| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0353/Э |
| Дугаар | 9 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 9
С.Г-, У.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0353/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Хохирогч А.Н-
Шүүгдэгч С.Г-, У.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр /онлайнаар/
М.Гансүх /онлайнаар
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолтой, С-ын Г-, У-ын Э- нарт холбогдох, 1918008830335 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, А- овогт С-ын Г-,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт У-ын Э-,
Шүүгдэгч У.Э-, С.Г- нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “И- М- Н-” ХХК-ийн “68” зээлийн төвөөс “Голомт” банкнаас бизнесийн зээл авахын тулд Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлээ чөлөөлүүлнэ гэж хэлэн “Худалдаа хөгжил”-н банк дахь орон сууцны ипотекийн зээлийн хуулгыг хуурамчаар үйлдэн 40.000.000 төгрөгийн зээл авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч А- овогт С-ын Г-, Б- овогт У-ын Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-, С.Г- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-, С.Г- нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан утасны яриа бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Э-гаас 23.000.000 /хорин гурван сая/, шүүгдэгч С.Г-ээс 9.000.000 /есөн сая/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч “И- М- Н-” ХХК /Г.М-, утас: ********/-нд олгож, шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлснийг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-, С.Г- нарт 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан У.Э-, С.Г- нар нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-, С.Г- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:
У.Э- нь С.Г-т зээлийн төвөөс авч өгсөн 40.000.000 төгрөгөөс огт хэрэглээгүй, С.Г-ийн өмнөөс түүний бусдаас авсан өр зээлийг төлж, тэдний дансанд шилжүүлж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс У.Э-гаас 23.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Шүүхээс У.Э-г С.Г-тэй бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч гэмт хэрэгт ямар үүрэг оролцоотой байсан талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг зөрчсөн гэж үзэхээр ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ч мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлаагүй нь ойлгомжгүй байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхаарч үзэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 10 сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 371 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Э-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч М.Гансүх тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож У.Э-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тайлбартаа:
С.Г-ийг бүлэглэж залилан хийсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Иймд түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Н- тайлбартаа:
Зээлийн гэрээг У.Э- хийсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г- тайлбартаа:
Хийгээгүй хэрэгтээ хариуцлага хүлээж байгаад гомдолтой байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Э- тайлбартаа:
Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. С.Г-т залилуулсандаа гомдолтой байна. Түүний хувьд надаар өр төлбөрөө даруулсан байдаг.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Шүүгдэгч нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Э-, С.Г- нар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Худалдаа хөгжил”-н банк дахь орон сууцны ипотекийн зээлийн хуулгыг хуурамчаар үйлдэн “И- М- Н-” ХХК-ийн “68” зээлийн төвөөс 40.000.000 төгрөгийн зээл авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч У.Э-, С.Г- үйлдэл тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 1 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон байна.
Шүүгдэгч У.Э-гийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх, шүүгдэгч У.Э- С.Г-тэй бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч гэмт хэрэгт ямар үүрэг оролцоотой байсан талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг зөрчсөн. Түүнчлэн У.Э- зээлийн төвөөс авч өгсөн 40.000.000 төгрөгөөс огт хэрэглээгүй байхад 23.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Гэрч Д.Б- “...Э- зээлийн гэрээний хуулга буюу Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулгыг хуурамчаар үйлдэж манайд авчирч өгсөн. Дараа нь зээлээ хаасан гээд дахин хуурамч хуулга авчирсан. Би хуулга хуурамч байна ш дээ. Хаана хийлгэсэн юм вэ гэхэд ...Манай найз Г- хэвлэлийн газраар хийлгэсэн гэж хэлсэн...” гэх /1-р хх 41/,
Шүүгдэгч У.Э- “... Тухайн үед Худалдаа хөгжлийн банканд 25 сая төгрөгийн зээлтэй байсан. 68 зээлийн төвөөс зээл авахад Худалдаа хөгжлийн банкны зээлийн хуулга авчир гэсэн тул Г-т энэ талаар хэлээд Бид 2 энэ ажлыг хялбарчлах зорилгоор Г- өөрийн нөхөр Б-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь цалингийн зээлийн хуулгыг хэвлэлийн газар аваачиж миний нэр дээр болгож, зээл хаасан мэт болгож янзалсан. Тэр хэвлэлийн компанийн Ууганаа гэж залуу Г-ийн танил юм. Тэр хүн л хийсэн байх гэж бодож байна. Тэгээд тэр хуурамч хуулгыг би 68 зээлийн төвд аваачиж өгсөн.” гэх /1-р хх 49/,
Гэрч Э.У- “... Би он сарыг нь сайн санахгүй байна. Ямар гэсэн 2019 оны намар С.Г- нэг бичиг баримт канондоод өгөөч гээд гуйхаар нь манайд канон байхгүй, өөрөө сканердаад хувилаад ав гэж хэлсэн. Г- урьд манайд ажилладаг байсан болохоор нь өөрөө сканердаад ав гэж хэлсэн. Яг юу байсан талаар хараагүй. Ямар ч байсан хүснэгттэй жагсаалт байсан.” /1-р хх 201/ гэх,
Гэрч О.Б- ”... Энэ хоёр хуудас хуулга мэт зүйл бол У.Э-гийн орон сууцны зээлийн данс мөн боловч, зээлийн үлдэгдлийн хэмжээг өөрчилсөн байна. Уг нь 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой боловч, надад үзүүлж байгаа хуулга мэт зүйл дээр 40 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хуулган дээрх гарын үсэг минийх мөн боловч, тухайн хуулга У.Э-д гаргаж өгсөн хуулга биш байна.” /1-р хх 115/ гэх,
Шинжээчийн дүгнэлт ”... Шинжилгээнд ирүүлсэн 2 хуудас материал дахь гарын үсэг, тэмдэг нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн гарын, үсэг тэмдэг байна. “ /1-р хх-123,126/ гэх,
Шүүгдэгч С.Г- “... Би Дарханд сургалтын төвд сууж Фото шоп программ дээр ажиллаж сурсан. Топ дизайн ХХК-д үйлчлэгчээр ажилд ороод дараа нь захиалга хүлээн авагч, сүүл нь эх бэлтгэх ажил хийдэг байсан.” /1-р хх 226/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар
-Шүүгдэгч У.Э- С.Г- нар бүлэглэн 68 зээлийн төвөөс 40 000 000 сая төгрөгийн зээл авахын тулд У.Э-г “Худалдаа хөгжил”-н банканд орон сууц барьцаалсан зээлийг 40 сая төгрөгийн зээлтэй, улмаар уг зээлээ хаасан гэсэн хуурамч баримт бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон “И- М- Н-” ХХК-ийн “68” зээлийн төвөөс 40.000.000 төгрөгийн зээл авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.
Иймд Анхан шатны шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны бөгөөд шударга ёсны байх зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах явцад “И- М- Н-” ХХК-ийн “68” зээлийн төвөөс 32.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч нар бүлэглэн, үгсэн тохиролцож дээрх гэмт хэргийг үйлдсэн тул бусдад учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн буюу 16:16 сая төгрөгөөр хариуцах ёстой гэж үзлээ.
Шүүгдэгч У.Э- “68” зээлийн төвөөс авсан 40 сая төгрөгийг С.Г-т өгсөн, С.Г- цааш бусдаас зээлсэн өрөндөө өгсөн, өгөөгүй гэх байдал нь энэхүү эрүүгийн гэмт хэргийн хохирол барагдуулахад хамааралгүй иргэд хоорондын зээл, өр авлагын асуудал тул шүүгдэгч нар энэ асуудлаа иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолын хэсгийн 6-р заалтын “...У.Э-гаас 23.000.000 /хорин гурван сая/, шүүгдэгч С.Г-ээс 9.000.000 /есөн сая/ төгрөг...” гэснийг “…Шүүгдэгч Ууганбаярын Э-гаас 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг, шүүгдэгч С-ын Г-ээс 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг тус тус гаргуулж, “И- М- Н-” ХХК-ийн “68” зээлд олгосугай.” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР