Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

      Д.А, Д.З, Т.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баярхүү,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Батхүү,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.А, Д.З, Т.А нарт холбогдох 1802 00332 0689 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Д-ийн А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../,

2. Т овгийн Т-ын Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., -ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .../,

3. Х овгийн Д-ын З, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ..., ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Д.А нь “Мдаатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Мдаатгал” ХХК-иас Т.Атай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, Д.З-тай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад нийт 343.327.397 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Т.А нь “Мдаатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.А-тэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Мдаатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Д.З нь “Мдаатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.А-тэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Мдаатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.А, Т.А, Д.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ийг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Г-ыг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.З-ыг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.А-ийг 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.А-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.З-ыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар тус бүр 368 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А-ээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.А-аас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Заас 67.699.999 төгрөгийг тус тус гаргуулан “Мдаатгал” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Мдаатгал” ХХК-аас ирүүлсэн 771 хуудас 84 удаагийн зам тээврийн осол болсон гэх анхан шатны баримтыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэг шалгагдаж эхлэх үеэс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд ямар нэгэн хүндрэл учруулаагүй, үнэн зөвөөр шалгуулсан. ...Миний авсан мөнгөн дүнг мөрдөн байцаалтын шатанд 104 сая гаруй төгрөгөөр тооцож тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс нийт хохирлын 50 хувь болох 171.663.699 төгрөгийг төлүүлэхээр тогтоосонд гомдолтой байх тул хэргийг хянаж хохирлыг бодитойгоор тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.А давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ч миний хорих ял нэмэгдсэн ба хоригдож байгаа учраас хохирлоо барагдуулж чадахгүй байна. Би эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хамгийн бага охин энэ жил цэцэрлэгт хамрагдаагүй тул эхнэр минь ажлаасаа гарч хүүхдүүдээ харж байгаа. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо төлж байгаа, цаашдаа цар тахал гайгүй болох юм бол хохирлыг төлж эхэлнэ. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Ц.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.А гэм буруу дээрээ маргадаггүй. Гол нь хохирлыг ижил тэнцүү хувааж төлөх ёстой байхад ялгамжтай байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэнд удаа дараа гомдол гаргасан. Учир нь, дансаар авсан мөнгөний хувьд маргаан байхгүй. З, Г хоёр “бэлнээр Д.А-д мөнгийг өгдөг байсан” гэж мэдүүлдэг. Бэлнээр хэдэн төгрөг, хэдэн сарын, хэдний өдөр өгсөн гэх албан ёсны мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон нотлох баримт байхгүй. Д.А бэлнээр авсан гэх мөнгөний заримыг аваагүй, мэдэхгүй гэж тайлбарладаг. “Мдаатгал” ХХК-иас шилжүүлсэн мөнгийг бусдын дансыг ашиглаж дамжуулж авахдаа дансыг нь ашигласан хүнд тодорхой хэмжээний урамшуулал үлдээдэг байсан. Энэ мөнгийг Д.А-ийн учруулсан хохиролд оруулан тооцсон. Мөн даатгалын нөхөн төлбөр авахын тулд 83 ширхэг хуурамч баримтыг бүрдүүлэхдээ даатгалын хураамж гэх төлбөрийг төлдөг байсан. Даатгалын хураамжид төлөгдсөн мөнгийг мөн Д.А-ийн учруулсан хохиролд оруулан тооцсон учраас хохирол дээр маргадаг. Үүнийг шүүх анхаарч зөв шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээр уг хэрэг 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. 2 дахь удаагаа хэлэлцэгдэх үед давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан дүгнэлт хийсэнтэй холбоотой ялын хэмжээ нэмэгдсэн. Ялын хэмжээ ихэссэн нь учир дутагдалтай. Хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй боловч хорих ялыг оногдуулахдаа хохирол төлөөгүй, удаа дараа гомдсон гэх байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон. Иймд ялыг багасгаж өмнө оногдуулсан хорих ялын хугацаагаар ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруу болон хохирол дээр маргаан байхгүй. Шүүгдэгч Т.А-ын ар гэрийн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яг өнөөдрийн гаргаад байгаа гомдол удаа дараа яригддаг. Шүүгдэгч Д.А хохирол дээр маргадаг. Хохирлыг хувь тэнцүүлж гаргах нь үндэслэлтэй гэж шүүхээс удаа дараа дүгнэсэн. Шүүгдэгч Д.А-ийн учруулсан хохирлын хэмжээг багасгах үндэслэл харагдахгүй байдаг. Шүүгдэгч Д.А-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн байдаг. Анх болсон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлыг Д.А хүлээн зөвшөөрсөн байсан боловч хоёр дахь удаагийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлын хэмжээн дээр маргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад хохирлын хэмжээн дээр үндэслэлгүй гомдол гаргасан. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хугацаа маш их алдаж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Гэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын оролцоо, хувийн байдал, хохирол төлсөн нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд ялыг ялгамжтай оногдуулсан боловч хохирол төлбөрийг төлж байсан, төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч нарт хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна. Хохирогчийг хохиролгүй болгох гол зарчмыг баримталж шүүгдэгч Д.Заас сар бүр 500.000 төгрөгийг төлж байсан боловч хатуу хөл хорио тогтоосноос хойш төлөөгүй. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял дээр дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гэм бурууг тогтоогоод шүүгдэгч нарт хохирлыг үндэслэл бүхий хуваарилж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.А-ийн хувьд хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн зүйл байдаггүй. Харин шүүгдэгч Зын хувьд хохирол төлбөрөө төлж байсан. Мөн шүүгдэгч Гантулгын хувьд хохирлоо төлөхөө илэрхийлж “Мдаатгал” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж байсан. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй.” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ээс 171.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол хамтран хариуцна гэж зааснаар шүүгдэгч Д.А-ээс 171.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Дансаа ашиглуулсан хүмүүст өгсөн мөнгийг хохирлоос нь хасаж тооцоогүй гэж байна. Гэтэл энэ талаар шүүгдэгч З анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...энэ хүмүүсээс дараа нь би мөнгөө авсан. Мөнгийг адил тэгш байдлаар өгч байсан” гэсэн байдаг. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанарыг нь харгалзаад шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.А нь “Мдаатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “Мдаатгал” ХХК-иас шүүгдэгч Д.А, Т.А нар бүлэглэж даатгалын нөхөн төлбөр 189.729.600 төгрөгийг, шүүгдэгч Д.З, Д.А нар нь бүлэглэж даатгалын нөхөн төлбөр 153.597.797 төгрөгийг тус тус авч, "Мдаатгал" ХХК-д нийт 343.327.397 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн: “...2017-2018 оны 4 сар хүртэлх нөхөн төлбөрийн материалд үзлэг шалгалт хийхэд 2017 онд хуурамч байж болзошгүй 198.085.867 төгрөгийн нөхөн төлбөр олгосон 47 материал, огт материалгүйгээр олгогдсон 25.706.500 төгрөгийн зөрчил, 2018 онд хуурамч байж болзошгүй 205.870.130 төгрөгийн нөхөн төлбөр олгосон 37 материал илэрсэн. ...” /1хх 38/,

гэрч П.Э-ын: “...А энэ байдлаа ашиглаж 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 90 гаруй удаагийн тохиолдлоор нийт 420.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хууль бусаар материал бүрдүүлэн шилжүүлсэн байна. ...” /1 хх 39/,

гэрч С.Х-ын: “...нийт материалуудыг шалгахад манай албаны дарга Д.А нь даатгалын хуурамч материалыг бүрдүүлээд 80-90 удаагийн материал бүрдүүлэлтээр 420.612.797 гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч нарт олгосон, олгохоор завдсан баримтуудыг бүрдүүлсэн байсан. ...албаны дарга Д.А 1.000.000 төгрөгөөс дээш нөхөн төлбөрийн материалыг шийдвэрлэдэг. ...” /1 хх 40/,

гэрч Ч.Ж-ы: “...танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хавсралтад дурдсан нэр, дугаар бүхий 20 автомашиныг манай компанийн өөрсдийн захиалгаар зохиолгосон “АВ систем” программ дээр хайлт хийж үзэхэд бүгд буюу 20 автомашины огноо, мэдээлэл нь таарахгүй байсан. ...” /1 хх 53/,

Т.А, Д.З нар нь “Мдаатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг бусдын эзэмшлийн банкны данс руу шилжүүлмэгц өөрсдийн данс руу шилжүүлэн авсан болохыг тогтоосон:

гэрч Т.Т-ийн: “...М ДаатгалХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4.770.000 төгрөг Хаан банкны 5035364144 тоот дансанд “даатгалын нөхөн төлбөр” гэсэн утгатай шилжиж орж ирсэн. Т.А тэр цаг үед миний дансны дугаарыг авч байсан. Энэ бол Т.А-ын мөнгө. ...” /1хх 131-132/,

гэрч Г.Б-ын: “...эхнэр Б.О-ын Голомт банк дахь ... тоот дансанд 3.423.000 төгрөгийн орлого “Мдаатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр гэсэн утгатай шилжиж орж ирсэн. ...Т.А надаас “дансны дугаараа өгч байгаач” гэж хэлж аваад дээрх мөнгөн гүйлгээг хийж байсан. Манай эхнэрийн виза карт нь бас надад байдаг болохоор эхнэрийнхээ дансны дугаарыг би бас Т.А-д өгч байсан. ...” /1 хх 133-134/,

гэрч Л.О-ийн: “...Миний хүү Т.А надаас картаа өгч байгаач гэж хэлээд л аваад явдаг. Тэгэж байгаад буцаагаад аваад ирдэг юм. ...ажлын шугамаар үнэлгээний мөнгө оруулаад авах гэсэн юм гэж хэлэхэд нь би тийм л учиртай юм байх гэж бодсон. ..” /1 хх 138-140, 146/,

гэрч Р.С-ийн: “...миний нөхөр Т.А надаас картаа өгч байгаач гэж хэлээд аваад явдаг байсан. ...” /1 хх 141-144/,

 гэрч Р.Т /1 хх 148-149/, гэрч С.Л /1 хх 150-151/, гэрч Н.А /1 хх 152-153/, гэрч С.С /1 хх 155-156/, гэрч .С /1 хх 157-159/, гэрч Б.Ч /1 хх 160-161/, гэрч Ц.Х /1 хх 162-164/, гэрч Э.Д /1 хх 165-166/, гэрч Г.Г /1 хх 167-168/, гэрч Х.У /1 хх 171-173/, гэрч Н.М /1 хх 174-176/, гэрч м.С /1 хх 177-179/, гэрч Д.М /1 хх 182-183/, гэрч Ж.С /1 хх 184-185/, гэрч Ж.О /1 хх 186-187/, гэрч Г.Н /1 хх 188-190/, гэрч Ж.М /1 хх 191-192/, гэрч Ч.Н /1 хх 193-194/, гэрч Ц.Б /1 хх 195-196/, гэрч Ш.О /1 хх 197-199/, гэрч Н.Г /1 хх 200-201/, гэрч У.А /1 хх 202-203/, гэрч А.Б /1 хх 204-206/, гэрч Б.О /1 хх 207-209/, гэрч Б.Б /1 хх 210-211/, гэрч Б.Б /1 хх 212-214/, гэрч Г.О /1 хх 217-219/, гэрч Ж.Ч /1хх 229-230/, гэрч Б.С /1 хх 233-234/, гэрч Г.А /1 хх 235-236/, гэрч П.М /1 хх 241-242/, гэрч Д.А /1 хх 243-244/, гэрч Б.Б /1 хх 245-246/, гэрч Б.Б /4 хх 1-2/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай: “Мдаатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн материал дахь дардас мэт зүйлс буюу 26, 42 дугаартай багц баримтуудын хохирлын үнэлгээний тайлан гэх баримтууд дахь дөрвөлжин хэлбэрийн дардас мэт зүйлс, 3, 26, 28, 42, 44, 48, 50, 51, 52, 53, 56, 57, 59, 60, 63, 65, 66, 68, 69, 70, 71, 73, 74, 76, 77, 78, 80, 82, 23, 24, 38, 49, 54, 55, 58, 61, 62, 64, 67, 72, 75, 79, 81, 83, 84 дугаартай багц баримтуудын хохирлын үнэлгээний тайлан гэх баримтууд дахь дардас мэт зүйлс, 5-21, 25, 29, 30, 32-37, 39-41, 45-47 дугаартай баг баримтуудын хохирлын үнэлгээний тайлан гэх баримтууд дахь дугуй хэлбэрийн дардас мэт зүйлс, 5-7, 9, 11, 15, 16, 20, 22, 26, 27, 28, 30, 32, 33, 40, 44, 47, 62, 14, 37, 39, 42, 43, 51, 64 дугаартай багц баримтуудын цагдаагийн тодорхойлолт гэх баримтууд дахь тэмдэгний дардас мэт зүйлс нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч дардсууд байна.” гэсэн дүгнэлт /2 хх 5-164/,

“Мдаатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор бүрдүүлсэн материал дээрх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг нь хуурамч болохыг мэдүүлсэн Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нарын гэрчээр өгсөн:

гэрч Ц.Д /1 хх 57-58/, гэрч Б.С /1 хх 61-62/, гэрч Г.М /1 хх 63-64/, гэрч Г.Э /1 хх 65-67/, гэрч А.В /1 хх 68-70/, гэрч А.А /1 хх 75-76/, гэрч Ц.Б /1 хх 120-121/ нарын мэдүүлгүүд,

шүүгдэгч Д.А-ийн: “...З-ын явуулсан материалуудын дийлэнх нь нүдээр харахад үнэлгээний компанийн тодорхойлолтыг сканнердаж, принтерээр хэвлэсэн юм шиг харагддаг байсныг мэдэж байсан. Зарим нь бүр тухайн үнэлгээний компанийн тамганаас өөр тамга дарсан юм шиг харагддаг байсан ч миний хувьд материал нь бүрэн байвал гүйцэтгэх захиралд танилцуулаад шийдвэрлүүлээд явдаг байсан. ...Т.А нь Д.З-тай хамт манай ажил дээр ирсэн. Тэр үед надад өгсөн материалуудад Т.А нь үнэлгээг засчихсан байсан гэдгээ хэлсэн. ...Т.А, Д.З нарыг мөнгө өгөх гэхээр нь би шууд О.Энхмөнхийн дансыг өгөөд зээлэндээ хийлгэчихдэг байсан. ...Д.З, Т.А нар тус тусдаа даатгалын нөхөн төлбөр авахад шаардлагатай баримт материалуудыг бүрдүүлж авч ирэн надад өгдөг байсан. Түүний дагуу би материалыг нь хүлээж аваад “Мдаатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн журмын дагуу компьютерт мэдээллийг нь бүртгэж оруулаад материалыг нь Эрсдлийн удирдлагын газарт хүргүүлдэг. ...”   /1 хх 43, 4 хх 136/,

шүүгдэгч Д.З-ын хэргээ хүлээж мэдүүлсэн: “...Т.А нь Д.А-ийн ажлын гадаа очиж материалаа өгөхөд даатгалаас мөнгө авах гэж байгаа гэдгийг мэдсэн. ...Тэр үед би Т.А, Д.А нараас хоёулангаас нь ямар учиртай, яаж болоогүй ослоор материал бүрдүүлж мөнгө авч байгаа талаар асуугаад тэр хоёртой нэгдэж эхэлсэн юм. ...” /4 хх 166/,

шүүгдэгч Т.А-ын хэргээ хүлээж мэдүүлсэн: “...Д.А надад даатгалаас хуурамч баримт бүрдүүлж мөнгө гаргаж авч болно гэдгийг тайлбарлаж хэлж өгсөн. Түүний дагуу би зам тээврийн осол болсон мэтээр материал бүрдүүлээд Д.А дээр очиж үзүүлэхэд Д.А “энэ баримтаа засчих, энд материал нэм, хас” гэх мэтээр зөвлөгөө өгөөд буцаасан. Би хэлснийх нь дагуу материалаа засаад дахиад Д.А дээр аваад очсон. Тэгэж анхны хуурамч материалыг өгөөд мөнгө нь орж ирэхээр нь би бэлнээр гаргаж аваад Д.А дээр очиход Д.А өөрөө “даатгалаас гаргасан мөнгөний яг тал буюу 50 хувийг нь авна шүү” гэж хэлээд эхний мөнгөний 50 хувийг нь авсан. ...Д.А өөрөө миний утас руу залгаад “ийм байдлаар материал бүрдүүлээд ирвэл мөнгө гаргаж өгөх болможтой шүү” гэж хэлсэн. ...Д.З хамт бидний хийж байгаа зүйлийг хийе гэж хэлээд тэр цагаас бид хоёр хуурамч баримтуудыг хийдэг болсон. ...” /4 хх 149-150/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 219-250, 3 хх 100-191, 239-250/, Голомт банкны дансны хуулга /4 хх 6-18, 21-26, 31-74/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэднийг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад заасан ялын төрөл хэмжээний дотор буюу шүүгдэгч Д.Алтасүхэд 4 жил хорих ял, шүүгдэгч Т.А-д 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Д.З-т 2 жил 8 сар хорих ял тус тус шийтгэсэн нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Т.А-ын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлын хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.А, Т.А, Д.З нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдод хүлээлгэх хариуцлага, гэм буруутай этгээдээс гаргуулах хохирлын хэмжээ нь гэмт хэрэг үйлдэхэд бодитой оролцсон хэр хэмжээ ба шинж чанараас шууд хамааралтай байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч Д.А-ээс 171.663.699 төгрөг, шүүгдэгч Т.А-аас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч Д.Заас 67.699.999 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, гэм хорыг хамтран хариуцвал зохих этгээдүүдийн гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.А-ийн гаргасан “...хохирлыг бодитоор тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдэгт албан тушаалтан нь албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах болон албаны нэр хүндээ ашиглан даатгалын нөхөн төлбөрийг хууль бусаар авсан үйлдлийг ойлгох бөгөөд Д.А нь “Мдаатгал” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргын албан тушаалд ажиллаагүй бол эдгээр үйлдлийг гүйцэтгэх боломжгүй байжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, Т.А нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, Т.А нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ