Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/403

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005780498 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь хасахгүйгээр 4 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан 4 жилийн хорих ялаар тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:         

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө торгуулийн ялаас 500,000 төгрөг төлөх дутуу байгаа. Хугацаа нь 1 сард төлөөд дуусна...” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай төрсөн ах гэртээ намайг дуудсан. ...гэрт нь очоод Хараа нэртэй 0,33 литрийн хэмжээтэй архи дээрээс нь бага зэрэг уусан байхаар нь би өөрөө ганцаараа уучихсан. Тэгээд 15-16 цагийн үед гэрээс нь гараад Шүр захын хойд талын гэрлэн дохиотой 4 замын уулзар дээр явж байхад миний урдуур нэг машин гэнэтхэн орж ирээд би араас нь мөргөчихсөн. ...Миний хувьд 2024 оны 07 дугаар сард шүүхээр орж эрхээ 1 жилээр хасуулаад 2,700,000 төгрөгийн торгуулийн ял авчихсан явж байгаад осол гаргасан. Мөн архи уучихсан явж байсан. ...Тухайн үед миний машиныг мөргөсөн жолооч нь өөрөө буруугаа хүлээгээд миний машинд учруулсан хохирлыг даатгалаараа төлүүлнэ гэж тохироод тухайн үедээ цагдаагаар шалгуулаагүй даатгалаар шийдүүлэхээр болсон. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, гэрч “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд ерөнхий жижүүр 102-оос Шүр захын хойд талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр хоёр машин мөргөлдсөн байна ...гэсний дагуу очсон.  ...жолоочийг шалгахад Ниссан ноте маркийн тээрийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нөгөө приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь эрүүл байсан. Тэгээд Ниссан ноте маркийн тээврийн хэрэгслийн жолооч ыг жолооны эрхийн үнэмлэх байгаа эсэхийг шалгахад 2024 оны 07 дугаар сард мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрүүгийн хэрэг үүсэн шүүхээр орж 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан. Тэгээд жолооны эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон болохоор тухайн жолоочийг журмын хашаанд очиж согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар шалгахад 2,78 согтолттой байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...дуудлагын дагуу очиход улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэл нь зам тавьж өгөх үүргээ биелүүлэлгүй чигээрээ явж байсан Ниссан ноте маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. ...Ниссан ноте маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 2024 оны 07 дугаар сард эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 2,700,000 төгрөгөөр торгуулаад 1 жилээр эрхээ хасуулсан үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээрийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болохоор тухайн өдөр гарч байсан жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот “61 эр х/18 гэж хаягласан цусанд 3,9 промилли спиртийн агууламж илэрсэн” гэх дүгнэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь /хх-ийн 49/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч *******ын цусан дахь согтуурлын зэрэг 3,9 хувьтай гарсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот дүгнэлтээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь  2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 500,000 төгрөгийн торгуулийн ялыг үлдэгдэлтэй болох нь Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан тоотоор нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Г.НАМУУНТУЯА