Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

А.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П нарын гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн А.Н-д холбогдох эрүүгийн 2008 01927 0941 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-ийн Н, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../;

А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17:35 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23Г байрны баруун хойд талд иргэн Э.Т-ийг “зодолдъё гэж хэллээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган “тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус, дух, баруун мөр, нуруу, баруун эрхий хуруунд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн чамархай хуйхан доторх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч А.Н-ийн цагдан хоригдсон 108 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Н давж заалдсан гомдолдоо: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бага насны 3 хүүхэдтэй, эхнэр минь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ харж гэртээ суудаг. Би хувийн том тэрэг барьж ар гэрээ авч явдаг байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа прокурорын санал болгосон ялыг оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс удаа дараа уучлалт гуйсан, амь хохирогчийн буяны ажлын мөнгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрвээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгч А.Н-ийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Н нь хүний амь нас хохироочихоод эмнэлгийн тусламж дуудаагүй шууд орхиж явсан. Зөвхөн оршуулгын зардлыг л төлсөн, дүүгийн минь амь насыг, бидний сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулаагүй. Мөн А.Н нь өмнө нь хоёр удаа хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулж, ял шийтгүүлж байсан бөгөөд хүний амь насыг хохироосон байтал 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч А.Н гэх хүн эхнэрээсээ салсан, орон гэргүй, харж хандах хүнгүй, архины хамааралтай хүн байсан. Ар гэрийнх нь зүгээс утсаар холбогдож уучлалт хүсээгүй. 49 хоногийн өмнөхөн нагац ах нь гэх хүн яриад бид нартай нэг л удаа уулзаж уучлалт гуйсан. Удаа дараа уучлалт гуйсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байгааг гайхаж байна. Мөн эхнэрээсээ салсан, орон гэргүй хүн гэж байснаа одоо болохоор эхнэр, хүүхдүүдээ харж ханддаг байсан гэж байгааг нь ойлгохгүй байна. Шүүгдэгч А.Н гэх хүн ялаа эдлээд гараад ирнэ. Харин миний дүү хэзээ ч босч ирэхгүй. Дүү минь нас барснаас болж эх маань маш их сэтгэл санаагаар унасан. Ийм байхад хохирлыг барагдуулсан гэж хэлж байгаад гомдолтой байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П-ийн өмгөөлөгч Б.Пүрэвмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж заасан байдаг. Хүний амь нас хохирсон хэрэгт оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-д 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэгт тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17:35 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23Г байрны баруун хойд талд хохирогч Э.Т-ийг “Зодолдъё гэж хэллээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, хоёр тал бөмбөлгийн таславч хооронд дэлбэнгийн суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус, дух, баруун мөр, нуруу, баруун эрхий хуруунд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн чамархай хуйхан доторх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П-ийн: “...би дүү Оюунсайхан руу утсаар залгаад цагдаагаас над руу ярилаа гэж хэлтэл “Т нас барчихсан байна” гэж надад хэлсэн юм. ...” /1 хх 32/,

 

гэрч Т.Н-ийн: “...эрэгтэй хүн дээшээ харчихсан газар хэвтэж байхаар нь нэг их тоогоогүй цаашаа АТМ-руу явсан. АТМ орчихоод буцаад гэр рүүгээ алхтал 23Г байрны баруун хойд талд тэр хүн яг хэвтэж байсан газраа яг тэр чигтээ хэвтэж байхаар нь би өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. ...” /1 хх 36/,

 

шүүгдэгч А.Н-ийн хэргээ хүлээж мэдүүлсэн: “...хоёулаа зодолдъё гээд зүгээр байхгүй байхаар нь миний уур хүрээд баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь газарт уначихсан. Тэгээд эргэж босож ирэхээр нь дахиж нэг шанаа руу нь гараараа цохисон чинь мөн газарт унаад өгсөн...” /1 хх 65-66, 151/,

 

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...идэвхтэй хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй, шууд үхэлд хүргэнэ. ...” /1 хх 92/ гэх мэдүүлгүүд,

 

амь хохирогч Э.Т нь гавал тархины гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1161 дугаартай /1 хх 82/,

 

шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ стгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 594 дугаартай /1 хх 101/ дүгнэлтүүд,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн “...амь хохирогчийн нүүрэн тус газар зүүн гараараа нэг удаа цохиход амь хохирогч газар зүүн талаараа савж унаад дахин босож ирэв. ...амь хохирогчийн нүүрэн тус газар дахин баруун гараараа цохих бөгөөд амь хохирогч газарт баруун талаараа савж унахдаа толгойгоороо түрүүлэн унаад дээшээ харж хэвтээд хөдөлгөөнгүй болов. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 25-26/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-18/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 59-62/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Нг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг гаргасныг хүлээж авах хууль зүйн боломжгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.  

 

Шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хүний амь нас хохирсон, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн анхан шатны шүүхээс дээр дурдсан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж оногдуулсан байхад хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч А.Н-ийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан "Ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү" гэх гомдлыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Иймд шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ