Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/01056

 

 

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/01056

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Г банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ө.Т-т холбогдох

үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 436,370.02 төгрөг, нийт 3,240,498 (гурван сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн наймтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 155/2021/00950/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Цхариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Т нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж дугаар 4905114856 зээлийн гэрээ байгуулж 2,804,127.50 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 1.9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчиж төлөх ёстой зээл болон зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул хугацаа хэтэрч 150 хоносон тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 4.4.1-д зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк зээлийг эргэн дуудахаар гэрээнд заасныг харилцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн удаа дараа төлөхийг шаардаж, сар бүр холбогддог. Ямар нэгэн шалтгаан хэлж банк дээр ирж уулздаггүй. Зээлдэгч нь 10 сарын хугацаа хэтрэлттэй байгаа. Тиймээс банк өөрийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Ө.Төөс үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 436,370.02 төгрөг, нийт 3,240,498 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Манай байгууллагын зүгээс харилцагчтай байнга холбогддог. Манай байгууллагын ажилтны чат нь хадгалаастай байгаа. Хариуцагч нь зан төлөвийн хувьд асуудалтай. Энэ ч шүүхийг дуудахад ирэхгүй байгаагаас харагдаж байна. Сар болгон бид утасдаж гуйж, төлөхийг шаарддаг. Манай харилцааны менежер дээр бичсэн чатууд нь хадгалаастай байгаа. ...2,804,127.50 мөнгийг зээлж авсан. Би өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн гараар бичсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Хариуцагч нь өмнө нь хэрэглээний кредит карт ашиглаж байсан. Кредит карт нь зээл биш хэрэглээний карт бөгөөд уг картынхаа төлбөрийг мөн огт төлөхгүй байсан. Тухайн кредит картны зээлээ хариуцагч нь тогтсон графиктай зээлээр хөрвүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу бид 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөрвөлтийг хийж өгсөн. Зээлийн мэдээллийн сан руу ангиллыг нь сайжруулж зэрэг давуу байдлуудыг бий болгож өгсөн. Түүнээс өмнө авсан кредит картаа мөн төлдөггүй байсан учраас шүүхэд хандлаа гэхэд шүүхэд хандахгүйгээр надад нэг удаа боломж олгооч гэсэн өөрийн нь гараараа бичсэн хүсэлт байгаа. Тийм учраас хугацаа тохирч график төлөлт хийгдэхээр болсон. ...Зээлийн зориулалт өөрчилсөн зээлийн хүү нь сарын 1.9 хувийн хүүтэй. Харин кредит карт нь сарын 3.5 хувийн хүүтэй. ...Зээлийг бэлэн бусаар олгосон.

...Харилцагч нь зээлд огт төлөлт хийгээгүй. ...50 мөнгөнөөс дээш гарсан тул 1 төгрөг рүү хөрвөгдсөн байна. Тиймээс бүхэл тоогоор нэхэмжилсэн. ...Зээлийн хүүг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тасалбар болгон тооцон шаардаж байгаа. ...Мэдэгдэж утсаар хэлсэн. ...Очиж төлнө гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд мэдэгдэхэд цуцлахаас даа гэж манай ажилтанд хэлсэн байсан. Уг зээл нь 7 хоног болгон зээлийн хорооны хурал дээр яригддаг. Манай харилцааны менежер нилээд олон удаа хугацаа авсан. Эрт арга хэмжээ авах боломж байсан боловч харилцагч төлнө гэсээр байгаад хугацаа удсан.

...Зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар зээлийн гэрээний зориулалт нь 462868******6730 тоот кредит картын өр төлбөрийг төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан...гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ө.Тийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь Г банкны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 436,370.02 төгрөг, нийт 3,240,498 төгрөг нэхэмжилсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй байна.

1-рт: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаж банк санаачилгаараа гэрээг цуцлах тохиолдолд хариуцагчид заавал мэдэгдэж түүнийх нь дагуу тодорхой ажиллагаа хийгдэх ёстой. Энэ ажиллагаанууд хийгдээгүй байдал харагдаж байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл нь юу юм бол, би банктай ойлголцохгүй байгаа, зохих хугацааны дагуу төлж явах зээл шүү дээ гэх байдлаар тайлбар хэлж байсан. Тийм учраас зээлийн гэрээний хугацаа дуусаагүй. Ө.Тт энэ талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

2-рт: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шаардах эрхээ тодорхойлж чадсангүй. Зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгаа боловч уг зээл нь кредит картын төлбөр гэсэн зүйлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьсан. Тийм учраас банк шаардах эрхээ тодорхойлохдоо зээлийн гэрээ буюу 4.4.1-д заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээнд заасан 2,804,127.50 төгрөг хариуцагчийн өмчлөлд шилжээгүй байна. Энэ нь өмнө нь төлөөд явах ёстой байсан кредит картын төлбөр нь шилжиж бичигдсэн байна. Иймд шаардах эрхээ тодорхойлохдоо зээлийн гэрээ бус өөр үндэслэлээр нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна. Хариуцагч Ө.Т нь надад зээлийн гэрээ байгуулагдаагүй. Би өмнөх төлбөрөө хойшлууллаа гэсэн байдлаар ойлгож байж магадгүй гэх сэтгэгдэл төрж байгаа учраас банк шаардах эрхээ тодорхойлж дахин нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шаардах эрх тодорхойгүй бөгөөд шүүх гаргаж шийдвэрлэсэн тохиолдолд зээлийн төлбөр болон хүү гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлээгүй тохиолдолд хүү шаардах эрх үүсэхгүй тийм учраас байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь Ө.Тт холбогдуулан үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 436,370.02 төгрөг, нийт 3,240,498 (гурван сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун ерэн наймтөгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Г банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн н/1297 дугаартай тушаалаар А.Цыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захирлаар томилсон, Г банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаалаар банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Г банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд, Г банкны 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18/7979 дугаартай тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшингийн албан бичгээр Г банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Хөвсгөл салбарын захиралд олгосон (хх-ийн 9-11 дүгээр тал) байх тул Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүхээс хариуцагч Ө.Тт нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан бөгөөд хариуцагч нь шүүхэд тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцов.

Хариуцагч Ө.Т нь Г банк ХХК-ийн Хөвсгөл салбараас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4905114856 дугаартай зээлийн гэрээ байгуулан 462868******6730 тоот кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар 2,804,127.50 төгрөгийг сарын 1.9 хүүтэй, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар бэлэн бусаар зээлсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ4905114856 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн графикийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 6-7 дугаар тал)

Ө.Т нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г банкинд зэс картын зээлийг 1.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тэнцүү зээл рүү шилжүүлэх тухай хүсэлтийг (хх-ийн 30 дугаар талбичгээр гаргаж, улмаар Ө.Т болон Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4905114856 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад бичгээр гаргасан хүсэлтээс дүгнэхэд талууд гэрээг хариуцагчийн хүсэл зоригийн дагуу байгуулсан, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын шүүх хуралдаанд гаргасан ...Хариуцагчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлээгүй тохиолдолд хүү шаардах эрх үүсэхгүй тийм учраас байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Харилцагч нь зээлд огт төлөлт хийгээгүй... гэх тайлбараар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагчид мэдэгдсэн болох нь ....Цуцлагдсан. ...Мэдэгдэж утсаар хэлсэн... гэх тайлбараар тус тус тогтоогдлоо.

Г банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4.1-д зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг Хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж тус тус заасны дагуу Банк өөрийн санаачлагаар Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь хуульд нийцнэ.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй. Ө.Тт энэ талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасны дагуу Г банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг дуусталх хугацааны зээлийн хүү 436,370.02 төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн график-аас дээрх хугацаагаар тооцон хариуцагчаас үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 390,834.17 төгрөг, нийт 3,194,961.67 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ө.Төөс үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 390,834.17 төгрөг, нийт 3,194,961.67 (гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянга есэн зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,536.33 (дөчин таван мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин гурван мөнгөтөгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Төөс 3,194,961.67 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ө.Төөс үндсэн зээл 2,804,127.50 төгрөг, зээлийн хүү 390,834.17 төгрөг, нийт 3,194,961.67 (гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянга есэн зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,536.33 (дөчин таван мянга таван зуун гучин зургаан төгрөг гучин гурван мөнгөтөгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,798 (жаран зургаан мянга долоон зуун ерэн наймтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Төөс улсын тэмдэгтийн хураамж 66,069 (жаран зургаан мянга жаран естөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ