Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/00323

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/00323

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Б /РД: ................/,

 

Нэхэмжлэгч: Ж.Г /РД: ................./,

 

Нэхэмжлэгч: М.С /РД: ............./,

 

Нэхэмжлэгч: Д.Н /РД: ................/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ахмадын хороо ТББ /РД: ......./-д холбогдох

 

Ахмадын зөвлөлийн дарга Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н нарыг хууль эрх зүйн үндэслэлгүй халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгч М.С, нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бүхнийг чөлөөлсөн шалтгаан нь Засгийн газраас гарсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны тогтоолыг Сүхбаатар дүүргийн ахмадын хороонд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн байдаг. Гэтэл энэ асуудлыг нуугаад 4 сарын сүүлээр бид нарт танилцуулсан. Бид тэгээд эдийн засгийн хувьд санхүүгийн хэмжээг нэмэх талаас нь ярьсан. Ахмадуудын аж амьдрал тааруу байсан учраас тухайн асуудлын талаар хэлж байсан. Гэтэл тухайн үеийн ахмадын хорооны дарга зөвшөөрөөгүй. Бид үүнээс хойш ажлаа хийх гэтэл ерөөсөө ямар ч ажил байхгүй, бүх аж ахуйнуудыг тараагаад ахмадууд орох эрхгүй болсон. Тэгээд ажил зохиож байна гэх нэрийдлээр баахан хүн амралтанд авч яван хий дэмий мөнгө үрдэг. 2016 онд Засгийн газраас тогтоол гаргаад хориглосон байхад үйл ажиллагаа хийж байсан. Бид хуучин даргатай энэ асуудал зарга хийж явсан. Тэгээд бид тус тусын өөрсдийн ажлаа хийж байсан. Санхүүжилт нэмэх асуудлаар дахиж ярилцахад энэ мөнгийг сонгуульд хэрэглэнэ гэсэн. Төрөөс олгож байгаа мөнгийг сонгуульд хэрэглэж болохгүй гэхэд их уурлаж байсан. Хамгийн гол нь ийм үйлдэл хийж байгаа нь бид бүхэн санхүүч эдийн засагч нар юм. Түүнээс болж мөнгө санхүүтэй зүйл дээр маргаан гарахаас сэргийлж бид нарыг чөлөөлсөн гэж үзэж байгаа. Зун амралттай байхад бид бүгдийг тогтоолоор чөлөөлсөн. Бид хорооныхоо 600-700 хүний дундаас шалгарч гарсан хүмүүс юм. Тэргүүлэгчдийн хурлаар шинэ дүрэм баталсан байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Бид хууль шүүхийн байгууллагад хандана гэж байхад тэгээд тэр чинь яах юм гэж хэлж байсан. Хорооны ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хүн тус бүр 1,500,000 төгрөг олгуулах шаардлагатай байна гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 сарын 26-ны өдрийн тогтоолд дурдсан асуудалд хариуцагч талаас тайлбар гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Биднийг чөлөөлөх үндэслэлийг дүрэмд тусгасан байдаг. Үүнд өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн хувьд ажиллах чадваргүй болох, хууль тогтоомж зөрчсөн буюу гэмт хэрэг үйлдсэн, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх эдгээр нөхцөлүүдээс болж халагдах ёстой. Гэтэл шинэ дүрэм дээр эдгээр асуудал нь байхгүй байна. Хүсэл зоригийн хувьд нэгдмэл саналтай байгаа гэв.

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарыг үндэслэлгүй гүтгэж байна. Энэ байгууллага анх намайг орж ирэхэд их сайхан байсан. Би сүүлд 2015 онд гарсан хүний оронд даргаар ажилласан юм. Бид нарт байхгүй гээд байгаа материалуудыг өөрсдөө бүрдүүлж өг гэж байсан. Би насан туршдаа хүмүүжилтэй ёс суртахуунтай явсан хүн юм. Ийм байдалтай дуусгаж чадахгүй хүсэлт зоригийн хувьд нэгдмэл байгаа гэв.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаалд дурдсан үндэслэл нь ямар ч үндэслэлгүй. Гол ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүргийн орлогч дарга н.Д болон нийгмийн хүмүүжлийн хэлтсийн дарга н.Т нарт хуучин дарга Тогоохүү дарга 15 заалт бүхий бичгийг Дүүргийн дарга н.Д даргад өгсөн байдаг. 15 зүйлд дурдсан ажилд миний бие огт оролцоогүй. Гэтэл матаас бүхий агуулгатай бичигт миний гарын үсгийг өөр хүнээр зуруулсан нөхцөл байдал байна. Тухайн бичигт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайж зурсан байна. Үүнийг н.Д дарга харснаас болж тухайн тогтоолыг гаргах болсон. Гэтэл н.С дарга өөрөө худал зүйлийг бий болгосон байдаг. Худал зүйлийг бид нарт хамааруулж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тухайн тогтоолыг гаргасан. н.Т даргын өргөдлөөс болж бид халагдсан. Бид нарын бүрэн эрхийн хугацаа огт дуусаагүй байгаа. Орон даяар ахмадын сонгуульд нэр дэвшээд явдаг асуудал юм. Гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ахмадын хороо өнөөдөр тогтоолд дүрмээр үндэслэн тогтоол гаргасан байна. Тухайн дүрэм нь нотлох баримтын шаардлага хангагдаж ирээгүй байна. Нэхэмжлэгч Ж.Гын хэлсэн үйл ажилгааг гүтгэсэн, үгүйсгэсэн, харлуулсан гэх тушаалд дурдсан үндэслэлүүдийн хувьд нэхэмжлэгч нарын гол чөлөөлөгдөх болсон шалтгаан нь нэхэмжлэгч Д.Н даргын ярьж буй 15 заалт бүхий бичиг нь холбогдох хүмүүст уламжлагдсанаас болсон. Эдгээр нөхцөл байдлаас болж үүссэн. Миний хувьд санал нийлэхгүй байгаа. Надад байгууллагаас итгэмжлэлд маань эвлэрэх эрх олгоогүй. Шүүх энэ асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Ахмад нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх бичиг баримт байхгүй байгаа. Дуусаагүй гэж бодож байгаа. Захиргааны акт хууль зүйн хувьд учир дутагдалтай гарсан гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н нар нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэх эрх олгогдоогүй гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо ТББ нь удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж, тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарьлалтын 1.6 дахь хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн зэрэг нь АХ-ны удирдлагатай хамтран ажиллахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болж байгаа тул бүрэн эрхийн хугацаа дууссан ахмадын зөвлөлийн нэр бүхий дарга/ 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.С, 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Б, 16 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Д.Н, 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ж.Г/-ыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.14, 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5, 6.4.6 дахь заалт, Ахмадын хорооны Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.С, 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Б, 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Д.Н, 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ж.Г нарыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Ажлаас чөлөөлсөн тушаалд заасан шиг Ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгээгүй, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараагаагүй, бидний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Олон жил ажилласан байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж, гүтгэж харлуулсан гэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдмөөргүй байна. Ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь Ажлаас халсан тушаал нь учир дутагдалтай, Ахмадын хороо дүрмээ баримталсан боловч үндэслэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Тийм учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

Төрийн бус байгууллагын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаж, ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан тохирох хэсгийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.

 

Сүхбаатар дүүргийн Ахмадын хоороны тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүйгээс гадна, хорооны ахмадын зөвлөлийн дарга нарыг чөлөөлөх журмыг баримтлаагүй байна.

 

Ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж, тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарьлалтын 1.6 дахь хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэх боловч үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлд заасан Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т бүрэн эрхийн хугацаа дууссан, 6.4.5-д хамтран ажиллах гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсон, 6.4.6-д зааснаар хамтран ажиллахаас татгалзсан гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо нь 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.С, 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Б, 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Д.Н, 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ж.Г нарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул М.Сг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ч.Бийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Д.Нийг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ж.Гыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт нэхэмжлэгч тус бүр 1,500,000 төгрөгийг шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт 90,000 төгрөг олгодог байсан бөгөөд Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоолд Сум, дүүрэг, баг, хороод, аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн орон тооны бус дарга, идэвхитэн сонгуультны цалин, урамшууллыг хөдөлмөрийн хөлсны доод хэмжээтэй уялдуулан тогтоохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь хорооны ахмадын зөвлөлийн дарга нь нэг сард 250,000 төгрөгийг урамшуулал авна гэх тайлбарыг хариуцагч нь зөвшөөрч маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.С, 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Б, 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Д.Н, 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ж.Г нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй бөгөөд нийт ажилгүй байсан хугацаа нь 5 сар 6 хоног байх тул нэхэмжлэгч тус бүрт 1,319,767 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас үлдэх 180,233 төгрөгийг хэрэгсэхгүй олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо ТББ-ын удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Сг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ч.Бийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Д.Нийг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ж.Гыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн ахмадын хороо ТББ-аас нэхэмжлэгч нарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5,279,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд 1,319,767 төгрөг, Ч.Бөд 1,319,767 төгрөг, Д.Нт 1,319,767 төгрөг, Ж.Гад 1,319,767 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас 180,233 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо ТББ-аас 99,415 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ЭНХБАЯР