Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 124/ШШ/2022/53

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгч “ Б В Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын УВАӨХСЗДТГ/202201021/01/01 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батдорж, гэрч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, “Б В Х” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын УВАӨХСЗДТГ/202201021/01/01 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б В Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “"Б В Х" ХХК нь Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2013 оноос байнгын үйл ажиллагаа явуулж байгаа ба 9 жилийн хугацаанд Улсын төсвийн болон хувийн маш олон ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн. Захиалагч Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх "Алаг толгойн хогийн цэгийг цэгцлэх УВАӨХСЗДТГ/202201021/01/01 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг tender.gov.mn хаягаар 2022 оны 03 сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 сарын 18-ны хооронд цахим хэлбэрээр нээлттэй сонгон шалгаруулсан. Уг тендерт манай "Б В Х" ХХК нь тендер шалгаруулалт өгөгдлийн дагуу материалаа бүрдүүлэн оролцсон.

Улмаар "Б В Х” ХХК нь захиалагч байгууллагаас шаардсан тендерийн баримт бичгийн шаардлага хангаж байгаа тул 2022 оны 05 сарын 03-ны өдөр цахим хаягаар тендерт сонгон шалгарсан тухай мэдэгдэл ирсэн. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн "Үнэлгээний хороо байгуулах тухай" А/06 дугаартай тушаалаар"... 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвийг тохижуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга Ж.Б, нарийн бичгийн дарга Ш.А, гишүүдээр Р.Батдорж, Д.П, Ц.А нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 буюу шаардлагад нийцсэн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хороо дүгнэлт гарсан.

Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01 дугаартай гэрээ байгуулж, хамтран ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамжаар"... 1. 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Алаг толгойн хогийн цэгийг цэгцлэх ажлын гэрээг үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн засаг даргын баталгаажуулснаар "Б В Х" ХХК-тай байгуулах эрхийг Тамгын газрын дарга /Б.Г/-т олгосон. Үүний дагуу 2022 оны 05 сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын ЗДТГ-ын дарга Б.Г-тэй "Алаг толгойн хогийн цэг”-ийг цэгцлэх ажил гүйцэтгэх 04 дугаартай гэрээг байгуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд "хуульд үндэслэх" тусгай зарчмыг баримтлах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянах, 27.3-т тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т "Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана, 28 дугаар зүйлийн 28.1-т Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ, 28.7.3-т энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно,28.11-т Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана" тус тус хуульчилжээ.

Гэтэл Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмж гаргаж, урьд нь хуралдсан Үнэлгээний хорооны дүгнэлтэд нийцэхгүй хууль бус, шийдвэр гаргасан. Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжөөс шалтгаалж, манай "Б В Х" ХХК нь Алагтолгойн хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүлээгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагад дурдсан мэдээллүүд зөрүүтэй худал мэдээлэл байна.

1. “Б В Х” ХХК-тай Өндөрхангай сумын ЗДТГ 2022 оны 5-р сарын 13-нд байгуулсан Алаг толгойн хогийн цэгийг цэгцлэх гэрээ байхгүй юм.

2. “Б В Х” ХХК нь тендер шалгаруулахад тусгай зөвшөөрөлгүй байсан. Үнэлгээний хорооны тэмдэглэлд дурдсан байгаа.

3. ЗДТГ-ын даргын /захиалагчийн/ 06 дугаартай шийдвэр нь "Алаг толгойн хогийн цэгийг цэгцлэх" үнэлгээний хороог байгуулсан шийдвэр биш, мөн нэхэмжлэлд дурдсанаар үнэлгээний хороо гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг гаргасан мэтээр бичсэн нь худлаа юм. Энэ үйлдэл нь мөн л захиалагчийн эрх.

4. "Б В Х ХХК-тай гэрээ байгуулах 2022 оны 4-р сарын 29 өдрийн 01 дугаартай зөвлөмж байхгүй юм.

5. Засаг даргын 2022 оны 05 сарын 10 өдрийн А/45 дугаартай захирамж нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 46.1.3 дахь заалтыг үндэслэж гарсан байх бөгөөд энэ нь захиалагчид / ЗДТГ /-т хуулиар олгосон эрхийг засаг дарга хэрэглэж захирамж гаргасан буюу өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэглэж төсвийн ерөнхийлөн захирагч эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргаж хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс хууль бус шийдвэрийг ЗДТГ хэрэгжүүлээгүй гэрээ байгуулаагүй юм. Энэ үйлдлийг АТГ-аас "Алаг толгойн хогийг цэгцлэх ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээг хэрэгжүүлээгүй" гэх үндэслэлээр ЗДТГ-ын дарга Б.Г-ийг мөн Б В Х ХХК-ийн нэхэмжлэлээр шалгаад гэрээ байгуулагдаагүй байна гэдгийг тогтоосон юм.

6. Захиалагч ЗДТГ нь өөрийн байгуулсан үнэлгээний хорооны ирүүлсэн 01 дугаартай зөвлөмжийг хууль ёсны гэж үзэж хүлээж авсан ч дараачийн 02, 03 дугаартай зөвлөмжүүдийг аль алийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээс татгалзсан. Иймд гэрээ байгуулагдаагүй өөрөөр хэлбэл уг зөвлөмжүүд үр дагавар үүсгээгүй гэсэн үг. Нэгэнт энэ зөвлөмжийг захиалагч хүлээж аваагүй хэрэгжүүлээгүй учир захиалагч нөхцөл байдлыг дурдаж төрийн худалдан авах ажиллагааны газарт хандаж мэргэжлийн зөвлөгөө хүсэхэд яамны мэргэжилтэн уг тендерийг дахин зарлах зөвлөгөөг өгч цахим систем дэх төлөвийг өөрчилж өгсөн. ингээд уг тендер дахин зарлагдаж дараачийн аж ахуй нэгж шалгарсан.

Бид 1 удаа шалгаруулалтын дүнгээр зөвлөмж өгөх эрхтэй дахин дахин захиалагчийн эрхэд халдах эрхгүй захиалагч энэ дагуу бие даан шийдвэр гаргасан байх.

7. Б В Х ХХК нь өөрт хамааралгүй ажлын тендерийг авах санаархлаа аймаг сумын дарга нар болон хууль шүүхийн байгууллагуудаар дамжуулан удаа дараа үндэслэлгүй маргаан үүсгэж ажил саатуулж байгаа нь хууль бус үйлдэл юм.

УВАӨХСЗДТГ/20220102/01/01 дугаартай тендерийн ажлыг сонгон шалгаруулах ЗДТГ-ыН даргын 2022 оны 02 сарын 28-ний өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн хооронд цахим хэлбэрээр /tender.gov.mn/ хаягаар тендерийг зарлах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид шалгарсан оролцогчийн зөвлөмжийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Алаг толгойн хогийн цэгийг цэгцлэх тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 15:59 минутад нээхэд 2 оролцогч үнийн санал ирүүлсэн байсан.

Үнэлгээний хороо ирүүлсэн тендерийн материалуудтай танилцаж, хянан үзэж, үнэлэхэд захиалагч байгууллагаас шаардсан тендерийн баримт бичгийн шаардлагыг “Э Э А Э” компанийн материалууд хангаж байсан тул үнэлгээний хороо тус компанитай хамтран ажиллах 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэвч сумын Засаг дарга, Үнэлгээний хорооны гишүүн Батпүрэв нар “Б В Х” ХХК ялах ёстой гэсэн байр суурийг баримталж үнэлгээний хороонд нөлөөлөх оролдлого хийж гишүүдийг дуудаж загнаж байсан. Бид “Э Э А Э” ХХК д зөвлөмжийг хүргүүлсэн. 02 дугаартай зөвлөмж бол үнэлгээний хороо хуралдаж гаргаагүй зөвхөн орлогч дарга Батпүрэв Засаг дарга нарын хүсэлтээр хүргүүлсэн зөвлөмж бөгөөд үүнийг үнэлгээний хорооны зарим гишүүд гарын үсгээ зураагүй мөн захиалагч Тамгын газрын дарга Б.Гэрэлцэцэг хүлээж аваагүй хэрэгжүүлээгүй “Б В Х” ХХК-тай гэрээ байгуулаагүй шийдвэр юм. Нэгэнт энэ зөвлөмжийг захиалагч хэрэгжүүлээгүй учир захиалагч нөхцөл байдлыг дурдаж төрийн худалдан авах газарт хандаж мэргэжлийн зөвлөгөө хүсэхэд яамны мэргэжилтэн уг тендерийг дахин зарлах зөвлөгөөг өгч цахим систем дэх төлөвийг өөрчилж өгсөн. ингээд уг тендер дахин зарлагдаж дараачийн аж ахуй нэгж шалгарсан.

“Б В Х” компани ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерт захиалагчийн шалгуурыг хангаагүй болох нь:

1.Тусгай зөвшөөрөлгүй

2.Хүний нөөцийн мэдээлэл байхгүй

2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан 12,2, 12,3 дах заалтын дагуу 2 орлогчийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заасан тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих. тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох мэргэжилтэн боловсон хүчний нөөцийн мэдээлэл байхгүй байсан.

3. Техник хэрэгслийн үндсэн мэдээлэл

Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр. тоног төхөөрөмжийн жагсаалтыг харьцуулж үзэхэд өөрөө буулгагч том оврын авто машин байхгүй, захирлаас гадна ганц хүнтэй байсан нь хүн хүч шаардсан ажлыг гүйцэтгэх шаардлага шалгуурыг хангахгүй байна гэж үзэх шалтгаан болсон зэрэг хүн хүчний болон техник хэрэгслийн үндсэн чухал шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан юм. Иймд шаардлага хангаагүй гэж үзсэн.

Иймээс нэхэмжлэлд дурдсан 03 дугаартай зөвлөмж нь ямар нэгэн үр дагавар үүсгээгүй учир үндэслэлгүй нэхэмжлэл үзэж байна” гэжээ.

3. Нэхэмжлэгч “Б В Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2022 оны 05 дугаар сарын 03-нд тендерт ялсан тухай мэдэгдэл ирсэн. Мөн оны 05 дугаар сарын 13-нд гэрээгээ хийсэн. Уг гэрээг Г.Т дарга баталгаажуулаад гэрээ нь хүчин төгөлдөр болсон байтал 05 дугаар сарын 30-ний өдөр Үнэлгээний хорооноос дахин шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдэл нь гэрээ хийгдсэний дараа өгсөн учраас хууль бус байна гэж үзсэн. Гэрээ хийгдэхээс өмнө Сангийн яаманд маргах хугацаа байхад нөгөө компани маргаагүй, Үнэлгээний хорооноос сангийн яаманд тайлбараа явуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Өндөрхангай сумын УВАӨХСЗДТГ/ 202201021/01/01 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо “Алаг толгой” хогийн цэгийг цэгцлэх тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр нээсэн. Уг тендерт “Э Э А Э” ХХК шалгарсан. Энэ компани нь сүүлд сумын төвийн тохижилтын ажлын тендерийг нээхэд эрхээ хязгаарлуулсан оролцогч байсан. Ийм учраас уг компаниас татгалзсан. Харин  “Б В Х” ХХК нь Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан хүн хүчний болон түүний мэдлэг боловсрол, хүний нөөцийн мэдээлэл дутуу байсан учраас Алаг толгой хогийн цэгийг цэгцлэх” тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар захиалагч байгууллагаас тавьсан шаардлагад нийцсэн тендер биш гэж үзсэн. Ийм учраас энэ хоёр компаниас Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу бүх тендерээс татгалзсан. Анх “Э Э А Э” ХХК-д манай байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллана уу гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Сумын Засаг даргын 05 дугаар сарын 10-ны А/45 тоот “Гэрээ байгуулах тухай” захирамж нь хүчин төгөлдөр бус захирамж байдаг. Энэ нь Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т захиалагч буюу Засаг даргын тамгын газрын эрхийг үндэслэж шийдвэр гаргасан байдаг. А/45 тоот захирамжийн дагуу гэрээ хийгдсэн эсэх нь тодорхой бус байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.

5. Гэрч Г.Т шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “2022 оны 04 дүгээр сарын 21-нд үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн. ЗДТГ-ын дарга 04 дүгээр сарын 22-ний өглөө “Э Э А Э” ХХК-тай гэрээ байгуулахаар захирамжийн төсөл, уг компанитай байгуулах гэрээний төсөл, “Э Э А Э” ХХК-ийн нэхэмжлэх зэргийг барьж орж ирэхэд нь би гүйцэтгэгч компанийн захиралтай уулзаж байж энэ гэрээг байгуулна гээд хэлээд гаргасан. Үдээс хойш ажил дээр “Э Э А Э” ХХК-ийн төлөөлөл ирж уулзахад танай компанитай гэрээ хийх боломжгүй гэж хэлээд явуулсан. “Э Э А Э” ХХК-тай байгуулсан гэрээнээс яагаад татгалзсан бэ? гэвэл тухайн компани нь хар жагсаалтад орчихсон, урьд өмнө нь ажил гүйцэтгэхдээ чанаргүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр гэрээг баталж өгөхөөс татгалзсан. Мөн хэд хоногийн дараа үнэлгээний хорооноос “Э Э А Э” ХХК нь эрхээ хасуулж хар жагсаалтад орчихсон учраас дараагийн шалгарсан этгээд болох “Б В Х” ХХК-тай гэрээ байгуулж ажиллана уу гэсэн зөвлөмж ирсэн. Энэ зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж гарч үүний дагуу ЗДТГ-ын дарга “Б В Х” ХХК-тай байгуулсан 3 хувь гэрээгээ баталгаажуулаад гарсан. Үүний дараа шүүх дээр худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гарсан учраас гэрээ хийгдэхгүйгээр явсан юм шиг байна.  Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулах эрх олгосны дараа 6 хоногийн дараа гэрээ байгуулаад үргэлжлүүлээд явах ёстой.

Уг үнэлгээний хороог ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан. Үнэлгээний хороо нь тухайн тендерийг үнэлсэн асуудал дээр дахин зөвлөлдөж гаргасан шийдвэрээ өөрчлөх эсэхийг мэдэхгүй байна.

Тендерийн үнэлгээний хороо нь шаардлага хангасан эсэхийг шалгаж шаардлага хангасан тендерүүдэд үнэлгээ хийнэ. Үнэлгээнийхээ дагуу хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгжийг санал болгоно. Уг санал болгосон аж ахуйн нэгж нь хар жагсаалтад орсон гэдгийг мэдсэн тохиолдолд дараагийн сайн оролцсон оролцогчтой гэрээ байгуулах ёстой байсан.

Захиалагч ЗДТГ-ын дарга  “Алаг толгойн хогийг цэгийг цэгцлэх” тендерийг дахин зарлахад “Увс өргөө”  “Ренчин суурь” гэдэг хоёр компани оролцож “Увс өргөө” компани шалгарсан ба тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр тендер нь хүчингүй болж түүний дараагийн компанитай гэрээ байгуулах нөхцөл үүссэн.

“Увс өргөө” ХХК нь гэрээ хийхээр ирэхэд Сангийн яаманд гомдол гаргах хугацаа дууссаны дараа гэрээ байгуулах ёстой. Үүнээс өмнө гэрээ байгуулах боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Тухайн компани нь уг хугацаа дууссаны дараа гэрээ байгуулах боломжтой гэдгийг мэдээд явсан. Наадмын дараа гэрээ байгуулж ажлаа хийх ёстой байсан боловч ирээгүй. Ингээд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан.

“Б В Х“ ХХК нь сумын төвийн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ч ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй байгаа. Гэрээний хугацаа дуусахаас 8 хоногийн өмнө  гэрээг захиалагч талаас санаачлан цуцалсан.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд дээр гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийг гаргадаг өмнөх Засаг дарга нарын практик байсан. Үүний дагуу захирамж гаргасан. Гэрээг тухайн үед үйлчилж байсан хуулиар заавал сумын Засаг даргаар батлуулах шаардлага байхгүй байсан. Хуульд 6 сард өөрчлөлт орж орон нутгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн захиалагч сумын Засаг дарга байна гээд өөрчлөлт орсон.   Сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэж байсан “Б В Х” ХХК-ийн ажлыг шүүхийн шийдвэрээр түр түдгэлзүүлсэн байсан. 06 дугаар сарын 18-нд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учраас шүүхээс ажлыг үргэлжлүүлж болно гэсэн шийдвэр гарсныг 06 дугаар сарын 25-ний  өдөр гарсан. Үүнээс гадна олон шалтгаан нөхцөлийн улмаас гүйцэтгэгч компани хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй.

Сумын төвийн тохижилтын ажил дээр “Б В Х” ХХК нь 40% -ийн урьдчилгаа авсан байгаа. Цаашид гэрээг нь сунгаад тухайн ажлыг нь гүйцэтгүүлэхээр болсон. Харин хогны ажлын тендерийн хувьд шүүхийн шийдвэр яаж гарснаас хамаарч хэрэгжүүлж ажиллана. Хогны тендер дахин зарлагдсан учраас маргаан бүхий Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгосноор ямар нэгэн эрх зүйн дагавар үүсэхгүй болчхоод байгаа юм” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: “Миний хувьд Үнэлгээний хороо болон Засаг даргатай эвлэрээд ажлаа цааш үргэлжлүүлэх хүсэлттэй байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзах нь зөв алхам тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б В Х” ХХК нь Увс аймгийн Өндөрхангай сумын УВАӨХСЗДТГ/202201021/01/01 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан Увс аймгийн Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Б В Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тайлбараа гаргасан байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б В Х” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ