Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2020/00807/И |
Дугаар | 181/ШШ2020/01119 |
Огноо | 2020-04-28 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2020/01119
2020оны 04сарын28өдөр |
| 181/ШШ2020/01119 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б ХХК /РД:/-д холбогдох,
76,354,838 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай А ХХК нь Цагдаагийн Ерөнхий Газраас олгосон ******* дугаартай Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа" эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Улмаар манай компани дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд Э.Б ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19/21 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ байгуулан уг компанийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хулман нуур гэх нэртэй газар орших, ааааа дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 1228.66 га талбайтай нүүрсний уурхайд нийт 4 постонд, 3 ээлжээр, 13 хамгаалалтын ажилтантайгаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр болсон юм. Гэрээний дагуу манай компани үүргээ ёсчлон гүйцэтгэж байсан бөгөөд үйлчлүүлэгч тал болох Э.Б ХХК-ийн зүгээс гэрээний 2.3-д заасан төлбөр төлөх үүргээс гэрээ байгуулснаас хойш үндэслэлгүйгээр татгалзаж ирсэн. Манай компанийн зүгээс ажилчдынхаа цалинг өөрийн эх үүсвэрээс шийдэж ирсэн бөгөөд удаа дараагийн шаардлагын дагуу Э.Б ХХК-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөгийн төлбөр л төлсөн. Талууд гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хоёр талын санхүүгээс тооцоо нийлж, Э.Б ХХК нь манай компанид 76,354,838 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлж акт, баталгаа үйлдсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талууд Харуул хамгаалалтын гэрээ-г дахин байгуулан ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч талын зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байдал хэвээр байгаа болно. Иймд хариуцагч Э.Б ХХК-аас 19/21 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл болох 76,354,838 төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХХК нь Э.Б ХХК-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Э.Б ХХК нь А ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хулман нуурт орших уурхайд хамгаалалтын ажил гүйцэтгүүлсэн. Тухайн үед манай компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байсан БНХАУ-ын Гонг Конгийн Жиа Юань уул уурхайн хөрөнгө оруулалтын компани нь дээрх гэрээний төлбөрийг төлөхөөр манай компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэтэл энэ компани нь хөрөнгө оруулалтаа тогтоосон хугацаанд буюу өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа нь санхүүгийн хүндрэл учруулсан. Уг бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн харуул хамгаалалтын гэрээг дахин байгуулсан. Хэрэв бид тухайн үед тохиролцоонд хүрээгүй бол гэрээг дахин үргэлжлүүлж байгуулахгүй байсан төдийгүй хамтын ажиллагааг үргэлжлүүлсний дараа шүүхэд хандаж байгаа нь хамтын ажиллагааны итгэлцүүрийг үл тоосон үйлдэл гаргалаа. Манай компаниас бус бусад гуравдагч этгээдээс хамаарал бүхий давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан байхад шүүхэд хүртэл хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэл дээрх үнийн дүн бодит үнийн дүн эсэхийг манай компанийн нягтлан бодогчоор шалгуулна. Одоогийн байдлаар давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр манай байгууллагын нягтлан ажлаас түр чөлөөтэй байгаа болно. гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Б ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 76,354,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
А ХХК болон Э.Б ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 27-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ нэртэй гэрээ /хх-8-13 тал/ байгуулагдаж, А ХХК нь 2019 оны 10 сарын 27-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд Э.Б ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хулман нуур нэртэй газар орших нүүрсний уурхайн талбай, уг талбайд байрлах эд хөрөнгө, ажилчдын байрлах кемпийг нийт 13 хамгаалалтын ажилтантайгаар хамгаалах, нэг хамгаалагчийн сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцох, Э.Б ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэсэн гэдэгт маргаагүй байх ба харин хариуцагч компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани харуул хамгаалалтын гэрээний төлбөрийг төлөхөөр хариуцагч компанитай тохирсон боловч уг компани хөрөнгө оруулалтаа тогтоосон хугацаанд олгоогүй нь санхүүгийн хүндрэл учруулсан, мөн нэхэмжлэлд дурдсан дүн бодитой эсэхийг нягтлан бодогчоороо шалгуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариу тайлбартаа тайлбарласан байна.
А ХХК болон Э.Б ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан Харуул хамгаалалтын гэрээ нэртэй гэрээгээр харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг Э.Б ХХК нь А ХХК-д төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч компани өөрийн хөрөнгө оруулагч компанитай харуул хамгаалалтын үйлчилгээний зардлыг хэрхэн хариуцах талаараа тохиролцсон байх нь Э.Б ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг бодитой эсэхийг нягтлан бодогчоороо шалгуулна гэсэн тайлбар гаргасан байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-14 тал/-аар Э.Б ХХК-ийн нягтлан бодогч нь А ХХК-д 2020 оны 01 сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 76,354,838 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог нийлсэн байна.
Иймд хариуцагчийн гаргасан хариуцагч компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани харуул хамгаалалтын гэрээний төлбөрийг төлөхөөр хариуцагч компанитай тохирсон боловч уг компани хөрөнгө оруулалтаа тогтоосон хугацаанд олгоогүй нь санхүүгийн хүндрэл учруулсан, мөн нэхэмжлэлд дурдсан дүн бодитой эсэхийг нягтлан бодогчоороо шалгуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Гэрээнд заасан нэг хамгаалагчийн сарын төлбөр болох 2,000,000 төгрөгийг, гэрээнд заасан 13 хамгаалалтын ажилтнаар тооцоход сард төлөх төлбөрийн хэмжээ нь 26,000,000 төгрөг болж байх ба гэрээний үргэлжлэх хугацаа буюу 3 сарын төлбөрийн хэмжээ нь 78,000,000 төгрөг болж байх ба үүнээс төлбөрт төлөгдсөн гэх 5,000,000 төгрөгийг хасаж тооцоход төлбөрийн үлдэгдлийн хэмжээ нь 73,000,000 төгрөг болж байх боловч талууд гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсний талаар тооцоо нийлж Э.Б ХХК нь А ХХК-д харуул хамгаалалтын гэрээний дагуу 76,354,838 төгрөг төлөх ёстой гэсэн тооцоог гаргаж, харилцан баталгаажуулсан байх тул хариуцагч Э.Б ХХК-аас 76,354,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Э.Б ХХК-аас 76,354,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 550,000 төгрөгийн 539,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10,276 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Б ХХК-аас 539,724 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР