Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

  • шүүгдэгч Ү.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Үнэнбаясахын Энхболдод холбогдох Эрүүгийн 201719000313 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнмөрөн суманд 1991 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг, бугантын 1-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Үнэнбаясахын Энхболдод /РД:МЖ91122616/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ү.Энхболд нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг бугантын 1-16 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хадам ээж Ж.Алтанзулыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ү.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 сарын 06-ны өдөр би эхнэр хүүхдээ дагуулаад би найзаараа гагнуураар юм хийлгэж байсан юм. Манай ээжийн ахад эгч нь их заваан юм байна гэж хэлснийг манай эхнэр сончихоод надад хэлхээр нь би эгч рүү яриад танд миний амьдрал ямар хамаатай юм бэ гээд хэлсэн чинь манай эгч манай эхнэрт чи битгий ах дүү нарын хооронд хов зөөгөөд бай гэсэн чинь манай эхнэр эгчтэй хэрэлдээд байсан. Тэгсэн чинь манай хадам ээж ирээд манай ээжийг янхан гэхээр нь би уурандаа хадам ээжийгээ цохичихсон юм. Тэгээд намайг цагдаа ирээд аваад явсан гэв.

 

 

Хохирогч Ж.Алтанзулын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “.. Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим манай хүргэн болох Энхболдын хашаа болон эгч Энх-Амгалан нарын хашаанд хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг болохоор нь гараад очтол манай охин Эрдэнэцэцэгийг хашааны наана зогсож байсан Амгалан алгадаж байсан тэгэхээр нь очоод та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэхэд намайг Амгалан нь чи зайл гээд үсдээд авсан. Тэгэж байхад хүргэн Энхболд охин Эрдэнэцэцэгийг маань зодоод эхэлсэн. Би хашаа руу нь ороод яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд дундуур нь очоод салгатал хүргэн Энхболд намайг чи зайл гээд нурууруу өшиглөөд түлхсэн. Би хашаанаас гартал охин Эрдэнэцэцэг рүү хүргэн Энхболдын эгч Амгалан нь чиний ээж чинь янхан гээд орилоод байхаар нь би Амгалан руу чиний ээж чинь ч гэсэн янхан гэтэл Энхболд чи миний ээжийг элдвээр нь хэллээ гээд 2 гараараа нүүрлүү яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг 4-5 удаа цохисон. Тэгээд би охиныгоо цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

 

Гэрч Л.Эрдэнэцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...нөхөр Энхболд уурлаад эгчрүүгээ залгаад “Та ямар ядаргаатай юм, ажилтай байхад...” хэрэлдээд байсан. Ажилаа хийж дуусгаад гэртээ харих замаараа Баатарааг гэрт нь хүргэж өгөөд гэртээ орох гээд хашааныхаа хаалгыг онгойлгох гээд байж байхад эгч Энх-Амгалан нь хажуу талын хашаанаас / гэр нь манай хажуу талын хашаа / “чи Энхболдод юу гэж хэлж утсаар яриулаад байгаа юу бэ гичий минь” гэхээр нь би зөрүүлээд “та өөрөө юу гээд байгаа юм гичий минь” гэтэл нөхөр Энхболд хажуунаас орж ирээд “би ажилтай байхад яах гээд байгаа юм, би цэвэрлэчихнэ шүү дээ” гээд бид 2-той эгч нь хэрэлдээд байсан. Тэгэж хэрэлдэж байгаад ойртоод очиход эгч Энх-Амгалан нь зүүн талын хацарлуу нэг удаа алгадсан. Тэгээд би алгадуулчихаад хойшоо болоод газарт байсан хар өнгөтэй урт төмөр мэт зүйлийг эгч Энх-Амгаланруу шидсэн боловч оноогүй. Тэгтэл Энхболд эгчийгээ өмөөрөөс надтай хэрэлдсэн. Намайг алгадаж байхад манай ээж болох Ж.Алтанзул орж ирж байсан. Ээж намайг өмөөрч Энх-Амгалантай хэрэлдэж байх хооронд Энх-Амгалан ээжийг үсдэж авсан. Тэгэхээр нь би Энхболдод “Танай эгч чинь манай ээжийг үсдлээ гээд хэрэлдэхэд нөхөр Энхболд намайг цохисон тэгээд нөхөр бид 2 зууралдаж байхад нөгөө талын хашаанд байсан Энх-Амгалан эгч, ээж Алтанзул 2 хоорондоо хэрэлдээд манай хашаанд ороод ирчихсэн манай ээжрүү Энх-Амгалан эгч ээжрүү дайраад байсан Амгалан эгч ээжтэй хэрэлдээд намайг цохих гэж дайраад нэг бол Энхболд ээжийг зодох гэж дайраад байсан. Тэгээд бид 2-ыг зайл гэж хөөхөөр нь гараад явж байхад Амгалан эгч манай ээжийг янхан гээд манай ээж бас танай ээж ч гэсэн янхан байсан гэж Энхболд уурлаад манай ээжрүү дайраад ээжийг 2 гараараа нүүрлүү нь цохиод байсан би салгах гэж очоод өөрөө бас цохиулсан. Футболкноос нь зуураад урсан. Тэгээд сүүлдээ зуурах юм олдохгүй байж байхад хүртэл манай ээжийг цохиод байсан. Ээж бид 2 нилээн зодуулсаны дараа Улаанаа ах гарч ирээд Энхболдыг цааш нь авч явсан. Ингээд бид 2 цагдааруу дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд гэрийнхээ гадаа байж  байхад дахин ирээд хэрүүл уруул хийгээд байсан. Тэгээд би цагдаа ирж байгаа гэж хэлэхэд хашааруугаа яваад орсон. Удалгүй цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

 

Гэрч Ү.Энх-Амгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн : “..Тэгээд нөхрийн хамт ахыг Бадрал дэлгүүр дээр буулгаж өгчихөөд нөхөр хашааны хогоо цэвэрлээд би хувцас хунар угаах гээд байж байтал миний утасруу Энхболд залгаад над уруу “таньд манай хашааны хог ямар хамаатай юм намайг завгүйг мэдсээр байж юу яриад байгаа юм” гээд уурлахаар нь би “би танай авгайд юу хэлсэн юм бэ, юу ч хэлээгүй” гээд бид 2 утсаар маргалдсан юм. Тэгээд амбаараа цэвэрлээд байж байтал Энхболд, Эрдэнэцэцэг нар 2 уулаа ирсэн. Тэгэхээр нь би Эрдэнэцэцэгт хандаж “чи яахлээрээ 2 хүний хооронд яах гэж хов зөөдөг юм, би чамд хандаж хэлээгүй, ах дүү нарын хооронд хов хутгалаа” гээд уурлатал хэн хов зөөсөн юм яадаг юм гээд миний өөдөөс ирсэн. Энхболд мөн над уруу эхнэрээ өмөөрөөд “таньд ер нь манай хог ямар хамаатай юм" гээд над уруу уурласан. Тэгээд байж байтал Эрдэнэцэцэгийн ээж гэрээсээ “манай охиныг барьж идлээ” гээд гүйхээрээ орж ирээд “та нар яахлээрээ манай охиныг бөөнөөрөө дандаа ингэдэг юм” гээд гарч ирээд бид 2 маргалдсан. Маргалдаад бие биенийгээ нэг нэг удаа түлхсэн. Тэгэж байх хооронд Эрдэнэцэцэг над уруу орилоод хэсэг байж байгаад нөхөр Энхболдтой маргалдаж эхэлсэн. Тэр үед Энхболд Эрдэнэцэцгийн гарыг барьчихсан байсан ба Эрдэнэцэцэгийн ээж Алтанзул гүйж орохоор нь би болон манай нөхөр араас нь орсон. Энхболд Эрдэнэцэцэгийг толгойноос нь барьчихсан чи больчихооч гэж байсан. Тэгээд Алтанзул бид 2 хэрэлдэж байсан Ингэж байтал манай нөхөр Эрдэнэбаатар намайг аваад хашааруугаа оруулсан. Тэгээд цаад хашаандаа байж байхад хашааныхаа гадаа муудалцаад Энхболд хадмынхаа хашааруугаа явцгааж байсан. Намайг гарах гэхэд манай нөхөр уурлаад гаргахгүй байсан. Тэнд муудалцаж байсныг мэдэхээс яг юу болсоныг нүдээр хараагүй..”  гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

 

Гэрч Ц.Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “..Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим би эхнэр Ү.Энх-Амгалангийн хамтаар Энхээ ахын ногооны талбай дээр очоод эхнэртэйгээ “Энхболд арчаагүй, хог шороогоо цэвэрлэчихгүй" гэсэн зүйл ярьчихаад явсаныг эхнэр нь сонсоод Энхболдод энэ тухай хэлсэн байсан. Энхболд энийг сонсоод эхнэрээ өмөөрч эхнэрийн утасруу “миний яах таньд ямар хамаатай юм” гээд маргаан болсон. Уул нь тухайн үед Энхболдын эхнэр тэнд байна гэж мэдээ ч үгүй, хараа ч үгүй юм. Тэгээд байж байтал Энхболд, эхнэр Эрдэнэцэцэгийн хамт хашаандаа ирсэн ба хашааны наана цаанаас манай эхнэр Энх-Амгалан Энхболдын эхнэр Эрдэнэцэцэгт “чамруу ороод тэгээд хэлчихсэн биш, чи юундаа хов зөөгөөд байгаа юм?” гэсэн утгатай зүйл ярьсан тэгээд тэнд хэрүүл болсон. Хэрэлдэж байхдаа алгадах гэхээр нь би гарыг нь бариад авчихсан. Алгадсан зүйл байхгүй. Салгасны дараа хоорондоо хэрэлдээд л байсан. Тэгээд би эхнэрээ салгаж аваад хашааруугаа орчихсон. Тэгэхэд Эрдэнэцэцэг болон ээж Алтанзул нь намайг цохилоо барьлаа, охиныг минь зодлоо, алах нь гээд орилоод байсан. Яг тухайн үед цохиж зодсон эсэхийг хараагүй. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн..”  гэх мэдүүлэг /хх-21 тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №6108 дугаар дүгнэлтэнд

-   Л.Эрдэнэцэцэгийн биед баруун шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь мохоо 4 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-25 тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №6107 дугаар дүгнэлтэнд

-   Ж.Алтанзулын биед зүүн бугалга, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүү, зүүн эгэмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь мохоо 3 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-30 тал/,

 

  • шүүгдэгч Ү.Энхболдыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-41 тал/, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-44 тал/,
  • Шүүгдэгч Ү.Энхболдын нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-47-53 тал/ зэргийг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ү.Энхболд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг бугантын 1-16 тоотод хувийн таарамжгүй харицааны улмаас хадам ээж Ж.Алтанзулыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Алтанзулын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “Би хашаанаас гартал охин Эрдэнэцэцэг рүү хүргэн Энхболдын эгч Амгалан нь чиний ээж чинь янхан гээд орилоод байхаар нь би Амгалан руу чиний ээж чинь ч гэсэн янхан гэтэл Энхболд чи миний ээжийг элдвээр нь хэллээ гээд 2 гараараа нүүрлүү яг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг 4-5 удаа цохисон. Тэгээд би охиныгоо цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №6107 дугаар дүгнэлтэнд Ж.Алтанзулын биед зүүн бугалга, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүү, зүүн эгэмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо 3 ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрч Л.Эрдэнэцэцэг, Ү.Энх-Амгалан, Ц.Эрдэнэбаатар нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ү.Энхболдын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ү.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Ж.Алтанзул нь шүүгдэгч Ү.Энхболдтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ж.Алтанзул нь хэрэг бүртгэлийн болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “сайн дурын үндэслэл дээр эвлэрсэн ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Ү.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Үнэнбаясахын Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Алтанзул нь шүүгдэгч Ү.Энхболдтой сайн дураараа эвлэрсэн байх тул Ү.Энхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Ү.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Ү.Энхболд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ү.Энхболдод урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА