Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 278

 

Ж.Э-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02792 дугаар шийдвэртэй, Ж.Э-ын хүсэлттэй, үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Э-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, П.Баасанжав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Ж.Э- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Б-ын төрсөн эцэг гэдгээ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Эхнэр Э.Т- бид хоёр 2013 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас хүүхэд төрөөгүй учраас Б.Н-тэй тохиролцон хүүхэдтэй болсон. Төрүүлсэн хүүхдээ өөрөөрөө овоглох хуулийн зохицуулалт боломж байхгүй байсан учраас хүү Э.Б-ыг үрчлэн авсан. Хожим өөрийн хүүхдийг үрчлэн авсан нь хууль бус гэж үзсэн тул үрчлэлтийг хүчингүй болгож, өөрийн асрамжид үлдээх тухай хүсэлт гаргасан болохоос ямар нэг хууль бус арга хэрэглэсэн эсхүл хууль бус үйл ажиллагааг гүйцэтгүүлэх зорилгоор үрчлэлт хүчингүй болох тухай хүсээгүй.

Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд төрсөн эцэг нь хүүхдийг үрчилнэ гэдэг ойлголт байхгүй. Иргэний бүртгэлийн тухай хуулиар ургийн бичиг хийдэг. Гэтэл удам судар, хамаатан садны бүртгэлийн асуудалд хүүхэд маань үрчлэн авсан хүүхдээр бүртгэгдэх үндэслэл үүсч байна. Хүүхэд өөрөө төрсөн эцэг, эх дээрээ байгаа атал бүртгэл үрчлэгдсэн мэт байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заажээ.

Хүсэлт гаргагчийн хувьд эцэг байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан удаа байхгүй. Харин Ж.Э- үрчлэлт хийсэн тухай улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд хүүхэд үрчилсэн гэх асуудал илэрч байна. Улсын бүртгэлийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл үнэн зөв, бодитой байна гэж заасны дагуу иргэний бүртгэл нь Э.Б- гэдэг хүүхдийн хувьд үнэн зөв бодитой хийгдсэнгүй. Ж.Э-, Э.Т- нарын үрчлэн авсан хүү Э.Б- насанд хүрээд миний төрсөн эцэг, эх хаана байна гэдэг асуудал гарвал хэрхэх нь тодорхойгүй.

Нэмж тайлбарлахад, үрчлэлтийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргаснаас биш Э.Т-ын эх байх эрхийг хязгаарлах, мөн Э.Т- эх нь биш гэсэн асуудлыг хөндөөгүй юм.  Гэр бүлийн тухай хуульд гэрлэгсдийн хэн нэгний хүүхэд нь нөгөөгийнхээ хүүхэд байх талаар зохицуулсан. Үрчлэлтийг хүчингүй болгосноор улсын бүртгэлд Э.Б- үрчлэгдээгүй гэдэг бүртгэлийн өөрчлөлт орохоос биш Э.Б-ын ээж Э.Т- биш гэсэн өөрчлөлт хийлгэх хүсэлт гаргаагүй ба хүүхдийн төрсний гэрчилгээ хэвээр байх юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т- болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт: Ж.Э- бид нар хууль ёсоор хүү Э.Б-ыг үрчилж авсан эцэг, эх нь юм. Гэр бүлийн тухай хуульд зааснаар үрчлэн авсан эцэг, эх төрсөн эхийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг зохицуулалттай. Гэтэл Ж.Э- нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, улмаар гэрлэлт цуцлахтай холбоотой хүүхдийн асрамж тогтоолгох асуудлыг хууль тогтоомжид заасан журмын бус аргаар шийдвэрлүүлэхийн тулд хүүхдийн төрсөн эцэг болохоо тогтоолгож, улмаар шүүхэд үрчлэлтээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан ба хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр Ж.Э-, Э.Т- нар хүү Э.Б-ын хууль ёсны эцэг, эх мөн болох нь тогтоогдож байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлд үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг маш тодорхой зохицуулсан ба Ж.Э- нь Э.Т-ын адил  тэгш эрхтэй үрчлэн авсан эцэг тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд үрчлэлт хуулийн дагуу хийгдсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт гэрчлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна гэж заасан. Хавтаст хэргийн 2, 21, 27 дугаар тал, Б.Н-гийн хүсэлт зэрэгт Ж.Э-, Э.Т- нар хамтран хүүхэд үрчлэн авсан тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн эцэг, эхтэй адил эрх, үүрэгтэй. Иймд Ж.Э- дангаараа үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа нь Э.Т-ын эрх ашгийг хөндөж байна. Ж.Э- хүсэлтдээ дурдсан гол үндэслэл нь хөндлөнгийн хүүхэд үрчлэн авсан мэт үл ойлголцол үүснэ гэж байна. Гэтэл хүүхдийн хувьд Ж.Э- хөндлөнгийн хүн биш байж болно. Харин Э.Т- бол Э.Б-ын хувьд хөндлөнгийн хүн юм. Иймээс хууль ёсны дагуу хүүхэд үрчилж авсан гэдэг нь хэргийн баримтаас харагдана. Хүсэлт гаргагч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан гэж байна. Гэтэл хэрэгт үрчлэлт хийхэд бүрдүүлсэн баримт хуурамч биш. Харин ч хууль ёсны эхнэр, нөхөр Э.Т-, Ж.Э- нар Б.Н- гэж хүний хүсэлтээр хүү Э.Б-ыг төрүүлсэн эхийн хүсэлт буюу “...Э.Т-, Ж.Э- нарт би хүүхдээ үрчлүүлье” гэсэн хүсэл зориг илэрхийлэгдэж хүчин төгөлдөр болсон. Хүү Э.Б-ын төрсөн эх Б.Н- үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаагүй. Шүүх дээрх байдлыг харгалзан үзэж Ж.Э-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Б-ыг Ж.Э-, Э.Т- нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргагч Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Э- нь Б.Н-тэй тохиролцсоны үндсэн дээр “Юнимед интернэшнл” эмнэлэгт үр цацлагын аргаар Б.Н-гийн хэвлийд үр тогтоож, түүний хүү Э.Б-ыг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрүүлсэн. Ж.Э-, Б.Н- нар гэр бүлийн харилцаагүй, хууль ёсны эхнэр, нөхөр биш учраас Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 ... гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэсний дагуу бүртгэлийн байгууллагаас Ж.Э-ын төрсөн хүүг төрүүлсэн эх Б.Н-гээр овоглон төрсний гэрчилгээг олгосон.

Ж.Э- нь хүү Э.Б-ыг өөрийн нэрээр овоглохын тулд өөрөө болон хууль ёсны эхнэр Э.Т-, төрүүлсэн эх Б.Н- нараар хүсэлт гаргуулан үрчлэн авсан. Ж.Э- нь өөрийн хүүгийн ирээдүй, эцэг, хүүгийн холбоо, гэр бүлийн хүрээнд хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эцэг, эхийн харилцаанд сөрөг нөлөө үүсэхээс болгоомжилж хүү Э.Б-ын төрсөн эцэг болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1033 дугаартай шийдвэрээр тогтоолгосон.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэл болгон Ж.Э- нь үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Шүүх 1366 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан ...шаардлагатай гэж үзвэл шүүх үрчлэлтийг хүчингүй болгоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг ...үрчлэлтийг хүчингүй болгосон хүүхдийг төрүүлсэн эцэг, эх асран хамгаалагчид, харгалзан дэмжигчид нь шилжүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн үрчлэлтийг хүчингүй болгож, Э.Б-ыг төрсөн эцэг Ж.Э-ын асрамжид үлдээсэн.

Дээрх шийдвэрийг Э.Т- шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэх үндэслэлээр хянуулж, шүүх шийдвэрийг хүчингүй болгосон ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж 2792 дугаартай шийдвэрээр Ж.Э-ын үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хэрэг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “өөрийн хүүхдээ өөрөө үрчлэн авсан тул хууль бус” гэх тайлбар нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргана..., 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт үрчлэн авсан эцэг эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ..., 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж үрчлэлт, түүнтэй холбоотой харилцааг тодорхой зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрсөн хүүхдээ төрүүлсэн эцэг, эх нь үрчлэх асуудал хууль бус гэдэг нь тодорхой байна. Шийдвэрт “...нэхэмжлэлийн үндэслэл болсон хуурамч нотлох баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан гэх үйл баримт нь 1033 тоот шийдвэртэй хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна...” гэж дүгнэсэн.

Ж.Э-ын шүүхэд гаргасан үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлтэд хуурамч баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан гэх үндэслэлийг заагаагүй, харин төрсөн эцэг, эх хөндлөнгийн хүнд хүүхэд үрчлүүлэх хуулийн зохицуулалттай бөгөөд төрсөн эцэг нь өөртөө  хүүхдээ үрчлэн авах нь хууль бус байхаас гадна хүүхэд өсч насанд хүрэхэд хөндлөнгийн хүн үрчилж авсан мэтээр үл ойлголцол үүсэх, ургийн бичигт цусан төрлийн хамааралгүй хүн үрчилж авсан мэтээр ташаа баримт авагдах зэргээр цаашид гэр бүлийн болон хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй тул үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн.

Хүсэлтийн үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн зарчмыг үндэслэл болгож, хэрэв Э.Б-ыг үрчлэн авсан гэх бүртгэл хэвээр байвал энэ хүний талаарх мэдээлэл улсын бүртгэлд буруу ташаа, худал байдлаар бүртгэгдэх ба цаашид гаргах үр дүнг одоо хэлэх боломжгүй...” гэж тайлбарласан.

Гэтэл дээрх тайлбарыг буруу ойлгож хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэлт хийгдсэн гэж нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэж хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт ... шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж зааснаар төрсөн эхээс төрсөн эцэгт нь хүүхэд үрчлэх хуулиар зөвшөөрөгдөөгүй, хууль бус ажиллагаа нь үрчлэлт цуцлах бусад үндэслэлд хамаарах тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Ж.Э- нь өөрийн хүү Э.Б-ыг төрүүлсэн эх Б.Н-гээс үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлт тус бүрт иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эхнэр Э.Т- болон хүүхдийн эх Б.Н- нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэсэн байх боловч “хүүхдийн асрамж тогтоолгох” хүсэлтийнх нь талаар тодруулж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. /хх10/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хүсэлт гаргагч Ж.Э-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т-, Б.Н- нар үрчлүүлэгч хүүхдийн асрамжийн талаар тайлбар гаргаж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байжээ. /хх51-ийн ар тал, 75, 83-ын ар тал/

 

Түүнчлэн, тухайн хүүхдийг үрчлэн авагч тал нь гагцхүү Ж.Э- биш бөгөөд үрчлэгч эх Э.Т-ын хувьд өөрийн эрх ашиг хөндөгдөх талаар удаа дараа тайлбарлан маргаж буй тохиолдолд уг хэргийг нэг талын хүсэлтээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх, эсхүл ердийн журмаар хэргийг шийдвэрлэх зэргийг шүүх анхаараагүй байна.

 

Нөгөө талаар Ж.Э-, Э.Т- нар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалж гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох талаар шүүхэд хандаж байсан, үрчлүүлэгч хүүхдийн эцэг тогтоох нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэсэн гэх талуудын тайлбарт хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хүсэлт гаргагч Ж.Э-, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА