| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0401/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/397 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 24210000004*******2 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*******86 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, харуулын ахлах мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бор дууль дэлгүүрийн хойд талд хохирогч маргалдан зодож түүний биед уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, сарвууны ар хэсэг, 5 дугаар хуруу, зүүн тохой сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бор дууль дэлгүүрийн хойд талд хохирогч маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, сарвууны ар хэсэг, 5 дугаар хуруу, зүүн тохой сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед надаас тээвэрт явсан хөлсөө авах гэж ирсэн байсан бөгөөд би хөлсийг нь өгөхөд тодруулах зүйл байсан болохоор өгөөгүй. Тэгээд орой 17 цагийн орчимд харанхуй болж би ажлаа дуусгаад багажаа татаж аваад хамт машин засаж байсан ах, хоёрыг хүргэж өгөх гээд явсан. ...замд надад ганц юм аваад өг гэхээр нь би Зангиатын 10 дугаар эгнээний Бор дууль хүнсний дэлгүүр дээр очиж зогсоод т хандаж чи найзынхаа картыг аваад орчих гэхэд би хүний картаар яахав дээ, чи өөрөө ороод авч өг гэсэн. Тэгэхээр нь би тай хамт машинаас буугаад дэлгүүр орох гэхэд дэлгүүрийн үүдэнд миний өмнө зогсоод чи сонин байна даа гэхээр нь би нүүр рүү нь хоёр гараараа мангасдаж түлхэхэд миний өөдөөс самардаж, дайрахаар нь би ын нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад ноцолдож байхад хамт явж байсан ах намайг боль, чи яаж байгаа юм бэ гэхээр нь би үгэнд нь ороод дахиж т гар хүрээгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Б.ын "...Би 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд тээвэрт явсан хөлсөө оос авах гээд ******* сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 10 дугаар эгнээний замын зүүн талд баруун тийшээ харж байрласан мини маркет нэртэй 2 давхар улаан тоосгон дэлгүүрийн гадаа уулзсан. Ингээд би оос тээвэрт явсан хөлсөө авах хэрэгтэй байна, үлдэгдэл 500,000 төгрөгийн цалин авах ёстой гэж ярихад нь намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би түүний машинаас буухад ...ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд цохиж эхэлсэн. Намайг цохиж байхдаа “чи яасан гэж надаас мөнгө авах гээд байгаа юм” гэж хэлээд зодоод байсан. Дараагаар нь газраас чулуу аваад цохиж эхэлсэн бөгөөд би түүнийг цохилтыг нь гараараа хаасан. Үүний улмаас миний хоёр гарын гадна хэсэгт олон тооны шалбархай шарх үүссэн байна. Мөн нүүр хэсэгт цохисон үйлдлээс болж дээд, доод уруулын дотор тал хавдсан, дээд 2 хиймэл шүд маань унасан, духны зүүн талд хавдсан байдалтай байна. Ингээд намайг цохиж байхдаа үргэлжлүүлэн том чулуу аваад намайг цохих гэж байхад хажуугаар зөрж явсан 2 хүн ирээд түүнийг надаас салгасан юм. Энэ үед нь энэ 2 салгасан хүнд баярлалаа гэж хэлээрэй гэх зэргээр хэлээд байсан. ...Би оос сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг, гэрч "...Би 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр ******* сумын 4 дүгээр баг Зангиатын 16-00 тоот хашаандаа зүс таних гийн хамт машинаа засаж байхад өдөр 12 цагийн орчим хадам дүү ирсэн. Тэгээд надтай юм хийж байхад ын найз ирсэн. Тэгээд орой 17 цагийн орчим бид нар ажлаа дуусгаад явж байхад Зангиат хорооллын Бор дууль дэлгүүрийн гадаа , хоёр архи авахаар дэлгүүр орох гээд машинаас буусан. Тэгээд гэнэт юу болсон юм , ыг зодоод эхлэхээр нь би машинаасаа буугаад тэр хоёрыг салгасан. Тэгээд би тэр хоёрт хандаж “та хоёр одоо юу болж байгаа юм бэ, битгий зодолд боль” гэхэд тэр хоёр миний үгэнд ороод машиндаа суугаад яваад өгсөн бөгөөд арагшаа зам дагаад явган алхаад явсан. ... ын толгой, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 612 тоот “...Б.ын биед уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, сарвууны ар хэсэг, 5 дугаар хуруу, зүүн тохой, сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хуруунд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэг, баруун тохой, сарвууны ар хэсэг, 5 дугаар хуруу, зүүн тохой, сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.7.3-т хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА