| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03804/И |
| Дугаар | 181/ШШ2021/00281 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/00281
| 2021 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2021/00281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ё.М /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Б / РД: ............./-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,340,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр барьцаагүй 20 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг хүүг cap бүрийн 13-ны өдөр төлөх, хугацаа хэтэрсэн нөхцөлд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан ч Зээлдэгч гэрээг сунгах санал гаргаж Зээлийн гэрээг 6 сараар сунгаж зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг Ч.Б Хаан банк ........... тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн хүүг огт төлөөгүй төлнө гэсээр хугацаа дуусахад дахин сунгая би ямар ч байсан төлнө, гэж хугацааг сунгах талаар мессэж захидал бичиж явуулсан үүнээс хойш хэд хэдэн удаа ярьсан боловч Замын-Үүдэд нүүрс тээвэрлэж машин явуулж байна. Ажил зогсоод саатаад байна, удахгүй төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа бүртгэлтэй ч байдаггүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болж, оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулж тогтоосон ч бас л тэр хаяг дээрээ байдаггүй 2 дахь удаагаа эрэн сурвалжлуулж энэ хаягт байгааг тогтоосон болно.
Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, 26 сарын зээлийн хүү 11,700,000, алданги 1,500,000 төгрөг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 140,400 төгрөг нийт 16,340,400 төгрөгийг Ч.Б-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б миний бие нь тус шүүхэд хянагдаж буй Ё.М-н нэхэмжлэлтэй Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 11,700,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг ... бусад зардалд 140,400 төгрөг нийт 16,340,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа бөгөөд Ё.М-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй байхаар тусгагдсан байх бөгөөд энэ нь зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой буюу зээлийн хүүгийн хувь хэмжээ нь зах зээлд тогтсон жишиг, дундаж хүүний хувь хэмжээнээс хэтэрхий өндөр гэж үзэж байна.
2. Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний хугацааг сунгах талаар ирүүлсэн мессеж, захидал зэргийг үндэслэн гэрээний хугацааг сунгасан тул сунгасан хугацааны хүү нэхэмжилсэн байна. Гэтэл энэ нөхцөл байдал нь зөвхөн зээлдүүлэгчийн хүү авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ мөн зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан байдаг тул 1 талын санал, хүсэлтээр гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хугацаатай гэрээ бичгээр байгуулагдсан учир бичгээр байгуулсан гэрээг сунгахдаа өмнөх хэлбэрийг баримтлах тул зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.
3. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрч, талуудын хүсэл зориг агуулгын хувьд давхацсан байхыг ойлгодог. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг миний бие уншиж танилцаагүй, Ё.М-н дарамт дор гарын үсгээ зурсан байдаг.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд 1 сарын 15 хувийн хүүтэй байхаар тохирсон асуудал нь зах зээл дэх сарын дундаж хүүнээс өндөр байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтуудыг өгсөн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэж маргасан байдаг. Зээлийн гэрээний 20 сарын хугацаа дуусч, 6 сараар сунгах нь зүйтэй гэж үзээд 26 сарын хүүг нэхэмжилсэн байдаг. Энэ зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт болон сунгах асуудал яригдах гэж байгаа бол Иргэний хуулийн 43.2 зааснаар хийгдэх ёстой гэж үзэж байна. Гарын үсэг зурахгүйгээр сунгалт гэрээ хийж нэмэлтээр 6 сарын хүү тооцож байгаа тохиолдолд хүчинтэй гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүн нь нотлогдохгүй байна. Хариуцагчийн зүгээс 3,000,000 төгрөгийг авсан гэдэгт маргахгүй байгаа.
Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзвэл хүчин төгөлдөр эсэх асуудал дээр дүгнэлт хийх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Талуудын анх байгуулагдсан зээлийн гэрээг харахад зээлдэгч 20 сарын хугацаанд хүү төлөөд сүүлд үндсэн төлбөрийн хамт төлөхөөр байгуулсан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн хэлцэл гэж буюу зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлж байна. Анх 10 хувиар байхаар амаар байгуулж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 15 хувь байна гэдгийг үгүйсгэж тухайн хүүгээр байгуулсан гэж хариуцагч ярьдаг. Мөн 2 удаа эрэн сурвалжлуулсан гэх талаар хэрэгт нотлох баримт байхгүй тул нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамжид буцаан олгосугай гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч Ч.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин хүү хэт өндөр байгаа, мөн алдангийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 04/16 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5 дахь тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ч.Бгаас шаардах эрхтэй.
Хариуцагч Ч.Бгийн 5034754215 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Ё.М-н Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэг ч төгрөг буцаан аваагүй. Ч.Б нь олгохгүй байсан тул 2 удаа эрэн сурвалжлуулж олсон. Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 11,700,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, нийт 16,340,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Зээлийн хүү хэт өндөр байгаа. Иргэд хоорондын зээл 10 хувь, 8 хувийн хүүтэй байна. Гэтэл 15 хувийн хүү хэт өндөр. Алдангийг зөвшөөрөхгүй. Эрэн сурвалжилсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 140,400 төгрөгийг зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүүг 10 хувиар тооцвол 6,000,000 төгрөг төлж болно. Хүүгийн хэмжээ хэт өндөр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар багасгаж өнгө үү гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Ч.Б гуйж, гуйж зээл авсан. Одоо хүү өндөр байна гэж байгааг ойлгохгүй байна. Хүүгийн хэмжээ хэт их байна гэвэл 10 хувь болгож болно, хариуцагч нь хүүгийн хэмжээ хэт их байгаа тул багасгаж өгнө үү. Зээлийн гэрээний хүүнд сарын 10 хувиар тооцож, 20 сарын хүү 6,000,000 төгрөг төлөх боломжтой гэж тус тус тайлбарласан.
Дээрхи тайлбараас үзэхэд зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул 5 хувиар багасгаж, зээлийн хүүг нэг сарын 10 хувиар тооцон 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 6 сарын хугацаагаар гэрээг сунгасан гэж уг хугацааны хүүг шаарджээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд тадууд зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул 6 сарын хугацааны хүү шаардах эрхээ алдсан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-д Зээлсэн мөнгийн хугацаанаас нь хэтрүүлбэл төлөх ёстой үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул уг хугацаанаас хойш алданги шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл 3,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 1,500,000 шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Ч.Бг 2 удаа эрэн сурвалжлуулсан гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3630 тоот албан бичигт Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2224 тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж буй Чойдоржийн Бат-Амгалан... гэж дурдсан байх тул хариуцагчийг эрэн сурвалжлахад 70,200 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.
Харин, дахин эрэн сурвалжлуулсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд, хариуцагч Ч.Бгаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол 70,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,770,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ч.Бгаас 10,570,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,770,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184,073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР