| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00394/И |
| Дугаар | 142/ШШ2019/00522 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2019/00522
| 2019 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2019/00522 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т
Хариуцагч: Б.Б
1 787 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б нь нөхөр З.Г ний хамт сүүлийн 2 жилд надаас хэд хэдэн удаа зээл авч тооцоог хийж дуусгаж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр болох З.Г ний хамт ирж 1 600 000 төгрөг, 4 сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлсэн. Явцын дунд нэмж 06 дугаар сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөг зээлж авч бүгд зээл 1 750 000 төгрөг болсон. Үүнээс 110 000 төгрөг төлсөн. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээл нь 1 640 000 төгрөг үлджээ. Үндсэн зээлийн төлбөр 1 640 000 төгрөг, 1 сарын хугацааны хүү 147 000 төгрөг нийт 1 787 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 787 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлдүүлэгч Д.Т нь зээлдэгч З.Г нэ, Б.Б нарт 1 600 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй, хугацаа хэтэрбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байна.
Улмаар зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийн зээлийг нэмж олгон, хугацааг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байхаар сунгаж талууд гарын үсгээ зуржээ.
Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Б.Б үндсэн зээлээс 110 000 төгрөгийг хүүний төлбөрийн хамт төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 1 640 000 төгрөг болсон байна.
Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн төлбөр 1 640 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын хүүний төлбөр 147 000 төгрөг нийт 1 787 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Б үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд Б.Б уг үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг.
Зохигчид анх байгуулсан зээлийн гэрээгээ 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 сараар сунгаж, талууд гарын үсэг зурсан байх ба 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан 2 дахь удаагийн сунгалтанд зээлдэгч З.Г нэ гарын үсэг зураагүй байна.
Иймд 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан гэрээг үндэслэн 1 сарын хүү нэхэмжилсэн хүүний төлбөрийг хэрэгсэхгүй болгож зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 640 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Тодруулбал зээлийн гэрээний сунгалт нь үндсэн гэрээний нэгэн адил анх байгуулагдсан хэлбэртэй байх бөгөөд зээлдэгч З.Г нэ сунгалт хийсэн гэрээнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны товыг өөрийн биеэр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 1 640 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41 190 төгрөг гаргуулан Д.Т т олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Болормаагаас 1 640 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 41 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ