| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/118 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007490879 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт В-ын Н, Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ***.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй гээд хавтаст хэргийн 28, 52, 56, 58, 79-80 дахь талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч В.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын замд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замаар гарч байсан явган зорчигч С.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаант ясны хугарал, дух, баруун, зүүн хацар, хамрын хянга, доод эрүү, баруун зүүн сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал),
- хохирогч С.М-ын “... Тэр өдөр би нэг найзтайгаа хамт 0,5 литрийн архи 2-уулаа хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ харих гээд толгойтын замаар явж байгаад баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байгаад замын 1-р эгнээнд нэг машинд мөргүүлсэн. Тэр машины урд гуфрын баруун хэсэгт миний биеийн баруун тал мөргөгдөөд миний ухаан балартсан. Нэг мэдэхэд би газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Зам гарч байхдаа гар утсаараа оролдоогүй, илүү үйлдэл хийгээгүй. Намайг зам гарч байхад 2-р эгнээгээр явж байсан машин надад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь би шууд зам хөндлөн гарсан. Би тухайн үед би машин ирж байгааг хараагүй, явган хүний гарцгүй газраар зам гарч байсан. Тухайн машины гэрэл хол харагдахаар нь би зам гарч амжина гэж бодсон. Би зам гарч байхдаа гүйгээгүй, хурдан алхаж байсан. Ослын улмаас миний баруун хөлийн шаант яс хугарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12290 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.С.М-ын биед баруун шаант ясны хугарал, дух, баруун зүүн хацар, хамрын хянга, доод эрүү, баруун зүүн сарвуу, хэвлийд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий, баруун, зүүн өвдөгт хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1656 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд “...Магадалгаа: 5. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер үлээлгэн шалгасан тэмдэглэлд жолооч 0.00%-ийн үзүүлэлттэй ШШЕГ-ийн 5275 дугаартай дүгнэлтээр явган зорчигчийн цусанд 1,3 промилли спирт илэрсэн байв. 5.1.Явган зорчигч С.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна; гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
5.2.Жолооч В.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэсэн (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М-ын биед эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтэл учирч хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч В.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын замд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус замаар гарч байсан явган зорчигч С.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаант ясны хугарал, дух, баруун, зүүн хацар, хамрын хянга, доод эрүү, баруун зүүн сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч В.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч В.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,500,000 төгрөг төлсөн, хохирогч С.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан болох нь хавтаст хэргийн 79, 80 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүгдэгч В.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч В.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд гүйцэтгүүлэх саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, улсын яллагчийн зүгээс тусгайлан саналгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч В.Н-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг арилгасан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч 37 настай, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын талаар эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд зам тээврийн ослын хохирогч болж эрүүл мэндээрээ хохирч байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч “...Би жолооны эрхээрээ амьдарч байна. Урьд зам тээврийн осолд орж 17 яс хугараад хүнд ажил хийж чадахгүй болсон. Жолооны эрхээ хасуулмааргүй байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч В.Н-ын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч В.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч С.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэж заасныг зөрчсөн буюу гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэж тус тус заасан.
Шүүгдэгч В.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт В-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч В.Н-ыг чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР