үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажлыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж гүйцэтгэх ажлыг шалгаагүй.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гээд 2 хуудас үнэлгээ байх ёстой байтал хэлтсийн захирлын үнэлгээ авагдаагүй байдаг. Үнэлэх үнэлгээний хуудасны дор тайлбар хэсэгт үнэлгээг тухайн газар хэлтсийн захирал тус бүрдээ өгнө, ерөнхий үнэлгээг нийлбэрээр гаргана, үнэлгээ өгөхдөө хувийн хэрэг, суурь мэдээлэл болгон ашиглана гэж тайлбарласан байдаг. Гэтэл Х.Ид газрын дарга нь үнэлгээ өгөхдөө ямар бичиг баримтыг ашиглаж энэ үнэлгээг өгсөн нь ойлгомжгүй байгаа.

Оролцоо чанарыг үнэлэхдээ ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага нь тодорхойгүй. Хэн, хэзээ үнэлгээ тавьсан нь тодорхойгүй байна. Мэдлэг ур чадварыг сорилго, даалгавар, үзүүлэн сургуулилтын үнэлгээгээр үнэлгээг авна гэж байсан мөртлөө дан ганц сорилгын шалгалт авсан байдаг. Бусад асуулт нь Х.Игийн ажлын байрны тодорхойлолтод ач холбогдолгүй асуулт асуусан байх тул үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага татгалзаж буй үндэслэлээ “...Комиссын 02/02 шийдвэрээр түвшин тогтоох ажиллагааны газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн авах талаар загвар хуудас баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн түвшин тогтоох ажиллагаанд ажилтан тус бүрт мэдэгдэж, нэг бүрчлэн гарын үсэг зуруулсан.

2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сорилын даалгавар нь задарсан гэх үндэслэлээр товыг хойшлуулаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс авахаар болж, нэхэмжлэгч өөрөө ирж оролцсон.

Тухайн чиг үүрэгт хамаарах зүйлээр шалгалт авсан. Х.И нь нийт 10 асуултыг зөв хариулж, 10 хувиар үнэлэгдсэн.

...санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, санхүүгийн тайлангийн төлөвлөлтүүд, татварын тайлангийн тайлбар, татварын талаар гарч буй асуудал зэрэг асуудлаар харилцан ярилцсан байдаг. Энэ шалгалтаар 16 оноогоор дүгнэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн комиссын 07 дугаар шийдвэр гарч түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын дүгнэлт гаргасан. Журамд заасны дагуу Удирдлагын хороонд өгсөн. Удирдлагын хороо нь хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэхээр болж хэлэлцүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны 74/01, 74/02 дугаар шийдвэр гарч, мэдлэг ур чадварын шалгалтад тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон.

Түвшин тогтоох ажиллагаатай холбоотойгоор 19 орчим хүн ажлаас халагдсан. 14 ажилтан нь түвшин тогтоох дүнг зөвшөөрөхгүй, танилцахаар хандсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд түвшин тогтоох ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаагүй. Журамд заасны дагуу 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргахаар заасан. Мэдэгдэх хуудас дотор банкны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж нэн даруй ажлыг хүлээн авах шаардлагатай нөхцөл байдал бий болсон гэж байдаг.

Мэдэгдэл өгсөн ажилтнуудын ажлыг тухайн өдөр нь хүлээн авдаг. Мэдэгдэлд заасан хугацааны цалинг бүтэн олгосон байдаг. Х.Иг ажилласан гэж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон...” гэж маргажээ.

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалыг нэхэмжлэгч хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасантай нийцжээ.

 

Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг 1 дүгээр хавсралтаар, “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг 2 дугаар хавсралтаар, Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус баталжээ. /хх-ийн 42-46 дугаар тал/ 

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг шалган тогтоох ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь уг тушаал болсон байна. Уг арга хэмжээний хүрээнд шалгалтын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалтын удирдлагаар хангах чиг үүрэг бүхий үндсэн хоёр багийг томилсноос шалгалтын комисс нь шалгалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, нэгтгэх, үнэлгээнд суурилан дүгнэлт гаргах чиг үүрэг хүлээсэн бол хөндлөнгийн шинжээчдийн баг нь шалгалтын асуулга, даалгаврыг боловсруулж, нууцлалыг ханган шалгалтын комисст шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаалаар баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-т заасны дагуу түвшин тогтоох ажиллагааг үндсэндээ харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн шалгалтаар авахаар заажээ. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалттай Х.И танилцаж гарын үсэг зурсан байна. /хх-ийн 47-48, 109 дүгээр тал/

 

Түүнчлэн ажилтнуудад шалгалтын талаар танилцуулж, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсон шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулах тухай Шалгалтын комиссын 04 тоот шийдвэр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байна. Иймд шалгалтын талаар гэнэт мэдэгдэж бэлтгэх боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөөтэйгүүр, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажилтны ажлын байранд гүйцэтгэх үндсэн чиг үүргийн дагуу мэдвэл зохих хууль тогтоомж, журмын хүрээнд тогтоох тул шалгалтын арга хэмжээг дээрх хугацаанд зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол Тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол Тэнцээгүй гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, Тэнцсэн дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, Тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ. /хх-ийн 44-46 дугаар тал/

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.2-т “комисс нь мэдлэг ур чадварын үнэлгээг шинжээчийн багийн оролцоотой зохион байгуулна”, 3.3.3-т “комиссын даргын томилсон комиссын төлөөлөгч оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэнэ”, 3.4.4-т “комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтанд хамруулах /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно” тус тус гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Х.И нь дээрх холбогдох журмын дагуу Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын зохион байгуулсан түвшин тогтоох шалгалтанд оролцсон бөгөөд тэрээр Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам-ын 1.2.1, 1.2.2, 1.2.3-д заасны дагуу шалгалтуудыг өгч харьяалах газрын захирлын үнэлгээгээр 24,66 оноо, мэдлэг, ур чадварын үнэлгээгээр 10 оноо, оролцоо, чанарын үнэлгээгээр 16 оноо гэсэн үнэлгээг, нийлбэр дүнгээр 50,66 хувийн үнэлгээг авсан болох нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, түүний хавсралт болох 9020290204 дугаартай комиссын дүгнэлт, 9 үзүүлэлт бүхий Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримт, хариултын хамт, нийт 8 асуулт бүхий ажилтны оролцоо чанарын үнэлгээ хийсэн тухай баримтууд зэргээр нотлогдсон байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.И нь Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т заасан шалгуурт хүрээгүй буюу 60 хувийн үнэлгээг авч чадаагүй байна. /хх-ийн 94 дүгээр тал/

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэг бүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлах үүрэг өгөгдөж байсан нь албан бичгээс харагдаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр журам батлагдсан ба газар, хэлтсийн захирлын үнэлгээ нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тавигдсан, журам батлахаас өмнө үнэлгээ өгсөн зөрчил гаргасан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гээд 2 хуудас үнэлгээ байх ёстой байтал хэргийн материалд ганцхан Санхүүгийн газрын захирлын үнэлгээ байгаа. Хэлтсийн захирлын үнэлгээ авагдаагүй байдаг. Үнэлэх үнэлгээний хуудасны дор тайлбар хэсэгт үнэлгээг тухайн газар хэлтсийн захирал тус бүрдээ өгнө, ерөнхий үнэлгээг нийлбэрээр гаргана, үнэлгээ өгөхдөө хувийн хэрэг, суурь мэдээлэл болгон ашиглана гэж тайлбарласан байдаг. Гэтэл Х.Ид газрын дарга нь үнэлгээ өгөхдөө ямар бичиг баримтыг ашиглаж энэ үнэлгээг өгсөн нь ойлгомжгүй байгаа. Үнэлгээг өгөхдөө ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ачаалал даах чадвар, идэвх санаачилгатай байдал, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар гээд 9 үнэлгээгээр үнэлсэн байгаа. Ур чадварын шаардлага нь 5 шаардлага байгаа гэжээ.

 

Хэрэгт авагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр авагдсан байна. Тус шийдвэрийн хавсралтаар ажилтнуудад үнэлгээ өгөх хуудасны загварыг баталжээ /хх-ийн 120-122 дугаар тал/. Тус батлагдсан загварт ч мөн нэгэн адил хүснэгтийн зүүн дээд буланд “2016.11.01” гэх бичвэр байх тул нэхэмжлэгч Х.Ид өгсөн үнэлгээний хуудас /хх-ийн 96 дугаар тал/-ны зүүн дээд талд буй “2016.11.01” гэсэн бичвэрийг үнэлгээ өгсөн огноог илэрхийлсэн утгатай гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам 2016 оны 11 дүгээр сарын 03-нд, үнэлгээний хуудасны загвар 2016 оны 11 дүгээр сарын 05-нд тус тус батлагдахаас өмнөх хугацаагаар буруу бичигдсэнээр Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 1.2.1-д заасан харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ өгч дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-нд явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн хэлтсийн захирлын үнэлгээ хийгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч хариуцагч дээрх тайлбарыг “Банкны бүтцийн үйл ажиллагаа явагдаад нэхэмжлэгчийн харьяалагдах хэлтсийн захирал нь томилогдоогүй байсан болохоор газрын захирал үнэлгээ тавьсан. Үнэлгээ бодит байдлаар тавьсан гэж үзсэн. Нийт 30 хувь үнэлэгдэхээс 24,7 хувиар үнэлэгдсэн.” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар Д.Жадамбааг Санхүүгийн газрын Санхүүгийн тайлагнал, бүртгэлтийн хэлтсийн захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон тогтоолоор хариуцагчийн тайлбар тогтоогдож байна. /хх-ийн 137 дугаар тал/

 

Түүнчлэн уг 9 үзүүлэлт бүхий шалгалтын үнэлгээг тухайн ажилтныг харьяалах Санхүүгийн тайлагнал, бүртгэлийн хэлтсийн захирлаас үнэлээгүй байх боловч Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож дүгнэж гаргасан нь шалгалт авах журмын 1.2.1, 3.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд журамд шалгалтын комиссын бүрэлдэхүүн дээрх шалгалтыг авахаар заагаагүй байна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвхи санаачилга, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харьяалах газрын дарга нь 24,7 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 24,7 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэснээс харагдаж байна.

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа баталсан байна. Энэ журмын 4.1-4.3-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажлын байрны онцлог, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан шинжээчийн багийн гишүүний урьдчилан боловсруулсан сорилгын хэлбэрээр авч дүгнэжээ. Сорилго 30 асуулттай, хариултыг өгөгдсөн хувилбаруудаас сонгох байдлаар хийгдсэн байна.

Нэхэмжлэгчийн ажлын байрны зорилго нь системийн тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж, холбогдох байгууллага /Монгол банк, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци/-д хүргүүлэх, тооцоо нийлэн баталгаажуулах байна. Сорилго нь нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэгт хамаарах асуудлыг хамарсан байх бөгөөд ажилтны ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх ажлын чиг үүргээс гадуур зүйл биш байна. Энэ шалгуураар 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 10 оноо авсан байна. Үнэлгээг тэр дор нь танилцуулж, нэхэмжлэгч баримт дээр гарын үсэг зурж, танилцсан байна. /хх-ийн 97-105 дугаар тал/

 

Нөгөөтэйгүүр Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар томилогдсон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнээс Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түвшин тогтоох комиссын дарга Д.Ганбаатар тус банкны Санхүүгийн газрын ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэх комиссын төлөөллөөр С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нарыг томилж, баталсан тухай баримт хэрэгт авагдсан ба дээрх комиссын төлөөлөл ажилтан Х.Игоос Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 1.2.3-т заасан оролцоо, чанарын үнэлгээг тогтоох шалгалтыг авч үнэлгээний хуудсанд гарын үсгээ зурсан болох нь үнэлгээний хуудаснуудаар нотлогдсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл уг шалгалтыг комиссын төлөөлөл болох С.Гэрэлмаа, Л.Жамбалсүрэн нар аваагүй, үнэлгээний 2 хуудсанд зурагдсан гарын үсэг тэднийх биш болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч энэ арга хэмжээг явуулахдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна, ингэхдээ ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар журмын 6 дугаар зүйлд заажээ. Энд 2 гишүүн дөрөв дөрвөн асуултаар, тухайлбал, ажлын байрны тодорхойлолтод нийцэж байгаа эсэх /Татвар, хадгаламжийн даатгалын корпораци хариуцсан/, банкны стратеги зорилт, түүний хэрэгжилт, ОУ-ын санхүүгийн стандартыг хэзээ хэрэгжүүлсэн эсэх, татварын ямар асуудлууд байгаа эсэх /өөрөө татвар хариуцдаг хүн/, Санхүүгийн тайлангийн хүндрэлүүд байгаа эсэх, тайлангаа тайлбарлах байдал гэсэн асуултуудаар нэхэмжлэгчтэй ярилцлага хийж үнэлэхэд нэхэмжлэгч 40 оноо авах ёстойгоос 16 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна.

 

Түүнчлэн Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ажилтны оролцоо, чанарыг үнэлгээг гаргахдаа үнэлгээний хуудсаар 10 асуултаар шалгах тухай заагаагүй бөгөөд шалгалтын комиссын 01 тоот шийдвэрээр баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадвар түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журмын 6.1-д “Оролцоо чанарын арга хэмжээг тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна”, 6.2-т “Оролцоо чанарын арга хэмжээг ажлын байр, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан дүгнэнэ...”, 6.3-т “Оролцоо чанарын арга хэмжээ нь ярилцлага, бодлого, даалгавар зэргийг багтаасан байдлаар явагдана”, 7.1-д “Ажилтнаар тодорхой сэдвийн хүрээнд даалгавар өгч, гүйцэтгүүлэх хэлбэрийг түүний мэргэжил, ур чадварын түвшинг тогтооход ашиглаж болно. Сорилгын хувилбар болон оролцоо чанарын арга хэмжээний даалгавар нь байгууллагын нууцад хамаарна” гэж тус тус заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

            Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, дүгнэлт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарч, ажилтан Х.Ид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-нд өгч, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөө түүний ажлыг Ажил хүлээлцэх акт, Х.Иг 2016 оны 12 дугаар сарын 19-нд гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тухай Б/1765 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд ажиллуулаагүй байх боловч энэ хугацааны цалинг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажил олгогчоос олгосон талаар зохигчид маргаагүй байна.

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 04-ний өдөр хуралдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталж, мөн комиссын 2016 оны 11 сарын 05-ний өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов, тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг заасан 02 дугаар шийдвэр, Түвшин тогтоох ажиллагааны нэг хэлбэр болох Харьяалах газрын захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үйл ажиллагааг зохион байгуулж явуулахдаа Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадвар түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам зэргийг зөрчсөн, ажилтны эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдоогүй, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, түүний хавсралт болох 9020290204 дугаартай комиссын дүгнэлтийг үндэслэн Х.Иг ажлаас чөлөөлсөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/1765 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч “ Төрийн банк” ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,075,312 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Х.Игийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,075,312 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” хариуцагч Т ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Х.Игийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.И нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС