| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00808/и |
| Дугаар | 142/ШШ2018/01109 |
| Огноо | 2018-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2018/01109
| 2018 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2018/01109 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 1*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, *******,*******/
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд ******* улсын дугаартай хонда сивик машиныг авах гээд үзэж байхад зарж байгаа эзэн болох ******* нь миний машин энгийн механик хабрид биш би хот руу 120 милтэй яваад ирсэн. Хөдөө явахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч кондейшин байхгүй, хабрид байсныг нь салгасан байсан. Тэгээд кодейшин байхгүй байна гэхэд кондейшингээ хаана байгааг нь мэдэж байгаа юм уу үлээж л байгаа шүү дээ гэсэн. Бид 2 Хөвсгөл, Архангай явах гээд бэлэн машин сонирхож байх үед зүгээр асуудалгүй гэсэн. Тэгээд дахин дахин утасдаад байхаар нь хол явж үзэлгүй авахаар болсон. Баяр наадмын амралт эхэлчихсэн байсан болохоор шилжүүлэхгүй гээд бичиг баримтаа канондож гараар бичиг үйлдэхээр болж бичиг баримтыг нь үзэхэд Нэт Капитал ББСБ-ын нэр дээр эзэмших эрх нь байсан. Тэгэхээр нь за болъё бүтэхгүй юм байна гэхэд ******* нь эхнэр хүүхэдтэйгээ байсан болохоор бид нарт итгээч, бид нар худлаа ярих хүмүүс биш залуу хүмүүс бид нарт итгээрэй бид зээлийн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгөө төлөөд шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь тал төлбөрийг нь өгч тал төлбөрийг нь тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг нь шилжүүлж өгөхөөр төлнө гэсэн боловч ******* нь бүтнээр нь авъя, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 4.800.000 төгрөгөө бүрэн авсан. Хамгийн гол нь хабрид гэсэн бичгээ хуулаад хаячихсан байсан. Мөн кондейшингоо аваад оронд нь жанам тавьсан байсан. Астачир нь элэгдэж муудсан, хайгаад олдохгүй байна, ойрхон явж байгаад явахгүй зогсож араас нь түлхэж хашаандаа оруулсан. Маргааш нь *******гийн утас руу нь залгаж та нар үнэнгээ хэлчихгүй яасан юм бэ? Бид нар хөдөө явна гэж хэлсэн шүү дээ, машин чинь асахгүй байна. Машинаа буцааж ав, бид 2 мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь мөнгийг чинь зээлэндээ өгчихсөн. Машинаа буцааж авахгүй, битгий залгаад бай гэж хэлээд утсаа салгасан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ББСБ-аас зээл төлсөн эсэхийг нь лавлаж асуухад зээл төлөөгүй байна гэсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөг гэсэн боловч 1.985.000 төгрөг байсан. Эхнэр нь гэрийн хаягаа 1 дүгээр микрт байдаг гэсэн боловч ББСБ-д бүртгэлтэй хаяг нь ******* оршин суудаг гэсэн байсан. ******* нь төмөр замд замчинаар ажилладаг юм байна. Эхнэр нь надад Солонгос улс руу явна гэж хэлсэн. Гэтэл нөхөр нь манай нөхөрт Чех явах гэж байгаа гэж хэлсэн байсан. Иймд иргэн *******гаас машины төлбөрт өгсөн 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* нь худал хэлж залилан мэхэлж автомашиныг худалдсан гэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашиныг авах үед худалдан авагч болох *******т худалд зүйл огт хэлээгүй бөгөөд ******* нь автомашины талаарх мэдээллийг үнэн зөв өгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээнд оролцогчдын чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж *******т автомашины эзэмшлийг шилжүүлэн өгсөн бөгөөд одоо ч автомашин *******ийн эзэмшилд байгаа тэрээр автомашиныг хэрэглэж байгаа юм. Ийнхүү автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашиныг эзэмшилдээ ******* нь авсан тул гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, машины төлбөрт өгсөн 4,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ......Хөдөө явах зорилгоор эвдрэл, гэмтэлгүй автомашин худалдан авахаар болж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* улсын дугаартай, хонда сивик машиныг үзэж байх үед хариуцагч нь өөрийнхөө машиныг энгийн механик хабрид биш хөдөө явахад ямар ч асуудалгүй гэж танилцуулсан учир автомашиныг худалдан авахаар болсон бөгөөд тухайн машинд кондейшин байхгүй, хабрид байсныг нь салгасан байсныг мэдэж энэ тухай хариуцагчид тэр дор нь мэдэгдэгдсэн боловч хариуцагч дахин дахин худалдан авахыг гуйсан тул худалдаж авахаар болсон. Ингээд машиныг хүлээн авсан даруйд хабрид гэсэн бичгийг хуулж хаясан, кондейшиныг авч оронд нь жанам тавьсан,стартер нь элэгдэж муудсаныг мэдсэн ба машин ойрхон явж байгаад явахгүй зогссон тул араас нь түрж хашаандаа оруулсан. Мөн бичиг баримт нь Нэт Капитал ББСБ-ын нэр дээр байсан, автомашин нь эвдрэл, гэмтэлтэй хөдөө, хол газар явах боломжгүй байсан тул машиныг буцааж өгөхөөр шийдсэн гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд 2018 оны 07 сарын 10-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид Хонда сивик маркийн ******* улсын дугаартай авто машиныг 4,800,000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь машины үнэ 4,800,000 төгрөгийг бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн байна.
Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч нь автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч ББСБ-н нэр дээр байсан тул энэ тухай хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийг төлж машиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид машиныг эргүүлэн өгч, мөнгөө буцааж авахыг мэдэгдсэн боловч мөнгийг зээлэндээ өгсөн хэмээн машиныг буцааж авахаас татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ББСБ-аас хариуцагчийн зээлийн талаар лавлахад зээлээ төлөөгүй, 1,985,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг мэджээ.
Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлтэнд Уг автомашины урд гуфер доод хэсгээрээ цуурсан, хурд хэмжигч заахгүй, хурдны хайрцаг, дискэн холбоо эвдрэлтэй, хөдөлгүүр асаах стартэр эвдрэлтэй, автомашины урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү их, үйлдвэрээс тавьсан цахилгаан мотор буюу хабрит системийг салгасан, их гэрлийн тусгалын тохиргоо хийх, үйлдвэрлэгчээс тавьсан автомат хурдны хайрцаг, дискэн холбоог өөр механик хурдны хайрцаг, дискен холбоогоор орлуулан хабрит системийг салгасан нь шаардлага хангахгүй. Дээрх заагдсан эвдрэлүүдийг засаж дахин техникийн үзлэгт хамрагдаж стандартын дагуу тээврийн хэрэгсэлийг бүрэн бүтэн байдлыг хангасны дараа замын хөдөлгөөнд оролцож ашиглах боломжтой гэж дүгнэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч хариуцагч нар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн ******* улсын дугаартай хонда сивик машиныг 4,800,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь эдийн болон эрхийн доголдолтой машин шилжүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй,эрхийн зөрчилгүй хөрөнгөтүүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдах байсан боловч нэхэмжлэгчийг ийнхүү буруутгах үндэс тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч машиныг хүлээж авах үед түүний доголдлын талаар мэдээгүй байх бөгөөд хариуцагч өөрийн машиныг энгийн механик, хабрид биш хөдөө явахад ямар ч асуудалгүй гэж танилцуулахад нь итгэсэн байх ба хүлээн авсны дараа түүний доголдлыг илрүүлж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар доголдлыг арилгуулахаар шаардсан боловч хариуцагч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 254.1.1,225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах нь үндэстэй байна.
Хариуцагчид машинаа буцааж авч мөнгөө эргүүлэн өгөхийг шаардсан боловч хариуцагч машинаа аваагүй, мөнгийг буцааж төлөөгүй, машин нэхэмжлэгчийн хашаанд гэрээ байгуулсан цагаас эхлэн ашиглах боломжгүй хадгалагдаж байсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаалт хийх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1,225 дугаар зүйлийн 225.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,800,000 төгрөг гаргуулан *******т олгож, *******ийн эзэмшлээс Хонда Сивик маркийн ******* улсын дугаартай автомашиныг гаргуулан *******д олгож, харилцан буцаалт хийсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН