| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
2025 01 16 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилолтоор/,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000541662 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2408000541662 дугаартай хэргээс:
1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн ***гээс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дүрс бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),
3. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),
4. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаартай үнэлгээний дүн 1,519,200 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 9 дэх тал),
5. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед найз ***ын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын В1 давхарт байрлах саунд орсон. Тухайн сауны үүд хэсэгт найз ***ын хамт хэсэг юм ярин сууж байгаад сауны өрөөнд орохдоо өөрийн гар утсаа ширээн дээр тавиад орхисон. 03 цагийн үед саунаас гарч ирээд гар утсаа байхгүйг анзаарч алдсанаа мэдсэн. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед “***” зочид буудлын В1 давхарт байрлах сауны камер шүүж үзэхэд саунд үйлчлүүлж байсан үл таних 30 орчим насны эрэгтэй ширээний дээр тавьсан байсан гар утсыг авч явсан байсан. Уг эрэгтэй хар ногоон өнгийн ажлын хувцас өмссөн байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өглөө найз ***ын *** дугаараас өөрийн *** дугаарт удаа дараа залгасан боловч хэсэг хугацаанд дуудаж байгаад унтраачихсан. Би гар утсаа сүүлд “***” зочид буудлын В1 давхрын саун дотор 02 цагийн үед сауны тооцоо хийхдээ ашигласан. Doogee S98 про загварын гар утас байсан. 2023 оны 04 дүгээр сард Doogee-н албан ёсны төвөөс 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан 1.700.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),
- хохирогчоор 2024 ооны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн: Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. ... алдсан гар утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцааж өгсөн тул ямар нэгэн гомдол санал хохирол байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),
6. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн үед өөрийн гэр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр гудамжны 1075 тоотоос гараад өөрийн ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын в1 давхрын алжаал тайлах төвд ирсэн. Тухайн шөнө буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед үл таних 30 орчим насны 2 залуу орж ирж үйлчилгээ хийлгэсэн ба 03 цагийн үед гар утсаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгээд нөгөө 2 залуу тухайн шөнө ажлын амралтын өрөөнд амарсан ба өглөө 11 цагийн үед хяналтын камерын бичлэг шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн үед манай байгууллагаар үйлчлүүлсэн хүн авч байгаа нь хадгалагдсан байсан. Бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаа хүнийг урьд өмнө харж байгаагүй, анх удаагаа үйлчлүүлсэн. Тухайн залуу миний Хаан банкны *** дугаарын дансанд Хаан банкны 5278131521 дугаарын данснаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 04 цаг 32 минутад 160,000 төгрөг, 04 цаг 51 минутад 25,000 төгрөг, 04 цаг 56 минутад 80,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн байсан. Би өөрийн “Хаан банк”-ны *** дугаарын дансны 2023 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрийн хугацааны дансны хуулгыг гарган авч ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7дахь тал),
7. Гэрч Ж***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 08 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1 дүгээр хороолол 58-24 тоотоос өөрийн эзэмшлийн 33-11 УАА улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан ба 11 цагийн үед Гандангийн автобусны буудлын орчимд зогсож байхад үл таних 30 орчим насны залуу ногоон өнгийн Рооgее брэндийн гар утас өгөөд энийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын орчимд хүргээд өгчих гэж хэлээд *** дугаарыг хэлээд бэлнээр 10.000 төгрөг өгчхөөд яваад өгсөн. Би тухайн гар утсыг хүлээж аваад *** дугаарын утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчимд цагдаагийн албан хаагчид хүргэж өгсөн. Би тухайн утас өгсөн залууг танихгүй. Өмнө нь харж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
8. Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын В1 давхарт Саунд ганцаараа үйлчлүүлэхээр орсон. Саунд орж байхдаа 0,5 граммын сэнгүр пиво 5 лаазыг уусан. Тухайн газарт орохоосоо өмнө ч пиво уучихсан нэлээд согтолттой орсон. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05 цагийн орчим *** зочид буудлаас гарах гээд үүд рүү явж байхад зочид буудлын саун байдаг в-1 давхрын үйлчлүүлэгч нарын суудаг заалны ширээн дээр байсан Dogee маркийн хар өнгийн гар утас байхаар нь авчихсан. Би өөрийн амьдарч байгаа төрсөн ах ***ын Баянзүрх дүүргийн товчоонд байдаг гэрт нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 цагийн орчим очиж амарсан. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим цагдаагийн байгууллагаас утсаар надтай холбогдож гар утас авсан байна авчирч өгөх талаар хэлсэн. Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал дээр зогсож байсан үл таних таксины жолоочийг гуйгаад тухайн Dogee маркийн гар утсыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Тухайн өдөртөө Ховд аймгийн Цэцэг сум руу ажил руугаа явсан учир цагдаагийн байгууллагаас дуудахад очиж чадаагүй. Миний бие цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсныг мэдээгүй байж байтал 2024 оны 10 дугаар 21-ний шөнө замын цагдаад баригдаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн *** гэх алба хаагчид намайг хүлээлгэж өгсөн. Би *** зочид буудлаар ганцаараа үйлчлүүлсэн. Би гар утсыг цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр явуулсан такси нь мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн автомашин байсан. Би жолоочийн нэр, утасны дугаар, автомашиных нь дугаарыг мэдэхгүй байна. Би гар утсыг сим карт хийж ашиглаагүй. Цэнэг нь дууссан байсан. Тухайн гар утсыг авч явсан өдрөөс хойш 2 хоногийн дараа эзэнд нь буцааж өгөхөөр таксинд өгч явуулсан. Би согтуу байсан болохоор тухайн гар утсыг авчихсан. Яах гэж авсан эсэхээ мэдэхгүй байна. Би Тэнцвэр эстимэйт ХХК-н үнэлгээчин Д.Амгалангийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг бүгдийг нь уншиж танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69 дэх тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52-54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал),
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял (хавтаст хэргийн 98-103 дахь тал),
- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял (хавтаст хэргийн 108-114 дэх тал),
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10-01/2841 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 105 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 05-6-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын В1 давхарт байх алжаал тайлах төвөөр үйлчлүүлээд гарахдаа тус төвд үйлчлүүлж байсан хохирогч ***гийн ширээн дээр үлдээсэн Doogee s98 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,519,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын В1 давхарт байх алжаал тайлах төвөөр 2023 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө үйлчлүүлээд 04 цагийн үед гарахдаа тус төвд үйлчлүүлж байсан хохирогч ***гийн ширээн дээр үлдээсэн Doogee s98 загварын 1,519,200 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн ***гээс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дүрс бичлэг бүхий Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),
- 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),
- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1040 дугаартай үнэлгээний дүн 1,519,200 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 9 дэх тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),
-хохирогчоор 2024 ооны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7дахь тал),
- Гэрч Ж***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус гэмт хэргийн үндсэн шинжийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэж тодорхойлжээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь шунахай сэдэлт, шалтгаан нөхцөлөөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу хохирогчид 1,519,200 төгрөгийн бодит хохирол учирчээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдал хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч ***д нийт 1,519,200 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь алдсан гар утсаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцааж авсан ямар нэгэн гомдол санал хохирол байхгүй (хавтаст хэргийн 92-93 дахь тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо тайлбар гаргаагүй болно.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба уг ял дуусгавар болсон талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10-01/2841 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 105 дахь тал) хэрэгт авагдсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН