Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01117

 

 

 

 

 

 

2020оны 04сарын28өдөр

 

181/ШШ2020/01117

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШт холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 1930 дугаар шийдвэрээр Ж ХХК болон ТӨ ТӨҮГ-ын хооронд үүссэн зээлийн маргааныг шийдвэрлэж Ж ХХК-аас төлбөр гаргуулж ТӨ ТӨҮГ-т олгохоор болсон. Талуудын хооронд мөн барьцааны гэрээ хийгдсэн бөгөөд гэрээнд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйлийн үнэлгээг 1,526,000,000 төгрөгөөр тохиролцож тусгасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу тус газарт удаа дараа албан ёсоор хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 03 сарын 09-ний өдрөөр огноолсон мэдэгдлийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд эд хөрөнгийг 625,400,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зөрчиж огт танилцуулахгүй байгааг энд дахин дурдах нь зүйтэй. Энэхүү нэхэмжлэлээ манай компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн гаргаж байна. Нөгөө талаар ирүүлсэн мэдэгдлээс үзвэл манай барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илтэд зөрүүтэй хэт бага үнээр хийсэн харагдаж байна. Мөн НШ нь томилогдсон үнэлгээчний талаар бидэнд мэдэгдээгүй, бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээчнээс татгалзах эрхийг эдлүүлээгүй. Өмнө нь хүчингүй болсон үнэлгээг гаргасан үнэлгээчнийг дахин томилсон байсан ба бидний зүгээс үнэлгээчнээс татгалзах байсан. Эд хөрөнгө хураасан тогтоолд хураасан эд хөрөнгийн нэр гэсэн хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бичсэн боловч газрыг бичээгүй байж байгаад хожим нэмж бичсэн гэж үзэхээр байгаа. Учир нь тухайн өдөр үйлдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд газрын тулаар дурдагдаагүй атлаа эд хөрөнгө хураасан тогтоолд газрыг нэмж бичсэн байдаг. Үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн гаргах ёстой байтал үнэлгээчин өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг ашигласан, орлогын хандлагын аргыг ашиглаагүй, мөн үнэлгээний тайланд 2,500 м.кв газрыг үнэлэхдээ 1125 м.кв газрыг үнэлсэн байдаг. Үнэлгээг гаргахдаа Монгол Улсын Засгийн газраас баталсан газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээг хэрхэн ашигласан нь тодорхойгүй байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1930 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1930 дугаар шийдвэрээр Ж ХХК-аас 1,256,407,950 төгрөгийг гаргуулж ТӨ ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Ж ХХК-ийн гаргасан НШт холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч захирамж гаргажээ. Төлбөр төлөгч Ж ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган тус иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дахин үнэлгээ тогтоож албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагаа явагдаж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мэргэжлийн үнэлгээчний гаргасан үнэлгээний тайлангийн талаар тайлбарлах боломжгүй. Өмнө үнэлгээ гаргасан этгээд дахин үнэлгээ гаргасан гэх асуудлын хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээ хийх этгээдийг тойргийн журмаар санамсаргүй байдлаар сонгодог бөгөөд ийнхүү сонгоход сонгогдсон. Шийдвэр гүйцэтгэгч өөрөө сонгоогүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч НШт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01930 дугаар шийдвэр /хх-27-33 тал/-ээр Ж ХХК-аас 1,250,000,000 төгрөгийг гаргуулж ТӨ ТӨҮГ-т олгож шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2018/12551 дугаар захирамж /хх-34 тал/-аар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01930 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 181/ГХ2018/01030 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-26 тал/ олгосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 153/19280066 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-37,38 тал/-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011311 дугаарт бүртгэлтэй, Г-2204020022 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, 352 б/2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг битүүмжилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 2/19280066 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-96,97 тал/-оор хураасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эд хөрөнгө хураасан тогтоолд хураасан эд хөрөнгийн нэр гэсэн хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бичсэн боловч газрыг бичээгүй байж байгаад хожим нэмж бичсэн гэж тайлбарлаж байх боловч эд хөрөнгө хураах тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт хурааж байгаа талаар тодорхой туссан, хожим нөхөж бичсэн гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд газрын талаар дурдаагүй нь газрыг хураах ажиллагаа явагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан эд хөрөнгө хураасан тогтоолд хураасан эд хөрөнгийн нэр гэсэн хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бичсэн боловч газрыг бичээгүй байж байгаад хожим нэмж бичсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь заалтад зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд эд хөрөнгө хураах тогтоолд газрын талаар тусгагдсан тул газрыг хураах ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

Ж ХХК нь НШт 2020 оны 02 сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011311 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 2,500 м.кв газрыг 1,526,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-99 тал/-ыг ирүүлснийг ТӨ ТӨҮГ нь эс зөвшөөрч 2020 оны 02 сарын 28-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт /хх-100 тал/ гаргаснаар 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 129 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-101 тал/-оор эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-102 тал/ байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 202 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор шинжээчээр томилогдож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011311 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 2,500 м.кв газрын зах зээлийн нийт үнэ цэнийг 298,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-54-84 тал/-г гаргаж байсан байх ба уг үнэлгээг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02474 дугаартай шийдвэр /хх-92-95 тал/-ээр хүчингүй болгож шийдвэрлэж байсан байна.

Өмнө нь шинжээчээр томилогдож үнэлгээ гаргаж байсан Мөнх-Оргил трейд ХХК-ийг дахин шинжээчээр томилсон талаараа Ж ХХК-д мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2 дахь заалтад урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон бол шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 202 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр хөрөнгийг үнэлүүлэхээр дахин шинжээч томилох ажиллагаа хийгдсэн байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2 дахь заалтад заасан урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт дахин шинжээч томилох ажиллагааны үндэс болсон гэж үзэх үндэслэлтэй тул Мөнх-Оргил трейд ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01930 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзнэ.

Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь заалтад Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ, мөн зүйлийн 20.2 дахь заалтад Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно. гэж заасан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дахь заалтад заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд-д хамаарах бөгөөд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зүгээс шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Дээрх нөхцөл байдал нь Мөнх-Оргил трейд ХХК нь нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01930 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохгүй байх үндэслэл болохын зэрэгцээ төлбөр төлөгчийн зүгээс шинжээчийг татгалзан гаргах үндэслэл болох бөгөөд өмнө нь шинжээчээр томилогдож үнэлгээ гаргаж байсан Мөнх-Оргил трейд ХХК-ийг дахин шинжээчээр томилсон талаараа Ж ХХК-д мэдэгдэж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь заалтад заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхээр нь хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр гарсан үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 03 сарын 09-ний өдрөөр огноолсон мэдэгдлийг хүлээн авч мэдсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээг танилцуулаагүй гэж тайлбарласан, хариуцагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтад заасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч НШ нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг дахин шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2 дахь заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь заалтад нийцээгүй, Ж ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь заалтад заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхээр нь хангаагүй байх тул нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч НШт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 129 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч НШт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 129 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2020/04701 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР