| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403005780781дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт Н-ын З, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ***.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгч өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргийн 20, 35, 37, 39, 85, 86, 87, 88, 89, 90, 94, 103, 122 дахь талд авагдсан нотлох баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “*** машины урдуур хүн гүйж гарах үедээ хүүхэд түлхэж унасан” гэх утга агуулга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал),
- Хохирогч Ц.Э-ын “...Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Буурал ээж дэлгүүрийн дээд талын автобусны буудал дээр буугаад хойноос урагш чиглэлд зам хөндлөн явган хүний гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн. Би болсон зүйлийн талаар одоо сайн санахгүй байна. Явган хүний гарцаар гарч байснаа санаж байна. Эмнэлэгт хагалгаа хийгээд оройхон гэмтлийн эмнэлэгт ирснээ мэдсэн. Охиноо хараад өдөр нь танихгүй байсан цочролд орсон юм шиг байсан. Тухайн осолд орохоос өмнө надад ямар нэгэн архаг хууч өвчин, гэмтэл, бэртэл байгаагүй. Тухайн үед хөл, гар, гарын чигчий хуруугаа тайруулаад, шууны хэсгээс нөхөх хагалгаанд орсон. Одоо гарын хуруу, хөлийн хуруунууд өвдөж байгаа. Тэр үед надтай хамт нэг хүүхэдтэй хүүхэн явж байсан. Би машинд шидэгдээд хүүхдийг дарсан юм шиг байна лээ. Эмэгтэй бол яасныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би айлын хашаа байшин янзалж байсан. Эм тариа, таксины зардал, сэтгэцэд учирсан хохирол, би өдөрт 120,000 төгрөгөөр ажил хийдэг. Эд нарыг нэхэмжилж байна...ослын улмаас надад баримтаар 367,280 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 20 дахь тал),
- Иргэний хариуцагч Б.Л-ийн “...Nissan Murano маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Найз болох Э.Ц-д энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохиролцож 16 сая төгрөгөөр 2 хувааж төлж, төлбөр тооцоо дууссаны дараа нэрээ шилжүүлэхээр болж 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Тохиролцсоны дагуу 08 дугаар сардаа багтааж миний Хаан банкны данс руу Ц-ээс 10 сая төгрөг орсон байгаа. Би энэ машиныг зарж борлуулсан тул надад хамааралгүй гэж ойлгож байна. Жолооч З нь 07 дугаар сарын 09-ний өдөр өөрөө ирж машиныг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Гэрч Д.О-ийн “…2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хөтлөөс доошоо уруудаж явж байгаад зүүн талаас явган зорчигч гарч ирж байсан. Манай хүн явган хүний гарц дөхөхөөр нь хурдаа сааруулаад байсан чинь гарахгүй байсан. Гарахгүй болохоор нь урагшаа гартал нөгөө хүн гүйсэн. Тэгээд мөргүүлээд ойчсон. Утсаа хараад явж байсан болохоор хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Манай машин нэгдүгээр эгнээнд явж байсан. Тэгээд яваад очиход нөгөө ах би зүгээр ээ, гэрт хүргээд өгчих гээд байсан. Ах нь шал согтуу байна гэж байсан. Ах нь 2 дүүдээ гай болчихлоо хүргээд өг гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Э.Ц-ийн “…найз Л-аас 16 сая төгрөгөөр тухайн Nissan Murano маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон. Манай жолооч З нь тухайн тээврийн хэрэгслийг авна гээд авсан. Энэ сард 10 сая төгрөг өгсөн. Ирэх сард үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон. Жолооч З нь өөрөө унаж яваад осол хийсэн. Уг машин нь манай найз Л-ийн эзэмшлийнх бөгөөд З-ыг унуулахаар аман гэрээ хийж худалдаж авч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “…дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,485,120 төгрөгийн тусламж үйлчилгээ аван эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн. Энэ мөнгийг Н.З-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4449 дугаартай дүгнэлтээр “…Дүгнэлт: 2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Э” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй…” гэх (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4449 дугаартай дүгнэлтээр “…Дүгнэлт: 1.Ц.Э-ын биед баруун сарвууны чигчий хурууны үзүүрийн шивнүүр ясны бяцарсан хугарал, үзүүр хэсгээр тайрах болон нөхөн сэргээх мэс заслын дараах байдал, баруун шанаа, зулай, дух, тохой, гуя, зүүн тавхайд зулгаралт, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 10.81.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна....” гэх (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- Хохирлын баримт (хавтаст хэргийн 85-90 дэх тал),
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч Н.З нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 41 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны зам буюу Мини маркет дэлгүүрийн хойд замд *** улсын дугаартай Н.Мурано маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.З-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 336,550 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон олох ёстой байсан орлогыг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгчээс хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 122 дахь талд авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 91 дэх талд авагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад “…Ц.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоов” гэснийг хохирогч Ц.Э хүлээн зөвшөөрсөн байна.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогдсон.
Шүүхээс хохирогч Ц.Э-д учирсан гэмтлийн байдал /баруун сарвууны чигчий хурууны үзүүрийн шивнүүр ясны бяцарсан хугарал, үзүүр хэсгээр тайрах болон нөхөн сэргээх мэс заслын дараах байдал, баруун шанаа, зулай, дух, тохой, гуя, зүүн тавхайд зулгаралт, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал/, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч Н.З анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж хохирогч Ц.Эын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгөөр тогтоов.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс...” гэж заасан ба хэрэгт хохирогч Ц.Э нь хэдэн төгрөгийн цалинтай байсан, хэдэн төгрөгийн орлого олдог байсан, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авсан талаарх баримт байхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүй байна.
Иймд хохирогч Ц.Э баримтаар нэхэмжилсэн 336,550 төгрөг, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээ болох 8,580,000 төгрөгийг нэмж, шүүгдэгч Н.З-аас хохирогч Ц.Э-д төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 7,916,550 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Н.З нь Ц.Э-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,485,120 төгрөгийг төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн тул тэрээр иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно.
Иргэний хариуцагч Б.Л “...Nissan Murano маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Найз болох Э.Ц-д энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохиролцож 16 сая төгрөгөөр 2 хувааж төлж, төлбөр тооцоо дууссаны дараа нэрээ шилжүүлэхээр болж 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Тохиролцсоны дагуу 08 дугаар сардаа багтааж миний Хаан банкны данс руу Ц-ээс 10 сая төгрөг орсон байгаа. Би энэ машиныг зарж борлуулсан тул надад хамааралгүй гэж ойлгож байна. Жолооч З нь 07 дугаар сарын 09-ний өдөр өөрөө ирж машиныг авсан...” гэж, гэрч Э.Ц “…найз Л-аас 16 сая төгрөгөөр тухайн Nissan Murano маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон. ...Жолооч З нь өөрөө унаж яваад осол хийсэн. Уг машин нь манай найз Л-ийн эзэмшлийнх бөгөөд З-ыг унуулахаар аман гэрээ хийж худалдаж авч өгсөн...” гэж, шүүгдэгч Н.З яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” тус тус мэдүүлсэн буюу гэмт хэрэг гаргах үед шүүгдэгч Н.З нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар өөрийн эзэмшил шилжүүлж авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Н.З-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар өөрийн оршин суугаа газраас гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан оногдуулдаг. Н.З анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлбөр төлснөөс гадна хохирогчид эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд нь санаа тавьж оролцож байсан. Мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ар гэрээ тэжээн ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай. Хамгийн хүнд ял нь зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Улсын яллагчийн санал болгож байгаа ялын санкц нь хамгийн хүнд төрөл байна. Миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөр төлсөн, хувийн байдлыг харгалзан үзэхэд хүнд ял оногдуулахгүй байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх энийг харгалзан үзнэ үү. Н.З-ын хувьд тогтмол цалин хөлстэй, ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэгэхээр сэтгэл санааны хохирлын 7,916,550 төгрөгөөс гадна торгох ялыг төлөх боломжтой байгаа. Энэ бүхнийг шүүх харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Н.З-ын хувийн байдалтай холбоотой гэрч Н.Б, Д.О нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 106 дахь тал), тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 111-112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.З-ын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Н.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Н.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У овогт Н-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.З-аас 7,916,550 (долоон сая есөн зуун арван зургаан мянга таван зуун тавин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ц.Э-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Э нь цаашид гаргах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР