Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1219

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         12            08                                     2023/ШЦТ/1219

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Шүүгдэгч: Б.С., түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, Ц.Дагвадорж нар оролцсон эрүүгийн 2309026872370 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ж. овогт Б.гийн С.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...” ХХК-д хангамжийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй боловч ... оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С. нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т.” караоке дотор иргэн Г.Э.тэй маргалдаж улмаар түүний нүд хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь биед “зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А. гэх найзтайгаа уулзсан. Би уугаагүй, найз маань уусан. С. гэдэг найз нэмэгдэж ирсэн. Хүүхдийн 100-д 00 цаг болтол байсан. тэгээд би А. гэрт нь хүргэж өгөх гээд 100 айл явсан. “Караоке орчхоод харъя” гэж хэлсэн учир бид нар караоке орсон. Ванъя болон Э. нар ирээд нэг шил жин авсан. Тэд нарын зорилго бол А.-г авч явах зорилготой байсан. А. болон С. нар их согтолтой байсан. Тэд нарын хооронд маргаан үүссэн. Би маргаанд ороогүй учир би А.г явъя гэхэд явахгүй байсан учир би тэндээс гарсан. Гарахад С. гадаа зогсож байсан. С. “А.г хурдан явъя гээд хэлчих” гэхэд “Гарч ирэхгүй байна” гэж хэлсэн учир дотогшоо С. орсон. Тэгээд Э. гэх нэг залуу гарч ирээд “Асуудал бололгүй явчих” гэхэд би “А.г хүргэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд маргаан үүссэн. Би энэ маргаанаас болж хэсэг хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй. Би гэрч нарын мэдүүлэгтээ санал нийлэхгүй байгаа. Намайг булан руу дуудаад байсан учир тэнд очоод нэг удаа цохисон. Харанхуй булан руу чирч байхад би гар хүрсэн...” гэв.

 

Эрүүгийн 2309026872370 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6, 11-12 дугаар хуудас/, 

 

            Гэрч А.Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Э.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №11054 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.С.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 55-56, 58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.С. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч Б.С. нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т.” караоке дотор иргэн Г.Э.тэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүд хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь биед “зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Г.Э.ийн “...Би 3 орчим жилийн өмнөөс Д. /В. гэж дууддаг гэх/ гэх залууг таньдаг болсон бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 30-ны орой В. болон өөр бусад хүмүүстэй пиво ууж байгаад гэртээ харьсан юм. Тэгтэл 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03 цагийн орчимд В. залгаад караокед хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад “Т.” нэртэй караокед очсон. Тэнд очиход В. 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй байсан бөгөөд би тэнд очоод би 1 хундага жин тоник л уусан. Тэгээд байж байхад тэнд байсан С. гэх залуу /нэрийг нь сүүлд мэддэг болсон гэх/ тэнд байсан эмэгтэйгээ Д.тай хардаад муудалцаад байсан. Тэгээд тэр залуу гарснаа караокены хаалга өшиглөж орж ирээд Д.тай барьцалдах гээд байхад нэг эмэгтэй нь С. гэх залууг аваад гарсан. Би араас нь гараад С. гэх залууд боль, битгий муудалц гэж хэлэхэд тэр залуу караокены текнээс 2 ширхэг стакан халаасандаа хийгээд бид хэдийн байсан өрөө рүү орох гээд байсан. Тэгээд би тэр залууг “боль” гэж аргадаад, 2 стаканыг халааснаас нь авхуулж цааш нь тавиулаад, доош бууж гадаа гараад тэр залуутай ярилцаж байсан. Тэгэхэд тэр залуу “би стаканаар хүн цохидог хүн биш, би гараараа хүн цохидог, би чамд цохиж харуулах уу. чаддаг юм бол чи хувцсаа тайлчих” гэж хэлэхээр нь Д.тай хамт явж байсан эрэгтэйд гадуур хувцсаа өгөөд С.г тэврэхэд миний зүүн талын нүд хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэр үед миний зовхи сэтэрч их цус гарсан бөгөөд би тэр залуу руу ойртоогүй, хэрэв ойртож зодолдож зууралдсан бол тэр залуугийн хувцас цус болох байсан... С. нэлээн согтуу байсан...би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох зорилгоор шинжилгээ хийлгэх шаардлагагүй, би нэхэмжилж буй мөнгөн дүнгийн талаар бичгээр өгсөн байгаа бөгөөд 3.220.000 төгрөг нэхэмжилж байгаа. Уг хохирлыг минь барагдуулчихвал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Д.ын “...2023 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03 цагийн орчимд би А. гэх найз руу залгахад караокед 2 найзтайгаа хамт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Э. рүү яриад “караоке орох гэж байна, чи ирэх үү” гэхэд “тэгье” гэж хэлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Т.” нэртэй караокед 04 цагийн орчимд найз Энх-Эрдэнийн хамт очсон... Би караокед очихын өмнө архи пиво уусан байсан бөгөөд халамцуу байсан. Тэгээд намайг очсоноос 5-10 орчим минутын дараа Э. ирсэн. Э.ийг ирсний дараа бид хэд тэнд уугаад, дуулж байгаад би А.тай юм яриад байж байтал С. гэх залуу уурлаад байсан. Тэгээд Э. С.г зөөгчийн хамт өрөөнөөс авч гараад би өрөөндөө байж байтал зөөгч орж ирээд “танай найзууд гадаа зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарахад Э.ийн зүүн талын нүдний зовхины доод хэсэг сэтэрчихсэн байсан бөгөөд яасан юм гэж асуухад “С. намайг цохиод ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод “чи яаж байгаа юм бэ, намайг цохичих” гээд С. руу ойртоход цохихгүй, намайг тойрч алхаж байснаа Э.ийг “ална аа” гээд байсан... Намайг гарахад гадна С., Э., Энх-Эрдэнэ гурав байсан. Энх-Эрдэнэ машин бариад явж байсан учраас архи уугаагүй эрүүл байсан... С.г цохиж зодсон асуудал байхгүй... Э. өөр хүнтэй маргаж муудсан зүйл байхгүй. Миний бодож байгаагаар С. А.тай хардаж уурлаад ийм зүйл болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Э.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №11054 дугаартай дүгнэлт “...1. Г.Э.ийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.С.ын яллагдагчаар өгсөн “...Би аль болох зайгаа барьж барьсан боловч Э. гэх хүн над руу дайраад зуураад байхаар нь би тавиулах гээд нэг удаа цохичихсон. Би тэр хүнийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С. нь хохирогч Г.Э.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зүй зохисгүй харьцаж улмаар түүнийг цохиж хүч хэрэглэсэн болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.С. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Г.Э.ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э. нь “...Хохиролд 2.000.000 төгрөг авсан. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгч түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, Ц.Дагвадорж нараас “...шүүгдэгч Б.С. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирлыг нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.С.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хорын хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.С. нь дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,, “Макс Өргөө” ХХК”-нд хангамжийн албаны дарга ажилтай, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж. овогт Б.гийн С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С.т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН