| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/1100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1224 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1224
2023 12 11 2023/ШЦТ/1224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: А.Намдаг /томилолтоор/,
Хохирогчийн өмгөөлөгч О.Батсүх,
Шүүгдэгч: Х.Ж., түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар оролцсон эрүүгийн 2008022880050 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Х.гийн Ж.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж. нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П.” ХХК-ний бартераар авсан нийт 220.364.000 төгрөгийн үнэлгээ бүхий ... УБО улсын дугаартай Лексус 570, ... УНҮ улсын дугаартай Тоёота Тундра, ... УБТ улсын дугаартай Ланд Ровер Десковер-3, ...- 26 ДАР улсын дугаартай Ниссан Лиеф маркийн тээврийн хэрэгслүүдийг 2019 оны 01 дүгээр сард авч 107.000.000 төгрөгийг эргүүлэн өгч үлдэгдэл 113.364.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2 хүний хоорондын наймааны зуучийг хийж өгсөн. Тэр хүмүүс хүлээн зөвшөөрсөн учир иргэн Ц.Б.гийн машины эрхийг нь шилжүүлж, борлуулж өгч байсан. Б.О.ын хувьд бэлэн мөнгийг өгнө, 150,000,000 төгрөгийн “Проше Макан” машин өгнө гэхэд тохирсон учир 250,000,000 төгрөгийн үнэлгээтэй машинаа шилжүүлж өгч байсан. Бүх зүйлээ аваад 2 тийшээ салах боломж байсан. Яагаад асуудал эхэлсэн бэ? гэхээр иргэн Ц.Б. бол гэрээний үүргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир “Проше Макан” машины лизинг төлөөд дуусна гэж байсан. Б.О. харин машиныг цааш дүүдээ шилжүүлж өгөөд тэр машиныг нь унаад явж байхад хураагаад авсан байсан. Б.О. наймаа дууссан гэж бодоод унаж явж байхад цагдаа зогсоогоод машиныг нь хураагаад явчихаар тэр хүний уурлах нь зөв байсан. Ц.Б.д тэр талаар тайлбарлахад “хураагдсан бол яах вэ? дээ надад лизинг-д өгөх мөнгө байхгүй. Наймаа буцвал буцъя” гэж хэлсэн... Би зарж борлуулаад бэлэн мөнгөөр Б.О.ид өгсөн. Б.О.ид Лексус 570, Ланд Ровер Десковер, Ниссан Лиеф зэргийг зарж өгсөн. Би Б.О., Ц.Б. нарын зуучийг хийж өгсөн. Хамт бартераар хийгээд өгнө нэг том машин буюу Форд Равтор өгнө гэсэн учир хүлээн зөвшөөрөөд Ц.Б. гараждаа тавьсан байсан. Б.О. “би ийм олон машин авахгүй наадхаа зараад мөнгийг нь надад өгчих” гэж хэлж байсан. Тухайн үед надаас машин худалдаж авах хүмүүс бэлэн байсан учир Лексус 570, Ланд Ровер Десковер зэрэг машиныг нь зараад мөнгийг нь бэлэн өгсөн. Ниссан Лиеф зарж чадаагүй учир 15,000,000 төгрөгийн нэг машиныг би ахдаа өгнө гэж хэлж гэрт нь хүргэж өгч байсан. Б.О. “Проше Макан” машиныг унаж байсан. Лексус 570-ыг 65,000,000 төгрөгөөр зарж өгч байсан. Ланд Ровер Десковерыг 20,000,000 төгрөгөөр зарж өгч байсан. “Проше Макан“-ыг шилжүүлж өгөх хүсэлтийг Б.О. надад тавьсан...”гэв.
Эрүүгийн 2008022880050 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч “П.” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Б.П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэрч О.О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88, 91 дүгээр хуудас/,
Гэрч П.Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Гэрч П.Окаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96 дугаар хуудас/,
“Хаан үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 119-144 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 169-1... дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 241-250, 2-р хх-ийн 1-26 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 146-149 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Ж.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 226 2-р хх-ийн 81 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 159 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 82 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 83 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 84 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ж. нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П.” ХХК-ийн бартераар авсан нийт 220.364.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашинуудыг худалдан борлуулж, борлуулсан мөнгийг өгөхөөр тохиролцож, ... УБО улсын дугаартай “Тоёота Лексус 570” маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривер гарден” хотхоны гаднаас, ... УНҮ улсын дугаартай “Тоёота Тундра” маркийн автомашин болон ...-26 ДАР улсын дугаартай “Ниссан Лиеф” маркийн автомашинуудыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “П.” шатахуун түгээх станцын гаднаас, ... УБТ улсын дугаартай “Ланд Ровер Десковер-3” маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Соёолж” төвийн гаднаас тус тус хариуцан авч, 107.000.000 төгрөгийг эргүүлэн өгч үлдэгдэл 113.364.000 төгрөгийг өгөлгүй бусдад их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч “П.” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б.гийн “...“Би “П.” ХХК-ийн бизнес хариуцсан захирал албан тушаалтай бөгөөд анх 2018 онд манай найз Б.Ариунцэцэг надтай Ж. гэдэг залууг танилцуулж байсан. Тухайн үед Ж. машин тэрэг зардаг гэж байсан. Манай байгууллагаа бензин зардаг бөгөөд зарим тохиолдолд байгууллагаас мөнгөнийхөө оронд автомашин бартераар авдаг. Ж.г машин зардаг гэхээр нь бартераар ирсэн машинаа заруулах гээд холбогдсон. Хамгийн анх 2018 оны 12 дугаар сард ирсэн машинаа заруулах гээд холбогдсон. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Ривер Гарден хорооллын гаднаас ... УБО улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг бартераар авах гэж Ж.г дуудаж үзүүлсэн. Уг машиныг 113.000.000 төгрөгийн бартер бодож авсан. Одоо улсын дугаарыг нь санахгүй байна. Тэрний дараа 2019 оны 01 дүгээр сарын 04-ий өдөр ... УНҮ улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг бас 92.500.000 төгрөгийн бартер бодож авсан уг автомашиныг манай ажилтан П. Ж.д үзүүлээд өгөөд явуулсан. Ж. манай ажилтан Окаагаас ...-26 ДАР улсын дугаартай Ниссан Лийф маркийн автомашиныг 15.000.000 төгрөгийн бартераар авсан байсан. Тэрний дараа яг хэдэн хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 01 дүгээр сард 140.000.000 төгрөгийн бартер бодож авсан байсан. Порше макен автомашин Ж.д зарахаар өгсөн. Мөн манай аж ахуйн хашаанаас Ж. ирж авсан. Порше макен автомашин нь банкны лизингтэй байсан болохоор машинаа авъя гэхээр нь удахгүй зарна гээд яваад байсан. Би 2019 оны 03 дугаар сард Ж.гаас “машинууд хаана байна” гэхэд “өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш худлаа хэлж явсаар байгаад 2019 оны 6 дугаар сард хүрсэн. Тухайн үед Ж. О.т миний заруулахаар өгсөн машиныг өгөөд зөрүүд нь Форд Равтор автомашиныг нь унаж үзье гэж хэлж аваад граждаа хийсэн байсан. Тэгтэл О. Ж.д Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр машин залилж авсан гээд өргөдөл гарсан байсан. Тэгээд Форд Равтор маркийн машиныг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр О.д хүлээлгэн өгсөн. Харин манай байгууллагын бартерт авсан машиныг яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Би уг 5 автомашинаас 1 автомашиныг буцааж авсан ба уг машин нь лизингтэй байсан болохоор лизинг олгосон байгууллагад нь хураагаад аваад явсан гэж О.аас сонссон. Би Х.Ж.д уг 5 автомашиныг өгөхдөө гэрээ хэлцэл хийгээгүй. Х.Ж. нь утсаа авахгүй, фейсбүүкээр харьцахаар өөрөө уншчихаад, хариу өгөхгүй надаас зугтаагаад байгаа юм. Уг машинууд нь манай компанийн ажилчдын нэр дээр итгэмжлэлтэй байдаг бөгөөд Х.Ж. нь уг машинуудыг зарахдаа манай ажилчдыг дуудаж авч яваад хүнийх нь нэр дээр шилжүүлсэн. Уг машинуудаас Тоёота Ланд 570, Тоёота Тундра хоёр машиныг зарсан бөгөөд уг хоёр машины мөнгөнөөс 107 сая төгрөгийг манай компанийн данс руу хийсэн... ... УБО улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг 113.000.000 төгрөгөөр заруулахаар тохирч Ж.д өгсөн. ... УНҮ улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг 92.500.000 төгрөгөөр заруулахаар тохирч Ж.д өгсөн. ... УБТ улсын дугаартай Ланд Рөвер Десковер-3 маркийн автомашиныг 25.000.000 төгрөгөөр засуулахаар тохирч Ж.д өгсөн. ...-26 ДАР улсын дугаартай “Ниссан лийф” маркийн автомашиныг нь 15.000.000 төгрөгөөр заруулахаар тохирч Ж.д өгсөн, гэрээ хийгээгүй харилцаж ярилцаж байгаад өгсөн. Ж. өөрөө зараад өгье гэж хэлээд авсан ба дээрх үнийн саналыг Ж. өөрөө хэлдэг байсан. Би Ж.гаас энэ машиныг тэдэн төгрөгийн өрөнд авах гэсэн юм аа үнэ нь болж байна уу гээд асууж Ж. наад машин чинь тэдэн төгрөгт авбал болно гээд хэлдэг байсан. Дээрх машинуудын үнийн саналыг Ж. хэлсэн би зөвшөөрсөн. Энэ 4 машин нийт 220.364.000 төгрөг болсон. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх машинуудын мөнгөнөөс Ж. Тоёота Тундра маркийн автомашины 92.500.000 төгрөг, Ниссан Лийф маркийн автомашины 15.000.000 төгрөг, нийт 107.000.000 төгрөгийг Ж. надад өгсөн ба манай байгууллагын данс руу хийсэн. Одоо дансыг нь санахгүй байна. Одоо нийт хохирлын 113.364.000 төгрөгөө хурдан гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.П.ийн “...Би 2017 оноос П. ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага газрын тосны бүтээгдэхүүн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайхаас бүтээгдэхүүн авсан “Тэзү” ХХК шатахуун худалдаж аваад өр төлбөртөө 2018 оны 12 дугаар сард Лексус 570 маркийн автомашиныг бартераар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8776 УНҮ улсын дугаартай Тоёота Тундра автомашиныг бас 92.500.000 төгрөгийн бартерт бодож авсан бөгөөд би Тоёота Тундра маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн гаднаас очиж аваад Ж. гэдэг хүнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ажлынхаа гадна хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Э.гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг П. ХХК-д 2016 оноос 2019 оны хооронд захиргааны жолоочоор ажиллаж ажлаасаа гарсан юм. Манай байгууллага түлш болон нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага байсан. Манай захирал Б. нь Ж. гэх хүнд нэг ширхэг Десковер маркийн машин замын цагдаагийн урд Соёолж төвийн хажууд аваачиж өг гэсний дагуу Би Ж. гэх хүнд өгч уг машиныг хүргэж өгсөн бөгөөд тэр үед анх Ж. гэх хүнд өгч уг машиныг хүргэж гэсэн бөгөөд тэр үед Ж. гэх хүнийг харсан. Би О. гэх хүнийг танихгүй харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Окаагийн “...Манай байгууллага түлш борлуулдаг байсан болохоор зарим төлбөр тооцооныхоо оронд Бартераар тээврийн хэрэгсэл авдаг байсан. Би Ж. гэдэг хүнтэй өмнө ажил хэргийн шугамаар 2-3 удаа уулзаж байсан. Манай захирал Б. Бартераар авсан машинуудаа Ж. гэдэг хүнд өгч заруулдаг байсан ба Ж. нь манай захирал Б.гийн найз гэдэг байсан. 2019 онд санагдаж байна. Манай захирал Б. Ж.д бартераар авсан Ниссан Лийф маркийн автомашиныг аваачаад өг гэхээр нь би Ж.д уг машиныг хүлээлгэж өгч байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.О.ийн “...Би Ж. гэдэг залуутай одоогоос 8 жилийн өмнө ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Ж. машины ченж залуу. Харин Баяраатай Ж.гийн асуудпаас болж нэг удаа уулзаж байсан. Тухайн үед 2019 оны 01 дүгээр сард Ж.д 250.000.000 сая төгрөгөөр Форд Равтор маркийн автомашиныг зарсан байсан. Мөн 30 сая төгрөгийг Ж.гийн Мотор бродерс ХХК-д зээлүүлсэн мөн 12 сая төгрөгийг Ж. надаас “шүүх цагдаагаас хүмүүс гэрийн үүдэнд ирээд байна. Эхнэр айгаад санаа зовоод байна би өрөө хаах гэсэн юм туслаач” гээд авсан. Тухай үед Ж. бид хоёр ийм асуудал байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өргөдөл гаргахад иргэний хэрэг гээд хаасан. Тэгээд машинаа Ж.гаас авч чадахгүй байж байхад Ж. машины оронд надад 25 сая төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг мотоцикл, мөн бэлэн 25 сая төгрөг, цахилгаан Ниссан Лийф маркийн автомашиныг 15 сая төгрөгт бодож өгсөн уг машины улсын дугаар ДАА гэсэн байсан. Би уг машиныг хоёр хоног унахад цахилгаан нь ажиллаж байхаар нь Ж.д буцаагаад өгөхөд Ж. өөр хүнд 10 сая төгрөгөөр зараад надад мөнгийг нь өгсөн. Би уг цахилгаан машиныг 15.00.000 төгрөгөөр бодож тооцоо хийсэн. Тэгээд 250.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөгийг хасаад 185.000.000 төгрөгийг авлагатай үлдсэн. Ж. 2020 оны 01 дүгээр сараас хойш надад мөнгө өгөхгүй явж байгаад 2020 оны 3 дугаар сард надад 2014 онд үйлдвэрлэсэн Проше Макан маркийн жийп машиныг 150.000.000 төгрөгт бодож өгсөн. Уг машины Улаанбаатар Проше ХХК-ын нэр дээр байсан. “Машиныг нэрийг шилжүүлж өг” гэхэд “удахгүй өгнө” гэж хэлээд яваад байсан. Тэгээд машиныг унаад явж байхад Улаанбаатар Проше диллерээс зарлагдсан машин байна гээд хураагаад авсан. Би Ж.гаас “юу болов өгсөн машин чинь хураагдсан” гэхэд Ж. “мөнгийг өгнө, та жаахан хүлээчих” гэж хэлсэн. Ж. “Форд Равтор маркийн автомашины нэр дээр шилжүүлээд өгчих банк бус санхүүгийн байгууллагад унаж явдгаар тавиад 80.000.000 төгрөгийг танд өгье” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Би 2019 оны 3 дугаар сард Америк явах болоод Ж.гаас мөнгө нэхэхэд “маргааш, маргааш” гээд хойшлуулаад өгөөгүй. Тэгээд би Америк явахынхаа өмнөх өдөр нь хамтран ажилладаг “Л.Сүхбаатар гэдэг ахынхаа нэр дээр Форд Равтор маркийн автомашиныг шилжүүлээд Ж.тай уулзуулаад 185.000.000 төгрөгөөр манай ахад өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж аваарай” гэж хэлээд явсан. Би Америкт очоод мөнгөний хэрэг маш их байсан учир Ж.гаас мөнгөө нэхэхэд Ж. “арай мөнгө орж ирээгүй байна. Форд Равтор маркийн машиныг банк бусад унаж явдгаар тавиад мөнгө өгье би хүүг нь төлнө” гэхээр нь Сүхбаатар ахад хэлээд Хан-Уул дүүрэгт байдаг “Ингүүмэл зоос” Банк бус санхүүгийн байгууллагад 80.000.000 төгрөгөөр тавьсан. Би 80.000.000 төгрөгийг аваад хэрэглэсэн. Уг банк бусад тавьсан машины өрийг Ж. төлөөгүй би өөрөө бүгдийг нь 1 жилийн хүүтэйн төлж барагдуулсан. Форд Равтор маркийн автомашин Ж.д байсан Ж.гаас “машинаа авъя” гэхээр “өгөхгүй одоо ажил бүтэж байна” гээд машин өгөхгүй яваад байсан. Хүнээс сураг сонсоход миний Форд Равтор маркийн машиныг Ж. “П.” ХХК-ын Б. гэдэг хүнд зарсан байсан. 2019 оны зун Б.тай холбоо бариад “машинаа авъя” гээд учраа хэлэхэд “Ж. надад өртэй, чиний машиныг өгчихвөл надад барьцаалах юу ч байхгүй” гээд миний машиныг гаргаж өгөөгүй. Харин надаас “Форд Равтор маркийн машины нэрийг шилжүүлээд өгчих” гээд удаа дараа гуйж байсан. Би Б.д “Ж. надад өртэй учраас би машиныг шилжүүлэхгүй” гэж хэлсэн. Энэ хооронд Ж. “мөнгө ороод ирнэ битгий санаа зов машинаа Б.д шилжүүлээд өгчих” гэж хэлдэг байсан. Миний машиныг гаргаж өгөхгүй болохоор нь би банк бусын мөнгийг өгөхөө зогсооход банк бусаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хандаж Б.гаас Форд Равтор маркийн машиныг хурааж авч би үлдсэн мөнгийг нь хүүтэй нь төлж банк бусаас машинаа авсан. Уг машинаа мөнгөний хэрэг гараад зарсан. Би Лексус-570 маркийн машин, Дисковери маркийн машиныг мэдэхгүй хараагүй. Харин надад Ж. мөнгөнийхөө оронд Нассан лийф цахилгаан машиныг 15.000.000 төгрөгөөр бодож өгөөд өөрөө маргааш нь 10 сая төгрөгөөр зарсан цахилгаан нь эвдрэлтэй байсан. Проше макан маркийн машиныг 150.000.000 төгрөгөөр бодож өрөндөө Ж.д өгсөн уг машиныг хэд хоног унаж явж байхад Улаанбаатар Прошегоос зарласан машин гээд хураагаад аваад явсан. Ж. мэдэж байгаа. Би Ж.гаас ямар машин тэрэг аваагүй харин нэг мотоцикп авсан тэр нь одоо хүртэл байж байна. Манай дүү Бат-Өлзий Проше макан маркийн машиныг унаад явж байхад хурааж авсан. Мөн Сүхбаатар ах мэдэж байгаа. Би Ж.гаас хоёр машин авч байсан Порше макан маркийн автомашиныг 150 сая төгрөгөөр бодож аваад төгөлдөр хуур зардаг дүүдээ өгсөн байсан. Тэгтэл уг машиныг Улаанбаатар Поршегоос хурааж авсан. Ж. өөрөө надад макан маркийн автомашиныг өгөхдөө Улаанбаатар Поршегийн нэр дээр байгаа хэд хоногоос чөлөөлөөд миний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд надад өгсөн. Харин Поршегоос энэ машины мөнгийг төлөөгүй гээд буцаагаад авсан. Тэр үед ДАР улсын дугаартай цахилгаан Лийф маркийн машиныг надад 15 сая төгрөгөөр бодож өгсөн. Уг машины цахилгаан нь эвдрэлтэй байсан тул Ж.д буцаа өгсөн. Тэр үед Ж. өөрөө нэг хүнд 10 сая төгрөгөөр зарсан. Өөр Ж.гаас авсан зүйл байхгүй. Тэгээд би 250 сая төгрөгийн үнэтэй Форд Равтор маркийн машинаа олж авах гээд цагдаад өргөдөл гаргаж өгөөд хуурай ах Л.Сүхбаатарын хамтаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээр дамжуулан Б.гийн зуслангийн байшингаас авсан...” гэсэн мэдүүлэг,
“Хаан үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “П.” ХХК-ийн өмчлөлд 5666 УБО улсын дугаартай Лексус 570 маркын автомашин, ... УНҮ улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашин, 3693 УБТ улсын дугаартай Ланд Ровер Десковер-3 маркийн автомашин, ...26 ДАР улсын дугаартай Ниссан Леэйф маркын автомашинуудын нийт зах зээлийн үнэлгээ 220.364.000 /хоёр зуун хорин сая гурван зуун жаран дөрвөн мянга/-н төгрөг болов...” гэсэн тайлан,
Тээврийн хэрэгслийн лавлагаа,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүгдэгч Х.Ж.гийн яллагдагчаар өгсөн “...Би хувиараа автомашин зарж борлуулдаг ажил хийдэг. 2018 онд найзуудаараа дамжуулан Б. гэдэг хүнтэй танилцаж байсан. Тухайн үед Б. намайг машин зардгийг мэдээд “манай байгууллагад өрөндөө машин тэрэг авах санал их тавьдаг. Манай байгууллагад машины зах зээлийн үнэ хөлсийг мэдэх хүн байхгүй, чи хараад бодид үнэлгээг нь гаргаж өгч байгаач, мөн боломжтой бол машин тэрэг зарж борлуулж өгч байгаач” гэж санал тавьсан. Би хүлээн зөвшөөрч “П.” ХХК-ийн өрөндөө буюу бартераар авсан машиныг нь байгаа газар нь очиж хараад зах зээлийн үнэлгээг нь хэлж өгдөг байсан. Мөн машиныг нь худалдан борлуулж өгч байсан. 2019 оны 01 дүгээр сард санагдаж байна. Б. над руу залгаад “манайх Номингоос өрөндөө Лексус 570 маркийн ... УБО улсын дугаартай автомашиныг авах гэж байна. Машиныг нь хараад үнэлгээ тогтоогоод өгөөч” гэхээр нь би “П.”-ын колонк дээр очиж уг машиныг хараад оношлоод зах зээлийн үнэлгээг нь “70-75 сая төгрөгөнд бодож авах машин байна” гэж хэлээд салаад явсан. Тэрний дараа бас 2019 оны 02 дугаар сард Б. над руу залгаад бас машин үзүүлнэ гэж хэлсэн. Уг машиныг очиж үзэхэд Тоёота Тундра ... УНҮ улсын машин байсан Б. 115 сая төгрөгийн өрөөндөө бодож авсан гэхээр нь би их үнэтэй байна. 90-95 сая төгрөгийн ханштай байгаа гэж хэлсэн. Тэгтэл Б. “энэ машиныг байгууллага дээр арчлах хүн алга чи авч яваад зараад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд аваад явсан. Би уг машиныг зарахаар зар тавихад хоёр 7 хоногийн дараа нэг танихгүй эрэгтэй хүн ирээд үзэж харж байгаад 85 билүү 95 сая төгрөгөөр аваад явсан. Тухайн үед би Б.д “ийм ханшаар зарагдах гэж байна зарах уу яах уу бэлэн мөнгөөр авна гэж байна” гэхэд Б. зөвшөөрөөд би уг машины мөнгийг өөрийнхөө дансаар хүлээн аваад буцаагаад П. ХХК-ын данс руу шилжүүлсэн...Дараагийн машин нь ... УБТ улсын дугаартай “Ровер Десковер-3”, 33-37 УБЧ улсын дугаартай Проше макан, ... УБО улсын дугаартай Лексус-570, ...-26 ДАР улсын дугаартай ниссан лиеф маркийн машинуудыг зараад өг гэж саналууд Б.гаас орж ирсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Х.Ж. нь бусдын итгэмжлэн хариуцуулсан “П.” ХХК-ийн бусдаас мөнгөн төлбөрт бартераар авсан нийт 220.364.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 автомашинуудыг худалдан борлуулсан мөнгөнөөс 113.364.000 төгрөгийг өгөлгүй хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг тодорхойлохдоо итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг хүлээж хариуцах ба итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь уг нөхцөл байдлыг хууль бусаар ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгчид нь тогтсон хугацаанд хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байж шунахай зорилгоор, ямарваа хариу төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн хууль бус эзэмшил тогтоож, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн, захиран зарцуулсан байдлыг илэрхийлдэг.
“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэн тохиролцсон, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г илэрхийлэх ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээний мөнгөн дүнг их хэмжээний хохирлын хэмжээ гэж тооцдог.
“П.” ХХК-аас Х.Ж.д эд хөрөнгө худалдан борлуулсан орлогыг авах зорилгоор автомашинуудыг хариуцуулан өгсөн байх ба тэрээр дур мэдэн тухайн автомашинуудын мөнгийг өгөлгүй ашигласан болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Х.Ж.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллаж, шүүгдэгч Х.Ж. болон түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нараас “... Ж. би Б.О., Ц.Б. нарын зуучийг хийж өгсөн. Хамт бартераар хийгээд өгнө нэг том машин буюу Форд Равтор өгнө гэсэн учир хүлээн зөвшөөрөөд Ц.Б. гараждаа тавьсан байсан. Б.О. “би ийм олон машин авахгүй наадхаа зараад мөнгийг нь надад өгчих” гэж хэлж байсан. Тухайн үед надаас машин худалдаж авах хүмүүс бэлэн байсан учир Лексус 570, Ланд Ровер Десковер зэрэг машиныг нь зараад мөнгийг нь бэлэн өгсөн....Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хохирогч “П.” ХХК-иас худалдсан бензины мөнгөнийхөө оронд 4 автомашиныг бусдаас төлбөрт тооцон авч, тэрхүү автомашинуудыг бэлэн мөнгө болгон авах зорилгоор шүүгдэгч Х.Ж.д шилжүүлсэн боловч тэрээр 113.364.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлээгүй үйл баримт нотлогдсон.
“П.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б. болон автомашин худалдан авсан гэх Б.О. нарын хооронд автомашин өгөх, авах тохиролцоо анхнаасаа байгаагүй ба харин хожим Ц.Б.гаас автомашины мөнгө нэхэгдэх үед түүнд шүүгдэгч нь гэрч Б.О.аас худалдан авах нэрийдлээр авсан Форд Равтор гэх автомашиныг түр өгсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Х.Ж.гаас 113.364.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч болох “П.” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.Ж., түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Х.Ж. нь хохирогч “П.” ХХК-нд 113.364.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Х.Ж.г гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Ж. нь дээд боловсролтой,багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч Х.Ж.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдсөн төлөх төлбөргүй/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор түүнд 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 16.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...хохирол бүрэн төлөгдсөн. Эрүүгийн хариуцлагын талаар тусгай гаргах санал байхгүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна...” гэж, шүүгдэгчээс “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ж.г зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Ж. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Х.гийн Ж.г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Х.Ж.г 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж.д оногдуулсан 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Ж.д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН