Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 319

 

Ө.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэртэй, Ө.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н З Д- бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох, Н З Д- Б/149 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н З Д- 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/219 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 000 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон, үндсэн цалин ТҮБД-6 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинждаг байсан.

Байгууллагын төсвийн урсгал засварын зардал хүрэлцдэггүй тул Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг эцэг, эхийн хандиваар засвар үйлчилгээ хийж хичээлийн бэлтгэл ажлыг хангадаг. Нийслэлийн Боловсролын газраас засвар үйлчилгээтэй холбогдуулж гаргасан зөвлөмжийн дагуу ажилладаг. Энэ жишгээр 2017 оны 6 дугаар сард урсгал засварын 5 000 - 15 000 төгрөгийг эцэг, эхчүүдээс авч нийт 15 330 000 төгрөгөөс 9 075 000 төгрөгийг “Калдеротубо” ХХК-тай “Ажил гүйцэтгүүлэх тухай” гэрээ байгуулан сантехникийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн. 6 255 000 төгрөгийг байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд тушааж, “Төрийн банк” ХХК-иар дамжуулан цэцэрлэгийн урсгал засварт зарцуулсан.

Гэтэл Н З Д- орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгаж, 2017 оны 12 дугаар 05-ны өдөр дүгнэлт гаргасан. Тус цэцэрлэг нь 28 жилийн хугацаанд сангийн засвар хийгдэж байгаагүй бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй, байнга доголдол гардаг байснаас дээрх 15 330 000 төгрөгийг цэцэрлэгийн урсгал зардал болон сангийн засварт зарцуулсан. Хувьдаа болон зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй бөгөөд намайг 9 075 000 төгрөгийг “Калдеротубо” ХХК-тай байгуулсан ажил  гүйцэтгэх гэрээний төлбөрийг тушаахдаа төрийн сангаар дамжуулаагүй гэж буруутгадаг.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Дотоод аудитын газрын дүгнэлтээр 000 дүгээр цэцэрлэгийг “Батлагдсан төсвийн дагуу санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэж дүгнэсэн. Дээрх завсарын ажил хийгдсэнээр манай цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гэтэл Н З Д- 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.

Цэцэрлэгийн ажилчдын амралт 2018 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд “...ажлыг чинь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэгч Я.Баасанхүү гэх хүнд өгнө...” гэж дуудсан. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлын бус цагаар миний өрөөний хаалгыг эвдэн орсон байсан. Нийслэлийн боловсролын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр утсаар залгаж “тушаал чинь гарсан, шууданд хаягаар чинь хүргүүлсэн” гэж мэдэгдсэн, шууданг миний бие 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан.

Иймд Н З Д- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н З Д- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 000 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.А-г ажлаас халсан. Н З Д- 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/286 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Н З Д- орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан удирдамжаар 000 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан.

Уг ажлын хэсгийн дүгнэлтээр эрхлэгч Ө.А- нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүйгээс санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу, ашиглалтад ороод 1-3 жил болсон хандивын хөрөнгийг бүртгээгүй, бэлэн мөнгөний зарцуулалтыг санхүүгийн тайланд тусгадаггүй зэрэг зөрчил гаргасан нь байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/23 тоот албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлтийг шилжүүлснийг үндэслэн Авлигатай тэмцэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулж байгааг мэдэгдсэн. Ө.А- нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн болохыг Авлигатай тэмцэх газар тогтоосон тул Н З Д- 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/191 дүгээр захирамжаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж тус тус зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар тодорхойлсон. Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонихрлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтанд хамаарах юм.

Иймд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна гэжзаасныг болон 7 дугаар зүйлийн 7.2.3-д ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, 7.2.4-д ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авхаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11,12,15,16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Шүүх: Н З Д- 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар тушаал хууль бус байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.А-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 274 140 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газраас гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөрт хамаарах цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.А-гийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193 863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 223а дугаартай захирамжаар албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж энэ захирамжийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчийг албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/104 дугаартай захирамж гаргасан. Дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаснаар тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 977 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/132 дугаартай захирамж гарсан боловч нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй тул Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татсан үндэслэлээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, ажил тасалсан зөрчилд нь урьд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/191 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажил тасласан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий акт болох Б/149 дугаартай захирамжийг гаргасан.

Дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан боловч хууль бусаар хураамж авсан гэх зөрчлийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд тус газар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ө.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэж тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1802000510118 дугаартай тогтоолоор “...2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл 000 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Авлигатай тэмцэх газраас Ө.А-д холбогдох эрүүгийн хэргээс холбогдох баримтыг гаргуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүүхдийн эцэг, эхээс нэмэлт төлбөр авсан нь нэгэнт тодорхой болсон бөгөөд эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан байсан тул энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Мөн шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэж үзсэн бөгөөд хариуцагч энэхүү зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотоод хяналтын ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татсан ба Эрүүгийн хэргийн шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уг захирамжаа хүчингүй болгосноор хугацаа түр зогссон байна.

Харин ажил тасласан сахилгын ноцтой зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаандаа байсан бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал баримт бүрдүүлэх хугацаа аваагүй, дахин мэтгэлцэх хүсэлт гаргаагүй нь энэхүү сахилгын ноцтой зөрчлийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гаргасан талаар маргаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Н З Д-д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н З Д- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ө.А-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн албан үүргээ гүйцэтгэхдээ хүүхэд бүрээс 15 000 төгрөг буюу нийт 15 440 000 төгрөгийг хураан авч, ...үүнээс 9 185 000 төгрөгийг бэлнээр зарцуулсан нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. /1хх5/

 

Харин, шүүх хуралдааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ, нэхэмжлэгчийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн, уг захирамжид гомдол гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дараагийн зөрчлийг гаргасан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд ажил тасалсан нь ноцтой зөрчил тул Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар Засаг даргын Б/149 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн гэж тус тус тайлбарлажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэн  нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон зөрчлийг эрх бүхий байгууллагаас эцсийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр илрүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тодруулвал, дээрх захирамжид дурдсан буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ноцтой зөрчлийн талаар эрх бүхий байгууллагууд харилцан ялгаатай дүгнэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Дотоод аудитын албаны хамтарсан шалгалтын илтгэх хуудас, дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна. /1хх159-170/

 

Уг дүгнэлт гарснаас хойш 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 223/А дугаар захирамжид үндэслэсэн Н З Д- Б/104 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас түдгэлзүүлсэн байх боловч  Н З Д- 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/132 дугаар захирамжаар албан тушаалыг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хэргийн 235-236 дугаар талд авагджээ.

 

Хариуцагч нь ийнхүү Б/132 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгчийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/149 дугаар захирамжид энэхүү үндэслэлийг огт дурдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчид Б/132 дугаар захирамжийг гардуулсан, хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн захирамж хүчингүй болж, ажлаа үргэлжлүүлэн хийх болсон талаар мэдсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд нийцүүлэн зөв тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Н З Д- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар тушаал хууль бус байх тул” гэсэн нь хууль зүйн техникийн хувьд буруу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Иймд шийдвэрийн энэ хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Н З Д-д холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан байхад шүүх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг шууд харьяалах байгууллага гэх үндэслэл зааж Нийслэлийн боловсролын газраас буюу хэргийн оролцогч бус этгээдээс гаргуулахаар дүгнэж шийдвэрлэснийг залруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 83 336 төгрөг гаргуулахаар дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад “нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 193 863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэж тооцооны алдаа гаргасныг болон нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг хэрхэх талаар дүгнээгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “Авилгатай тэмцэх газар нь нэхэмжлэгч Ө.А-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татсан тул шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангаагүй, энэ захирамжид гомдол гаргах эрх олгоогүй” гэж дурджээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн маргаан буюу ажлаас чөлөөлсөн Б/149 дугаар захирамж хууль ёсны эсэхийг тогтооход нэхэмжлэгч Ө.А- эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь нөлөөлөхгүй гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.

 

 Түүнчлэн давж заалдах гомдолд “нэхэмжлэгч нь ажил тасалсан ноцтой зөрчлийн талаар баримт бүрдүүлэх хугацаа аваагүй, дахин мэтгэлцэх хүсэлт гаргаагүй нь сахилгын ноцтой зөрчлийг сахилгын шийтгэлтэй байх хугацаанд гаргасан талаар маргаагүй гэж үзнэ” гэж дурджээ. Шүүх энэ талаар эрх зүйн тодорхой дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.А-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 000 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 274 140 төгрөгийг хариуцагч Н З Д- тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөрт хамаарах цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Нийслэлийн боловсролын газарт” гэснийг “Н З Д- тамгын газарт” гэж,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  заасны дагуу хариуцагчаас 83 336 төгрөг гаргуулсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч Н З Д- давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА