Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долгорсүрэнгийн Батсайханд холбогдох эрүүгийн 201722000155 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харуулынхан Долгорсүрэнгийн Батсайхан, 1962 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, зээ хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн РЕ62101871 дугаартай,

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хашаанд эргүүлийн машинаас буухдаа хамт сууж явсан С.Очирбаттай маргалдаж түүний гуян тус газар өшиглөж, бие махбодид нь нэг төмсөгний няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хашаанд эргүүлийн машинаас буухдаа хамт сууж явсан С.Очирбаттай маргалдаж түүний гуян тус газар өшиглөж, бие махбодид нь нэг төмсөгний няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 02 сарын 21-ний өдөр би зах дээр хөдөө гарах гээд 18 цагийн үед согтуу архи уугаад явж байтал нэг хүнтэй маргалдсан чинь намайг цагдаа дуудаад өгсөн. Цагдаа нар ирээд жижүүрийн машиндаа намайг суулгасан. Би жолоочийн ар талд суусан. Тэгтэл замаас нэг согтуу хүн аваад миний хажуугаар суулгасан. Тэр хүнийг бүүр цааш оруулаад жолооч талын онгойдоггүй хаалганы хажууд суулгаад би арын суудлын дунд суугаад машины онгойдог талын хаалган талд нэг цагдаа суугаад эрүүлжүүлэх байрны гадаа ирээд цагдаа бид нарыг буулгаад эрүүлжүүлэх байранд хийсэн. Тэр согтуу хүнийг өөр өрөөнд оруулсан. Маргааш өглөө нь тэр согтуу хүн намайг төмсөг рүү өшиглөсөн гэхээр нь би өшиглөөгүй гэсэн чинь чи намайг өшиглөсөн 2 цагдаа мэдэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би үзье гээд хартал төмсөг нь хавдсан байсан... гэх мэдүүлэг,

Хохирогч С.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 02 сарын 21-ний өдөр захын урд талын Аз гээд дэлгүүрийн гадаа тасраад уначихсан байхад нь цагдаа нар очиж авсан юм байна лээ. Би цагдаа нарыг ирэхэд ухаан орсон. Тэгээд намайг машин руу оруулахад огт хараагүй нэг хүн сууж байсан. Тэгээд би цагдаа нар намайг хамгаалж байна уу гэсэн чинь пизда минь дуугүй суугаарай гэсэн. Тэгээд бид нар эрүүлжүүлэхийн үүдэн дээр ирсэн. Тэгээд хажууд сууж явсан цагдаа буугаад би араас нь буусан. Тэгтэл намайг машинаас буунгуут шууд төмсөгрүү тийрсэн. Тэгтэл би шууд газарт унаад ард дагзаараа мөргөж унасан. Тэгээд би ёо ёо гэж орилтол Отгонхуяг цагдаа намайг босоорой гээд эрүүлжүүлэх байрлуу оруулаад нүцгэн биеийн үзлэг хийгээд камерт оруулсан. Тэгээд би хэсэг унтаж байсан чинь төмсөг рүү өвдөөд халуураад эхлэхээр нь эмчид үзүүлтэл төмсөг маань хадсан байсан. Тэгээд өглөө болтол эрүүлжүүлэхээс шууд гаргасан. Өглөө нь камер дотор Батсайхан гэдэг залуутай уулзаж чи намайг яагаад төмсөг рүү өшиглөж байгаа юм бэ, хавдаад халуураад байна гэж хэлсэн. Тэгтэл жижүүрийн цагдаа та энэ хүний төмсөг рүү өшиглөсөн шүү эмчлүүлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл Батсайхан би чамайг зодоон хийж байсан хүмүүстэй андуураад өшиглөсөн байна лээ, хоёулаа тохиръё гээд эмнэлэг дагуулж яваад үзүүлэх гэтэл надад эрүүл мэндийн даатгалын дэвтэр байгаагүй учраас үзүүлж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.02.21-нд жолооч цагдаа дэд ахлагч Баярсайхантай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 17 цаг 30 минутын орчимд захаас ахлах ахлагч Сэнгэравдангийн хамт нэг согтуу хүн машинд суулгаад буцаж явтал ажлын 7038102 тоот утаснаас залгаад 6-4-р гудамжны үзүүрт биеэ авч явах чадваргүй согтуу хүн унасан байна гэх дуудлагын дагуу очиход гудамжны үзүүрт Баянзүрх суманд байдаг Очирбат нь согтуу хэвтэж байсан. Очирбатыг цагдаагийн алаг тэрэгний арын сандал дээр суулгаад эрүүлжүүлэх байрны гадаа ирсэн. Би машинд урд талын сандлаас түрүүлж буугаад Очирбатын сууж байгаа талын машины хаалгыг онгойлгоод буугаарай гэхэд Очирбат ёо ёо гээд машинаас хаалгаар урагшаа хараад гулгаад буусан. Тэгээд Очирбат болон цаад талын суудал дээр сууж явсан хүнийг машинаас буулгаад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дашпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.02.21-ний өдөр албадан саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 18 цаг 10 минутын үед согтуу хүн агсам тавьсан дуудлагаар Долгорсүрэнгийн Батсайхан, биеэ авч явах чадваргүй газарт унасан дуудлагаар С.Очирбат нар ЦГ-ын албадан саатуулах байранд хүргэгдэж ирсэн. Тухайн хүмүүс нь ахлах ахлагч Сэнгэравдан дэд ахлагч Баярсайхан нар авч ирсэн. Д.Батсайханы биеийн байдлыг үзэхэд гуяа болон гарын сарвуу хэсэгт түлэгдсэн уруулын дээд талд шалбарсан байсан. Биеийн ерөнхий байдал хэвийн байсан. С.Очирбатыг үзэхэд биед ил харагдах шарх сорвигүй биеийн ерөнхий байдал хэвийн байсан. Тэдгээр хүмүүсийг үзэж эрүүлжүүлсэн. Тухайн шөнө 03 цагийн орчимд С.Очирбатын бие зовиуртай байхаар нь давтан үзлэг хийсэн. Үзлэг хийхэд төмсөгний хэсэг орчимд нь бага зэрэг хавдсан байсан . С.Очирбатын бие зовиурлаад байхаар нь өвчин намдаах эм өгөөд аркнаас гаргаад хэвтүүлэхэд унтсан. Өглөө 08 цагийн орчимд дахин давтан үзлэг хийхэд төмсөг нь бүүр илүү хавдсан байсан. Тэгээд 08 цаг 40 минутын орчимд эмнэлэгт шинжилгээ өгөөд цагдаад асуудлаа шийдүүлээрэй гээд гаргаад явуулсан. Шөнө 03 цагийн орчимд үзүүлэхдээ намайг эрүүлжүүлэхэд цуг орсон нөхөр өшиглөсөн гээд Батсайхан гэгч рүү гараараа зааж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Д.Сэнгэравдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 02 сарын 21-ний өдөр үдээс хойш Цагаан-Уул захын Монос эмийн сангийн урд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага 7038102 дугаарын утаснаас ирэхээр нь би ганцаараа очиход Халзан толгойтой саарал дээлтэй Батсайхан гэгчийг ямаан сахалтай өндөр биерхүү залуу унагаагаад дээлнийх нь ханцуйгаар төмөр хайрсыг ороогоод барьсан байдалтай байхаар нь би станцаараа 10-аас машин явуулаарай гэхэд Отгонхуяг цагдаа Баярсайхан цагдаа 2 ирсэн. Би Батсайхан гэгчийг захын постон дотор оруулаад суулгачихсан байсан, тэндээс алаг тэрэгний арын суудалд суулгаад цагдаагийн газар орох гээд явж байхад Баярсайхан Отгонхуяг 2-т Аз дэлгүүрийн урд согтуу хүн унасан байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд замдаа тэр хүнийг манай 2 цагдаа авч машинд суулгасан. Тэгээд би тэр Батсайхан гэгчийг дундаа суулгаад нөгөө Аз дэлгүүрийн урд тасарч унасан байсан хүнийг онгойдоггүй жолооч талын арын суудалд суулгасан. Тэгээд цагдаа дээр ирээд түрүүлж буугаад эрүүлжүүлэх байрны хаалгыг тогшсон. Тэгээд нөгөө 2 согтуу хүнийг манай 2 цагдаа оруулж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197 дугаартай:

  1.  Шинжээч эмч, дэслэгч Ц.Нандинцэцэгийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
  2. С.Очирбатын биед нэг төмсөгний няцрал бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. С.Очирбатын баруун төмсөг нь урьд өмнө нь өвчлөлгүй байсан байна.
  4. С.Очирбатын биед учирсан баруун төмсөгний няцрал гэмтэлд мэс засалд орж баруун төмсөг авахуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  6. С.Очирбатын биед учирсан баруун нэг төмсөгний няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Батсайханыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Батсайхан нь урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүйд тооцогдохоор байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Хохирогч С.Очирбат нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000155 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Шүүгдэгч Харуулынхан Долгорсүрэнгийн Батсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Долгорсүрэнгийн Батсайханд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Батсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 
  5. Эрүүгийн 201722000155 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР