Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/03043

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/03043

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б  г ф ББСБ ХХК

 

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Т-д холбогдох,

Гэм хорын хохирол 4.245.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч А.Т, иргэдийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК, Б.Балжинням болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн А.Т нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн хотхоны баруун хойд уулзварын замд УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явцдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчсөний улмаас Б г ф ББСБ ХХК-ийн өмчлөлийн  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 3.865.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Уг зам тээврийн ослыг харьяа цагдаагийн газар гомдол, мэдээллийн дагуу шалгаж Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 208 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, гомдол гаргагч нарыг эд хөрөнгөд учирсан хохирлоо холбогдох хуульд заасан үндэслэлээр буруутай этгээдээр арилгуулах, нөхөн төлүүлэх асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг дурдсан байдаг. Иймд хариуцагч А.Т-аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3.865.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Б г ф ББСБ ХХК-д олгож өгнө үү. Зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийг Б.Балжинням би жолоодож явсан. Эхнэр Ц.О-н өмчлөлд бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийг Б г ф ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 206/249/03542 дугаар барьцаат зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 206/249/0352-01 дугаар барьцааны гэрээний нөхцлийн дагуу Б г ф ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн юм. Зам тээврийн осол гарсантай холбогдуулан Б.Б нь ТС-100 дугаартай журмын хашаанд байрлуулсан тээврийн хэрэгслийн 10 хоногийн мөнгө 175.000 төгрөг, Мастер авто сүлжээ нимонс ХХК-д тээврийн хэрэгслийн явах эд анги, компьютер оношилгоо хийлгүүлэхэд 34.000 төгрөг, Хас үнэлгээ ХХК тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээ хийлгүүлэхэд үйлчилгээний хөлсөнд 160.000 төгрөг, мөн Тээврийн прокурорын газрын эрүүгийн архиваас зам тээврийн осолтой холбогдолтой баримт, материалыг хуулбарлан авахад 11.000 төгрөг төлсөн. Уг зардлууд нь зам тээврийн осолтой шууд холбоотой, шалтгаант нөхцөлтэйгөөр урган гарсан хохирол тул хариуцагч А.Т-аас 380.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Намайг зам тээврийн ослын гэм буруутнаар тооцсон эцсийн шийдвэр гараагүй болно. Би дуудлагын жолооч хийдэг байсан. Тухайн үед би шар гэрлээр орсон нь үнэн боловч  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн автомашин явах гэрэл асаагүй байхад замын голд явсан. Үүнийг дахин шалгуулмаар байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК, Б.Балжинням нар нь хариуцагч А.Т-д холбогдуулан гэм хорын хохирол 4.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь зам тээврийн осолд түүний гэм буруутайг тогтоогоогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгсэлд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн ослын улмаас баруун урд крыло хаалга хонхойж нугарсан, урд буфер хагарч бутарсан, баруун урд гэрэл хагарсан, баруун урд шанаа нугарсан, баруун урд дээд доод гар амортизатор гулзайсан, баруун урд цап тяг шарнер гулзайсан, капут нугарсан, жолооч зорчигчийн өвдөгний дэр задарсан, хамгаалах бүснүүд гацсан, кузов урд хэсгээрээ их гажсан гэмтлүүд учирсан, мөн эдгээр гэмтлийг арилгахад 3.865.000 төгрөг шаардлагатай талаар дурдсан бөгөөд тус үйл баримт хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 208 дугаар тогтоол, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хас үнэлгээ ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан, Нимонс ХХК-ийн үзлэг оношилгооны баримт болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна /хх-9-10, 11, 14-16, 21, 22-24/.

 

Дээрх тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх ба иргэн Ц.О-тэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжжээ /хх-7, 25-26/.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, фидуци нь гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалт дахь үүргийн гүйцэтгэлийг хангах арга, мөн хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн өмнө хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч Ц.О биелүүлээгүй, зөрчил үүссэн нөхцөлд фидуцийн зүйл болох  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үндэслэл нэхэмжлэгчид үүснэ.

 

Гэвч нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-д фидуцийн гэрээний дагуу УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн хамтран нэхэмжлэгч Б.Б нь зам тээврийн осолтой холбогдуулан дээрх тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсан 10 хоногийн хураамж 175.000 төгрөг, Мастер авто сүлжээ нимонс ХХК-д явах эд анги, компьютер оношилгоо хийлгүүлсний зардал 34.000 төгрөг, Хас үнэлгээ ХХК техникийн үнэлгээ хийлгүүлсний зардал 160.000 төгрөг, мөн Тээврийн прокурорын газрын эрүүгийн хэргийн архиваас зам тээврийн осолтой холбоотой баримт, материалыг хуулбарлан авсны зардал 11.000 төгрөг, нийт 380.000 төгрөгийн зардал гарган хохирсон /хх-17, 18, 23, 27/ гэж тайлбарлаж байх боловч мөн түүнийг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь тээврийн хэрэгслийг түүний эхнэр Ц.О-н өмчлөлд бүртгэлтэй байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК болон Б.Б нарыг нэхэмжлэлд дурдсан УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгслийн хувьд, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх этгээд гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зам тээврийн ослын улмаас уг тээврийн хэрэгсэл болон түүнтэй холбоотой учирсан гэм хорыг шаардах эрхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Тээврийн прокурорын газрын прокурорын 208 дугаар тогтоолд хариуцагчийг  УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 8.18-д заасныг зөрчсөний улмаас Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3.865.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байх ба хариуцагч уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй,  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн автомашин явах гэрэл асаагүй байхад замын голд явсан учир буруутай гэж маргаж байна.

Гэвч дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар гэм хорын хохирол шаардах эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй нөхцөлд хариуцагч зэм тээврийн осолд гэм буруутай эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Т-д холбогдуулан гаргасан  УНП улсын дугаартай, Тоёота марк-Х маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 3.865.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, мөн уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсонтой холбоотой гарсан зардал 380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ыннэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т-д холбогдуулан гаргасан 3.865.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, 380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б г ф ББСБ ХХК, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7.130 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Б.УНДРАА