Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 201722000207 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-,

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Тариалан сумын төвд байрлах Сондор нэртэй бааранд иргэн А.Т-тай найзуудынх нь хажууд өөрийг нь загналаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун гарыг хутгаар зүсэж бие махбодид нь баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны булчингийн тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Тариалан сумын төвд байрлах Сондор нэртэй бааранд иргэн А.Т-тай найзуудынх нь хажууд өөрийг нь загналаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний баруун гарыг хутгаар зүсэж бие махбодид нь баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны булчингийн тасрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2017 оны 03 сарын 30-ны өдөр …Сондор бааранд 19 цаг болж байхад очсон. Тэгээд нэг Боргио пиво аваад хуваагаад ууж суутал гаднаас 5-н залуу орж ирсэн. Тэгсэн Баатар гээд залуу бид нарын ширээн дээр ирээд Бумбалай босоод ир гээд дуудахаар нь Бямбабаяр босож ирээд яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Баатар гээд залуу Бямбабаярыг баруун талын хацар луу нь нэг алгадсан. Тэгсэн А.Т- ах ирээд Баатар гэдэг ахыг аваад явсан. А.Т- ах буцаад манай ширээн дээр ирээд чи яагаад орилоод байгаа юм бэ дуугүй болооч гээд загнахаар нь та яагаад намайг найз охин найзуудын хажууд загнаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн намайг ширээнээс дуудаж баарны хаалганы хажууд аваачаад загнаад байхаар нь би уурлаад ширээн дээрээ буцаад суусан. Ширээн дээрээ буцаад очтол манай найз охин ганцаараа байсан. Тэгээд байж байтал нэг мэдсэн А.Т- ах ширээн дээр хүрээд ирсэн намайг загнаад байхаар нь би босож ирээд кармандаа байсан хутгаараа далайтал А.Т- ах гараараа хаатал гарыг нь зүсчихсэн. Би айлгах санаатай л хутгаа далайсан, хутгаар зүсье гэж бодоогүй....гэх мэдүүлэг,

Хохирогч А.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 03 сарын 30-нд Тариалан сумын Сондор гэх бааранд 21 цагийн орчимд Батбаатар, Д.М-, Батнаа, Азаа бид 5 орсон юм. Баарлуу эхлээд Азаа, Д.М- 2 орсон. Тэгээд нэг шил юм аваад бид 3-ыг утсаар дуудсан. Бид 3-ыг баарлуу очиход баарны зүүн талын ширээн дээр нэг архи тавьсан сууж байсан. Бид 3 хамт суусан. Тэгээд архиа уугаад сууж байтал Батбаатар хойд ширээнд суусан Б.О-ын ширээн дээр очоод ширээн дээр нь 2 гараараа дараад зогсож харагдсан. Тэгээд нэг чимээ гарахаар нь хартал Б.О-тай цуг явсан хүнийг түлхэж байсан. Тэгэхээр нь би босоод Батбаатарыг авчирч суулгаад юу болоод байгаа юм бэ гэхэд сүртэй юм биш ээ ганц алгадсан юм гэсэн. Тэгээд бид 5-ыг сууж байсан чинь Б.О- хашгираад босож ирээд байсан. Тэгсэн баарны эзэн Сайханаа согтуу хүмүүстэй маргалдаад яах вэ ийшээ орж бай гээд баарны баруун талын өрөө лүү оруулсан. Тэгээд бид нар нөгөө шилтэй архиа авч ороод тэнд уугаад сууж байтал Батнаа, Азаа 2 гарч тамхи татангаа бие засаад ирье гээд гарсан. Би араас нь бие засах гээд гартал Б.О- намайг дуудсан. Тэгэхээр нь би Б.О- руу яваад очтол найз охин нь наад талд нь суугаад Б.О- цаад талд нь суусан байсан. Тэгтэл ширээн дээр хальт дараад Б.О- нь босоод ирсэн. Тэгсэн баруун гартаа хутга бариад хутгаараа далайхаар нь би хойшоо ухраад гараараа хаасан чинь баруун гарын эрхий хурууны салаан завсраар зүсэгдээд цус гоожсон. Тэгсэн найз охин нь буцаагаад татаад суулгасан. Тэгээд би буцаад нөгөө өрөөрүүгээ яваад орсон. Тэгээд Д.М- миний гарыг нарийн уяа олж боогоод цусыг нь тогтоосон. Тэгээд эмнэлэг рүү явъя гээд гарахад Б.О- араас дагаж ирсэн. Би тэгэхээр нь эргэж хараад Б.О-ыг гэдэс хавьруу нь нэг удаа өшиглөсөн чинь Б.О- газарт унасан. Би газарт унахаар нь нэг өшиглөсөн. Тэгсэн 2 нь намайг салгаад машин руу суулгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Р.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.О- гэдэг залуу Бонхоо буюу А.Т-ыг ах нааш ирээ 2-уулаа учраа олъё гээд ширээнээсээ дуудсан чинь А.Т- яваад очсон. Тэр үед Азаа, Б.О-тай хамт явсан залуутай баарны үүдний ширээнд юм яриад сууж байсан. Би наад талд нь хамт явсан залуучуудыг нь наанаа байж бай гээд зогсоож байсан чинь намайг шаачлаа гээд А.Т- орилсон. Тэгэхээр нь би яваад очтол Б.О-ын зүүн гаранд улаан хүрэн өнгийн коновтой тонгорог байсан. Би гарнаас нь бариад авах гэтэл тэр хутга нь гараад ирэхээр нь бугуйн дээрээс нь барьж аваад Б.О-ыг ширээнээс нь татаад гаргаад ирсэн. А.Т- тэр үед орилоод цаашаа галалгааны өрөө рүү гүйгээд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Л.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 03 сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд манай найз Л.П- над руу залгаад пиво уух уу гэхээр нь би тэгье гэж хэлээд дэлгүүр ороод нэг том 2 л Боргио пиво аваад манай хойно байдаг жижиг уулан дээр би нөхөртэйгээ, Л.П- нөхөртэйгээ хамт гарсан. Тэгтэл манай нөхөр охиноо авна гээд цэцэрлэг орсон. Манай нөхрийг хүүхдээ аваад гэртээ очсон байхад нь Л.П-гийн нөхөр Бямбалай очиж авчирсан. Манай нөхөр Бямбалай найз Л.П- бид 4 пиво ууж дуусгаад ахиад нэг пиво авчираад ууж дуусгаад Сондор гээд баарлуу мотоциклиор дөрөвлөөд очсон. Бааранд ороод нэг ширээн дээр 4-үүлээ суугаад нэг том Боргио аваад ууж байсан чинь 5-н залуу орж ирээд Б.О-ыг А.Т- гээд залуу дуудахаар нь Б.О- очих гэтэл Бямбалай яах юм бэ гээд байж байтал Баатар ирээд Бямбалайг алгадсан. Манай нөхөртэй А.Т- ирээд маргалдаад байсан. Тэгээд ширээлүүгээ тэд нар буцаад явцгаасан. Тэгтэл нөгөө залуучууд баарнаас гарч өөр өрөөнд орсон, удаагүй байж байтал Б.О- бид 2-ыг сууж байхад А.Т- ах хүрээд ирсэн. Б.О- тэгсэн манай ах гээд байхаар нь энэ 2 ах дүү хамаатан садангийн хүмүүс юм байна гэж бодсон. Тэгэхэд манай найз Л.П- Бямбалай 2 гараад явсан байсан. А.Т-, Б.О- 2 гэнэт маргалдаад явчихсан, би юунаас болж маргалдсан гэдгийг нь ойлгоогүй. Б.О- тэгсэн гэнэт босож ирээд хутгаараа далайтал А.Т- гараараа хаах шиг болсон. Тэгснээ миний гарыг хутгалчихлаа гээд орилоод яваад өгсөн чинь нөгөө хүмүүс нь гарч ирээд гадагшаа А.Т-ыг өрөөлүүгээ аваад орсон. Удаагүй тэр хүмүүс өрөөнөөс гадагшаа гарч явсан. Манай нөхөр тэд нарын араас дагаад гарсан. Би араас нь гартал баарны гадаа Б.О- газарт унасан толгой хэсгээс нь цус гарсан байсан. Би тэгэхээр нь босгоод дагуулаад гэрлүүгээ харьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Х.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …тэкрүү очтол А.Т-ын гарнаас цус гоожоод хутгалуулчихлаа гээд хажуу өрөөнөөс гарч ирсэн. Баруун гараа боосон байсан. Тэгээд эмнэлэг явж гараа үзүүлье гээд баарнаас гарч явтал Б.О- араас гараад ирсэн. Тэгтэл А.Т- эргэж хараад Б.О-ыг элэгрүү нь өшиглөсөн. Унасан хойно нь нэг өшиглөсөн. Тэгээд эмнэлэг рүү явцгаасан…гэх мэдүүлэг хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …А.Т- тэр өрөөнөөс бие засахаар гарч явсан. Удаагүй эргээд орж ирэхдээ баруун гарнаас нь цус гарсан байдалтай орж ирэхээр нь юм болсон юм бэ гэхэд Б.О-т хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд гарыг нь би уяагаар боож өгөөд эмнэлэг рүү аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …би өрөөндөө архи ууж байгаад Х.А-тай гарч тамхи татангаа нойл орсон. Би тэгээд тасарсан байсан. Тэр өрөөнд нэг мэдсэн чинь А.Т-ын гарнаас цус гоожоод хутгалуулчихлаа гээд байсан. Тэгээд Д.М- гарыг нь боож байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 249 дугаартай:

  1. А.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. А.Т-ын биед баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны булчингийн тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч А.Т- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Хохирогч А.Т-ын “Надад одоогийн байдлаар 900.000 гаруй төгрөг өгсөн. Бид 2 эвлэрсэн. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчтэй 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б.О-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Б.О-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

5. Эрүүгийн 201722000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР