Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1231

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         12            12                                     2023/ШЦТ/1231

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Б.Сарантуяа /томилолтоор/,

Шүүгдэгч: Г.А., түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар оролцсон эрүүгийн 2209002332165 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Хиат Б. овогт Г.ийн А.

 Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “С.” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А. нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг "Ч." гэх нэртэй ресторанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч С.Г.ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 2209002332165 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 

 

            Цагдаагийн хэлтсийн жижүүр болон кабон, машинт эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

           

            Гэрч Г.Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ц.Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

            Гэрч Х.Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 172 дугаар хуудас/,

 

            Гэрч Х.Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 176 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

 

            Гэрч Х.Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 181 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 183 дугаар хуудас/,

 

            Гэрч Х.Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №586 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Т.Чимэд-Очир, О.Нансалмаа нарын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №433 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 168-170 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.А.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82, 113 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч Г.А. нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Ч.” гэх нэртэй ресторанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч С.Г.ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хувцаснаас нь зуурч татан, хэл амаар доромжилон хүч хэрэглэж эсэргүүцэн улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч С.Г.ын "...2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд Хүлэг 10 буюу жижүүрийн албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ч.” ресторанд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгахад “Селикат” ХХК-ний шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон асуудал гарсан байсан. Ингээд зөрчил гаргагч Х.э гэж залууг тухай газраас гадагш авч гарах гэхэд тэнд байсан хүмүүс нь ирж бичиж аваад түүний төрсөн ах А. гэх залуу нь хүрч ирээд “дүүгээ гаргаж явуулахгүй та нар ямар учраас авч явах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд нь “олон нийтийн газар зодоон маргаан үүсгэсэн асуудал нь хуулийн дагуу шалгагдана бид гэмт гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийн дагуу явж байна” гэж дүүгээ  явуулахгүй гээд миний өмсөж явсан хувцаснаас гараараа барьж зууралдаж эхэлсэн. Тэгээд Х.э нь гаргахгүй гээд арагш зүтгээд байхаар нь би түүнийг газар хавсарч унагаад гарыг нь ард нь гавлах гэхэд А. нь араас ирж миний хувцаснаас татаж зууралдахаар нь би хувцаснаас барьсан гараа авахыг шаардахад хэл амаар доромжлон өөдөө дайрч давшлан миний нүүрэн тус газар толгойн урд хэсгээрээ хоёр удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Цагдаагийн хэлтсийн жижүүр болон кабон, машинт эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо,

 

Гэрч Г.Х.ийн “...Манай ах А. нь маш их согтолттой байсан учир тухайн үед болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа. Намайг цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд аваад явна гэхээр дүүгээ өгч явуулахгүй гээд  цагдаагийн ахмад С.Г.тай маргалдсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Т.гийн "...Х.э гэх залуу нь нэг зүс танихгүй хүнтэй маргалдаж байхаар нь маргаанаа зогсоох талаар хэлж яриад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа дахин маргаан болоод байхаар нь очиход Х.э нь өмнө нь маргалдаад байсан хүнтэйгээ нэг нэгнийхээ хувцаснаас бариад зууралдсан байдалтай зогсож байхаар нь салгах гэхэд нь тэнд байсан компанийн ажилчид нь ойртуулахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа. Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын дагуу цагдаагийн ахмад Г. гэж хүн нэг цагдаагийн хамтаар ирээд зодоон маргаан үүсгэсэн Х.э гэж залууг цагдаагийн байгууллага руу авч явах талаар хэлж яриад аваад гарах гэхэд түүний ах А. гэх залуу нь ирээд Г. гэх цагдаатай маргалдаад “дүүгээ явуулахгүй” гэж хэлээд хувцаснаас нь барьж аваад зууралдаад байсан. Энэ үед Г. цагдаа нэмж хүмүүс дуудаад А., Х.э нарыг авч явсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Ц.ы "...Манайх “Рэд рок кастел” гэх нэртэй ресторан 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс хойш уг газарт засвар хийж байгаад саяхнаас нээлтээ хийж ажиллаж байна. Манай өмнө уг газар “Чикаро” гэх нэртэй ресторан үйл ажиллагаа явуулдаг байсан юм байна лээ. Тэр үесийн хяналтын камерын бичлэг байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х. Б.ийн "...Чикаро" ресторанд цагдаагийн алба хаагчийн биед халдсан Хүлэг-112 чиглэлийн ахмад С.Г., дэд ахлагч Л.А. нар дийлэхгүй байна нэмэгдлээр оч гээд тухайн мэдээллийг аваад хүүхдийн паркд очиход хүлэг-114, хүлэг 113 нар ирсэн хүмүүсийг машиндаа суулгаад эрүүлжүүлэхээр 3 хүн авч явсан байсан юм. Тухайн үед эргүүлийн машинууд хөдлөөд шөнөдөө хэлтэс дээр ахмад С.Г.тай уулзахад хамар эвгүй болчихлоо гээд байж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.А.гийн “...эргүүлийн офицероор хүлэг-113 чиглэлд дэд ахлагч Б.Бум-эрдэнийн хамтаар үүрэг гүйэцтгэж байсан бөгөөд шөнө дунд хүлэг-10-аас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо хүүхдийн парк-д байрлах "Чикаро" ресторанд цагдаагийн алба хаагчийн биед халдсан Хүлэг-112 чиглэлийн ахмад С.Г., дэд ахлагч Л.А. нар дийлэхгүй байна нэмэгдлээр оч гээд тухайн мэдээллийг аваад хүүхдийн парк-д очиход хүлэг 112 чиглэл байсан бөгөөд очиход "Чикаро" рестораны зааланд цус нөж болсон залуу байсан бөгөөд тухайн залууг зодсон гэх залууг авч явах гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй байна гээд бид дөрөв ороод тухайн хоёр залууг авч гарах гэсэн чинь ажлын хамт олон гэх хүмүүс нь зуураад нэг залуу нь эсэргүүцээд бужигнаж байхад нь нэг залуу нь С.Г. ахмадын мөргөчихлөө гэж байсан юм ... тухайн үед С.Г. ахмадын уруул нь язраад ам нь цус болсон байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.А.ын “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаро ресторанд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дугаа очиж шалгахад барилгын компанийн шинэ жил болж байсан ба 45-50 насны хөгшин эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай байсан. Тухайн хөгшин хүнээс “таныг хэн зодсон бэ” гэж асуухад “манай захирал А. гэх залуу намайг зодсон” гэж хэлж байсан. Тэгээд зодуулсан гэх хүнээ А. хүнийг заасан учраас А.тэй ярилцах гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн ба байгууллагынх нь залуучууд бид нар руу дайрч эхэлсэн ба Хүлэг-10 руу залгаж нэмэлт эргүүлийн чиглэл дуудах гэсэн боловч тэнд байсан нэг залуу нь миний гар утсыг булаагаад авчихсан. Тэр үед А. нь Г. ахмадын хантаазнаас нь зулгаагаад урсан ба хамар хэсэг рүү нь мөргөж байгаа харагдсан. Тэр үед А. нь маш их согтолттой байсан Г. ахмад бид хоёр руу зогсолтгүй дайраад байхад ажлынх бусад залуучууд цааш салгасан...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №586 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:...1. С.Г.ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №433 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Дүгнэлт:...1. Хүний биед хийсэн шинжилгээ №586-д тогтоогдсон дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлээс өөр гэмтэл тогтоогдсонгүй.

2. С.Г.ын биед тогтоогдсон дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно.

3.Дээд уруул нь өөрийн гар хүрч болохуйц тул өөрөө өөртөө учруулж болно.

4. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 17-нд үүссэн байна.

5. Дээд уруулын язарсан шарх, цус хуралтыг нэг удаа цохих үйлдлээр үүсгэжээ...” гэсэн дүгнэлт,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шүүгдэгч Г.А.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А. нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, ийнхүү эсэргүүцэхдээ биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараах тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана:” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2-д “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй;” гэж, 25 дугаар зүйлийн 25.5.4-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах” гэж тус тус зааснаар цагдаагийн албан хаагчаас Г.Х.эд хууль ёсны шаардлага тавьж түүнийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхөөр авч явах үед шүүгдэгч Г.А.эс цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэн эсэргүүцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

С.Г. нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.

 

“Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн байхыг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл хийсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. 

 

Түүнчлэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Ийнхүү шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэсэн, үүгээр зогсохгүй биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгчээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр, нэг цаг хугацаанд хангаж хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.А.ийг:

 

- хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,

- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс  шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г.аас “...шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Г.А. нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгч хохирогчид хохирол нөхөн төлж гомдол, саналгүй болгосон. Шүүх хуралдааныг хялбаршуулах хүсэлтийг гаргаж байсан. Улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байна. Торгох ялыг биелүүлэх бодит боломж байгаа талаарх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд торгуулийн ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.А.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.А. нь дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “С.” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг)  600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг)  4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Г.А.д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.600.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хиат Б. овогт Г.ийн А.ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,   

 

Мөн Хиат Б. овогт Г.ийн А.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Г.А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.600.000 төгрөгөөр торгох ялын нийт хэмжээг тогтоосугай. 

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А.д оногдуулсан 4600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН