Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ/2022/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Х О” ХХК,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: “Э Э Ө” ХХК, “У А Т” ХХК, “Т Ш” ТББ, иргэн Б-ын Б,

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоох хүчингүй болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 тоот захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч С.У, гуравдагч этгээд “Э Э Ө” ХХК-ийн захирал К.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х О” ХХК нь тус шүүхэд анх “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 тоот захирамжийн “Э Э Ө” ХХК, “У А Т” ХХК, “Т Ш” ТББ, иргэн Б.Бнарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 дугаартай захирамжаар “Х О” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан Баян-Айраг багийн  Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га  газрыг хүчингүй болгож улмаар   2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар уг Баян-Айраг багийн Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га газраас “Т Ш” ТББ-д 100 га газрыг, “Э Э Ө” ХХК-д 100 га газрыг, “У А Т” ХХК-д 170 га газрыг, иргэн Бямбажавын Буяндалайд 50 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “Х О” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Увс аймгийн Засаг даргад 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 26-нд тус тус гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/213 дугаартай албан бичгээр өгсөн “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч компанийн захирал 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр очин авч  3 дугаар сарын 28-ны өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн захирал П.Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Манай "Х О" ХХК газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Аж ахуй эрхлэх зорилгоор 2013 онд Баруунтуруун сумын Засаг даргад хүсэлтээ гаргасан Цагаан эрэгт байрлах 30 дугаартай 410 га, 34 дугаартай 420 га нийт 830 газрыг эзэмшиж үр тариа тариалдаг байсан. Манай компани уг газрыг эзэмшсэнээс хойш 30 дугаартай 410 га газарт эхний жилүүдэд тасралтгүй үр тариа тариалж. 34 дугаартай 420 га талбайг дараагийн удаад тариалалт хийхээр өнжөөсөн байтал Баруунтуруун сумын Засаг дарга нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, бидний хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна. Манай компанийн хувьд Баруунтуруун сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн А/36 дугаар захирамжаар анх 830 га газрыг эзэмшсэн. Гэтэл сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамж гаргаж манай компанийн 34 дугаартай 420 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар сумын Засаг даргаас огт мэдэгдээгүй ба 2020 оны зун талбайдаа уринш хийх үедээ газар эзэмших эрхийг хүчингүй болгож бусдад эзэмшүүлснийг олж мэдсэн. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад 2021 оны 4 дүгээр сард хандсан боловч манай компанийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.

Бид уг захирамжийг одоог хүртэл гардан аваагүй байгаа бөгөөд сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар миний бие өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэсэн захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Х О” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 тоот захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 тоот захирамжийн “Э Э Ө” ХХК, “У А Т” ХХК, “Т Ш” ТББ, иргэн Б.Бнарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Х О" ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Аж ахуй эрхлэх зорилгоор 2013 онд Баруунтуруун сумын Засаг даргад хүсэлтээ гарган “Цагаан эрэгт” байрлах 30 дугаартай 410 га, 34 дугаартай 420 га нийт 830 га газрыг эзэмшиж үр тариа тариалдаг байсан. Анх газрыг авч байхад тариа таригдаагүй. Малчдын буурь сууц ихтэй учраас хулгана ихтэй байсан тариа тарьж болохгүй байсан. 2020 оны 9 дүгээр сард уринш хийсэн. Гэтэл уринш хийсний дараа Засаг дарга нэр бүхий иргэдэд газар олгосон байсан.  Анх Засаг даргаас газрын хурааж авна гэж мэдэгдсэн. Бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад газрыг авч, Усжуулах компанид олгоно гэж байсан. Усжуулах компани хашаагаа барихдаа манай компанийн эзэмшлийн газрыг үлдээж барьсан. Манай компани уринш хийсэн. Ингээд уринш хийж  байхад хүмүүс ирж хэрүүл маргаан болсон. Зарим хүмүүс манай уринш хийсэн газар тариалалт хийсэн” гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлтэй холбоотой тайлбарууд хийе. “Х О” ХХК нь 2008 онд байгуулагдсан. Улсын бүртгэлд бүртгүүлж газар тариалан, мал аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулсан. 2013 онд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/36 дугаартай захирамжаар 830 га газрыг эзэмшихээр болж тариа ногоо тарьж байсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжаар 34 дугаартай 420 га газрыг хүчингүй болгосон. Хавтаст хэргийн 19-р хуудсанд авагдсан сонсох ажиллагаа явуулах тухай бичиг байдаг. Энэ баримтад он, сар, өдөр байдаггүй. Уг баримтад аймгийн Засаг даргаас Усжуулах компанитай байгуулсан гэрээг биелүүлэх зорилгоор танай газрыг хурааж тус компанид шилжүүлнэ гэдэг зүйлийг хэлсэн. Миний үйлчлүүлэгчид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамж гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн захиргааны актыг мэдэгдээгүй. Миний үйлчлүүлэгч П.Б нь хэлэлцүүлэгт 2020 онд уринш хийж байхдаа энэ талаар мэдсэн гэж хэлсэн. Ингээд тухайн газрыг Баруунтуруун сумын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар 4  аж ахуйн нэгж байгууллага, иргэнд өгсөн. Энэ хүмүүсийн өөрийн хамаарал бүхий этгээдүүд байна. Тухайн газрыг Усжуулах компанид өгөөгүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь бодит нөхцөл байдлыг тогтоосон, тодорхой зорилгыг хангасан байх ёстой.

Уг газрыг тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга К.Баяраа, Баруунтуруун сумын ерөнхий агрономич, цагдаа Л.Батбямба, сумын Тариалан эрхлэлтийн холбооны тэргүүн нар авсан. Захиргааны байгууллага туйлын тодорхой зорилго чиглэлтэй байх ёстой. Эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд өөр зүйлийг ярьсан. Зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт нь хуульд заасан шаардлагуудыг хангасан байна. Мөн хуулийн 40.2.5-т захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана. 2019 оны А/128 дугаартай захирамжид гомдол гаргах хугацаа, субъектийг заагаагүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актын мэдэгдэх ажиллагааг хийгээгүй. Ийм учраас 2020 онд уринш хийж байгаад өөр хүмүүст олгосон гэдгийг мэдсэн. Энэ хүмүүсийн хийсэн уриншид тариа тарьсан. Гуравдагч этгээд К.Н нь 2019 оны 6, 7 дугаар сард өргөдлөө өгсөн. 2019 оны 8 дугаар сард уринш хийсэн гэдэг. 2019 оны 12 дугаар сард “Х О” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлаагүй байхад 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр энэ хүмүүст газар олгох зөвшөөрөл гараагүй байхад уринш хийсэн гэдэг нь байх боломжгүй. Усжуулах компанид өгөхөөр эрхийг нь хүчингүй болгож та нарт энэ газрыг өгнө гэдэг зорилго агуулж байсан. Захиргааны акт сүүлд нь гарсан. Захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчмыг байхгүй болгосон. Мөн нэхэмжлэгч тал хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан 420 га газрыг хүмүүст хувааж олгосон А/90 дугаартай захирамж байна. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 92.3, Газрын тухай хуулийн 21.4.3, 31.3.11 дэх заалтуудыг дурдсан. Газрын тухай хуульд сумын Засаг дарга газар олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг олгоно гэж заасан.  2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжид 2019 оны 12 дугаар сард ИТХ-аас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дурдах ёстой байсан. Энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх нь тодорхой бус болсон. Хэрвээ төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон бол энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Хавтаст хэрэгт Захиргааны хэргийн шүүхээс нэгж талбайд үзлэг хийсэн. Миний үйлчлүүлэгчийн нэгж талбайн хувийн хэрэг байхгүй. Бусад этгээдийн хувийн хэрэг байдаг. Б.Бнь газар авахдаа өргөдөл өгсөн. Өөр хүмүүс өргөдөл гаргаагүй. Газрын тухай хуульд газар олгох хүсэлт яаж гаргаж, хэрхэн шийдвэрлэхийг тодорхой заасан байдаг. Авахыг хүсэж байгаа газрынхаа план зургийг өргөдөлд хавсаргана гэдэг. Хүн бүр тэгш эрхтэй. Гэтэл Засаг дарга “Х О” ХХК-ийн эрхийг хөндсөн байна. Ийм учраас 2019 оны А/128, 2020 оны А/90 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож өгөх үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

8. Хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн А/36 тоот захирамжаар “Х О” ХХК-д 30 дугаартай 410 га, 34 дугаартай 420 га талбайг эзэмшүүлж, 2019 оны 10-р сард Аймгийн Засаг даргын Усжуулах ХХК-тай байгуулсан санамж бичиг болон ХХААХҮЯ-ны услалтын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 4000 га талбайтай болгон өргөжүүлэхээр ирсэн албан тоотыг үндэслэсэн агуулга бүхий газар эзэмших эрх хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэлд тус компанийн уг 2 талбай болох нийт 830 га талбайг дурдан хүргүүлсэн байдаг. Улмаар 2019 оны 12 сарын 24-ны А/128 дугаар захирамжаар 34 дугаартай 420 га талбайн эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Мөн тус хураасан талбай болон Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га газрыг 2020 оны 9 сарын 03-ны А/90 захирамжаар 3 аж ахуйн нэгж, 2 иргэнд хуваан эзэмшүүлсэн байна. Тус иргэн, аж ахуйн нэгжүүд одоо уг талбайд газар тариалан эрхлэн, үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэжээ.

6. Хариуцагч Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энэ шийдвэрүүд нь өмнөх Засаг даргын үед гаргасан шийдвэрүүд байдаг. “Х О” ХХК нь 2021 оны 03, 04 дүгээр саруудад надад хандаж энэ асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тухайн үед газрын даамлаас “Х О” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн эсэх талаар мэдээлэл авахад мэдэгдлийн хуулбарыг авч ирж өгсөн. Засаг даргаас услалтын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Х О” ХХК-ийн 30 дугаартай 410 га, 34 дугаартай 420 га газрыг тус тус эзэмших гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдсэн мэдэгдлийг гаргаж өгч байсан. Нэхэмжлэлтэй уншиж танилцаад танай шүүхэд хариу тайлбараа гаргасан. Газрын даамалд мэдэгдлийг албан ёсоор хүлээлгэн өгсөн баримт байгаагүй. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбараа гаргахдаа 2016 онд олгосон нийтдээ 830 га талбайгаас 2019 оны  12 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаартай захирамжаар 34 дугаартай 420 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тухайн газрыг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар 3 аж ахуйн нэгж,  1 иргэнд хуваан эзэмшүүлсэн байна. Тус иргэн, аж ахуйн нэгжүүд одоо уг талбайд газар тариалан эрхлэн, үйл ажиллагаа явуулж байгаа болно. Надад шийдвэрлэх боломж байгаагүй. Шүүхээр хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

7. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймаг Баруунтуруун суманд Б овогтой Б миний бие нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Ингээд тус сумын тамгын газарт газар олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан. Ингээд хуулийн дагуу надад тухайн үеийн Засаг даргын захирамжийн дагуу 50 га газрыг эзэмшиж үйл ажиллагаагаа одоо явуулж байна. Жил бүр газрын төлбөрөө төлж байгаа учир энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний гаргасан тайлбар үнэн болно” гэжээ.

8. Гуравдагч этгээд “Э Э Ө” ХХК-ийн захирал К.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Баруунтуруун сумын харьяа “Э Э Ө” ХХК нь 2016 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд 2019 онд Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл өгч 2019 оны 12 сарын 24-ны өдрийн А/128 тоот захирамжаар Цагаан эрэгт байрлах 34 дугаартай 420 га газраас 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Нэмж газар авсантай холбоотойгоор Poton Lovol 1454 маркийн трактор авч газар тариалангийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 2019 ондоо Засаг даргын захирамжаар олгогдсон газартаа уринш хийгээд намар нь 2020 онд 100 га-д тариалалт хийж 1 га-гаас 10 цент будаа авч ажилласан. 2021, 2022 онуудад мөн тариалалт хийсэн байгаа” гэжээ.

9. Гуравдагч этгээд “У А Т” ХХК-ийн захирал Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У А Т ХХК нь РД:6545491 Увс аймгийн Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд газар тариалангийн зориулалттай газар эзэмших хүсэлтээ хуулийн дагуу гаргаж 170 га газар эзэмших эрхтэй болсон. Иймд газартай холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явагдаж байгаа тул газрын эрхийг манай компанийн нэр дээр үлдээх хүсэлттэй байгаа тул шийдэж өгнө үү” гэжээ.

10. Гуравдагч этгээд “Т Ш” ТББ-ын захирал Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Баруунтуруун сумын харьяа “Т Ш” ТББ нь 2011 оноос хойш тасралтгүй газар тариалан эрхэлж байгаа бөгөөд 2019 онд Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл өгч 2020 оны 9 сарын 03-ны өдрийн А/90 захирамжаар Цагаан эрэгт байрлах тариалалт хийгдэлгүй байсаар хураагдсан гэх 34 дугаартай 420 га газраас 100 га газрын эзэмших гэрчилгээ манай байгууллага дээр олгогдсон болно. Гэрчилгээ гарсан оны хавраас шууд тариалалт хийгдэж эхэлсэн бөгөөд тариалалтдаа зориулж Белорусс-1221 тракторыг дагалдах хэрэгсэлтэй нь авч хагалж тариад га-гаас 12 цент будаа хураан авч ажилласан. Одоо дараа жилийнхээ уриншийг хийн ажиллаж байна” гэжээ.

11. Гуравдагч этгээд “Э Э Ө” ХХК-ийн захирал К.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 2019 онд Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт газар тариалан эрхлэх хүсэлт байгаа талаараа өргөдөл гаргасан. Ингээд Засаг даргын захирамжаар 100 га талбайтай газар хуваарилж өгсөн. Манайх 2019 оны 8 дугаар сард уринш хийсэн. 2020 онд тариалалтаа хийж эхэлсэн. Газар олгосон захирамж 2019 онд гарсан. Би одоог хүртэл уг газарт тариалан эрхэлж байна. Би 50 сая төгрөгөөр трактор авч байсан. Би газрыг барьцаалж трактор авч байсан. Би одоог хүртэл зээлээ төлөөд явж байгаа. Манай ах дүү 8, нөхөр талынх бас наймуулаа байдаг. Би өөрөө очиж ажиллахгүй байгаа боловч ах, дүү нараараа Цагаан эрэгт газар тариалангийн ажлаа хийлгээд явж байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч,  хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 дугаартай захирамж , 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжийн “Э Э Ө” ХХК, “У А Т” ХХК, “Т Ш” ТББ, иргэн Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж, шүүх хуралдаанд оролцсон болно.

2. Нэхэмжлэгч талаас “Баруунтуруун сумын Засаг дарга маргаан бүхий  А/128 дугаартай  захирамжийг гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, уг актын талаар мэдэгдээгүй манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, 2020 онд уринш хийж байхдаа энэ талаар мэдсэн Манай компанийн хүчингүй болсон тухайн газрыг “Усжуулах” компанид өгөөгүй 4 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хуваан хууль бусаар эзэмшүүлсэн” гэж маргажээ.

3. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Тус шийдвэрүүд нь өмнөх Засаг даргын үед гаргасан шийдвэрүүд байдаг. Уг маргаан бүхий  газрыг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар 3 аж ахуйн нэгж, 1 иргэнд хуваан эзэмшүүлсэн байна. Тус иргэн, аж ахуйн нэгжүүд одоо уг талбайд газар тариалан эрхлэн, үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэсэн тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.

4. Гуравдагч этгээд “Т Ш” ТББ-ын захирал Г.Баасансүрэн, “У А Т” ХХК-ийн захирал Б.Нямбаяр, иргэн Б.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийн дагуу тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

5. Гуравдагч этгээд “Э Э Ө” ХХК-ийн захирал К.Н ийн зүгээс2019 онд Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт газар тариалан эрхлэх хүсэлт гаргасны дагуу сумын  Засаг дарга  100 га  газрыг манай компанид газар тариалангийн зориулалтаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компани 2019 оны 8 дугаар сард уринш хийсэн. 2020 онд тариалалтаа хийж эхэлсэн. Бид одоог хүртэл уг газарт тариалан эрхэлж байгаа бөгөөд уг газрыг барьцаалж 50 сая төгрөгөөр трактор авч зээлээ төлөөд явж байгаа” гэж тайлбараа гаргажээ.

 

6. Маргаан бүхий захиргааны акт болох Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/128 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг баримтлан “Х О” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн нутагт Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га газрыг  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дахь заалтуудыг баримтлан үр тариа тарих зориулалтаар  Баян-Айраг багийн нутагт Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га газраас “Т Ш” ТББ-д 100 га газрыг, “Э Э Ө” ХХК-д 100 га газрыг, “У А Т” ХХК-д 170 га газрыг, Туруун багийн иргэн Б овогтой Б-д 50 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

7. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Баруунтуруун сумын А/36 дугаартай захирамжаар “Х О” ХХК-д  Цагаан эргийн 30/410 га, 34/420 га талбайг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн Баруунтуруун сумын газрын даамал “Х О” ХХК-д нэгж талбарын 8502000819 дугаар бүхий 420 газрыг 15 жилийн хугацаатай Цагаан эрэгт үр тарианы зориулалтаар  эзэмшүүлэхээр 000307466 тоот гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулжээ.

 

8. Шүүхээс маргаан бүхий газар болох гуравдагч этгээд иргэн Б.Буяндалай, “Э Э Ө” ХХК, “Ургац арвижих түрүү” ХХК, “Т Ш” ТББ-ын нэгж талбарын 8502001258, 8502001212, 8502001261, 8502001258 дугаар бүхий хувийн хэргийн материалд үзлэг хийхэд нэхэмжлэгч компанийн нэгж талбарын хувийн хэргийн материал байхгүй байсан болно.

Тус нэгж талбарын 8502001258, 8502001212, 8502001261, 8502001258 дугаар бүхий хувийн хэргийн материалд гуравдагч этгээд нарт  олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээ, тэдгээрт газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг авагдсан байв. Уг маргаан бүхий газрын зарим хэсэгт гуравдагч этгээд нар үр тариа тариалсан боловч цаг уурын нөхцөл байдал, бороо ороогүйн улмаас ургац алдсан байдалтай байсан ба 420 га газрын хэмжилтийг эрх бүхий албан тушаалтнаар хийлгүүлж, зураглалыг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан. 34 дугаартай 420  га газрыг үндсэндээ сумын Засаг даргын А/90 дугаар  шийдвэрт дурдсан хэмжээгээр 3 аж ахуйн нэгж, байгууллага болон 1 иргэнд хуваан эзэмшүүлсэн байна.

 

9. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлж ажиллахаар, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд  татан оролцуулах, оролцогчийг тайлбар гаргах, сонсох боломжоор хангахаар, мөн хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөлийг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох харилцааг тус тус зохицуулсан байна. 

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т сонсох ажиллагааны мэдэгдлийг хорь ба түүнээс доош этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэхээр заажээ.

 

10. Хариуцагчаас “сонсох ажиллагааны мэдэгдэл” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн мэдэгдлийг “Х О” ХХК-д хүргүүлж тайлбар гаргах, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, сонсох боломжоор хангасан нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах хуульд заасан журмыг хэрэгжүүлж ажилласан нь тогтоогдохгүй  байна.

 

11.  Захиргааны ерөнхий хуулийн 43  дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, мөн хуулийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ  баримтжуулна гэж заажээ.

 

12. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, баримтжуулсан зүйл байхгүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.  Үүнээс үзэхэд тухайн хуулийн зүйл заалтыг хариуцагч хэрэгжүүлж ажиллаагүй байна.

 

13. Маргаан бүхий актыг гаргахад хэрэглэсэн  2006 оны Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт  “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заажээ. Өмнөх Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгоогүй атлаа энэ заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

   

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох харилцааг зохицуулсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгохоор заасан.

 

14. Хариуцагч  газар эзэмшигч “Х О” ХХК нь сүүлийн хоёр жил дараалан газрыг зориулалтын дагуу  ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон  байна.

 

15. “Х О” ХХК-тай  2016 оны 03 сарын 17-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх тухай  гэрээ тус бүрд эзэмшүүлсэн газрын хэмжээ, түүнд ногдох газрын төлбөрийг тодорхойлсон байх ба төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр заасан байна.

 

16. Баруунтуруун сумын Засаг даргын тодорхойлолт, тус сумын 2016-2019 онуудын  газрын төлбөрийн ногдуулалтын баримтаас үзэхэд “Х О” ХХК-д нийт 884 га талбайд газрын төлбөрийн ногдуулалт хийгдэж, 2016 онд төлбөл зохих 438698 төгрөгөөс 50000 төгрөг, 2017 онд төлбөл зохих нийт 826719 төгрөгөөс 28134 төгрөг, 2018 онд төлбөл зохих 1287283 төгрөгөөс 0 төгрөг, 2019 онд төлбөл зохих нийт 1912288 төгрөгөөс 303365 төгрөг  төлсөн байна.

 

17. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэжээ. 

 

18. Хариуцагч “Х О” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байх бөгөөд  “Х О” компани нь  2019 оны газрын төлбөрт  303365 төгрөг төлсөн байх тул тухайн оны дутуу төлбөрийг хуульд зааснаар 2020 оны 02 сарын 10-ны дотор төлөх боломжтой ба төлбөрийн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан  өмнөх онуудын газрын төлбөрийг гэрээнд зааснаар алданги тооцон төлбөр төлөгчөөс  шаардах эрхтэй.

 

19. Хариуцагч 2018 оны жилийн эцсээр  гэрээгээ дүгнээд нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх  мэдэгдэл, нэхэмжлэх  өгөх аргаар газрын төлбөрийн талаарх холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ёстой байсан боловч энэ талаар ямар арга хэмжээ авсан нь тогтоогдохгүй байгаа бөгөөд шууд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангаж тайлбар гаргах боломжоор хангаагүй, бодит нөхцөлийг тогтоогоогүйгээс  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  гэж дүгнэв.

 

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн зүгээс “тариалалт хийхгүй байх нь газрыг ашиглаагүй гэсэн үг биш юм. Тухайн газрыг бид өнжөөсөн. Тус газарт айлууд байсан учраас хулгана ихтэй тул хор цацах ажлыг хийсэн” гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагч “газар эзэмшигч нь удаа дараа ноцтой зөрчил гаргасан эсэх , 2 жил дараалан зориулалтын дагуу газраа ашигласан эсэх, тухайн газрыг өнжөөж ургамал хамгааллын болон хөрс хамгаалах ажиллагаа хийсэн эсэх, хор цацсан эсэх” зэрэг нөхцөл байдлуудыг бодитоор тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулах  ажиллагаа хийгээгүй байна.

 

21. Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 сарын 24-ны 128 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Ийнхүү Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 128 дугаартай захирамж хүчингүй болсноор Баруунтуруун сумын Засаг даргын  2016 оны 03 сарын 14-ний өдрийн  А/76 дугаар “Газар эзэмшүүлэх” тухай захирамжийн үйлчлэл сэргэх, мөн тус сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дугаар захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болох үр дагаврыг үүсгэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

22. Түүнчлэн Газрын тухай 21 дүгээр зүйлд сумын Засаг даргын газрын харилцааны талаар  хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-д зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

 

23. Увс аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2019 оны 12 сарын 09-ний өдрийн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/05 дугаар тогтоолоор, 2020 оны Баруунтуруун сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны А/03 тоот тогтоолоор тус тус баталсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүчингүй болгосон байх тул уг 34 дугаартай 420 га газрыг дахин эзэмшүүлэх /хуваарилах/ асуудал 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж ойлгогдож байна.  

 

24. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар гуравдагч этгээд нар нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо арилгуулах, шаардан гаргуулах эрхтэй. 

25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүд болон  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүд болон 24, 25, 26 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Х О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/128 дугаар захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/90 дугаар захирамжийн  “Э Э Ө” ХХК, “У А Т” ХХК, “Т Ш” ТББ, иргэн Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ