| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00598/И |
| Дугаар | 155/ШШ2021/01050 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2021/01050
| 2021 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2021/01050 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.И-ийн
Хариуцагч: Б.Бд холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2021/00598/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Далайбаяр, нэхэмжлэгч Т.И нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бнтай оюутан байхдаа 2017 онд танилцан үерхэж эхэлсэн. Бид 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуримаа хийсэн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин Б 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрж, би өөрийн нэрээр овоглосон. Одоо 03 настай, надтай хамт амьдардаг. Б.Бн Замын-Үүд рүү явж ажил хийдэг байсан, дахин 2019 оны 8 дугаар сарын үед буцаж яваад эргэж ирээгүй, өөр эмэгтэйтэй амьдардаг.
Иймд Б.Бныг охин И.Бын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Бн шүүхэд гаргасан тайлбартаа: Г сумын 2 дугаар баг Зүрхийн төвд оршин суугч Т.Игоос хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхэддээ тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Би Т.Игоос гаргасан нэхэмжлэлд энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Бн Т.Итой 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцсан. Танилцах үедээ ямар нэгэн дотно харилцаанд ороогүй. Ингэж танилцсаны дараа би Дундговь аймгийн Сайншанд сум руу ажлаар явсан. Угаасаа тэнд ажилладаг байсан юм. Ингээд ажилдаа Дундговь аймаг руу явж байгаад 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд ирсэн. Ирээд Т.Итой маргааш нь уулзсан. Уулзсанаас хэд хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 20-ны орчимд Т.И бид хоёр дотно харилцаанд орсон. Ингэж би Мөрөн суманд 2 хоносон. Ингээд Г сум руу явсан. Г суманд улсын баяр өнгөрөөгөөд Мөрөн суманд ирсэн. Ирээд мөн Т.Итой дотно харилцаанд орсон. 2017 оны 7 дугаар сарын эхээр Т.И нь намайг Г суманд байхад над руу утсаар мессежээр би жирэмсэн болсон байна гэж бичиж байсан. Ийм цөөхөн буюу дотно харилцаанд орсноос хойш 10-аадхан хонож байхад өөрийнхөө жирэмсэн болсныг мэдээд над руу мессеж бичсэнд нь эргэлзээ төрөөд байгаа юм. Дотно харилцаанд орсноос хойш 10-аадхан хоноод жирэмсэн болсноо мэдчихдэг ийм эмэгтэй байдаг юм болов уу гэж бодохоор эргэлзээ төрж байгаа тул миний бие хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.И нь шүүх хуралдаанд хариуцагч Б.Бнд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.И, хариуцагч Б.Бн нар 2017 оноос эхлэн танилцан үерхэж байх хугацаанд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр охин И.Б төрж, эх Т.Игоор овоглосон бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Г сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэж олгосон РД: рд18240606, Тайж овогт Иийн Б, охин, 2018 оны 4 дүгээр сарын 06-нд М суманд төрснийг Хөвсгөл аймгийн Г сумын төрсний бүртгэлд 2018 оны 4 дүгээр сарын 16-нд бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6716000025 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Г сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн Хөвсгөл аймгийн Г сумын 2 дугаар багийн харъяат И овогтой Б 2 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа гэх бичилттэй тодорхойлолт (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Г сумын Зүрх багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Т.И , охин Б -ын хамт Г сумын Зүрх багт амьдардаг нь үнэн гэх бичилттэй №21 дугаар албан бичиг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ Маягт хх04, ...эрсдлийн үнэлгээний дүгнэлт: хүүхэд бие махбодийн болон хүнд хүчирхийлэлд өртөөгүй... гэх бичилттэй хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт хх03 (хавтаст хэргийн 6-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч Б.Бн нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин И.Бын төрсөн эцэг биш гэж маргаж байгаа боловч Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ...Дүгнэлт 1. Хүний аутосомын хромосомын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta Е, D13S317, D7S820, Penta D, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.Бн нь И.Бын биологийн эцэг байх боломжтой байна. 2. Б.Бн нь И.Бын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.9% байна гэх бичилттэй №3652 дугаар шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар охин И.Бын төрсөн эцэг мөн байх үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин И.Б нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Бнаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин И.Быг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин И.Бын төрсөн эцэг 0 дугаар регистртэй, Б.Б мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин И.Быг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин И.Б 03 нас 06 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин И.Бд сар бүр Б.Бн төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар И.Бд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Т.Игийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бнаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Хариуцагч Б.Бн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин И.Бын төрсөн эцэг нь 0 дугаар регистртэй, Б.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин И.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Бнаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Игоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бнаас улсын тэмдэгтийн хураамж 105.537 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Ид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА