| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0400/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч, хохирогч Т.Сын өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч, хохирогч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Б.Д, Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Т.С нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Дтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.Стай үл ялих зүйлээс маргалдаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.С нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Д тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн: “...Тэр өдөр манай найз н.Н төрсөн өдөр болоод манай ангийнхан уулзсан байсан. Тэгээд би Т.Стай утсаар холбогдох үед гэртээ байгаагүй. Би бас пиво уусан хүмүүстэй явна гэж хэлсэн. Эхнэр гаргахгүй байна гэж огт хэлээгүй. Уулзах уу гэсэн уулзъя гэсэн. Тэгээд ирээд уулзсан. Тухайн өдөр тийм зүйл болоод маргааш нь Т.Сыг дуудаад уулзахад чи намайг зөндөө цохисон гэсэн. Шүдний гэмтэл ярьж байгаагүй. Хажуу шанаа хэсэг улайсан байна. Чи намайг ийшээ цохисон гэж ярьсан. Шүд нь унасныг би 10 дугаар сард шүүх хурал болох үед мэдсэн. Хожуу мэдсэн болохоор миний цохилтоор болсон гэснийг дахин шалгуулах хүсэлт өгсөн. Санаатай цохисон гэдэгтээ буруутай өөрөө гэмшиж байгаа. Өөрийнх нь ярьснаар бол зодоон болсноос хойш 2 хоногийн дараа хугараад унасан гэх ярианаас болоод миний учруулсан гэмтэл биш өөрийнх нь учруулсан гэмтэл юм биш үү гэж шүүхэд хандсан. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Дгийн өгсөн: “... Хамрын хугарал, шүдний хугарлын хохирлыг барагдуулах саналтай байна. Ямар нэгэн гомдоод байх зүйл байхгүй. Эрүүл мэндийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Сын өгсөн: “..Адил шүдний гэмтлээ янзлуулна. Өөр хохирол байхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Дгийн хохирогчоор өгсөн: “..2024 оны 08 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед гэрээсээ гараад найз болох Н.Ү, Б.О нартай уулзаад Б.Оын гэрт нь би манай найз Н.Ү бид 3 хэдэн пиво уусан. .. манай найз М.В ажлаасаа бууж байна гэхээр нь уулзахаар тохироод намайг М.В ирж аваад дараа нь С.Р утсаар холбогдоод мөн уулзахаар болоод бид 3 ********бааранд ороод хүний 2 пиво уугаад тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад С.Рынд очоод нэг шил архи хувааж ууцгаасан. Миний нүдний шилний өрөөсөн талын шил нь хаягдсан байхаар нь тэрийгээ хайж яваад С.Ртай үл ойлголцлоос болж хэрэлдээд байж байтал С.Р машинаа зогсоогоод хоёулаа машинаас буугаад улмаар хэрэлдэж зодолдсон, тэр үед би нэлээн согтуу байсан болохоор хэн нь түрүүлж цохисон талаар санахгүй байна. Ямартай ч би зодуулсан байсан нэг харсан чинь миний хамрын цус нилээн гараад тогтож өгөхгүй болохоор нь Нэгдсэн эмнэлгийн 103 дээр очиж тариа хийлгээд хэсэг хэвтээд гайгүй болоод ирэхээр нь гараад Б.О-ынд би М.В гэх найзын хамт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь нүүрээ харсан чинь миний нүүр нилээн хавдаж гэмтсэн үүдэн хоёр шүд хугарсан байсан. С.Р-ыг дуудаад эмнэлгээр явсан. .. С.Р надад хэлэхдээ цагдаа энэ тэр гээд яахав найз нь давтан гээд шоронд явна ш дээ эндээ хоёулаа зохицмоор байна гэхээр нь би за за тэгвэл миний эмчилгээний зардал гаргаж өг гэхэд за гээд зөвшөөрсөн. Улаанбаатар хот орж эмчлүүлнэ гэж хэлтэл С.Рын аав ээж нар нь цагдаагаараа явна зүгээр байсан хүүхдийг чи дуудаж гаргаж ирж хэрэгт орууллаа гэх мэтээр яриад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. .. Миний хамар хугарсан үүдэн хоёр шүд хугарсан нэлээн цус алдсан нүд хөхөрсөн. .. Манай найз М.В л байсан тэр хүн болсон явдлыг нь бүгдийг нь мэдэж байгаа. .. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөн сэтгэл санааны хохирол гаргуулан авна.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
Хохирогч Т.Сын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “.. Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед гэртэй байж байхад манай найз Д.Н утсаар дахин дахин залгаад чи бид хоёр 2-3 жил
уулзаагүй ш дээ, би чамаар архи авахуулах гээгүй ш дээ гэх мэтээр яриад байхаар нь .. яваад очтол Д.Н, М.В хоёр хамт байсан. Д.Н согтуу М.В зүгээр эрүүл байсан, тэгээд тэндээсээ бид гурав Д.О бааранд орсон. Ороод хүний 2 шил пиво авч ууцгаасан. .. машин дотроо Д.Нг хүлээгээд сууж байтал баарнаас гарч ирсэн залуучууд энэ нэг нүдний шилтэй туранхай өндөр нөхөр зүгээр бүжиглэхгүй хүн амьтан мөрлөөд өдөөд явах юм гэхээр нь би тэр хүмүүст хандаад за за манай найз байгаа юм аваад явчихъя гээд Д.Нг дагуулаад баарнаас гарч ирээд машинд суулгах гэтэл Д.Н гэнэт инээгээд миний толгой хэсэг рүү алгадаад байхаар нь би гайхаад хараад зогсож байтал гэнэт гараа атгаж байгаад миний зүүн чих рүү нэг удаа нэлээн хүчтэй цохиод авсан. Тэр үед миний чих шуугаад толгой эргээд манараад толгойгоо бариад хэсэг газар суусан. Тэгээд машиндаа суугаад буцаж цаг уурын гадаа ирээд М.В Д.Н хоёрыг машин дээр нь хүргэж өгсөн. Д.Н машинаас буугаад бас намайг алгадаж цохиод байхаар нь бүр гайхаад араас тэврээд авсан, тэр үед Д.Нгийн нүдний шилний нэг талынх нь дотор шил унасан. Тэгээд тэндээ хэсэг байж байгаад явахаар болоод хөдлөх гэтэл Д.Н нэг шил архи аваад өгчих мань чинь ямар чамаар юм авахуулж үзээгүй юм чинь аваад өгчих уумаар байна гэхээр нь би дэлгүүр хаасан байна гэтэл ерөөсөө ойлгохгүй уумаар байна гээд байхаар нь гэртэй дагуулж ирээд нэг шил архи байсныг гаргаж өгөөд за за найз нь орж унтлаа гэтэл даруулга нэхэхээр нь гэрээсээ ус гаргаж өгсөн. Тэр үед Д.Н миний нүдний шилний нэг талынх нь шил байхгүй байна гээд инээгээд байхаар нь тэгвэл тэр цаг уурын хашааны тэнд унасан байгаадаа гэтэл тэнд хайя гэхээр нь за за гээд би Д.Нгийн унаж явсан машиныг унаад цаг уурын хашаа руу явж байтал хажуу талаас гэнэт Д.Н миний зүүн талын шанаа хэсэг рүү 2-3 удаа нэлээн хүчтэй цохиод авсан. Тэр үед М.В хойноос та хоёр чинь 10 жилдээ нэг нутаг гээд нэлээн сүрхий байсан байж яагаад одоо ингээд байгаа юм бэ гэж Д.Нд хандаж хэлтэл хариуд нь энэ бид хоёрын найз гэж юу байдаг юм ашиг сонжооны найз байсан биз, энэ гуйлгачин байсан ш дээ гэх зэргээр хэлэхээр нь би нэлээн гомдож эхэлсэн. Тэгээд би машиныг нь зогсоогоод би явлаа гээд буугаад алхаж явтал араас Д.Н ирээд хоёулаа эр хүн шиг уулзая гээд намайг цохиод эхэлсэн тэр үед нь би хүүе чи намайг цохиод байна ш дээ гэтэл хэн чамайг хэзээ цохисон юм бэ битгий баашлаад бай гээд намайг нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь за за энэ нэлээн согтуу байна даа гэж бодоод тэвчээд байсан. Тэгтэл М.В бууж ирээд Д.Нд хандаж хэлэхдээ: “...хөөе Д.Н чи С.Рыг зөндөө олон цохилоо ш дээ одоо больчиж болдоггүй юм уу хаашаа юм бэ” гэж хэлтэл Д.Н чи дуугүй бай би наадахыг чинь цохиогүй байна гээд мөн М.Выг цохиж авсан юм. Тэгэхээр нь би Д.Нд хандаж чи М.В бид хоёрыг зодох гэж дуудсан юм уу гэж хэлтэл Д.Н миний элэг хэсэг рүү нэлээн хүчтэй өшиглөхөөр нь би тэвчихээ байгаад нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, тэгтэл Д.Н мөн дахиж намайг зөндөө цохиж авсан, мөн М.Выг хүртэл цохиж аваад л байсан. Тэгэхээр нь би заа одоо ёстой больё гээд намайг гэрт хүргээд өгчих гэтэл М.В чи наад машинаа бариад явчих буцахдаа би бариад явна гэхээр нь за за гээд би машин бариад гэр рүүгээ явж байтал Д.Н М.Ваа энэ бол гуйлгачин ш дээ ийм хүнтэй битгий найзалж бай гэх зэргээр намайг доромжлоод явсан тэгтэл гэнэт араас намайг хоолой боохоор нь машиныг нь зогсоод буугаад Д.Н чи чинь тэнэг юм уу бид нар сая юм мөргөж болох байлаа яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Д.Н хэлэх хэлэхгүй үгээр хэлээд над руу нулимаад салаавч өгөөд байхаар нь би үнэндээ тэвчихгүй, газраас жижиг чулуу аваад машины цонхоор хальт шидсэн, тэр үед Д.Нгийн хамар руу нь цохисон юм байна лээ тэгээд хамраас цус гараад байна гэхээр нь би эмнэлэг рүү дагуулж ирээд үзүүлсэн. Тэр үед яаралтай түргэн тусламжийн эмч үзээд цусыг тогтоосон, би эмчээс нь асуусан чинь тэр эмч нь гайгүй өнгөц шарх, шалбархай байна оёдол тавих шаардлага байхгүй гэсэн тэгтэл Д.Н бас эмнэлэгт дотор намайг дахиж зодох гэж дайраад байсан чинь М.В надад хэлэхдээ чи түрүүлээд явчих андаа тэгэхгүй бол чамайг хараад наадах чинь улам асаад байна гэхээр нь би тэндээс яваад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 09 цагийн үед Д.Н над руу утсаар залгаад чи Б.Оынд хүрээд ир эсхүл шүүх цагдаа дээрээ уулзана гэхээр нь за за би яваад очъё гээд Б.Оынд ирсэн чинь Д.Нгийн нүүр хэсэг нь хавдсан байхаар нь би төрсөн эгч хүргэн нарынх нь хамт нэгдсэн эмнэлэг дээр очиж тархины томографикт үзүүлж зураг авахуулсан. Тэр үед Д.Н надад хэлэхдээ найз нь шүд хамраа янзлуулчих юм бол гомдол санал байхгүй чи эмчилгээний мөнгө төгрөг өгчих гэж өөрөө хэлж байсан тэгээд тэндээсээ салцгаасан, би ч гэртээ ирээд байж байтал гаднаас манай ээж уйлсаар орж ирэхээр нь юу болсон талаар асуутал Д.Нгийн ээж над руу сая залгалаа манай хүүхдийг танай хүүхэд алсан байна ирж амилуулж өг алуурчид аа гэх зэргээр ээжийг айлгаж сандаргасан байсан, тэгэхээр нь би ээжийн хамт Д.Нгийн гэрт нь ирээд ортол Д.Нгийн ээж нь гэнэт гарч ирээд над руу дайрч миний хувцсыг ураад манай ээжийг алгадаж өшиглөж цохиж авсан тэгээд гэрт нь ортол Д.Н зүгээр сууж байсан ийм л зүйл болсон. .. авга эгч нь надтай уулзаад чи энэ хэрэг дээрээ 5-10 жилийн ялтай байдаг юм байна лээ чи шоронд орж байхаар 20-30 сая төгрөг өгөөд сал, чи залуу хүн 1 жилийн дотор тэр мөнгөө олоод авна гэх зэргээр ятгаж надаар амлалт бичүүлж авсан. Би газраас 2 чулуу авсан нь үнэн тэр үед би их гомдсон байсан учир Д.Нд хандаж би өөрийгөө энэ чулуугаар алчих уу гээд айлгах маягаар хэлсэн юм. Тэрнээс биш өөрийгөө цохисон зүйл байхгүй. Миний үүдэн дээд шүд хугарсан мөн олон удаа цохиулсан болохоор нь толгой их өвдөж байгаа ам ангайхад хүндүүрлэж өвдөж байна чихээр хатгуулж байна би шинжээч эмчид үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/
Хохирогч Т.Сын өгсөн: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон бүх зүйлийг үнэн бөгөөд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Одоо ч яахав хэвийн гэхэд хэцүү байна шүд болохоор нэг л эвгүй байна. Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ тооцуулна. .. миний бие Д.Нд зодуулснаар болж амьдралын хэвийн байдал алдагдаж зүүн чих, шанаа болон толгой өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, мөн үүдэн шүд хугарснаас болж юм идэхэд зовиуртай байгаа. Мөн Д.Нд олон удаа зодуулж доромжлуулснаас болж сэтгэл санааны хохиролтой байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “...Б.Д нь эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 484.542 төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна. 484.542 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 32,34 тал/,
Гэрч Н.А өгсөн: “..Манай хүү 2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө найз болох С.Рт зодуулсан юм байна лээ, би болохоор 14-ний өдрийн 12 цагт энэ талаар нь мэдсэн. Тэгээд би юу болсон хэнд зодуулсан талаар тодруулж асуутал найз болох С.Рт зодуулсан талаар надад хэлсэн уг нь тэр хоёр хар бага нэгдүгээр ангиасаа найзалсан нэг ангийн хүүхдүүд юм, яагаад миний хүүг ингэж зодсон талаар мэдэхгүй байна. С.Рын ээжийг нь дуудаж энэ талаар хэлээд яагаад миний хүүг ингэж зодсон талаар асуухад тэр хүн надуул чинь архинаас болж ийм асуудал үүссэн гэж хэлэхээр нь би та нар миний хүүхдийн эмчилгээний зардал дааж эмчлүүлж өгөөрэй гэтэл за гээд сүүлдээ над руу утсаар залгаад та нар цагдаагаараа яв бид нар зардал мөнгө төлж чадахгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Уг нь би миний хүүхдийн эмчилгээний зардал энэ тэрийг гаргаж өгсөн бол ингэж хандахгүй байсан юм. Өөрсдөө үл тоож байгаа тул би гомдолтой байгаа. Би юунаас болж тэр хоёр маргалдаж манай хүү С.Рт зодуулсан талаар бол мэдэхгүй тэр хоёрын дунд бол ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл бол байхгүй, тэгээд ч манай хүү надаа яг юунаас болж зодуулсан талаараа бие нь тааруу байгаа болохоор хэлээгүй. Би тэр зодооны үед хажууд байгаагүй учир яг юу болсон талаар мэдэхгүй байна. Надад манай хүү хэлэхдээ найз болох С.Р, М.В гээд хоёр найзын хамт л гурвуулаа явж байсан гэж хэлсэн тэгээд орой 22 цагийн үед гэртэй орж ирээд утасны цэнэглэгч аваад хүнд аваачиж өгнө гээд гэрээсээ гараад явсан юм, тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй тэгэхээр нь маргааш өглөө нь би утас руу нь залгах үед холбогдохгүй байхаар нь найз болох Б.О руу нь залгаж асуутал Д.Н манайд хоноод өглөө 4 замаар ажилтай гээд гараад явсан гэж хэлсэн. Би гэртэй байж байтал гаднаас манай том охин нөхрийн хамт Д.Нг дагуулсаар орж ирээд дүү маань найз С.Ртаа зодуулсан байна би эмнэлгээр дагуулж яваад ирлээ гэсээр орж ирсэн юм...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,
Гэрч Б.З өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 40 минутын үед манай дүү Д.Н манай нөхөр үү утсаар залгаад ахаа би хүнд зодуулчихлаа та Ш.Н хорооллын эндээс ирээд аваач намайг зодсон хүн энд хамт байна ирээд аваач гэхээр нь би нөхрийн хамт Ш.М хорооллын тэндээс дүүгээ очиж авсан анх очих үед манай дүүгийн нүүр хэсэг нэлэнхүйдээ хавдсан байдалтай хувцас нь битүү цус болсон байдалтай байсан. Хажууд зодсон гэх С.Р гэх залуу нь гарч ирсэн юм. Тэр үед би С.Р-т хэлээд нэгнийгээ яагаад ийм болтол.зодсон юм бэ юунаас болж зодсон юм гэж асуухад С.Р хэлэхдээ би өчигдөр 103 дээр очиж үзүүлсэн хамрын цусыг нь тогтоосон өвчин намдаах тариа хийсэн гэж надад хэлсэн тэгээд юунаас болсон талаар асуухад өчигдөр шөнө Доргио баар орж 2-3 пиво уусан юм тэгээд тэндээс гараад явж байтал Д.Н намайг үгээр өдөөд байхаар нь би зодсон юм гэж хэлсэн. .. Манай дүү хэлэхдээ найз болох С.Р, М.В гээд хоёр найзын хамт 3 лаа явж байсан гэж хэлсэн надтай бол тухайн үедээ холбоо барьсан зүйл байгаагүй. Одоо манай дүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа биеийн хүнд байгаа хүнд байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
Гэрч Б.М.Вын өгсөн: “...Д.Н нилээн согтуу байсан надтай уулзах үед уусан нэлээн халамцуу байсан. Дээр нь бид 3 нэмж уусан тэгээд Д.Н С.Рыг өөрөө эхлээд өдөөд цохиж аваад байсан. Тэгтэл С.Р уурлаад машинаа зогсоогоод бууж ирээд Д.Нг С.Р нүүр хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Д.Нгийн үүдэн шүд нь хугарсан хөмсөг хэсэг нь сэтэрсэн байсан. С.Рыг гэрт аваачиж өгөх гээд явж байтал машин дотор Д.Н С.Р-ын толгой руу гараараа 2 удаа цохиж авсан чинь зөрүүлээд С.Р машинаас дахин буугаад газраас 2 чулуу аваад нэг чулуугаар нь өөрийгөө цохиж аваад нөгөө чулуугаар нь Д.Нгийн хамар хэсэг рүү чулуугаа шидсэн тэгтэл Д.Нгийн хамраас их хэмжээний цус гараад эхлэхээр нь бид нар эмнэлэг рүү явцгаасан. Тэгээд тэндээсээ С.Рыг гэрт хүргэж өгөөд би Д.Н-гийн хамт найз Б.О-ынд очиж хоносон... тийм зүйл болсон тэгээд эмнэлэг дээр ирээд эмч нар Д.Нг үзээд намайг гадаа гараад сууж бай гэхээр нь би тэр хооронд Т.Сыг гэрт нь хүргэж өгөөд буцаад эмнэлэг дээр иртэл Д.Н яаралтай түргэн тусламжийн хүлээн авах өрөөний орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь эмчээс нь асуутал энэ хүнийг архийг нь гартал хэсэг унтуулчих чи гадаа сууж бай гэхээр нь би эмнэлгийн гадаа цаг гаран сууж байтал гаднаас 2 цагдаа орж ирээд эмчтэй юм ярьж байснаа над руу хандаж чи энэ хүнээ авч яваад гэр оронд нь хүргээд өгчих боломж байхгүй юм уу? гэхээр нь би хариуд энэ 103-ын эмч нар наад хүнийг чинь надад өгч явуулахгүй байна ш дээ гэж хэлтэл тэр эмч за за чи аваад яв яв гэсэн тэгтэл тэр хоёр цагдаа надад хэлэхдээ гомдолтой байвал маргааш цагдаа дээр ирж өргөдөл гомдолоо гаргаж болно шүү гэж хэлсэн тэгээд би Д.Нг аваад гэрт нь аваачиж өгөх гэтэл Д.Н надад хэлэхдээ гэрт ээж байгаа би очихгүй гэхээр нь бид хоёр ярилцаж байгаад Б.О гэх найзындаа очиж хоносон. С.Р машинаасаа буугаад газраас 2 ширхэг гарын атганд багтахаар чулуу аваад нэг чулуугаар нь баруун гартаа барьж байгаад өөрийнхөө баруун шанаа хэсэг рүү 2 удаа хүчтэй цохиж авсан тэр үед С.Рын баруун шанаа хэсэгт нь ил харагдах гэмтэл болон цус гарсан зүйл байхгүй байсан харин нөгөө чулууг нь машин арын суудал дээр сууж явсан Д.Н руу машины цонх онгорхой байсан болохоор хүчтэй хамар хэсэг рүү шидчихсэн. Тэгтэл Д.Нгийн хамар хэсгээс цус нэлээн гараад тогтохоо больсон, бид нар эмнэлэг дээр ирсэн. Тэгээд харин сүүлд нь эмнэлэг дээрээс С.Рыг гэрт нь хүргэж өгч явахад надад хэлэхдээ “найзынх нь нүүр бүр Д.Нд цохиулаад нилээн өвчин болсон гэж болсон байна гэж ярихаар нь хартал нүүр хэсэг нь хавдсан зүйл бол харагдаагүй харин өөрийгөө чулуугаар цохисон баруун шанаа хэсэг нь жоохон овоож хавдсан байсан. Д.Н бол С.Рыг машин дотор урд талын суудал дээр сууж байхад нь анх эхлээд толгойн ар дагз хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 2-3 удаа хүчтэй цохисон мөн Доргио баарны гадаа байхдаа Д.Н нь С.Рын баруун талын чих шанаа хэсэг рүү 2 удаа хүчтэй цохиж авсан дахиж машинд суухдаа С.Рын дух нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа хүчтэй цохиж авахаар нь би Д.Нг чи одоо болиоч С.Рыг зөндөө цохиж авлаа ш дээ гээд дундуур нь ортол Д.Н миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохиж авсан, харин энэ хооронд С.Р Д.Нг нэг ч удаа цохиж аваагүй. Тэгээд Д.Н нүдний шилний өрөөсөн талын шил нь унасан байна хаясан байж болох газраа дахиж нэг очиж үзье гэхээр нь шилийг хайх гээд явж байтал дахин Д.Н С.Рыг хоёр удаа нүүр рүү дахиж цохисон чинь тэр үед С.Р уурлаад машинаа зогсоогоод гараад машин арын хаалгыг татаж онгойлгоод Д.Н-гийн нүүр рүү нь 3-4 удаа хүчтэй цохиж авсан, тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би бол маш бага нэг хундага л уусан бараг эрүүл байсан юм Д.Н бол нэлээн согтолттой, харин С.Р жоохон халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 212-213 тал/,
Хохирогч Т.Сын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 18 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 427 дугаартай: “...Б.Дгийн биед, зүүн дээд 1, 3-р шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн, зүүн дээд 1,3-р шүдний хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийг 41.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, эрүүл эмчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 51-61 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 426 дугаартай: “...Т.Сын биед зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шүдний хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хх-ийн 66-67 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 12 дугаартай: “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 426 тоот дүгнэлтэнд залруулах зүйл байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Т.С-ын биед тогтоогдсон дээрх зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл нь чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой. Нэмэлтээр ирүүлсэн материал байхгүй тул шинжээчид тавигдсан 4, 5 дугаар асуултыг хариулах боломжгүй ..” гэх дүгнэлт, /хх-ийн 214 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 13 дугаартай: “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 427 тоот дүгнэлтэнд залруулах зүйл байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Б.Д-гийн биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлээр цохих мохоо зүйл рүү унах үед аль алинд нь үүсгэгдэх боломжтой хүний хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна Нэмэлтээр ирүүлсэн материал байхгүй тул шинжээчид тавигдсан 4, 5 дугаар асуултыг хариулах боломжгүй ..” гэх дүгнэлт, /хх-ийн 219 тал/,
Шинжээч эмч М.Б өгсөн: “...2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 13 дугаартай дүгнэлтийг би гаргасан. 2024.08.20-ны өдөр манай хэлтсийн шинжээч эмч Х.Ө №427 тоот дүгнэлтийг урд өмнө гаргасан байсан ба уг дүгнэлтэнд нэмэлт шинжилгээ хийж дээрх дүгнэлтийг гаргасан юм. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн манай хэлтсийн шинжээч эмч Х.Ө №427 тоот дүгнэлтэнд шинжилгээний хэсэгт КТГ-ийн хариу бичиг байсан ба энэ бичигт хамар ясны хугарлын талаар дурдаж бичсэн байсныг нь дүгнэлт хэсэг рүүгээ хамар ясны хугаралаа дурдаагүй байсан тул хамар ясны хугарлыг нэмэлтээр гаргасан. 13 тоот дүгнэлтэнд тусгаж оруулж өгсөн юм. Нэмэлтээр ирсэн шинжээч томилсон тогтоолын асуултад өөрийн мэдэх зүйлийн хэмжээнд хариулт өгсөн. Би дүгнэлттэй тодорхой танилцаж үзсэн. Б.Дгийн биед тогтоогдсон дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйл гэдэгт таны дурдаж байгаа хүний гар, хөл, эд юмс, чулуу, мод гэх хутга мэснээс бусад бүх зүйлийг хамруулж ойлгоно. Дээрхи төрлийн гэмтлүүд нь өндрөөс юм руу мөргөж унах, явганаас биеэ авч явах чадваргүй байх үедээ унаад мохоо зүйл рүү мөргөх үед үүсгэгдэж болно. Харин бусад тохиолдолд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №12 дугаартай шинжээчийн дүгнэлтийг би гаргасан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмч Х.Ө 426 дугаартай дүгнэлтийг урд өмнө гаргасан байсан ба уг дүгнэлтэнд шинжилгээ хийж дээрхи №12 дүгнэлтийг гаргасан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмч Х.Ө №426 тоот дүгнэлтэд “Т.Сын биед зүүн дээд 2-р шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн байсан ба нэмэлт шинжээч томилсон тогтоолд дээрхи зүүн дээд 2-р шүдний хугаралыг ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн болохыг тодруулах, чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой эсэхийг тогтоох асуулт тавигдсан байсан. Хүний зүүн дээд 2-р шүдний хугаралын хувьд тэвэл мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэг дээр дурдсантай адил хүний гар хөл мод чулуу гэх бүх зүйл орно. Тэгэхээр чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой гэсэн үг. Өндрөөс унаж юм руу мөргөх, явганаас бие авч явах чадваргүй байгаа үедээ юм руу мөргөж унах зэрэг үед үүсгэгдэж болно. 2-р шүд гэдэг нь хүний үүдэн шүд юм. Үүдэн шүдийг яг харалдаа цохих үед л хугарна, булгарна. Зүүн талын үүдэн шүдийг унагаахад хаа хамааралгүй баруун хэсэг тэр дундаа баруун шанаа руу цохих нь зүүн дээд 2-р шүдийг унагаах боломжгүй юм. Дээрх тохиолдолд зүүн талын 2-р үүдэн шүдэнд хугарал, булгаралт үүсэх боломжгүй гэж би хэлсэн. Харин баруун шанаа хэсэгт овойж хавдах, зулгаралт, цус хуралт, язарсан шарх зэрэг гэмтлүүд аль ч учирч болно. Ямар хэмжээ, хэлбэр, дүрстэй, гадаргуутай чулуугаар ямар хүчээр яаж цохисноос хамаарна гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 224-226 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай: “Тн.Н С.Рын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна .. шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 226-228 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай: “ Б.Н Д.Н-гийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.. шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 234-235 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Сын өгсөн: “..Би ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу ..” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа яагаад гэвэл тухайн үед С.Р нь өөрийгөө гэмтээх зорилгоор өөрийгөө чулуугаар цохисон тэр үедээ гэмтлийг авсан байх гэж бодож байгаа. Би С.Рын нүүрэн тус газар гэмтэл учруулахаар цохиогүй. Өмнө нь болсон бүх зүйлийн талаар бүх зүйлээ ярьсан байгаа одоо нэмж ярих зүйл гэвэл С.Р намайг гэмтээчихээд эмнэлгээр 2-3 хоног дагалдаж явж эмнэлгээр үзүүлсэн, мөн эмчилгээний бүх зардлыг гаргаж өгнө миний буруу гэсэн бичиг гараар бичиж өгсөн, улмаар би Улаанбаатар хотод очиж эмнэлгээр үзүүлсэн. Хамрын хагалгаанд орох гэж эмнэлэгт үзүүлсэн 6-12 сарын дараа орох заалттай гарч ирсэн мөн 2 шүдний нэгийг нь Эмдлант гэсэн шүд хийлгээрэй гэж хэлсэн тэр зардлууд болон урсгал зардлыг С.Раас гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн С.Р намайг эмнэлгээр дагуулж явж байх үед өөрөө ямар ч гэмтлийн талаар яриагүй надад юу ч хэлээгүй. .. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяагийн гаргасан: “...Шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Дтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.Стай үл ялих зүйлээс маргалдаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлон тогтоогдож байна. Хохирогч нарын мэдүүлэг, гэрч н.А, Б.З, Б.М нарны мэдүүлэг, мөн Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Х.Өгийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 426, 427 дугаартай дүгнэлт, нэмэлт шинжилгээ хийлгэсэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12, 13 дугаартай дүгнэлтүүд, 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шинжээч М.Б өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Д, Т.С нар нь тухайн хэрэг болсон өдөр уулзсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д нь Т.Сыг хэл амаар доромжилж биеийн эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Б.Д нь өөрийн гэм буруугүй гэх үйлдлээ тайлбарласан мэдүүлэгтэй би нүүрэн тус газар нь цохисон. Тэхдээ шүдний хугарал гэмтэл миний үйлдлээс болж учирсан болох нь тогтоогдохгүй байна гэж байх боловч шинжээчийн эмчийн мэдүүлэг болон нэмэлт шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Т.С, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Д нь хохирол нэхэмжилж 1,120,780 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Уг баримтаар тогтоогдсон мөнгөн дүнгээр хохирлыг Т.Саас гаргуулан олгуулах. Хохирогч Б.Д, Т.С нар шүд хийлгэх, хамар ясны хугарлаа эмчлүүлэх зэргийг хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй дурдаж байх тул цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох дүгнэлтээр хохирогч Т.Ст сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэхэд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулан олгуулахаар заасан. Хохирогч Т.Ст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж байсан 660,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцож 2 дахин үржүүлэх тооцож 1,320,000 төгрөг гаргуулан олгуулах. Хохирогч Б.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах олгуулахаар заасан. Үүнийг 7 дахин нэмэгдүүлсэн тэнцэх буюу 660,000 төгрөгийг 7 дахин үржүүлж 4,620,000 төгрөг Б.Дд олгуулах. Иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирогч Б.Дгийн эмчилгээний 484,542 төгрөгийг шүүгдэгч Т.Саас гаргуулан олгуулах саналтай байна..” гэх дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан: “..Миний үйлчлүүлэгчийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Д нь Б.М.Вын хамт түүнийг дуудан ирүүлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д миний үйлчлүүлэгчийг удаа дараа хэл амаар доромжилж түүний биед халдах мөн гэрч Б.М.Вын биед халдах үйлдэл гаргасан байдаг. Хохирогч Т.Сын тухайд Б.Дгийн үйлдлийг боль, больчих гэж үг өгүүлэмжийг олон удаа дурддаг. Энэ байдлуудыг Б.Д үл ойшоож миний үйлчлүүлэгчийг удаа дараа зодож биед нь гэмтэл учруулах нөхцөл байдал үүссэн. Удаа дараа зодох, хэл амаар доромжлох нөхцөл байдлуудыг тэсэхгүй байсан учир хохирогчийн буруутай асуудлаас болоод Б.Дг зодсон асуудал байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Дд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Б.Дгийн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтийг миний хувьд улсын яллагчийн гаргаж байгаа болон Б.Дгийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг харгалзаж үзээд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн дээд болон доод хэмжээг нөхөн төлбөр олгох хэсгийг шийдвэрлэнэ гээд шүүхийн эрх хэмжээнд зааж өгсөн. 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг хохирогч өөрөө бий болгосон. Хохирогчийн буруутай, гэм буруугийн асуудал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Б.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож өгөөч гэсэн саналтай байна. Т.С өөрөө гүйж очоод Б.Дг дуудаад архи хэрэглээд түүнийг хэл амаар доромжлоод эхлээд зодсон асуудал биш. Амьтан хүртэл өөрийг нь оролдоод байх юм бол өөрийнхөө чадах хэмжээгээр эсэргүүцэх үйлдэл гаргадаг. Т.С удаа дараа түүнийг боль гээд байхад болихгүй байсан энэ нөхцөл байдал түүнийг зодох нөхцөл байдал үүссэн. Нүнжиггүй байсан бол энэ аргагүй хамгаалалт байсан гэж хэлэхээр байлаа. Хүний биед гэмтэл учирсан учир юу хэлэх вэ энэ байдлаараа явъя гээд орж байна. Т.Сын биед сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл тогтоогдсон. Өөрийнх нь хэргийн нөхцөл байдалд хандсан хандлага, тухайн хэргийн үйл баримтын байдал эдгээрийг харгалзаж үзээд 4,99 дахин нэмэгдүүлсэн буюу 3,293,400 төгрөгөөр тогтоож өгөөч. Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой. Гэрч Б.М.Вын удаа дараа өгсөн мэдүүлэг, Т.Сын өөрийнх гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгээр Б.Дд ямар байдлаар зодуулсан гэдгээ нэг бүрчлэн хэлдэг. Хх-ийн 66-67 дугаар талд байгаа 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтээр Т.Сын биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, гэмтэл тогтоогдлоо гэсэн байгаа. Зүүн доод 2 дугаар шүдний гэмтэл тогтоогдсон. Энэ шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй учир зүүн дээд шүдний хугарлаараа явъя гэсэн байдлыг гаргаж өнгөрөөж байгаа асуудал. Шинжээч эмчийн мэдүүлгийг улсын яллагч уншсан. Баруун талын шанаа руу өөрийгөө чулуугаар цохисон юм уу, өөрийгөө цохиход зүүн талын зүүн дээд үүдэн шүдэнд хугарал үүсэхгүй. Энэ нь хавьцаа ямар нэгэн гадны гэмтлийн улмаас үүссэн гэдэг нь шинжээч М.Батмөнхийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэрч Б.М.Вын мэдүүлгийг нэр бүр уншиж байгаа. Б.Д Т.Сыг маш олон удаа цохисон. Боль гээд байхад болихгүй байсан гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрч болон шинжээч эмчийн мэдүүлэг, Т.Сын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр Б.Д Т.Сын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Би Б.Дгийн өмгөөлөгч Т.Сын биед учирсан гэмтлийг Б.Д учруулаагүй юм гэдгийг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгч чадахгүй байна. Б.Дгийн өөрийн мэдүүлгээр би цохисон зодсон нь үнэн гэдэг. Зүүн тал руу нь цохиогүй гэдгээ няцааж чадахгүй байна. Маргааш нь юм уу, нөгөөдөр нь Т.С Б.Дд миний шүд хугарлаа гэж харуулаагүй нь худлаа юм шүү гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлээд байна. Т.Сын сэтгэл зүй хүнд байсан. Т.С Б.Дг өдөж хоргоож, архи уулгаж байгаад зодсон юм шиг Б.Дгийн гэр бүлийн зүгээс үүсгэсэн учир Т.С өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан. Хохирогчийн тухайд Т.С хоёр шүд хугарсан гэх асуудал дээр эмчилгээ хийлгэх нөхцөл байдал үүсэж байгаа. Иймд цаашид гарах зардлыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгөөч...” гэх дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан: “...Шүүгдэгч Т.Сын гэм буруугийн дүгнэлтээ хэлье. Шүүгдэгч Т.С 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Дгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Түүний үйлдлийн улмаас Б.Дгийн биеийн 3 хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна. Б.Дгаас хохирлын баримт 1,270,180 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтуудад хамрын хугарал мурийлт засах хагалгаанд 6-12 сарын дараа орох шаардлагатай. Одоогийн байдлаар хагалгаандаа ороогүй байгаа. Тус хагалгааны зардал 3,999,960 төгрөг болно гээд хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт гаргаж өгсөн баримтаас гадна хамрын таславчийн хагалгааны зардлыг гаргуулах саналтай байна. Цаашид шүд хийлгэх зэрэг зардал гарна. Уг зардлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Б.Дгийн биед 3 хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Цаашид хагалгаанд орох зэргээс шалтгаалан гэмтлээс үүсэн зовуурь шаналал багагүй хугацаанд үргэлжлэх байгаа. Ийм сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр гаргуулах саналтай байна.. Хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд тооцно. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Т.С, Б.Д нар 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хоорондоо маргаж харилцан зодолдсон боловч учруулсан хор уршиг хохирлоороо ялгаатай байгааг анхаарах шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Т.Сын зүүн дээд шүдний хугарал бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлт хамаарна гэж тогтоосон боловч дараах баримтуудаар Б.Дгийн үйлдэлтэй холбоогүй шалтгаан нөхцөл байдлын улмаас гэмтэл учирсан нь харагддаг. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт зэрэгт шүдэнд гэмтэл учирсан талаар өөрөө дурдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд 2 дугаар шүдний хугарал тогтоогдсоны дараа миний шүд хугарсан гэдгийг ярьсан. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 26/191 тогтоолоор 2024 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс хойш Т.С нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байна гэдэг албан тоотоор харуулж байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтэд хэсэг газрын үзлэгт зүүн дээд 2 дугаар шүдний хугарал тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэрч Б.М.Вын мэдүүлгээр Т.Сын үүдэн шүд хугарсан шинж тэмдэг байхгүй. Газраас чулуу аваад өөрийгөө цохисон талаар мэдүүлж байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр Т.Саас Б.Д чиний хаана цохисон бэ гэхэд, зүүн шанаа, дагз руу цохисон гэсэн талаар хэлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн зүүн шанаа, чих рүү олон удаа цохисон гэдгийг илэрхийлж байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэгт зүүн дээд 2 дугаар шүд нь хүний үүдэн шүд. Үүдэн шүдийг хажуугаас нь цохисон тохиолдолд гэмтэл учруулах боломжгүй. Харалдаа буюу эгц урдаас нь цохисон тохиолдолд гэмтэл үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг байдаг. Хохирогч зүүн талын шанаа болон, чих рүү цохисон гэж мэдүүлдэг. Шинжээч эмч харалдаа цохисон тохиолдолд хугарна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг нэгтгэж дүгнээд үзэхэд Т.Сын зүүн шанаа, хүзүү, ар дагз руу цохисон үйлдлийн улмаас зүүн дээд 2 дугаар шүд хугарсан байх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шалтгаант холбоо байхгүй байгааг харуулж байна. Ийм учир Б.Дг цагаатгаж өгнө үү... .” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь “Шүд нь унасныг би 10 дугаар сард шүүх хурал болох үед мэдсэн. Хожуу мэдсэн болохоор миний цохилтоор болсон гэснийг дахин шалгуулах хүсэлт өгсөн. Т.Сын үүдэн шүдийг гэмтээхээр цохиогүй...” гэж, шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь : “...Хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.. Гэмт хэрэг үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Т.Сын зүүн дээд шүдний хугарал бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлт хамаарна гэж тогтоосон боловч дараах баримтуудаар Б.Дгийн үйлдэлтэй холбоогүй шалтгаан нөхцөл байдлын улмаас гэмтэл учирсан нь харагддаг. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт зэрэгт шүдэнд гэмтэл учирсан талаар өөрөө дурдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд 2 дугаар шүдний хугарал тогтоогдсоны дараа миний шүд хугарсан гэдгийг ярьсан. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 26/191 тогтоолоор 2024 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс хойш Т.С нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байна гэдэг албан тоотоор харуулж байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтэд хэсэг газрын үзлэгт зүүн дээд 2 дугаар шүдний хугарал тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэрч Б.М.Вын мэдүүлгээр Т.Сын үүдэн шүд хугарсан шинж тэмдэг байхгүй. Газраас чулуу аваад өөрийгөө цохисон талаар мэдүүлж байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр Т.Саас Б.Д чиний хаана цохисон бэ гэхэд, зүүн шанаа, дагз руу цохисон гэсэн талаар хэлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн зүүн шанаа, чих рүү олон удаа цохисон гэдгийг илэрхийлж байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэгт зүүн дээд 2 дугаар шүд нь хүний үүдэн шүд. Үүдэн шүдийг хажуугаас нь цохисон тохиолдолд гэмтэл учруулах боломжгүй. Харалдаа буюу эгц урдаас нь цохисон тохиолдолд гэмтэл үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг байдаг. Хохирогч зүүн талын шанаа болон, чих рүү цохисон гэж мэдүүлдэг. Шинжээч эмч харалдаа цохисон тохиолдолд хугарна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг нэгтгэж дүгнээд үзэхэд Т.Сын зүүн шанаа, хүзүү, ар дагз руу цохисон үйлдлийн улмаас зүүн дээд 2 дугаар шүд хугарсан байх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шалтгаант холбоо байхгүй байгааг харуулж байна. Ийм учир Б.Дг цагаатгаж өгнө үү... .” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцжээ.
Шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбарууд нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Нотлох баримтыг дурдвал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Сын өгсөн: “... Хохирогч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт миний нүүр хэсэгт хамрах байдлаар цохих олон удаагийн үйлчлэл үүсгэсэн. .. Би тэр үед Б.Дг өдөөн хатгах зүйл байгаагүй. Зүгээр байж байгаад цохисон.. нилээн их доромжилсон. нүүрэн хэсэгт олон цохисон... маргааш өглөө нь би уулзсан. Миний зүүн талын шанаа чихээр хатгаад ам ангайхгүй байна гэдгээ хэлсэн... Тэр үед шүдэнд хөдөлгөөн орсон байсан. Би эмнэлгээр авч явж томограф зураг авахуулсан. Өнөө орой юм уу, маргааш хот явна гэж ярьж байсан. Ээж нь дуудаад очиход нөхцөл байдал хүндрээд шүдээ ярих сөхөө олдоогүй байсан.. миний зүүн талын шанаа, чих хэсэг рүү маш олон удаа цохисон... маргааш нь унасан. Хөдөлгөөн орсон байсан.. Маргалдаагүй байхад доргио баарнаас гарч ирээд чих рүү хүчтэй цохиж байхад нь гайхаж байсан. Инээгээд цохиод байсан. Би согтсон юм байлгүй гэж бодсон. Би өдөж, хатгаж уурлуулах зүйл хийгээгүй..” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Дгийн хохирогчоор өгсөн: “..С.Ртай үл ойлголцлоос болж хэрэлдээд байж байтал С.Р машинаа зогсоогоод хоёулаа машинаас буугаад улмаар хэрэлдэж зодолдсон, тэр үед би нэлээн согтуу байсан болохоор хэн нь түрүүлж цохисон талаар санахгүй байна. .. ” гэх мэдүүлэг,
хохирогч Т.Сын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “.. Д.Нг дагуулаад баарнаас гарч ирээд машинд суулгах гэтэл Д.Н гэнэт инээгээд миний толгой хэсэг рүү алгадаад байхаар нь би гайхаад хараад зогсож байтал гэнэт гараа атгаж байгаад миний зүүн чих рүү нэг удаа нэлээн хүчтэй цохиод авсан, тэр үед миний чих шуугаад толгой эргээд манараад толгойгоо бариад хэсэг газар суусан. .. Тэгээд Д.Н машинаас буугаад бас намайг алгадаж цохиод байхаар нь бүр гайхаад араас тэврээд авсан, тэр үед Д.Нгийн нүдний шилний нэг талынх нь дотор шил унасан. .. Д.Нгийн унаж явсан машиныг унаад цаг уурын хашаа руу явж байтал хажуу талаас гэнэт Д.Н миний зүүн талын шанаа хэсэг рүү 2-3 удаа нэлээн хүчтэй цохиод авсан .. би машиныг нь зогсоогоод би явлаа гээд буугаад алхаж явтал араас Д.Н ирээд хоёулаа эр хүн шиг уулзая гээд намайг цохиод эхэлсэн тэр үед нь би хүүе чи намайг цохиод байна ш дээ гэтэл хэн чамайг хэзээ цохисон юм бэ битгий баашлаад бай гээд намайг нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь за за энэ нэлээн согтуу байна даа гэж бодоод тэвчээд байсан. ... Д.Н миний элэг хэсэг рүү нэлээн хүчтэй өшиглөхөөр нь би тэвчихээ байгаад нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон тэгтэл Д.Н мөн дахиж намайг зөндөө цохиж авсан, мөн М.Выг хүртэл цохиж аваад л байсан. ... би машин бариад гэр рүүгээ явж байтал Д.Н М.Ваа энэ бол гуйлгачин ш дээ ийм хүнтэй битгий найзалж бай гэх зэргээр намайг доромжлоод явсан тэгтэл гэнэт араас намайг хоолой боохоор нь машиныг нь зогсоод буугаад Д.Н чи чинь тэнэг юм уу бид нар сая юм мөргөж болох байлаа яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Д.Н хэлэх хэлэхгүй үгээр хэлээд над руу нулимаад салаавч өгөөд байхаар нь би үнэндээ тэвчихгүй, газраас жижиг чулуу аваад машин цонхоор хальт шидсэн, тэр үед Д.Нгийн хамар руу нь цохисон юм байна лээ тэгээд хамраас цус гараад байна гэхээр нь би эмнэлэг рүү дагуулж ирээд үзүүлсэн. .. Миний үүдэн дээд шүд хугарсан мөн олон удаа цохиулсан болохоор нь толгой их өвдөж байгаа ам ангайхад хүндүүрлэж өвдөж байна чихээр хатгуулж байна би шинжээч эмчид үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно.” гэх мэдүүлэг,
хохирогч Т.Сын өгсөн: “.. миний бие Д.Нд зодуулснаар болж амьдралын хэвийн байдал алдагдаж зүүн чих, шанаа болон толгой өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, мөн үүдэн шүд хугарснаас болж юм идэхэд зовиуртай байгаа. .. ” гэх мэдүүлэг,
гэрч Б.М.Вын өгсөн: “...Д.Н нилээн согтуу байсан надтай уулзах үед уусан нэлээн халамцуу байсан. Дээр нь бид 3 нэмж уусан тэгээд Д.Н С.Рыг өөрөө эхлээд өдөөд цохиж аваад байсан. Тэгтэл С.Р уурлаад машинаа зогсоогоод бууж ирээд Д.Нг С.Р нүүр хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Д.Нгийн үүдэн шүд нь хугарсан хөмсөг хэсэг нь сэтэрсэн байсан. С.Рыг гэрт аваачиж өгөх гээд явж байтал машин дотор Д.Н С.Рын толгой руу гараараа 2 удаа цохиж авсан чинь зөрүүлээд С.Р машинаас дахин буугаад газраас 2 чулуу аваад нэг чулуугаар нь өөрийгөө цохиж аваад нөгөө чулуугаар нь Д.Нгийн хамар хэсэг рүү чулуугаа шидсэн тэгтэл Д.Нгийн хамраас их хэмжээний цус гараад эхлэхээр нь бид нар эмнэлэг рүү явцгаасан. ... С.Р машинаасаа буугаад газраас 2 ширхэг гарын атганд багтахаар чулуу аваад нэг чулуугаар нь баруун гартаа барьж байгаад өөрийнхөө баруун шанаа хэсэг рүү 2 удаа хүчтэй цохиж авсан тэр үед С.Рын баруун шанаа хэсэгт нь ил харагдах гэмтэл болон цус гарсан зүйл байхгүй байсан харин нөгөө чулууг нь машин арын суудал дээр сууж явсан Д.Н руу машины цонх онгорхой байсан болохоор хүчтэй хамар хэсэг рүү шидчихсэн. .. эмнэлэг дээрээс С.Рыг гэрт нь хүргэж өгч явахад надад хэлэхдээ “найзынх нь нүүр бүр Д.Нд цохиулаад нилээн өвчин болсон гэж болсон байна гэж ярихаар нь хартал нүүр хэсэг нь хавдсан зүйл бол харагдаагүй харин өөрийгөө чулуугаар цохисон баруун шанаа хэсэг нь жоохон овоож хавдсан байсан. Д.Н бол С.Рыг машин дотор урд талын суудал дээр сууж байхад нь анх эхлээд толгойн ар дагз хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 2-3 удаа хүчтэй цохисон мөн Доргио баарны гадаа байхдаа Д.Н нь С.Рын баруун талын чих шанаа хэсэг рүү 2 удаа хүчтэй цохиж авсан дахиж машинд суухдаа С.Рын дух нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа хүчтэй цохиж авахаар нь би Д.Нг чи одоо болиоч С.Рыг зөндөө цохиж авлаа ш дээ гээд дундуур нь ортол Д.Н миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохиж авсан, харин энэ хооронд С.Р Д.Нг нэг ч удаа цохиж аваагүй. .. шилийг хайх гээд явж байтал дахин Д.Н С.Рыг хоёр удаа нүүр рүү дахиж цохисон чинь тэр үед С.Р уурлаад машинаа зогсоогоод гараад машин арын хаалгыг татаж онгойлгоод Д.Нгийн нүүр рүү нь 3-4 удаа хүчтэй цохиж авсан, тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би бол маш бага нэг хундага л уусан бараг эрүүл байсан юм Д.Н бол нэлээн согтолттой, харин С.Р жоохон халамцуу байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 426 дугаартай: “...Т.Сын биед зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 12 дугаартай: “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 426 тоот дүгнэлтэнд залруулах зүйл байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Т.Сын биед тогтоогдсон дээрх зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл нь чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой. ..” гэх дүгнэлт,
Шинжээч эмч М.Б өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмч Х.Ө 426 дугаартай дүгнэлтийг урд өмнө гаргасан байсан ба уг дүгнэлтэнд шинжилгээ хийж дээрхи №12 дүгнэлтийг гаргасан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмч Х.Ө №426 тоот дүгнэлтэд Т.Сын биед зүүн дээд 2-р шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн байсан ба нэмэлт шинжээч томилсон тогтоолд дээрхи зүүн дээд 2-р шүдний хугаралыг ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн болохыг тодруулах, чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой эсэхийг тогтоох асуулт тавигдсан байсан. Хүний зүүн дээд 2-р шүдний хугаралын хувьд тэвэл мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэг дээр дурдсантай адил хүний гар хөл мод чулуу гэх бүх зүйл орно. Тэгэхээр чулуугаар цохих үед үүсгэгдэх боломжтой гэсэн үг. Өндрөөс унаж юм руу мөргөх, явганаас бие авч явах чадваргүй байгаа үедээ юм руу мөргөж унах зэрэг үед үүсгэгдэж болно. 2-р шүд гэдэг нь хүний үүдэн шүд юм. Үүдэн шүдийг яг харалдаа цохих үед л хугарна, булгарна. Зүүн талын үүдэн шүдийг унагаахад хаа хамааралгүй баруун хэсэг тэр дундаа баруун шанаа руу цохих нь зүүн дээд 2-р шүдийг унагаах боломжгүй юм. Дээрх тохиолдолд зүүн талын 2-р үүдэн шудэнд хугарал, булгаралт үүсэх боломжгүй гэж би хэлсэн. Харин баруун шанаа хэсэгт овойж хавдах, зулгаралт, цус хуралт, язарсан шарх зэрэг гэмтлүүд аль ч учирч болно. Ямар хэмжээ, хэлбэр, дүрстэй, гадаргуутай чулуугаар ямар хүчээр яаж цохисноос хамаарна гэсэн..” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж байх бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Д нь Т.Сын ганцхан баруун шанаа хэсэгт цохисон бус харин толгой, баруун шанаа, хацар, нүүрэн тус газар олон удаа цохисон нь тогтоогдож байх бөгөөд Б.Дгийн Т.Сын толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих үед Т.Сын биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 426 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 12 дугаартай дүгнэлтүүдэд заасан “Т.Сын биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл “ нь Т.С өөрийнхөө баруун талын шанаа хэсэг рүү чулуугаар цохисон гэх гэрч Б.М.В, хохирогч Т.С, шинжээч М.Батмөнх нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын зүгээс “газраас чулуу авч өөрийгөө цохисон” гэх санал, дүгнэлтийг,
мөн шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан “2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт зэрэгт шүдэнд гэмтэл учирсан талаар өөрөө дурдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд 2 дугаар шүдний хугарал тогтоогдсоны дараа миний шүд хугарсан гэдгийг ярьсан. хүлээн авах боломжгүй” гэх дүгнэлт нь хохирогч Т.Сын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “.. Миний үүдэн дээд шүд хугарсан мөн олон удаа цохиулсан болохоор нь толгой их өвдөж байгаа ам ангайхад хүндүүрлэж өвдөж байна чихээр хатгуулж байна би шинжээч эмчид үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно.” гэх мэдүүлэг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны хохирогч Т.Сын өгсөн: “..Одоо ч яахав хэвийн гэхэд хэцүү байна, шүд хугарсан болохоор эвгүй л байна” гэх мэдүүлэг, хохирогч Т.Сын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “.. миний бие Д.Нд зодуулснаар болж амьдралын хэвийн байдал алдагдаж зүүн чих, шанаа болон толгой өвдөж өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, мөн үүдэн шүд хугарснаас болж юм идэхэд зовиуртай байгаа. .. ” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд, хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Д нь хохирогч Т.Сын бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Т.Сын мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М.В, шинжээч эмч М.Батмөнх нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан Б.Дг цагаатгаж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Д, Т.С, хохирогч Т.Сын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч Н.А, гэрч Б.З, гэрч Б.М.В, шинжээч М.Б нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 427 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт, эрүүл эмчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 20-ны өдөр 426 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 12 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдөр 13 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.С нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Т.С, Б.Д нарын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед зүүн дээд 1,3-р шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Сын биед зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тус тус эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Т.С, Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.С, Б.Д нар нь харилцан бие биедээ халдаж, Т.С, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд хэн аль нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу Т.Сын биед учирсан зүүн дээд 2-р шүдний хугарал бүхий бүхий гэмтэл, Б.Дгийн биед учирсан зүүн дээд 1,3-р шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүгдэгч Т.С, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.
Шүүгдэгч нар нь бие биенийхээ бие эрх чөлөөнд халдаж зодож, хэн альныхаа эрүүл мэндэд хохиролын хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Т.С, Б.Д нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Сын биед хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөр, эм, эмчилгээний зардал 1.120.780 төгрөг, хамрын хугарал, шүдний хугарлын хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг тайлбар гаргаж хэрэгт LAVANA эмнэлгийн кассын орлогын ордер, эмнэлгийн байгууллагаар эмчилгээ үйлчилгээ авсан баримт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон төлбөр зэрэг нотлох баримтыг, хохирогч Т.С нь шүүгдэгч Б.Дгаас шүдний гэмтлээ янзлуулна..” гэх мэдүүлэг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон төлбөрийг гаргуулахаар баримтыг ирүүлжээ. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан LAVANA clinic эмнэлгийн кассын орлогын ордер нь 2350.000 төгрөгийн баримт нь хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны пос уншуулсан 235000 төгрөгийн баримттай давхцаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 235.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 116 дугаар талд авагдсан /235.000/ 235.000 төгрөг, хх-ийн 122 дугаар талд авагдсан /36.000, 20.000, 33.100, 13,000/ =102100, хх-ийн 122 дугаар талын ард талд авагдсан /370.000, 56.300, 140.000/ 566.300 төгрөг, хх-ийн 123 дугаар талд /70.580, 86.000, 59.000/ 215.580 төгрөг авагдсан эмийн сангийн е баримтууд нийт 1.118.980 төгрөгийг шүүгдэгч Т.Саас гаргуулж хохирогч Б.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 484,542 төгрөгийг шүүгдэгч Т.Саас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 484,542 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Саас 484,542 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Мөн шүүхийн шатанд хохирогч Т.С, Б.Д нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Дтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь чулуу шидэж, биед нь зүүн дээд 1,3 дугаар шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Стай үл ялих зүйлээс маргалдаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болсон байна.
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай: “Т.Сын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.. шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй..” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай: “ Б.Дгийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.. шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй..” гэх дүгнэлтийн дагуу хохирогч Т.Сын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд, хохирогч Б.Дгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд, хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар Б.Дгийн сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар дугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Т.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Б.Дгийн биед нь зүүн дээд 1, 3-р шүдний хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас хохирогч Б.Д нь хамар ясны хугарал засах мэс засалд орох заалттай, мөн зүүн дээд 1, 3 дугаар шүдэнд имплант хийлгэх, хохирогчийн нас, шүүгдэгч Т.Сын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч Т.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Б.Дд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3.300.000 төгрөг болж байна. / 660.000*5=3.300.000/.
Иймд шүүгдэгч Т.С-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардал 1.118.980 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3.300.000 төгрөг, нийт 4.418.980 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Т.Ст Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Т.Сын биед нь зүүн дээд 2 дугаар хугарал бүхий хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас хохирогч Т.С нь шүд хийлгэх, хохирогчийн нас, шүүгдэгч Б.Дгийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж хүсч үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч Б.Д нь МУИС-ын мэдээллийн системийн хөтөлбөрийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт хамт амьдардаг, түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван 2.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Т.Ст олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.99 нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 1.973.400 төгрөг болж байна. / 660.000*2.99=1.973.400/.
Иймд шүүгдэгч Б.Дгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 1.973.400 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ст олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д нь “6 сарын дараа хамрын мэс засалд орох мэс заслын төлбөр, шүдний хугарлын хохирол нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг тайлбар, хохирогч Т.С нь “шүдний гэмтлээ янзуулна” гэх мэдүүлэг тайлбарыг өгч байх бөгөөд хохирогч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Б.Д, Т.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.С, Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С, Б.Д нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д, Т.С нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт байхгүйг дурдаж, шүүгдэгч Т.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрхэлсэн тодорхой ажилтай, хэрэг хариуцах чадвартай, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Д нь оюутан, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаагүй нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг дурдаж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна ...”гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сын өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн мөн ам бүл 3, эхнэр, бага насны хүүхэдтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх олон нөхцөл байдал байна. Улсын яллагчийн гаргаж байгаа ялын саналыг 450,000 төгрөг байх нь зохистой болов уу гэж үзэж байна. Б.Дгийн тухайд өөрийнхөө үйлдэлд гэмшихгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлууд, шүүх хуралдаанд биеэ авч яваа нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүх ялыг ялгамжтай оногдуулсан зүйтэй байх. Шүүгдэгч Б.Дгийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байна гэснийг бол дэмжиж байна. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч Б.Дг зодсон, түүнийг өдөөн хоргоосон асуудал байхгүй. Хохирогчийн зүй бус үйлдэл байгаа нь тодорхойгүй байна. Ялгамжтай оногдуулах зүйтэй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Сын тухайд улсын яллагчийн гаргасан санал дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Д тухайд үгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг харилцан зодоон байсан. Нэг хүнийг нь буруутгаад байж болохгүй. Б.Дгийн зүгээс Т.Ст зүүн дээд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөөгүй боловч харилцан зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмтлийг нь би учруулсан эсэх дээр эргэлзэж байна гэсэн байр суурьтай байсан. Үүнийг гэм буруугаа ухамсарлаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Б.Д энэ гэмт хэргийн улмаас илүү их хохирол, хор уршиг амссан хүн нь байгаа. Биеийнх нь 3 хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Эдгээрийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзаж үзэх юм бол Б.Дд оногдуулсан ял шийтгэл Т.Сынхаас өндөр байж болохгүй. Улсын яллагчийн зүгээс Т.Ст 700 нэгж, Б.Дд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Д Монгол Улсын Их сургаалын 4 дүгээр дамжааны оюутан. Сурч боловсрох эрхийг нь хөндөхгүйгээр 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус байдал, /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Т.Сын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгч Б.Дгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Б.Дгийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан “.. Шүүгдэгч Б.Д тухайд үгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг харилцан зодоон байсан. ... Б.Дгийн зүгээс Т.Ст зүүн дээд шүдэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөөгүй боловч харилцан зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна. .. Үүнийг гэм буруугаа ухамсарлаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Б.Д энэ гэмт хэргийн улмаас илүү их хохирол, хор уршиг амссан хүн нь байгаа. Биеийнх нь 3 хэсэгт хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Эдгээрийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзаж үзэх юм бол Б.Дд оногдуулсан ял шийтгэл Т.Сынхаас өндөр байж болохгүй.. “ гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл Б.Дгийн үйлдлээс эхлэлтэй, Т.С эхэлж хууль бус зүй бус үйлдэл гаргасан нь нотлогдоогүй, шүүгдэгч Б.Д зүүн дээд 2-р үүдэн шүдэнд хугарал учруулаагүй гэж мэтгэлцэж байгаа нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан Б.Дд оногдуулсан ял шийтгэл Т.Сынхаас өндөр байж болохгүй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С, Б.Д нарт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.С, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Б.Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.С, Б.Д-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.С, Б.Д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.С-аас 484.542 (дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Б.Д-гийн нэхэмжлэлээс эмчилгээний зардал 1.118.980 (нэг сая нэг зуун арван найман мянга есөн зуун ная) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3.300.00 (гурван сая гурван зуун мянга) төгрөг, нийт 4.418.980 (дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун ная) төгрөгийг шүүгдэгч Т.С-аас гаргуулж хохирогч Б.Д-д олгож, хохирогч Т.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1.973.400 (нэг сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгдэгч Б.Дгаас гаргуулж хохирогч Т.Ст олгож, шүүгдэгч Б.Д, Т.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.С, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН