Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2018/00319

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2018/00319

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Өнөр 17 дугаар хороолол ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг ажилласнаар тооцох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 142/2018/00028/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /өмгөөлөх эрхийн үнэмлэхийн №0395/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХКйн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяртай 2017оны 08 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд энэ хугацаанд би тавигдсан шаардлагыг ханган биелүүлэхийн тулд өөрийн чадвар, бололцоог ашиглаж ажилласан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагаас тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гэнэт хуралдаж Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын мэдээллийг сонсож, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлэв гэж үзэж компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас халах тухай тогтоол гаргаж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-нд ******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дугааргүй тогтоол гарч П. ******* намайг ажлаас халсан юм. Энэхүү тогтоол Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдаж байна гэж үзэж байна. Намайг ажлаас халсан ******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Нэмэхбаярын гарын үсэгтэй тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* ХХКйн гүйцэтгэх захирлын туслах н.Нямсүрэнгээс гардан авсан бөгөөд уг тогтоолд миний хуулиар хамгаалагдсан, эрх ашиг зөрчигдсөн тул Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд тус тус заасан үндэслэл, журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: ******* ХХКйн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах,2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг ажилласнаар тооцох... гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн охин компани болох ******* ХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож 2 сар 20 хоног ажилласан. Миний бие Монгол улсын хууль болон байгууллагын дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргаагүй. Гэтэл 2017 оын 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагт ******* ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас 3-р улирлын тайлан баланс хэлэлцэх зорилгоор хурал зарласан. Би тэр үед Улаанбаатар хот руу ажлаар явж байсан. Хурлаар 3 улирлын тайлан баланс хэлэлцэх төдий болж эцэст нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон юм уу, Эрдэнэт үйлдвэр ХХК-н захиргаанаас томилогдсон юм уу үл мэдэгдэх ажлын комисс захиргааны ажилчдаас миний эсрэг байцаалт авч манай компаний санхүүгийн бүх тайлан баланс авч явсан байсан. Тэр санал асуулгыг үндэслээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг дараахи 5 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тогтоол танилцуулсан. Тогтоол дээр ******* ХХК-ний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль компаний дүрмийг дагаж мөрдөөгүй. Өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, компанид гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, компаний ажилчдыг удирдлагаар хангаагүй, санхүүгийн тайлан бүртгэлийг стандартын дагуу явуулаагүй зөрчил гаргасан тул П.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсүгэй гэсэн тогтоол гаргасан. Би тогтоолыг эс хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус тогтоолд дурдсан компаний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдэг нь ойлгомжгүй байгаа. Ямар хөрөнгийг юунд зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй, нотлох баримт байхгүй байна. Манай компани ашгийн төлөө бие даасан хуулийн этгээд юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-с хийсэн төсвийн дагуу манай компани санхүүгийн тайлан балансаа гаргаж, хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлээд явсан. Харин 2 сар 20 хоногийн хугацаанд миний бие 200.000.000 гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан компанийг хүлээн авч 185.000.000 гаруй төгрөгийн ашигтай ажиллуулсан. Складны үлдэгдэл 1.317.897.659 төгрөгийн бараа материал хүлээж авсан. Ажил хүлээлгэж өгөх үед 200.000.000 төгрөгийн бараа материал хэрэглэсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, компаний дүрмийг дагаж мөрдөөгүй гэж байгаа. Үүнийг юугаар нотлоод байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. ******* ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний 100 хувь охин компани буюу бие даасан үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Гэтэл манай компани Эрдэнэт үйлдвэр ХХК-н цехийн бүтцийн хэв маягаар үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг компани үйл ажиллагаандаа дагаж мөрдөөгүй гэх үндэслэл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 10.000.000 төгрөг доторх ажил үйлчилгээг гүйцэтгэх захирал бие даан гүйцэтгэх эрхтэй, 50.000.000 төгрөг хүртэлх бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар, 80.000.000 төгрөг доторх ажил үйлчилгээг харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Яг энэ дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Баримт нотолгоо нь санхүүгийн хэлтэст байгаа. Мөн өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн асуудлыг би ойлгохгүй байна. Ямар эрх мэдлээ хэтрүүлснээ тайлбарлаж чадахгүй тайлбар олдохгүй байна. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 22 цагт манай компаний 2 дугаар хэсгийн засварчин Анхтуяа гэдэг эмэгтэй ажлаа тараад явж байх үед Уурхайчин соёлын ордны урд талын авто замын гарцан дээр машинд мөргүүлсэн осолд орсон байдаг. Би маргааш асуудлыг мэдээд Хөдөлмөр хамгааллын инженертээ юунаас болж осол гарсан асуудлыг нарийвчлан тогтоо гэж үүрэг даалгавар өгсөн. Нилээн хүнд осолд орсон байсан болохоор компаниас мөнгөн тусалж үзүүлсэн. Бие даасан компаний хувьд энэ асуудлыг бүрэн шийдээд явах эрхтэй гэж бодож байна. Надад нуух шаардлага байгаагүй. Дараагаар нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч надтай ирж уулзаж, ОМ тогтоож хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг шийдэж өгсөн. Нотлох баримтууд гаргаж өгсөн байгаа. Ослын актыг хэн бүрдүүлэх вэ? гэхээр компаний гүйцэтгэх захирлын тушаалаар орон тооны бус комисс томилогдсон. 2016 оны 10 сарын 11 өдөр А/222 тушаалаар ******* ХХК-н үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комисс томилсон байдаг. Энэ тушаалын дагуу манай компаний ерөнхий инженер, хөдөлмөр хамгааллын инженер чиг үүргийнхээ дагуу өөрсдийн ажил үүргийг хийж гүйцэтгэх ёстой байсан. Үүнийг хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр намайг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх асуудлыг гаргаж тавьсан байдаг. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын байцаагчтай уулзаж бүх газраар явж маршрутыг тогтоосон байдаг. Энэ асуудал ингээд шийдэгдсэн. Дараагаар нь компаний ажилтнуудыг удирдлагаар хангаагүй гэж байгаа. Манай компани 7 хоног болгон шуурхай хийдэг. Би нийт 2 сар 20 хоног ажиллахдаа компаний удирдах ажилтнуудыг шуурхай удирдлагаар хангахын тул 12 удаа хурал хийсэн, хурлын протокол нь байгаа. Тухайн үеийн ажил үүргээ гүйцэтгэсэн байдал болон хойшид хийх ажил, цаг үеийн асуудлаар нэгжийн дарга нарт үүрэг даалгавар өгч байсан. Тэр тухай баримт нь энд байгаа. Ингэж би компаний ажилчдыг удирдлагаар хангаж ажиллаж байсан. Мөн санхүүгийн тайлан бүртгэлийг холбогдох хууль тогтоомжид заасан стандартын дагуу явуулаагүй гэсэн зөрчил гаргасан. Компанид санхүүгийн хэлтэст эдийн засагч гэдэг өөрсдийн санхүүгийн асуудлыг хариуцсан ажилтнууд байдаг. Энэ хүмүүс санхүүгийн бүртгэл стандартын дагуу санхүүгийн тайлан балансаа гаргадаг, орлого зарлагаа гаргаж, татвараа төлдөг. Манай компани татварын өр төлбөр байхгүй байхад ямар стандарт заавар зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: П.******* хууль бусаар ажлаас халагдсан учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. П.*******ын эрх зөрчигдсөн тул шүүхээр хамгаалах нөхцөл бололцоо бүрдэж хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын дагуу асуудалд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч хариу тайлбараа одоог хүртэл ирүүлээгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т нэхэмжлэлийн хүлээн авсан боловч хариуцагч хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна. Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж болно гэж заасан. Хариуцагч талаас энэ асуудалд ингэж хандаж байгаа нь хариуцагч тал нэхэмжлэгч П.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлүүдийг нэхэмжлэгч тайлбарлаж ярьлаа. Нэхэмжлэгч П.*******ыг худалдан авах ажиллагааны журам зөрчсөн, үйлдвэрлэлийн осол нуун дарагдуулсан, санхүүгийн тайлан бүртгэлийн хууль дүрэм зөрчиж хугацаанд нь тайлан баланс гаргаагүй гэж байна. П.******* 2017 оны 3-р улирлын тайланг хугацаанд нь гаргасан. Энэ баримт нь нотлох баримтаар байна. Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33-р тогтоолд аливаа зөрчлүүдийг заавал нотолж байна гэж, мөн тус тайлбарын 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт ажил олгогчийн итгэл найдварыг алдсан эсэхийг дотоод аудитын хяналт шалгалтаар тогтооно гэж байгаа. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа учир энэ талаар мэтгэлцэж болохгүй байна. Аудитын дүгнэлтэд төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтооно гэж байна. Өнөөдөр ажлын хэсэг томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг албан ёсоор ирүүлээгүй байна. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Үйлдвэрлэлийн осол нуун дарагдуулсан асуудал дээр Засгийн газрын 2009 оны 14-р тогтоолд үйлдвэрлэлийн осол хурц хордлого гэдэгт ажилтан ажлаасаа ажлын унаагаар юм уу эсвэл нийтийн унаагаар зорчиж байх үедээ осолд орсныг хамруулна гэж заасан байгаа. Гэтэл Анхтуяагийн эрх бол зөрчигдөөгүй, үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгож, эмнэлгийн хяналтад байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас нь халах гэсэн улс төржсөн нэг хэлбэр гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэр дотроо 49 хувь 51 хувиар талцаж хууль зөрчсөн асуудал гаргаж байгаа. Мөн П.******* захирлыг ажлаас халсан төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь хууль бус байна. Энэ тогтоол албан ёсны бус акт, дугаар байхгүй. П.*******ыг ажлаас чөлөөлөхдөө П.*******ад гаргасан зөрчлийн талаар асууж, тайлбар авч нотолж тогтоосон зүйл байхгүй. Зүгээр л нэг өдөр тайлан хэлэлцэх нэрийн доор ажлаас чөлөөлж дараагаар нь дүгнэлт гэсэн албан бус баримт гаргасан. П.*******ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дах хэсгийг зөрчсөн. Энэ хуулийн заалтаар ажил хүлээн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан сүүлийн өдрөөр тооцно гэж байгаа. Хүчээр 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлыг нь авсан гэж үзэж байна. Ажил хүлээлцэх үед П.******* өөрөө байгаагүй, өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Нэхэмжлэгч П.******* нь ажлаа хүлээж аваад 3 сар ажилласан байсан. Ээлжийн амралт, тооцооны хуудсыг тусгаж өгөөгүй хүчээр ажлаас нь чөлөөлсөн. П.*******ыг ******* ХХК-н гүйцэтгэх захирлын ажилд төлөөлөн удирдах зөвлөл нь өөрөө томилоод Улаанбаатар хотоос гэрийг нь нүүлгэж ирсэн. Тэр бүхнийг шийдэхгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн. Одоо энэ асуудлаас болоод П.******* нь орон сууцны асуудалтай байгаа. Шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмын дагуу энэ асуудлыг шийдвэрлэх байх. Иймд нэхэмжлэлийг хангаж ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны дугааргүй тогтоолыг хууль бусад тооцож, П.*******ыг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 13 хоногийн цалинг гаргуулж, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг ажилласнаар тооцох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу 2018 оны 01 сарын 16-нд хариуцагч ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаярт нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч 2018 оны 01 сарын 30-ны дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх тайлбараа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Итгэлд шүүх хуралдааны товыг 2018 оны 03 сарын 13-нд шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулж мэдэгдсэн байх боловч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлж, хүсэлтдээ эмнэлгийн магадалгааг хавсаргасан боловч уг эмнэлгийн магадалгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч П.******* нь ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож /хэргийн 6-р тал/, ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөдөлмөрийн гэрээ /хэргийн 7-10-р тал/ байгуулж ажиллаж байгаад тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн дугааргүй тогтоолоор /хэргийн 11-р тал/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

******* ХХК-ийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, ******* ХХК-ийн дүрмийн 7.12.8, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн шийдвэрээр байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт зэргийг баримталж П.*******ыг ******* ХХК-ийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдөөгүй, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, компанид гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, компанийн ажилтнуудыг удирдлагаар хангаагүй, Санхүүгийн тайлан бүртгэлийг холбогдох журамд заасан тайлан бүртгэлийн зарчим, стандартын дагуу явуулаагүй зэрэг зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталсан боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайн ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн зааж гэрээнд заасан зөрчлийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэл байх бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд мөнгө болон эд хөрөнгө хариуцах үндэслэлээр гэрээ байгуулагдаагүй атлаа нэхэмжлэгч П.*******ыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч П.*******ыг ажлаас халах ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн тогтоолд заасан үндэслэлүүд болох П.******* нь ******* ХХК-ийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдөөгүй, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, компанид гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, компанийн ажилтнуудыг удирдлагаар хангаагүй, Санхүүгийн тайлан бүртгэлийг холбогдох журамд заасан тайлан бүртгэлийн зарчим, стандартын дагуу явуулаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй, уг зөрчлүүдтэй холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл, энэхүү шийдвэрийг гаргахад хийсэн ажиллагааны талаар, нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх тайлбар, түүнтэй холбоотой баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч П.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн дугааргүй тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул түүнийг хүчингүй болгож П.*******ыг урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 11 сарын 13-наас 2018 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10039722 төгрөгийг /2321030:21.5=107954*93 хоног=10039722/ ******* ХХК-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос хуульд заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг ажилласнаар тооцох тухай шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгч П.*******ын цалингийн тодорхойлолт /хэргийн 203-р тал/-ыг үндэслэн тооцсон болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10039722 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 175585 төгрөг, нийт 245785 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хэргийн 42-80, 82-114, 142-185 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн /дугааргүй/ тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.*******ыг ******* ХХК-н гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10039722 /арван сая гучин есөн мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-с гаргуулж нэхэмжлэгч П.*******ад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан П.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,039,722 төгрөгнөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-с 245785 /хоёр зуун дөчин таван мянга долоон зуун наян тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ