Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Э.Д-д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31ий өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******сумын ********дугаар багийн нутаг “*******” гэх газарт самар түүхээр явахдаа түлш бэлтгэх зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр 1 ширхэг 0.5 м3 хуурай  шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан хөрөөдөж унаган, байгаль орчинд 168,655  төгрөгийн шууд хохирол учруулсан, мөн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ******сумын *********дугаар багийн нутаг “*-*-*-*-*-*-*-*-*-” гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөж унагахдаа орчны аюулгүй байдлыг хангаагүй болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Үын амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 тал/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27-28 тал/, Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25 тал/, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29 тал/, хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 35 тал/, иргэний нэхэмжлэгч  С.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 тал/, гэрч  Б.П өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45, 61 тал/, гэрч   Г.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51, 59 тал/,  гэрч Б.Ө  өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,  цогцост  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64-65 тал/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 66-67 тал/,  хохиролын үнэлгээг тогтоосон Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2024 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  дүгнэлт /хх-ийн 80 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Э.Дын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Үын амь хохирч хүнд хор уршиг учирсан мөн  байгаль экологид 56.218  төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2024 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж  168,655   төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Миний бие Ж.Б нь хүү Б.Ү модонд даруулж нас барсан асуудалд Э.Дд гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл үгүй болно..”  гэх /хх-ийн 116 талд/-д нотриатчаар гэрчлүүлсэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, мөн шүүгдэгч Э.Д нь экологи эдийн засагт учирсан 168,655   төгрөгийг  2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг /хх-ийн 104 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн шийдвэрийг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Д нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ... гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд 1 ширхэг 0.5 м3 хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, Thailika гэсэн бичиглэл бүхий  ногоон өнгөтэй цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Иймд Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг 0.5 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Thailika гэсэн бичиглэл бүхий  ногоон өнгөтэй 1 ширхэг цахилгаан хөрөөг  тус тус хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж  шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актаар хүлээсэн  үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Э.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн шийдвэрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулинд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дд сануулсугай.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

    7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон торгох ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Э.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 1 ширхэг  0.5 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Thailika гэсэн бичиглэл бүхий  ногоон өнгөтэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.

  11. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, гомдол саналгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  12. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           13. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН