Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1245

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         12        13                                    2023/ШЦТ/1245

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Б.Өнөбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Я.Э.,

Шүүгдэгч: Г.Х., түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нар оролцсон эрүүгийн 2009019240174 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б. овогт Г.ын Х.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Г.Х. нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “Сентрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг буюу “ээлж солилцохдоо дэлгүүрийн борлуулалтын орлогыг туслах менежерээс баримтаар хүлээн авах, банканд тушаах” гэсэн үүргээ гүйцэтгэх явцдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох дэлгүүрийн орлогыг банканд тушаалгүйгээр хувьдаа завшиж 9.554.935 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оноос өдий хүртэл явж байна. Нэлээн хугацаа өнгөрсөн. Сарангэрэл гэх хүний нөөцийн захиралтай хохирлоо төлөх гэрээ байгуулж байсан. Шүүх дээр надтай бол их олон таарсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө шамшигдуулсан. Туслах менежер хийж байгаад тушаал дэвшээд менежер болсон. Олон удаагийн үйлдлээр мөнгө авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авах саналтай байгаа...” гэв.

 

Эрүүгийн 2009019240174 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Албан тушаал дэвшүүлэн томилох тухай захирлын тушаал /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Я.Э.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37, 44-45 дугаар хуудас/,

 

Гэрч М.Б.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Соёлмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-60, 2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Гэрч Г.З.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.М.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Гэрч М.Э.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-70, 2-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Х.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226-227, 2-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

С.” ХХК-ий иргэн Г.Х.тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 18/ХГ-490 дугаартай туслах менежерээр ажиллах Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 71-76 дугаар хуудас/,

 

С.” ХХК-ий иргэн Г.Х.тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 18/ХГ-490-1 дугаартай Дэлгүүрийн менежерээр ажиллах Хөдөлмөрийн гэрээ, /1-р хх-ийн 77-80 дугаар хуудас/,

 

Дэлгүүрийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 88-93 дугаар хуудас/,

 

“С.” ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Г.ын Х.ыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн туслах менежер албан тушаалд томилсон тухай 18/Б-727 дугаартай тушаал /1-р хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

 “С.” ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Г.ын Х.ыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дэлгүүрийн менежер албан тушаалд дэвшүүлэн томилсон тухай 19/Б- 355 дугаартай тушаал /1-р хх-ийн 96 дугаар хуудас/,

 

 “С.” ХХК-ий Захиргаа хүний нөөцийн албаны захирал Г.Сарангэрэл болон иргэн Г.Х. нарын хооронд байгуулсан 20/01 дугаартай төлбөр барагдуулах гэрээ, хавсралт, Г.Х.ын өөрийн гараар бичсэн хүсэлт /1-р хх-ийн 100-102 дугаар хуудас/,

 

 “С.” ХХК-иас гаргаж өгсөн “Си Юу 11” салбар дэлгүүрийн 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд банканд тушаасан бэлэн орлогын баримт /1-р хх-ийн 108-168 дугаар хуудас/,

 

“С.” ХХК-ий Microsoft Dynamics Nav systems  хуулбарлан татаж авсан бэлэн орлогын 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 03 сар хүртэлх хугацааны тайлан /1-р хх-ийн 171-182 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №172 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 200-203 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Х.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 215 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 216 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 217-218 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 29 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч Г.Х. нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг “Сентрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг буюу “ээлж солилцохдоо дэлгүүрийн борлуулалтын орлогыг туслах менежерээс баримтаар хүлээн авах, банканд тушаах” гэсэн үүргээ гүйцэтгэх явцдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох дэлгүүрийн орлогыг банканд тушаалгүйгээр хувьдаа завшиж 9.554.935 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Я.Э.ын “...Сентрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Си Юу 11 салбарын дэлгүүрийн менежер ажилтай Г.ын Х. нь ажиллах хугацаандаа дэлгүүрийн бэлэн орлогоос 9.552.280 төгрөг дутаасан. Тэгээд энэ талаар Г.Х.д байгууллагын зүгээс манай өмнөх эрх зүйч Пүрэвдорж нь хариуцаж уулзахад анх авсан төлнө гэж байсан боловч сүүлдээ төлөхгүй удаад цагдаад хандсан. Анх итгэмжлэлээр байсан Пүрэвдорж нь гадаад улс руу явсан тул энэ асуудлыг би хариуцаж төлөөлж байгаа. Мөн энэ асуудлын талаар манай байгууллагын нягтлан Соёлмаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байгаа. Одоо манай байгууллагад учирсан гэх дутаасан 9.552.280 төгрөгийг яаралтай төлүүлж хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Б.гийн “...Манай компани Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, залуучуудын гудамж 13/1 дүгээр байранд үйл ажиллагаагаа явуулдаг Си Юу 11 салбарын менежер Г.Х. нь 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрөөс эхэлж дэлгүүрийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын санхүүгийн тайлан мэдээгээр 11 дүгээр сард нийт орлогын 65.883.820 төгрөг тушаах ёстой байснаас Г.Х. нь 57.988.590 төгрөгийг тушаасан байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр 21,170 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 1.252.730 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 109.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 94.150 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 50.000 төгрөг нийт 9.522.280 төгрөгийн орлогын мөнгийг өөртөө завшсан байгаа юм. Тэгээд энэ тухай Х.д хэлэхэд өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг буцааж өгнө, цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэнд битгий мэдэгдээч ээ гэж хэлсэн боловч мөнгийг буцааж өгөөгүй одоо утас нь холбогдохгүй алга болсон. Х.ыг 2020 оны 02 дугаар сард ажлаас халсан... Манай компанийн санхүүгийн албанд өдөр бүрийн орлогын тайланг тооцож үзээд дутуу тушаасан мөнгийг тооцсон юм. Манай Си Юу сүлжээ дэлгүүрүүд нь 3 хоногт 1 удаа орлогын мөнгийг банкны ажилтанд тушаадаг. Орлогыг тухайн Салбар дэлгүүрийн менежер хариуцдаг юм...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Соёлмаагийн “...Би Сентрал Экспресс Си Ви ЭсХХК 2018 оны 09 сараас хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа... Х.ыг яг хэзээ орсныг бол мэдэхгүй байна. Си юу 11 салбар буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын салбарт дэлгүүрийн менежерээр ажиллаж байгаад энэ хэрэгт холбогдоод гарсан.... Тухайн салбарын цаасан баримт нь тухайн салбар дэлгүүр дээрээ байдаг ба бэлнээр орж ирсэн орлогоо эксел файлаар хөтөлж би хүлээн авдаг байсан... Тухайн салбарын баримтыг дэлгүүрийн менежер хариуцдаг байсан. Тухайн үед дэлгүүрийн менежер нь Х. байсан. Орлогыг бол дэлгүүрийн менежер болон туслах менежерүүд тушаадаг байсан. Дэлгүүрийн орлого нь бэлнээр болон бэлэн бусаар орж ирдэг ба дэлгүүрийн бэлнээр орж ирсэн орлогыг худалдаа хөгжлийн банкны цүнхээр мөнгө хураах үйлчилгээгээр тухайн дэлгүүрийн менежер болон туслах менежер өгдөг. Тэгээд Худалдаа хөгжлийн банкны цүнхээр хураан авах үйл ажиллагааг банкны ажилтан хүлээн авч тоолж шалгаад манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 432000705 дугаарын данс руу хийдэг.... Худалдаа хөгжлийн банкны цүнхээр мөнгө хураах үйлчилгээнд мөнгөө хүлээлгэж өгөхдөө тухайн салбарын менежер болон туслах менежер нь тухайн цүнхэнд нь бэлнээр орж ирсэн орлогын мөнгөө хийж мөн дагалдах хуудсанд хэдэн төгрөг тушааж байгаа талаар баримт үйлдэж гарын үсэг зуран цүнхэнд хийж лацдаж банкны ажилтанд хүлээлгэн өгдөг. Тухайн үеийн хүлээлгэж өгч байсан баримтууд нь байгаа....Тухайн салбарын бэлнээр орж ирсэн орлогоос нийт 9,501,630 төгрөг дутсан. Энэ нь тухайн салбарт нийт бэлнээр орж ирсэн орлогын баримттай банканд тушаасан мөнгийгтулгахаддутсан мөнгө. Тухайн салбарт нийт орж ирсэн орлого нь манай дэлгүүрийн кассын 2-Перо|1 гэх тайлангаас тодорхой харагдана. Энэ орлогын баримтыг манай компанийн программын 2-Неро11 посын системээс хуулбарлан гардаг... Анх Г.Х.ын талаарх дутагдал илэрч тэгээд өөрөө өргөдөл надад бичиж өгч байсан. Тэр өргөдөл дээрээ 2019 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхний хоорондох 7,895,230 төгрөгийн дутагдал үүссэнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ миний алдаа тул ганц удаа боломж өгч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрнө үү гэж бичгээр хандаж байсан. Үүний дагуу би өргөдлийг нь ерөнхий нягтлан Одончимэгт танилцуулж, хүний нөөцийн ажилтан Сарангэрэл хуулийн зөвлөх нар харилцан ярилцаж Х.тай уулзаж ярилцаж дээрх өр төлбөрийг төлүүлэх талаар гэрээ байгуулж байсан. Үүнээс Г.Х. нь ажиллах хугацааны амралтын мөнгө болох 835,103 төгрөгийн цалингийн нягтлан суутган авсан байсан. Үүнээс одоо дутагдал төлбөрийн үлдэгдэл 8,666,007 төгрөг үлдсэн ба дээрх мөнгийг 3 хуваан төлөх талаар гэрээнд тохирсон... Тухайн үед тулгалт хийх ажлыг би хариуцдаг байсан. Тухайн үед яагаад тулгалт хийгээгүй талаар хэлэхэд нэг нягтлан 50-60 орчим дэлгүүр хариуцаж байсан болохоор ажлын ачааллын хувьд тулгалт хийх ямар ч боломжгүй байсан. Зөвхөн дэлгүүрийн орлогыг хүлээн авч цааш дансаар нийлүүлэлт хийдэг байсан... Тухайн салбар нь сарын сүүлд тушаагдаагүй мөнгө нь дараа сарын эхэнд тушаах орлогын хамт тушаагддаг ба хяналт шалгалтаар 2019 оны 10 сард дутсан мөнгө нь дараа сардаа төлөгдсөн ба нийт шалгалтаар дутуу тушаагдсан мөнгө нь 9,522,280 төгрөг дутсан... Г.З. нь дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед Г.З. ямар нэгэн дэлгүүрийн орлого бэлнээр авч байгаагүй, энэ орлогын асуудалд ямар ч оролцоогүй, тухайн салбарын дэлгүүрийн менежер хариуцдаг байсан. З. нь ямар нэгэн орлого хүлээн авч, хүлээлгэж өгч байсан зүйл байхгүй. Дэлгүүрт орж ирсэн бэлэн орлогыг дэлгүүрийн менежер буюу Х. хүлээн авч өөрөө зориулалтын газарт хадгалж хариуцаж банк-д хүлээлгэн өгөх үүрэгтэй....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.З.ийн “...2018 оноос эхэлж ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байна... Дэлгүүрийн бүх үйл ажиллагаанд зөвлөн тусалдаг. Би 8 салбар хариуцдаг байсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Агата зочид буудлын 1 давхарт байрлах С11-11 дугаартай Хүнсний 64 дэлгүүрийг хариуцан ажилладаг байсан.... Тухайн үед Х. нь С11-11 дугаартай Хүнсний 64 дэлгүүрийн салбар дээр дэлгүүрийн менежер албан тушаал дээр ажилладаг байсан. Дэлгүүрийн менежер нь тухайн дэлгүүрийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Дэлгүүрийн ажилтнуудын шууд удирдлага зохион байгуулалтыг хянаж ажилладаг байсан.... Дэлгүүрийн менежер буюу Х.ын заавраар туслах менежер орлого бэлдэж банкны зузаатгалын ажилтанд өгч болно. Туслах менежерийн бэлдсэн орлогын үнэн зөв эсэхэд Х. нь хяналт тавих үүрэгтэй. Орлого бэлдэнэ гэдэг нь тухайн дэлгүүрийн бэлэн мөнгөөр орсон орлогыг дэвсгэртээр нь бэлдээд 3 хувь баримт үйлдээд 1 хувийг салбартаа буюу дэлгүүртээ авч үлдээд нөгөө 2 хувийг цүнхэн дотор мөнгөтэй хамт цүнхэнд хийгээд лацдаад банкны зузаатгалын ажилтанд мөнгөтэй цүнхийг өгч явуулна. Тэрийг нь банкны ажилтан нь тусгай орлого тушаадаг камертай өрөөнд камерын доор баримттай нь тулгаж бэлдээд Централ экспресс компанийн дансанд бүртгэж оруулдаг. Тэр бүртгэлийг нь манай байгууллагын нягтлан бодогч систем дээрх гүйлгээ болон дэлгүүрийн менежерийн хөтөлсөн кассын тайлангийн эксел программ дансанд орсон бэлэн мөнгө гурвыг тулгаж шалгана, шалгах хугацаа нь тухайн үед сард нэг удаа тулгадаг байсан. Хэрвээ зөрүү үүссэн тохиолдолд дэлгүүрийн менежер орлого тулгалтыг нягтлан бодопнтой хамтарч хийдэг байсан. Дэлгүүрийн менежер нь өглөөний 08 цагаас оройны 17 цагийн ажлын хуваариар 7 хоногийн пүрэв, ням гаригаас бусад өдөр ажилладаг байсан. Банкны зузаатгалын ажилтан даваа, лхагва, баасан гаригуудад бэлэн мөнгөний орлогыг хурааж авдаг байсан. Дэлгүүрийн менежер буюу Х.ын амарч байгаа өдрүүдэд орлого тушааж бэлдэх боломжгүй. Х.ыг ажилгүй байх үеийн хоёр ээлжид бэлэн мөнгөний орлогыг тушаадаггүй ба өглөөний орлогыг орлого тулгалтыг дэлгүүрийн менежер хийдэг. Хянасан орлогоо өөрөө бэлдэж тушаадаг. Туслах менежерийн бэлдсэн орлогод дэлгүүрийн менежер хяналт тавьдаг. Тэгэхээр Х.аас өөр хүн бэлэн мөнгийг завших боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.М.ийн “...Би 2019 оны 07 дугаар сард Централ экспресс Си Би Эс ХХК-нд туслах менежер албан тушаалд ажилд орсон. Намайг ажилд ороход дэлгүүрийн менежерээр Х. ажилладаг байсан ба би туслах менежерээр дагалдаж ажиллаж эхэлж байсан. Туслах менежер нь дэлгүүр доторх бүх ажлаа хийдэг. Бичиг баримт, болон банкны мөнгө тушаах ажлыг сураад хийх ёстой байсан. Х. нь надад банкны мөнгө тушаах болон компьютер дээр ажиллах кассын тайлангийн талаар гардаж зааж өгч байгаагүй. Би банканд мөнгө тушааж байгаагүй. Банканд мөнгө тушаах ажил, бичиг баримтын ажлыг Х. нь өөрөө хийдэг байсан. Касс хаахдаа бэлэн мөнгөний орлогоо тоолж аваад “X” тайландаа ороогоод Х.д шалгуулдаг байсан. Шалгаж авсан мөнгөө сейфтээ хийдэг байсан. Сефинээс тухайн үед гарч байсан 3-н менежер банкны бэлэн мөнгөний орлогыг тушаах ёстой байдаг. Энэ үед Х.тай ээлжид гардаг байхдаа Х. нь өөрөө сефнээс мөнгөө тоолж аваад орлоготойгоо тулгаад лацтай цүнхэнд хийж лацдаж бэлдэж тавиад банкны хүн ирж авахад өгдөг байсан... Централ экспресс Си Юу-11 салбарын менежер албан тушаал дээр ажилладаг байсан. Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцах, ажилчдыг хариуцах туслах хоёр менежерийг хариуцах ажиллах үүрэгтэй байдаг. Х. өөрөө л тушаадаг байсан... Х. нь мөнгөө тоолж бэлдээд лацтай цүнхэнд хийгээд банкнаас хүн ирж авахад хүлээлгэж өгдөг байсан... Х. нь банканд дутуу мөнгө тушаах боломжтой байх гэж бодож байна, нэг өдрийн орлого дутуу тушаасан байхад тэрийг нь банк дутуу байна гэж хэлдэггүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Э.ийн “...Би 2018 оны 09 сард Си Юу 5 дугаар салбарт хэвлэгч үйлчилгээний ажилтнаар ажилд орж улмаар 2019 оны 03 сар Си Юу 11 дүгээр салбар дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байгаад тэнд 3-4 сар ажиллаад буцаад 5 дугаар сургуулийн хажуу талын 5 дугаар салбар дээр ажиллаж байсан: Тухайн үед дэлгүүрийн ерөнхий менежерээр Г.Х. байсан ба туслах менежер нь би болон М. байсан... туслах менежерүүд нь кассаар орж ирсэн орлогыг кассаа хаагаад ерөнхий менежертээ хүлээлгэж өгдөг. Тэгээд дэлгүүрийн ерөнхий менежер мөнгийг хүлээн авч хадгалж цаашаа тушаах үйл ажиллагаа явуулдаг ба 7 хоногт нэг удаа банкнаас ирж мөнгө авдаг байсан... Би бэлэн мөнгө тушааж байсан удаа байхгүй... Кассын баримттайгаа тулгаж Г.Х.д өгдөг байсан Кассын орлоготой бэлэн мөнгө тулгаж өгдөг. Кассаас цаанаас нь өдрийн орсон орлого бэлэн тэд картаар тэд гээд баримт гарч ирдэг түүнтэй тулгаж өгдөг байсан... бэлэн мөнгийг Х. хариуцдаг байсан туслах менежер бол дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг л хариуцаж барааны хүлээн авалт, бараа дүүргэлт, бараа захиалга, цэвэрлэгээ үйлчилгээ зэргийг анхаарч ажилладаг байсан. Дэлгүүрийн бэлэн мөнгөний тооцоог зөвхөн ерөнхий менежер хариуцдаг байсан... мөнгө сейфэнд хадгалдаг ба сейфээс тухайн үед Х. нь авах боломжтой, өөр авах эрхтэй хүн байхгүй.... уг сэйф нь зориулалтын цоож, түгжээтэй тул хэн нэгэн өөр хүн авах боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Х.ын  шүүгдэгчээр өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг,

 

“С.” ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Г.ын Х.ыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн туслах менежер албан тушаалд томилсон тухай 18/Б-727 дугаартай тушаал,

 

 “С.” ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Г.ын Х.ыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дэлгүүрийн менежер албан тушаалд дэвшүүлэн томилсон тухай 19/Б- 355 дугаартай тушаал,

 

С.” ХХК-ий иргэн Г.Х.тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 18/ХГ-490 дугаартай туслах менежерээр ажиллах Хөдөлмөрийн гэрээ,

 

С.” ХХК-ий иргэн Г.Х.тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 18/ХГ-490-1 дугаартай Дэлгүүрийн менежерээр ажиллах Хөдөлмөрийн гэрээ,

 

Дэлгүүрийн менежерийн ажлын байрны “...албан тушаалын нэр: Дэлгүүрийн менежер... Албан тушаалын ажил үүрэг:...Ээлж солигдоход Дэлгүүрийн борлуулалтын орлогыг туслах менежерээс баримтаар хүлээн авах, банканд тушаах... туслах менежерээс кассын хүлээлцсэн баримтыг хүлээн авах, хянах, Бэлэн мөнгөний орлогыг журамд тусгагдсан хугацаанд банканд тушаах, орлогын бүртгэлийг системд оруулсаныг хянах...” гэсэн тодорхойлолт,

 

 “С.” ХХК-ий Захиргаа хүний нөөцийн албаны захирал Г.Сарангэрэл болон иргэн Г.Х. нарын хооронд байгуулсан 20/01 дугаартай төлбөр барагдуулах гэрээ, хавсралт, Г.Х.ын өөрийн гараар бичсэн хүсэлт,

 

 “С.” ХХК-иас гаргаж өгсөн “Си Юу 11” салбар дэлгүүрийн 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд банканд тушаасан бэлэн орлогын баримт,

 

“С.” ХХК-ний Microsoft Dynamics Nav systems  хуулбарлан татаж авсан бэлэн орлогын 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 3 сар хүртэлх хугацааны тайлан,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №172 дугаартай дүгнэлт “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хяналт шалгалтын ажлын тэмдэглэл Дотоод хяналт шалгалтын акт нь үндэслэлгүй байна. 2019 оны 9 сард 6.531.185 төгрөгийг дутуу, 2019 оны 10 сард 10.414.730 төгрөгийг дутуу 2019 оны 11 сард 5.441.750 төгрөгийг илүү, 2019 оны 12 сард 976.880 төгрөгийг дутуу, 2020 оны 01 дүгээр сард 1.639.770 төгрөгийг илүү, 2020 оны 02 сард 1.286.340 төгрөгийг илүү нийт 9.554.935 төгрөгийг дутуу тушаасан байна. Тушаагдах ёстой бэлэн мөнгөний орлого Z repot баримтын бэлнээр гэсэн дүнгээр тушаагдсан дүн нь ХХБ-ны 432000705 дугаар харилцах дансанд тушаасан баримтуудаар тогтоогдож байна. Сентрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Си Юу 11 салбарт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд дах хугацаанд 285.379.635 төгрөгийн бэлэн мөнгөний орлого тушаагдах ёстойгоос банканд 275.824.700 төгрөг тушаагдсан байна. Иймд 9.554.935 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Г.Х. нь “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан дэлгүүрийн орлогыг банканд тушаалгүйгээр мөнгийг нь бэлнээр өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт болон бусад баримтуудаар, тэрээр тус “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байсан нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Г.Х. нь “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод тусгагдсаны дагуу ээлж солилцохдоо дэлгүүрийн борлуулалтын орлогыг туслах менежерээс хүлээн авч банканд тушаах ажил үүрэг гүйцэтгэдэг байна.

 

             Өөрөөр хэлбэл “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК-ийн “Си Юу 11” дэлгүүр иргэдэд худалдаа үйлчилгээ явуулсны хариуд төлж буй мөнгөн орлогыг Г.Х. төвлөрүүлж, тэрээр тухайн мөнгөн хөрөнгийг ажил үүргийн хувьд итгэмжлэн хариуцсан этгээд мөн байх ба ийнхүү ажил, албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр компанийн мөнгөн хөрөнгийг өөртөө завшсан байна.  

 

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг тодорхойлохдоо итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг хүлээж хариуцах ба итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь уг нөхцөл байдлыг хууль бусаар ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өмчлөгчид нь тогтсон хугацаанд хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байж шунахай зорилгоор, ямарваа хариу төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн хууль бус эзэмшил тогтоож, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн, захиран зарцуулсан байдлыг илэрхийлдэг.

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

 

  “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК-ийн зүгээс Г.Х.ыг “Си Юу 11” салбар дэлгүүрийн менежерээр ажиллуулах тушаал гарган хөдөлмөрийн гэрээ байгуулж, хийх ажлын чиглэлийг тодорхойлж өгсөн байх ба тэрээр ийнхүү ажиллахдаа дэлгүүрийн борлуулалтын орлогыг банканд тушаах үүрэг хариуцуулсан байдлыг ашиглаж, өөртөө хувьдаа эд хөрөнгө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэлээ.    

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Х.ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, шүүгдэгч Г.Х. болон түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Г.Х. нь хохирогч болох “С.” ХХК-нд 9.554.935 төгрөгийн хохирол учруулсан байх ба 9.554.935 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж  хохирогч “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК /хууль ёсны төлөөлөгч Я.Э./-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Г.Х., түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Х. нь хохирогч “Сентрал Экспрэсс  Си Ви Эс” ХХК /хууль ёсны төлөөлөгч Я.Э./-д 9.554.935 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Х.ыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Х. нь дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, “Говь” ХХК-нд тооцоо гаргагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор түүнд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....миний үйлчлүүлэгчийг 2 настай хүүхэдтэй, нөхөр болон өндөр настай эхийн хамт амьдардаг бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгчээс “...Торгуулийн ялыг төлж барагдуулж чадах учир торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах боломжтой гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж ажил албан тушаалын байдлаа далимдуулан амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б. овогт Г.ын Х.ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Х.ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х.д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДУЛАМСҮРЭН