| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0158/э |
| Дугаар | 2017/ШЦТ/153 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 201722000221 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн М.О-ын гэрийн тооноор нэвтрэн орж 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах иргэн М.О-ын гэрийн тооноор нэвтрэн орж 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …М.О-ын гэрт очиход Г.П-, Давка гэдэг 2 залуу тэднийд байсан, М.О- тэнд байсан хүмүүстэй ноцолдоод байсан, тэгж байснаа орныхоо араас хэтэвчтэй мөнгө гаргаж ирээд өнөөдөр энэ мөнгөөр цөмөнгөөр нь архи ууна гээд байсан, тэгэхээр нь мөнгийг тоолоход 840.000 төгрөг байсан, М.О- 40.000 төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 800.000 төгрөгөө авдартаа хийгээд бид нар Номин дэлгүүр орж Ерөөл нэртэй 2 шил архи, Боргио нэртэй том пиво 1 ширхэгийг аваад баярын талбай ороод ууж байтал М- гэдэг залуу нэг залуутай цуг ирсэн, тэгээд бид нар долуулаа уугаад сууж байтал М-, Давка 2 М.О-оос мөнгө зээлээч Мөрөн явж шоудмаар байна гээд байхаар нь би энэ нөхөр мөнгөө дуусгах юм байна гэж бодоод явлаа гээд ганцаараа явж очоод М.О-ын гэрт тооноор нь ороод авдар дотроос нь нөгөө 800.000 төгрөгийг түрүүвчнээс нь аваад хөдөө гэрлүүгээ яваад өгсөн. Өглөө хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Аавдаа өдөр энэ талаар хэлсэн, өдөр 14:00 цагийн үед М.О-, Давка, Охиноо 3 ирээд та мөнгө авсан уу гэхээр нь би нөгөө хоёрын хажууд хэлээгүй, тэгээд дөрвүүлээ сумын төв ороод цагдаа дээр очоод би мөнгийг нь авсан талаараа хэлээд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг,
Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …архи уухаар болоод би авдраасаа мөнгөө гаргаж ирэхэд Б.Б- ахын дүү наад мөнгөө хаячихав би тоолоод өгье гээд 840.000 төгрөг байна гэж хэлж байсан. Би 20.000 төгрөг аваад үлдсэн мөнгөө авдрандаа хийсэн. Тэгээд 5-уулаа Номин орж 1 шил архи, пиво аваад байж байгаад М-тай тааралдсан. М-тай хамт 6-уулаа баярын талбай дээр очиж уугаад байж байтал нэг мэдэхэд Б.Б- мотоциклио асаагаад хөдлөөд явчихсан. Уг нь Б.Б- Г.П-тай хамт хөдөө гарна, замаараа хүргэж өгнө гэж байсан юм. Тэндээ архи пивоо ууж байгаад Оргил төв ороод мөнгөний хэрэг гараад Г.П- бид 2 манай гэрт очиход авдар дээр 20.000 төгрөг орхисон байсан. Миний бусад 800.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд манай тоононы рам нь онгойчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Г.П-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …М-тай нийлээд бид 6 баярын талбайн дотор ороод архиа уусан. М.О- утсаар яриад Б.Б- шээнэ гээд ийш тийшээ яваад нэг шалтаг гаргаад нэмж архи уухгүй байсан. Б.Б- өдрөөс хойш явахдаа намайг хүргэж өгнө гэж байснаа архи дуусаагүй байхад явчихсан байсан. Намайг уг нь явах юм уу гэж асуухаар нь за явъя, түр байж бай гэж хэлэхэд мотоциклио асаагаад яваад өгсөн. Бид 5 Оргил төв рүү очоод би Ээрээ ахаас нэг пиво зээлээд уучихсан. Дахиад зээл өгөхгүй байхаар нь М.О- бид 2 гэрлүү нь очиж мөнгө аваад ирье гээд гэр лүү ороход авдар дээр нь 20.000 төгрөг орхичихсон байсан. Авдар дотор нь байсан мөнгө алга болчихсон байсан. Тэгээд тоононых нь рам онгойчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэгээд бид 6-уулаа баярын талбай орж архи пивоо ууцгаасан. Архи ууж байхад Б.Б-, Г.П- 2 хамт явна, Б.Б- нь замаараа Г.П-ыг хүргэж өгчихөөд харина, танайх зам дагуу юм чинь гэж яриад байсан. Тэгж байгаад Г.П-ыг явъя гэхэд за байж бай түр хүлээж бай гээд Г.П- суугаад байсан. Тэгж байгаад Б.Б- мотоцикльтойгоо хөдлөөд явсан. Бид тэнд архи, пивоо ууж дуусгачихаад Оргил төв рүү очиж 1 пиво авч уугаад дахиад нэг пиво зээлээр авчихъя гэсэн чинь Ээрээ ах өгөөгүй. М.О-, Г.П- 2 явж гэрээс мөнгө авчирна гэж яваад ирэхдээ 20.000 төгрөг барьчихсан бусад мөнгө маань авдарнаас алга болчихсон байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч О.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэгээд бид 6-уулаа баярын талбай орж архи пивоо ууцгаасан. Пиво дуусаад архи талдаа орж байхад нэг мэдэхэд Б.Б- явчихсан байсан. Хэзээ яагаад явсан талаар бол сайн санахгүй байна. Тэгээд би нилээд их согтсон байсан нэг мэдэхэд Оргил төвд нөгөө хэдтэйгээ хамт пиво ууж байсан маргааш өглөө нь сэрэхэд М.О-ын гэрт сэрсэн. М.О- маргааш өглөө нь өчигдөр авдар дотроос 800.000 төгрөг алга болсон Б.Б- авчихсан юм болов уу Б.Б-той очиж уулзана гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …баярын талбай дотор ороод уусан. Би пиво л уусан, архинаас нь бол уугаагүй. Архи талдаа орж байх үед Г.П-, Б.Б- 2 хамт хөдөө гарна гэж байснаа Б.Б- мотоциклио асаагаад хөдлөөд явсан. Б.Б- уг нь Г.П-ыг явъя гэж хэлэхэд за гэж хэлчихээд суугаад байсан юм тэгж байтал хөдлөөд явсан. Тэндээ архи пивоо ууж дуусчихаад Оргил төв рүү очиж пиво ууцгаасан. Тэгж байтал гэрээс очиж мөнгө авна гээд М.О-, Г.П- 2 яваад буцаж ирэхдээ миний мөнгө алга болчихсон байна, авдар дээр 20.000 төгрөг тавиад орхисон байна. Авдарнаас маань 800 гаруй мянган төгрөг алга болсон байна гэж хэлээд 20.000 төгрөгөө барьчихсан ирээд тэр мөнгөөр бид нар пиво ууцгаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.04.26-нд сумын хэсгийн төлөөлөгч Балжиннямаас манай хүү Б.Б- хулгайн хэрэгт холбогдоод байгаа талаар мэдсэн. Балжинням надад хэлэхдээ танай хүү айлаас 800.000 төгрөг авсан байна гэж хэлсэн, тэгэхээр нь би сумын төв орж төлөөлөгчтэй уулзсан, Б.Б- энэ талаар нэг их зүйл яриагүй. Уг нь хулгай хийж байхыг би мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч М.О- нь …би алдсан мөнгөө бүрэн бүтэн олж авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 10 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201722000221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ